| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 188/2019/0289/Э |
| Дугаар | 530 |
| Огноо | 2020-10-02 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Батцэнгэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 530
Ө.Л-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Хэнтий аймгийн шүүхийн 1945 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 33 дугаар тогтоолтой, Ө.Л-д холбогдох 16485 дугаартай эрүүгийн хэргийг Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2020 оны 09 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1945 оны байдлаар: Ө овогтой Л-, 53 настай, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 5 дугаар баг, “Хэрлэн хошуу бургас” хэмээх газар төрсөн, ерөнхий ба тусгай боловсролгүй, монгол бичиг мэдэхгүй, төвд ном мэднэ, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдарч байсан, хэрэгт татагдахын өмнө хөдөө мал малладаг байсан, Хоршооны гишүүн, “Баянцагаан” хэмээх газраар нутагладаг, ял шийтгэлгүй.
Л- 1944 оны 7, 8 дугаар сараас эхлэн Баян-Овоо сумын ард 7 айл өрхөд лүйжин, сан, тавьж, ном унших зэргээр сүсэгтэн ардуудыг мунхруулж, барьцанд нь мал, эд зүйл тус тус авч ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймгийн шүүхийн 1945 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Ө.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлийг баримтлан хөдөлмөрийн лагерьт 2 жил хорих ял шийтгэж, ард олноос барьцанд цуглуулсан эд зүйлийг хураан авч аймгийн орлого болгон шийтгэсэн байна.
Прокурор Ц.Батцэнгэл хяналтын шатны шүүхэд бичсэн болон шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “...Ө.Л-г ард олны сүсэг бишрэлийг далимдуулан өвчтөн ардуудыг мэргэлж төлөглөн айлган сүрдүүлж эд зүйлийг нь авч ашигласан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйл /Ямар нэгэн ашгийг хичээж ард нийтийн дотор мухар сүсгийг төрүүлэн гаргах зорилгоор ялт мэхт явдлуудыг гаргах аваас энэ хуулийн 136 дугаар зүйл /3 жил хүртэл хугацаагаар хорих буюу 1 жил хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэвэл зохино/- д заасан гэмт хэрэгт байцааж, ял төлөвлөн, Хэнтий аймгийн шүүхийн 1945 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 33 дугаар тогтоолоор 2 жил хорих ял оногдуулж, улс төрийн хэрэгт хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Энэ хэргийн Ө.Л- нь ард олны сүсэг бишрэлийг далимдуулан өвчтөн ардуудыг мэргэлж, төлөглөн хатуу, хэцүү, амь нас хүнд, докторын эм тусгүй, ийм, тийм юм чинь гайтаж гэх зэргээр айлган сүрдүүлсэн гэх үйлдлийг нь нотолж тогтоосон баримт, энэ талаар нүүрэлдүүлэн байцааж, үнэн бодит байдлыг тогтоосон баримт болон эд мөрийн баримтыг хурааж авсан, хүлээлгэн өгсөн баримтууд хэрэгт байхгүй.
Ө.Л-гийн зүгээс өөрөө нэхэж, бусдаас эд зүйл авсан, иргэдийн эд хөрөнгийг завшиж байсан, айлган сүрдүүлсэн гэх үйлдлүүд нь тогтоогдоогүй, өвчинд шаналж, арга чарга хийлгэсэн хүмүүст ямар нэгэн хор хохирол учирсан, бие нь муудсан, нас барсан гэх баримт тогтоогдоогүй, бусдыг ятгаж мунхруулсан гэх гэмт хэргийн санаа зорилго зэргийг шалгаж тогтоосон баримт хавтаст хэрэгт байхгүй байхад гэрч, дам сонссон гэрчүүдийн мэдүүлэг, өөрийнх нь хэргээ хүлээсэн гэх мэдүүлэгт үндэслэн шийтгэсэн.
Гэрч нарын мэдүүлгээс дүгнэхэд иргэд өөрсдөө ямар нэгэн өвчин туссан, түүнийгээ эдгээхийн тулд шашин шүтлэгийг засаг төрөөс хорьж хязгаарласаар байтал өөрсдийнхөө санаачлагаар лам Л-г гуйж, урьж залан ном уншуулж, гүрэм хийлгэснээр тухай хүний өвчин илааршиж, төрүүлсэн хүүхэд нь тогтож, хүн болсон тухай мэдүүлсэн байх бөгөөд тухайн үед Л- нь ядарсан нэгэнд тус дэм болж, зарим иргэдийн сэтгэлээсээ өгсөн зүйлийг өргөл барьц хэмээн авсныг нь бусдыг ятгаж мунхруулан эд хөрөнгийг нь ашгийн зорилготой авсан гэж яллах үндэслэл болгосон байна.
Гэтэл шүүхийн тогтоолд “Ард иргэдээс хүлээж аваагүй бод 3, хонь 2, төгрөг 50-ыг Л-гаас гаргуулах явдалгүй болно” гэснээс үзэхэд Л- нь ашгийг хичээсэн гэхээсээ илүү иргэдийн гуйлт хүсэлтээр ном гүрэм уншиж байсан байна.
Ө.Л-г шашнаар нөлөөлөн ард олны эд зүйлийг авч ашигласан гэх эрүүгийн хуульд заасан улс төрийн хэрэгт холбогдуулан хилсээр шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг /... гэм буруутай болохыг нотлох, эсхүл гэм буруугүй хүн, ...-д ял оногдуулахад хүргэсэн .../-т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.
Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэвэл Ө.Л-гийн үйлдсэн хэргийн гэмт хэргийн гэм буруу, санаа зорилгыг нотлох баримтаар тогтоолгүйгээр өөрийнх нь мэдүүлэгт үндэслэн Хэнтий аймгийн шүүхийн 1945 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 33 дугаар тогтоолоор 2 жил хорих ял оногдуулж, улс төрийн хэрэгт хилсээр
шийтгэсэн гэж үзэх үндэслэл болж байх тул уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 16485 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгуулан, Өлзийтийн Л-г улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Ө.Л-г 1944 оны 7, 8 дугаар сараас эхлэн Баян-Овоо сумын ард 7 айл өрхөд лүйжин, сан тавьж, ном унших зэргээр сүсэгтэн ардыг мунхруулж, барьцанд нь мал, эд зүйл авч ашигласан гэм буруутай гэж Хэнтий аймгийн шүүхийн 1945 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлийг баримтлан хөдөлмөрийн лагерьт 2 жил хорих ял шийтгэж, ард олноос барьцанд цуглуулсан эд зүйлийг хураан авч аймгийн орлого болгон шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд Ө.Л- нь ард олны сүсэг бишрэлийг далимдуулан өвчтөн ардуудыг мэргэлж, төлөглөн айлган сүрдүүлж эд зүйлийг авч ашигласан гэж ял төлөвлөн, шүүхээс хорих ял оногдуулж шийдвэрлэсэн боловч дээрх үйлдлийг нь нотолж тогтоосон, энэ талаар нүүрэлдүүлж байцаасан, үнэн бодит байдлыг тогтоосон баримт хэрэгт байхгүй, түүнээс тусламж аваад бусдын бие махбодь өвдсөн, нас барсан гэх баримт тогтоогдоогүй бусдыг ятгаж мунхруулсан гэх гэмт хэргийн санаа зорилго зэргийг шалгаж тогтоогоогүй бөгөөд гэрч, дам сонссон гэрчүүдийн мэдүүлэг, өөрийнх нь хэргээ хүлээсэн мэдүүлэгт үндэслэн хилсээр ял шийтгэсэн болох нь тогтоогдож байна.
Түүнчлэн Ө.Л-г хилсээр ял шийтгэсэн 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйл дэх “Ямар нэгэн ашгийг хичээж ард нийтийн дотор мухар сүсгийг төрүүлэн гаргах зорилгоор зальт мэхт явдлуудыг гаргах” үйлдэл нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд тодорхойлон зааснаар түүнийг “улс төрийн хэрэгт хэлмэгдэгч” гэж тооцох үндэслэлд хамаарч байгаа болно.
Иймд прокурорын бичсэн дүгнэлтийг хүлээн авч, Хэнтий аймгийн шүүхийн 1945 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 33 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Ө.Л-г улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнд тооцож, цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Хэнтий аймгийн шүүхийн 1945 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 33 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр Ө.Л-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Ө-н Л-г цагаатгасугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН