Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Цагаатгах тогтоол

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 122

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А,

Улсын яллагч Н.А,      

Хохирогч Б.Г,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Д,

Мэргэжилтэн М.Б,

Гэрч Э.Г, Э.У, Т.М, Г.Б, Б.М, О.Э,           

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Б.Б-д холбогдох эрүүгийн 201710010020  тоот хэргийг 2018 оны 10 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймаг Замын-Үүд сум Сүлд багт оршин суух , урьд ял шийтгэлгүй, Ч овогт Б.Б,

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 сарын 24-ний өдрөөс 12 сарын 25-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Н” караокений гадаа хувийн таарамжгүй харьцааны улмаас хамт явсан Б.Г-тай маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж унагаасны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2016 оны 12 сарын 24-ний өдрийн 20 цагийн орчим гэртээ зурагт үзээд сууж байтал Замын-Үүд сумын Х кабелийн телевизээр “машин худалдаж авна” гэсэн зар явсан, тэгээд зарын дагуу хүнтэй нь утсаар холбогдоход “машиныг чинь одоо үзье” гэж хэлсэн. Тухайн үед миний зарах гэж байсан машин гэр байранд байсан болохоор машинаа үзүүлэх гээд гэрээс гартал гэрийн гадаа найз З, төрсөн дүү жижиг З-оо машин дотор хоёулаа сууж байсан. Тэгээд З-с ямар ажилтай хаашаа явж байгаа талаар асуухад “найз нь нэг ахыг гэрээс нь аваад каргон дээр хүргэж өгөөд, дараа нь машиныг каргоноос аваад гэрт нь хүргэж өгөх ажилтай явж байна” гэсэн. Ингээд би давхар машинаа хүнд үзүүлчихье гэж бодоод машинд нь суутал дүү нь ажилтай гээд Г-н гэрийн гадаа бид хоёрыг буулгасан. З, Г-тай утсаар яриад “машинаараа хамт яваад хүн хүргээд өгчих” гэж хэлээд гэрээс нь дуудсан ба яг тэр үед нөгөө хүргүүлэх гэж байсан ах эсрэг талын байрнаас хамт гарч ирээд бид 4, Г-н гэрийн гаднаас түүний Кровн маркийн автомашинтай эмнэлгийн хажуу талын карго орсон. Нөгөө ах /нэрийг нь мэдэхгүй/ карго дээр очингуутаа “миний машин арай дүүрээгүй байна, та хэд хүлээж байх уу” гэхээр нь хүлээх зуураа би Гэгээн хотхоны доод талын дэлгүүрээс 0,75 литрийн С архи аваад З-тай удаан уулзалдаагүй найзууд ингээд таарлаа гэж хэлээд хоорондоо юм ярингаа архиа машин дотроо хувааж уусан. Тухайн үед Г-тай машин жолоодож байсан учраас архинаас огт амсаагүй бөгөөд каргоны гадаа ойролцоогоор 1 цаг орчим машин дотроо суусан, удалгүй нөгөө ах каргоны машинаа хойд талын гэр байранд үлдээнэ гэхээр нь хамт яваад машиныг нь айлын хашаанд оруулж тавьсан. Ингээд бид хэд буцахдаа хилийн гудамжнаас нэг шил 0,75 литрийн С архи нэмж аваад Г-н гэрийн гадаа авсан архиа З бид хоёр хувааж уугаад нөгөө ах архинаас 1, 2 татаад гэртээ орсон. Үүний дараа бид 3 хоорондоо ярилцаж байгаад Н дэлгүүрийн дээд талын караокед ороод нэг цаг суусан ба дотроос нэг шил 0,75 литрийн С архи захиалж аваад Г бид хоёр хувааж уусан, тухайн үед З унтлаа гэж хэлээд архинаас 1-2 удаа татаад унтсан. Энэ хооронд Г бид хоёр дуулаад сууж байсан бөгөөд цаашаа юу болсныг сайн санахгүй байна, нэг мэдсэн Г хувцасгүй дээгүүрээ нүцгэн Н караокений гадаа доошоо харсан байдалтай хэвтэж байсан, дараа нь Г бид хоёр эмнэлэг дээр ирчихсэн би нүдээ эмчид үзүүлээд, Г орон дээр хэвтэж байсныг санаж байна аа. Ингээд эмчид нүдээ үзүүлчихээд цагдаа дээр очиж болсон зүйлийн талаар санаж байгаа зүйлээ тэр өдөр гэртээ харьж амарсан, 25-ны өдөр бүтэн гэртээ өнжөөд 26-ны өдөр цагдаа дээр ирж тайлбар өгсөн. ... Хэсгийн байцаагч д/ч Г.У-тай хамт анх уг бичлэгийг үзээд би байна гэсэн нь үнэн, харин өнөөдөр бичлэгээ давтаж үзэхэд биеийн хөдөлгөөн, өмссөн хувцас, биеийн хөгжил зэргээрээ надтай адилгүй хүн байна... Хүн харахад гайгүй юм шиг байсан байх. Бичлэг үзээд би байна гэж хэлсэн нь үнэн, тухайн үед бичлэгийг үзэх үед миний нэг нүд тагларсан байсан. Би өөрийгөө буруу таньсан байсан Сүүлд бичлэгийг үзэхэд надаас туранхай намхан байж магадгүй, бөгсөө дарсан кантгүй урт саарал куртик шиг зүйл өмссөн залуу байсан. Анх би бичлэгийг үзээд би байна гэж хэлсэн тэгээд л намайг гэж Г хэлсэн. Хэрэг болсны маргааш нь ямар хүмүүстэй мууталцснаа мэдэхгүй байна гэж З надад хэлж байсан. Бид хэд хоног хайсан, эхнэр нь ч бас Г-г аваад аймаг явлаа та тэр хүнийг нь олоорой гэж хэлж л байсан...” гэсэн  мэдүүлэг /1хх-ийн 83-84, 86/,

- Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “... Б, З хоёр тоглоом шоглоом миний янзыг үзээд дүүгийн бяр чадлыг харъя гээд байхаар нь Б-с 50,000 төгрөг зээлээд, өөрийн байсан 10,000 төгрөгөө нэмээд Н караокед орсон. Тухайн үед караокений өрөөнүүд бүгд захиалгатай гээд байхаар нь зөөгчөөс захиалга өгсөн хүний утсыг аваад ярьтал утас холбогдохгүй байхаар нь 15,000 төгрөгийн өрөөг нэг цагаар аваад дотроос 1 шил 0,75 литрийн С, З лааз ундаа авсан. Караокед ороод архиа тэнцүү хувааж уусан бөгөөд З дуулахгүй чимээгүй суугаад байхаар нь би “за чи хөгшөөн жоохон унтчих” гэж хэлээд өмсөж байсан куртикээ эвхээд толгойн доогуур нь оруулаад хэвтүүлсэн. Ингээд үлдсэн тал шил архийг Б-тэй хувааж уунгаа дуу дуулаад суусан. Тэгээд нэг мэдсэн “Н караоке"-ний гадаа гарчихсан Б-тэй юунаас ч болсон юм мэдэхгүй хоорондоо маргалдаад Б миний нүүр рүү гараараа цохитол арагшаагаа замын бордюр дээр толгойгоороо савж унаад ухаан алдах шиг болсон. Үүнээс хойш юу болсон талаар санахгүй байж байгаад маргааш орой нь гэртээ хамаг бие, толгой өвдөөд сэрсэн. ...Эмчилгээний зардалд нийт өнөөдрийн байдлаар 3 сая гаруй төгрөг зарцуулсан. Үүнийг баримтаар мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгнө. Би өмнө нь тархи толгойндоо ямар нэг гэмтэл авч байгаагүй бөгөөд эрүүл саруул байсан. Миний санаж байгаагаар тухайн өдөр Б, З нараас өөр хүнтэй Н караокед ороогүй ба Б-тэй маргалдаад намайг цохьсны улмаас миний биед хүнд гэмтэл учирсан болов уу гэж бодож байна. Мөн тухайн үед намайг хэнтэй ч муудалцаагүй болохыг З-с сонссон. Б-н биед учирсан хөнгөн гэмтлийг хэн учруулсныг хэлж мэдэхгүй байна. Тухайн өдөр Б нь анх уулзахдаа сэтгэл санаа нь нэг л тогтворгүй байгаа байдал ажиглагдсан бөгөөд байнга утас нь дуугараад, тамхи учиргүй их татаад байсан, миний бодлоор хэн нэгэн хүнтэй таарамжгүй харьцаа үүсээд өөрөө түрүүлж архи аваад З бид хоёртой хувааж уусан юм болов уу гэж бодож байна... Тэр үед Б ганцаараа уугаад байхаар нь яаж ганцааранг нь уулгах вэ гээд хань болсон юм. Б ахтай дотор муудалцсанаа санаж байна. Яагаад муудалцсан бэ гэхээр баяжихаараа хүн тоодоггүй байж одоо яагаад гэнэт тоох болов энэ тэр гэж Б ахтай муудалцаж байсан. Өөр ямар нэгэн олон хүмүүстэй муудалцаагүй, Б ахтай муудалцсанаа санаж байна. Б намайг цохьсон би сайн санаж байгаа.  Намайг эмнэлгээс гарч ирэхэд мөрдөн байцаагч Х банкны камераар дахин харьцуулсан бичлэг хийхэд бид хоёрыг мөрдөн байцаагч М зодоон болсон хувцастайгаа ирээрэй гэж хэлсэн юм. Тэгээд Б ах зодоон болоход өмссөн хувцасаа өмсөж ирээгүй байна гэж мөрдөн байцаагчид би хэлэхэд мөрдөн байцаагч Б ахаас чамд өөр цамц байдаг уу? гэхэд байхгүй гэж хэлсэн. Мөрдөн байцаагч бид хоёрыг тухайн үед өмсөж явсан хувцастайгаа ирээрэй гэж хэлэхэд өөр хувцастай ирсэн. Караокед муудалцсанаа санаж байна. Гарч ирээд зодолдсоноо санаж байна... Бичлэг яриад байх юм. Намайг Б цохьсон би энийг сайн санаж байгаа. Би цохьсон хүнээ санаад хэлээд байна шүү дээ. 3 сая гаран төгрөгний хохирол гарсан, байнга эм уудаг. Энэ хүнд цохиулж гэмтсэнээс хойш урагшаа явахаа больсон. Бие маань дийлэхгүй байгаа. 1 сая төгрөг өгсөн. 2,500,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 21-24/,

- Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж ажилласан нь үнэн. Би жижүүрийн рапортны дэвтэрийг эргүүлэн харахад иргэн У 02 цаг 10 минутанд өөрийн биеэр ирж нөхрөө зодуулсан гэж гомдол гаргасныг хүлээн авсан байна. Одоо тухайн хэргийн талаар огт санахгүй байна. Рапортын дэвтэр дээрээс харахад У нь миний нөхөр Ж-н найзад зодуулсан гэж өөрийн биеэр өгсөн. Би өөр зүйл санахгүй байна... Утсаар дуудлага өгсөн бол заавал тэмдэглэдэг. Одоо сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 7/,

- Гэрч О.Э мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Иргэн У-с гаргасан гомдлыг би хүлээн авсан гэж тэмдэглэгдсэн байгаа боловч тухайн цаг хугацаанд юу болсон талаар одоо санахгүй байна. Яагаад гэвэл жижүүрт гарах бүрт согтуу дуудлага болон зодоон маргааны дуудлагыг байнга хүлээн авч холбогдох албан тушаалтанд нь хүлээлгэн өгдөг байгаа... Уг нь дуудлага өгсөн тохиолдолд ямар утаснаас хэн гэдэг хүн өгсөн заавал тэмдэглэдэг...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 6/,

- Гэрч Т.М мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн өдөр би МАН-ын шинэ жилийн баярын үйл ажиллагаанд оролцоод орой 23 цагийн үед тарсан, ингээд гэртээ харих гээд явж байтал замд буюу Н кароакений гадаа Б ах, Г-н хамт нилээн согтсон байдалтай хоорондоо юм яриад зогсож байсан. Тэгээд би Б ахыг “та нилээн согтсон байна, дүү нь гэрт чинь хүргээд өгөх үү” гээд асуусан чинь Г хажуунаас орж ирээд “би найзыгаа мэдэж байна, чи хэн юм” гэхээр нь “би таньдаг дүү нь байгаа юм аа” гэж хэлээд явах шинжгүй байхаар нь гэртээ орж амарсан...Ил харагдах гэмтэл шархгүй хоёуланхнаа зогсож байсан бөгөөд өөрсдийн ухаангүй болтлоо согтсон, хэнтэй юу ярьж байгаагаа мэдэхгүй шахуу байсан... Н караокений гадаа шатан дээр өөртэйгээ адилхан биеэрхүү залуутай зогсож байсан. Тухайн үед байцаагч нь Б, Г гэж хоёр хүн хоорондоо мууталцсан байна гэхээр нь би тухайн үед Б ахтай цуг зогсож байсан залууг Г гэдэг юм байна гэж ойлгоод мэдүүлэг өгсөн. Хохирогч байгаагүй өөр залуу Б ахтай адилхан биетэй залуу байсан. Хоёулаа нэхий дээлтэй байсан. Б ах өвдгөөр татсан юм уу тиймэрхүү урт нэхий дээлтэй байсан...Манай ах бид хоёрыг хүмүүс андуураад байдаг юм. Манай ахыг Ж гэдэг нэр нь Э юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 120/,

- Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “2016 оны 12 сарын 24-ний өдрийн 22 цагийн үед Г гэгч залуу эхлээд манай караокед орж ирснээ “хоёр ахыгаа дуулуулах гэсэн юм, өрөө байна уу” гэхээр нь “15,000 төгрөгийн өрөө дууссан, 25,000 төгрөгийн өрөө байна” гэж хэлсэн. Тэгээд удалгүй гаднаас том биетэй хоёр ахын хамт орж ирээд 3 номерын өрөө рүү орсон, тухайн үед тэдгээр залуучууд караокед 1 цагийн мөнгөөр 2 цаг гаран суусан бөгөөд 0,5, 0,75 литрийн хоёр шил соёрхол авч уусан. Хоёр цагийн хугацаанд би өрөө рүү нь 3-4 удаа орсон бөгөөд нэг ах нь унтчихсан нөгөө хоёр нь хоорондоо юм яриад архи уугаад, дуу нь чангараад байсан. Тэгэхээр нь дахиж архи өгөхгүй гэж шийдээд цаг чинь дууссан одоо гараарай гэж хэлэхэд Г “дахиад мөнгийг нь өгчихье, нэмж архи авъя, цагаа хийчих” гээд байхаар нь үгүй гэж хэлээд гарсан. Үүний дараа Г нөгөө ахтай маргалдаад “чи намайг Замын-Үүдэд мэдэх үү, би Замын-Үүдийн Г байна” гэх мэт зүйл яриад байхаар нь би унтаж байсан ахыг сэрээгээд “одоо та нар болсон, цаг чинь дууссан гарцгаа” гэж хэлээд гарсан. Тэгээд удалгүй 3 номерын өрөөнд түс тас хийх чимээ гарахаар нь яваад ортол Г ширээн дээр гарчихсан ширээн дээр байсан архиний шил болон стакануудыг өшиглөөд “чи намайг мэдэх үү” гээд хашгираад байхаар нь нөгөө хоёр ахыг түрүүлж гаргасан, тэгсэн Г өрөөнөөс гарахгүй намайг тэвэрч уйлснаа “миний дүү намайг ойлгоорой” гэсэн утгатай зүйл яриад байхаар нь “за, за та одоо ингээд гараарай” гэж хэлээд өрөөнөөс гарсан. Ингээд намайг хүлээн авах ширээний ар талд сууж байхад Г өрөөнөөс гарч ирэнгүүтээ миний сууж байсан сандалны араар орж суугаад “би гарахгүй ээ, гарвал хүнд зодуулах гээд байна” гэхээр нь “та энд ингээд суугаад байж болохгүй ээ” гэж хэлтэл удалгүй өөрөө гарсан. Г-г гарснаас хойш цагийн дараа байхаа сайн санахгүй байна, олон нийтийн цагдаа нар орж ирээд “танай караокений гадаа зодоон болсон байна, танайхаар үйлчлүүлсэн хүмүүс юм уу, ямар учиртай юм вэ” гэхээр нь гараад хартал Г дээгүүрээ нүцгэн газар ухаангүй байдалтай хэвтэж байсан ба хажуу талд нь караокед түүнтэй маргалдаад байсан ах гадуур хувцасгүй зогсож байсан. Тухайн үед хамт явж байсан нөгөө ах хажууд нь харагдаагүй бөгөөд Г-н эхнэр бололтой нэг эгч, цагдаагийн хамт караокед орж ирээд “аль өрөөнд орсон юм, ямар хүмүүстэй орж ирсэн” юм гэхээр нь “хоёр ахтай 3 номерын өрөөнд орсон юм” гэж хэлтэл өрөө рүү нь ороод Г-н нурууны бүс, ноосон цамц хоёрыг аваад гарсан, өрөөнд өөр юм үлдээгүй, тэгээд камерын бичлэгийг үзэх гэсэн боловч ажиллахгүй байсан. Г-г караокеноос гарахаас өмнө 1 стакан хагалсан байсныг мэдээд нөгөө хоёроос нь гарч стаканы мөнгийг төлүүлэхэд хоёулаа эрүүл ухаантай юм яриад зогсож байсан...Тухайн үед манай караокед байсан хүмүүс бүгд өөрсдийн өрөөндөө байсан... Тэр гурван залуугийн үйлчлүүлж байсан өрөөнд өөр хүн ороогүй, караокений өрөөн дотор тэр гурван залуу бусадтай хэрэглдэж, маргалдаж зодолдоогүй... Олон жил болсон болохоор одоо би сайн санахгүй байна. Караоке дотор ямар нэгэн маргаан болон зодоон болоогүй. Би өрөө цэвэрлэх гээд ороход стакан хагалчихсан байхаар нь мөнгийг нь авах гээд хойноос нь гарахад шатан дээр шүүгдэгч, нөгөө нэг ах одоо энд байхгүй байна. Тэгээд би Ж гэж харсан гэтэл нөгөө ах нь байсан юм билээ. Тэр гурав юм яриад ах зүгээр үү гэх мэт юм яриад зогсож байсан. Гурвуулаа гадуур хувцастайгаа гарсан, хохирогч цамцаа үлдээсэн байсан эхнэр нь орж ирж авсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 33-34, 2хх-ийн 105/,

- Гэрч Э.Г мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн өдөр би цагдаагийн хэлстийн хэв журмын оройн эргүүлийн үүргийг олон нийтийн цагдаагийн ажилтан Ө-н хамт гүйцэтгэсэн бөгөөд шөнийн 00 цаг өнгөрч байхад Н караокений гадаа хүн зодуулчихсан байна гэх дуудлагын жижүүрийн албанаас хүлээн авсан. Ингээд дээрх дуудлагын дагуу Ө-н хамт 4-5 минутын дараа Н караокений гадаа явганаар очиход караокений үүдний хэсэгт үл таних 30-35 насны орчим 3 залуу байсан ба нэг залуу нь цээж нь нүцгэн, гадуур өмссөн хувцас нь газраар тарчихсан, газар хэвтэж байсан ба нөгөө 2 залуугийн нэгнийхэн нь зүүн талын нүдний хөмсөг нь хавдаад цус хурчихсан байсан. Тэгээд юу болсон талаар тодруулж асуухад зодолдсон, зодуулсан шинжгүй нэг залуугийн яриагаар “намайг караокеноос гарч ирэхэд манай хоёр найз өөр хүмүүст зодуулчихсан юм шиг байна, тэдгээр залуучуудыг би хараагүй, танихгүй гэж хэлснээс өөр зүйл яриагүй. Ингээд газар хэвтэж байсан залуу дээр очоод биеийн байдлыг нь үзэхэд бага зэргийн ухаантай, биеэ авч явах чадваргүй, нилээн даарсан байдалтай, бие рүү нь хүн өшиглөсөн юм шиг гутлын мөр байсан ба хамт явж байсан найзаас нь түүний гэр бүлийн хүнийг утасны дугаарыг нь аваад “Н караокений гадаа хүрээд ирэх үү, танай нөхөр хүнд зодуулчихсан байна” гэж хэлсэн, мөн эмнэлгийн тусламж давхар дуудсан. Удалгүй зодуулсан залуугийн эхнэр ирээд тэр хэд бүгдээрээ эмнэлэг рүү явсан, тухайн үед караоке руу ороод ресепшин эмэгтэйгээс болсон хэргийн талаар мэдэх эсэхийг лавлаж асуухад “энэ гурван залуу манай караокед 2 цаг суугаад, ар араасаа гарсан, эхлээд том биетэй хоёр нь гараад, дараа нь жижиг биетэй зодуулсан гээд байгаа залуу гарсан, караоке дотор байхдаа ямар нэг хүнтэй муудалцсан зүйл болоогүй” гэж хэлсэн... Тэгээд яг ямар хүмүүст яаж зодуулсан талаар лавлаж асуухад “бид гурвыг караокеноос гарч ирэхэд танихгүй хүмүүс өөдөөс гарч ирээд маргалдаад зодсон” гэж хэлснээс өөр зүйл хэлээгүй ээ... Хоёулаа хар бараан өнгийн цулгүй нэхий куртиктэй байсан ба нүд нь дов болтлоо хавдсан залуу нэхийн дотроо цайвар өнгийн ноосон цамцтай байсан. Яагаад би үүнийг санаж байна гэхээр нөгөө газар хэвтэж байсан залууг өөрийнхөө нэхийг тайлаад нөмөрүүлж байсан юм аа... Нүд нь хавдсан залуу газар хэвтэж байсан зодуулдаг залуугийн хамт тамхи татах гээд караокеноос гарахад үүдний шатан дээр үл таних хүмүүстэй таараад зодолдсон гэсэн ба зодсон, зодуулсан хүмүүсээ одоо танихгүй, зүс царайг нь мэдэхгүй гэж хэлсэн... Би бичлэгээс харахад хувцасаа тайлсан дотуураа цагаан өнгийн хувцастай газар унаад боссон хүнийг тухайн үед намайг дуудлагаар очих үед ухаангүй цээж нүцгэн газар хэвтэж байсан хохирогчийг гэж өмссөн хувцсаар нь таниж байна. Харин хохирогч гэх хүнийг цохиод байгаа саарал өнгийн хувцастай хүн нь дуудлагаар очих үед хохирогчийн хажууд зогсож байсан зүүн билүү баруун талын хөмсөгний дээд талд цохиулсан бололтой хавдсан байсан залууг байж магадгүй гэж бодож байна. Тэгэхдээ бичлэгээс хараад шууд танихад хүндрэлтэй байна. Учир нь энэ бичлэгээс сайн харагдахгүй байна. Миний бодлоор хоорондоо муудалцаад зодолдсон юм болов уу гэж бодсон. Бид нарыг цагдаагийн хэлтсээс гараад Н караоке руу алхаад очтол замд нэг ч хүн тааралдаагүй бөгөөд зодуулаагүй залуугийн яриагаар бид нарыг зодсон хүмүүс та нартай зөрөөгүй юу, та нарын замаар дөнгөж сая явлаа гэж байсан... Хөмсөгний дээд талдаа хавдсан байсан гэх залуу гадуураа бараан өнгийн хагас урт хувцастай байсан. Би газар ухаангүй хэвтэж байгаа хүнийг даарчихлаа шүү дээ гэж хэлэхэд тэр залуу гадуур хувцасаа тайлж нөмрүүлсэн гадуур хувцасныхаа дотор талд саарал өнгийн богино цамцтай байсан... Энэ хэрэг удаж байгаа болохоор одоо би сайн санахгүй байна. Миний урьд өгч байсан мэдүүлгүүд үнэн зөв...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 40,41, 2хх-ийн 102/,

- Гэрч Э.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Нэг мэдсэн Н караокед бид гурав орчихсон дуулаад сууж байсан бөгөөд миний хувьд архи ууснаасаа болоод ядраад унтчихсан байсан. Тэгээд нэг сэрээд гадаа гартал эргэн тойронд хэн ч байхгүй, “Н караоке”-ний үүдэнд Г дээгүүрээ нүцгэн ухаангүй байдалтай газар хэвтэж байсан ба Б хажууд нь куртикээр нь нөмөргөөд сууж байсан. Тухайн үед Б “Г үхчихлээ ш дээ” гэж надад хэлсэн бөгөөд тун удалгүй олон нийтийн цагдаа нар дуудлагаар ирсэн бололтой юу болсон талаар асуугаад Г-н эхнэрт энэ талаар утсаар мэдэгдсэн. Үүнээс хойш 4 хоногийн дараа Б-тэй утсаар ярихад “би Х банкны гадна талын камерыг цагдаагийн хамт шүүлгэж үзэхэд Н караокений үүдэнд Г-г би цохиж унагааж байгаа юм уу, түлхэж унагааж байгаа юм уу, ямар ч гэсэн газар унагааж буй бичлэг байна” гэж хэлсэн. Г-н гэрийн гаднаас хөдөлснөө санаж байна, тэрнээс хойш караокед яаж очоод хэдэн цаг суугаад ямар архи уусан талаар мэдэхгүй байна, караокеноос гарахад Г, Б хоёр бусдад зодуулсан байдалтай гадаа сууж байсан, үүнээс хойш Г-н эхнэрийг дуудаад эмнэлэгт очиж үзүүлээд Г-г гэрт нь хүргэж өгсөн. Б өөрийн ухаантай болсон зүйлийг ойлгох чадвартай байсан. Надад үзүүлсэн бичлэгт Б нь Г-г 2 удаа цохиод газар унагааж буй үйл явдал гарч байна. Тухайн үед би бас Г-г газар унахаар нь босгоод араас нь явсан байна. ...Архи уугаад сууж байхад Г, Б хоёрын хэн нэгнийхэн бие хаа зөв зүгээр байсан бөгөөд намайг тасраад босох хооронд Б-н зүүн талын шанаа хэсэг нь халцраад хавдчихсан, Г-н уруулнаас цус гарч ухаангүй байдалтай хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 38-39 /,

- Гэрч Г.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Б-д бичлэгийг үзүүлээд бичлэг дээр гарч байгаа хүмүүсийн талаар асуухад “Г-г цохисон хүн нь би байна, караокеноос гарч ирэхэд нилээн согтуу байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна, ямар ч гэсэн хоорондоо нэг маргалдаж байсан” гэж хэлснээс өөр зүйл яриагүй ээ. Мөн бичлэг дээр байгаа хүнийг чи мөн байна ш дээ гэж хэлэхэд “харин тийм байна, би нилээн согтуу байсан, юм санахгүй байна” гээд хэлсэн үгээ давтаад байсан. Мөн дээрхи камерын бичлэгийг Б-д үзүүлэхэд өөрийгөө таньсан учир Г, Б хоёр хоорондоо маргалдаад зодолдсон юм болох нь тогтоогдсон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 42/,

- Гэрч Э.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Хагалгааны дараа ухаан ороод болсон зүйлийн талаар тухайн караокений зөөгч хүүхэн сайн мэдэж байгаа гэж хэлсэн. Тэгээд караокед ороод эхлээд өрөө байхгүй бүх өрөөнүүд захиалгатай байгаа, зөөгч охин Г-н утсаар өрөө захиалсан хүмүүс рүү залгаж яриад орохгүй бол өөр хүмүүс орлоо шүү гэж ярьсан гэсэн. Тэгээд нөгөө хүмүүс нь орохгүй гээд тэд нар орсон юм шиг байна лээ. Караокед ороод Б, З хоёр согтоод чанга чанга яриад байхаар нь З-д куртикаа дэрлүүлээд жаахан унт гээд унтуулсан гэсэн. Б-с 50,000 төгрөг аваад тэр хоёрт ундаа, ус авч өгсөн гэсэн. Өөрөө шинэ жилд орно гээд дуу бэлдэхээр ямар дуу дуулвал зүгээр вэ гээд дууны номыг хараад сууж байсан гэсэн. Тэгээд тэрнээс хойш юмаа сайн санахгүй байна гэсэн... Намайг хэн зодсон талаар юм хэлээгүй, Б ах намайг зодмооргүй юм, яагаад ийм юм болов гэж байсан... З надад хэлэхдээ “намайг караокеноос гарч ирэхэд баахан хүүхнүүд дагуулсан нэхий өмссөн хоёр залууг хүүхнүүд нь боль” гээд цааш нь аваад явж байсан гэж хэлсэн... Эмнэлэг дээр байхад Б ахын зүүн талын дух нь хавдаж, шанаа нь халцарчихсан байдалтай Г-д нилээн санаа зовсон шинжтэй “юу болсноо мэдэхгүй байна” гэж хэлээд сууж байсан ба Г-н хөлд сөгдөж суучихаад нэг юм яриад байсан. Тухайн үед юу яриад байгааг нь огт ойшоож сонсоогүй бөгөөд хамаг анхаарал Г-д төвлөрчихсөн байсан. ...Тэгээд Г-г өөр өрөө рүү оруулаад хэвтүүлсний дараа Б ах байс хийгээд өрөөнд орж ирээд “Г зүгээр үү” гээд санаа зовоод байсан. Тухайн үед би энэ хүн яагаад ингэтлээ санаа зовоод байгаа юм бол доо гээд бодож байсан. Хагалгаанд орсныхоо дараа Б ахад караокений гадаа цохиулсан гэж байснаас өөр зүйл хэлээгүй. Х банкны гадна камерыг шүүж үзэхэд Г, Б ахтай муудалцаад Б ах Г-г цохиод унагааж байгаа дүрс бичлэг байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 44, 46/,

- Гэрч Г.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Сахиур хийж байхдаа Г-г ухаан орохоор нь өөрөөс нь юу болсон талаар асуухад “Б ах намайг цохисон” гэж хэлснээс өөр зүйлийн талаар яриагүй. Хүүхэд хагалгаанаас гарсны дараа Б надтай утсаар яриад камер шүүгээд би цохисон байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 47-48/,

- Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... Шөнийн 01 цагийн алдад байхаа цагийг нь сайн санахгүй байна, намайг гэртээ хоёр хүүхдийн хамт унтаж байхад Б-н гар утаснаас над руу нэг эмэгтэй хүн утсаар залгаад “Г, Б хоёр зодуулчихсан байна" гэхээр нь “хаана вэ” гэсэн чинь хаана гэдгээ хэлэлгүй “эмнэлэг рүү явлаа” гэж хэлээд утсаа тасалсан. Ингээд эмнэлэг дээр очиход Г хүлээн авахын орон дээр хэвтэж байсан ба Б наад талд нь эмчид үзүүлээд сууж байсан, тухайн үед Г-н биед ил харагдах гэмтэл шарх байсан үгүйг анзаарч хараагүй харин манай нөхрийн зүүн талын хөмсөгний дээд талд нь атганы хэмжээтэй хавдаж, цус хурсан байдалтай согтуу байсан. Тэгээд би нөхрөөсөө юу болсон талаар тодруулж асуусан чинь “мэдэхгүй” гэж хэлэхээр нь хамт явж байсан З-с “чи хамт явсан биздээ, яагаад зүв зүгээр зогсож байгаа юм, яасан юу болсон юм вэ” гэхэд “харин би бас мэдэхгүй байна аа, энэ хоёр караокеноос түрүүлж гараад, араас нь би гартал 10 гаруй эрэгтэй, эмэгтэй хүмүүс бөөгнөрчихсөн гадаа зогсож байсан, тэр үед манай хоёртой муудалцсан бололтой 1 залуу дальжигнаад яваад байсан, тэр хүнийг нь би сайн хараагүй, танихгүй” гэж хэлж ойлгуулсан ба өөр зүйлийн талаар яриагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 49-50/,

- Гэрч С.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр байгууллагуудын шинэ жил гээд эмнэлгийн үйл ажиллагаа нэлээн ачаалалтай, согтуу хүмүүс ихээр ирж эмнэлгийн анхны тусламж авч байсан ба шөнийн 01 цагийн үед дээрхи хоёр иргэн нь гэр бүлийн хүмүүсийн хамт орж ирсэн. Тэгээд эхнээс нь Б.Г-н нүүрнээс гарсан хатсан цусыг усаар угааж цэвэрлээд хүлээн авахын орон дээр хэвтүүлсэн бөгөөд өөрийн ухаангүй болтлоо архи ууж согтсон, ил харагдах гэмтэл шархгүй, уруулаа хүнд цохиулсан бололтой дотор тал нь янзарсан шархтай байсан. Үзлэг хийх явцад Б.Г нь агсан согтуу тавьж байсан ба хамт явж байсан гэх 2 залуу нь нэг нэгээрээ эмнэлгийн өрөө рүү дураараа орж гараад байхаар нь арын өрөө рүү оруулж суулгсан. Ингээд Б.Г биеийн байдлыг харгалзан үзээд хамт явж байсан гэх Б-н биед үзлэг хийхэд архи уусан, зүүн талын хөмсөгний дээд хэсэгт цус хурж, хавдсан байдалтай байсан... Б.Г-н хувьд өөрийн ухаангүй, орчиндоо харьцах чадваргүй, согтолт ихтэй, хүнтэй зүгээр юм ярих чадваргүй, агсараад байсан ба Б.Б-н хувьд сувилагчийн өрөөнд юм хэлэлгүй дуугүй суугаад байсан... Б.Г нь дээгүүрээ нүцгэн, доогуур жинсэн өмд бор гуталтай. Б.Б нь ханцуй нь дээрээ хар өнгийн тууш судалтай, саарал өнгийн Adidas брендийн бэлтгэлийн цамцтай, бараан өнгийн жинсэн өмдтэй байсан. Учир нь би тухайн өдөр их ачаалалтай ажиллаж байсан болохоор байгаа байдлыг харуулах гэж буюу эмнэлгийн үйл ажиллагааг харуулах зорилгоор гар утасныхаа камераар бичлэг хийсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 118-119/,  

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 35 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Г-н биед гавал тархины битүү гэмтэл, гавал ясны хугарал, тархины баруун тал бөмбөрцөгийн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтэл тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна гэсэн дүгнэлт /1хх-ийн 53/,

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Б-н биед зүүн хацарт шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хөмсөгний сүүл хэсэгт зулгаралт, цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Учирсан гэмтлүүд нь зүүн хацрын шарх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэг, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хөмсөгний сүүл хэсэгт зулгаралт, цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл нь нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /1хх-ийн 71/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 7/,

  • Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 87/,
  • Иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 88/,
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх-ийн 89/,

- 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Замын-Үүд сум дахь цагдаагийн хэлтсийн хоногийн нөхцөл байдлын мэдээ /хх-ийн 98-101/,

  • Гар утасны камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 121-123/,

- Туршилт хийсэн тухай тэмдэглэл /2хх-ийн 123-124/, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сди зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Б.Б нь 2016 оны 12 сарын 24-ний өдрөөс 12 сарын 25-ны өдөр шилжих шөнө 00 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Н” караокений гадаа хувийн таарамжгүй харьцааны улмаас хамт явсан Б.Г-тай маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж унагаасны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн болсон үйл баримтын талаар авч үзэхэд: 2016 оны 12 сарын 24-ний өдрийн орой Б.Б, Б.Г, Э. З нар нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Н караокед орж архи ундаа авч ууцгаасан байна. Б.Г нь орилж хашгирсан байх ба 2 цагийн дараа зөөгч орж ирээд дахиж үйлчлэхгүй, хаах цаг болсон гээд Б.Б, Б.Г, Э.З нарыг гаргасан байна. Н караокений гадаа хүн зодуулсан гэсэн дуудлагаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Ө, Г нар ирэхэд Н караокений гадаа хохирогч Б.Г нүцгэн цагаан өнгийн фудболктой тархиндаа хүнд гэмтэл аваад газар хэвтчихсэн, хажууд нь Э.З, Б.Б нар зогсож байсан ба Б.Б-н зүүн нүд нь хавдчихсан байдалтай байжээ.       

Улсын яллагч яллах дүгнэлт болон дүгнэлтдээ: “...Х банкны хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Б.Г, гэрч Г.У, Г.Б, Э.Г, Э.У, Г.Т, Э.З нарын мэдүүлэг, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 сарын 35 дугаар дүгнэлт зэргээр тогтоогдсон мөн хохирогч Б.Г 3 удаа мэдүүлэг өгсөн Б.Б намайг цохьсон гэж тогтвортой мэдүүлдэг, хохирогч эх сурвалжаа заасан... Б.Б хохирогчийн ээж Г.Т луу утсаар би таны хүүг цохьсон байна гэж хэлдэг...Г.У байцаагчтай камерийн бичлэгийг үзээд би байна гээд өөрийгөө таниад хэлдэг... Э.У-г гэрчээр асуух байсан гэвч шүүх хуралдаанд сууж байсан учраас асууж чадсангүй, У-н мэдүүлэг нотлох баримтын чанараа алдчихлаа... гэж байгаа боловч гэрч Г.У “...Г-г цохисон хүн нь би байна, караокеноос гарч ирэхэд нилээн согтуу байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна, ямар ч гэсэн хоорондоо нэг маргалдаж байсан” гэж хэлснээс өөр зүйл яриагүй ээ. Мөн бичлэг дээр байгаа хүнийг чи мөн байна ш дээ гэж хэлэхэд “харин тийм байна, би нилээн согтуу байсан, юм санахгүй байна” гээд хэлсэн үгээ давтаад байсан. Мөн дээрхи камерын бичлэгийг Б-д үзүүлэхэд өөрийгөө таньсан учир Г, Б хоёр хоорондоо маргалдаад зодолдсон юм болох нь тогтоогдсон...” гэсэн, гэрч Г.Б “...Г-г гарснаас хойш цагийн дараа байхаа сайн санахгүй байна, олон нийтийн цагдаа нар орж ирээд “танай караокений гадаа зодоон болсон байна, танайхаар үйлчлүүлсэн хүмүүс юм уу, ямар учиртай юм вэ” гэхээр нь гараад хартал Г дээгүүрээ нүцгэн газар ухаангүй байдалтай хэвтэж байсан...” гэсэн, гэрч Э.Г “...шөнийн 00 цаг өнгөрч байхад Н караокений гадаа хүн зодуулчихсан байна гэх дуудлагын жижүүрийн албанаас хүлээн авсан. Ингээд дээрх дуудлагын дагуу Ө-н хамт 4-5 минутын дараа Н караокений гадаа явганаар очиход караокений үүдний хэсэгт үл таних 30-35 насны орчим 3 залуу байсан ба нэг залуу нь цээж нь нүцгэн, гадуур өмссөн хувцас нь газраар тарчихсан, газар хэвтэж байсан ба нөгөө 2 залуугийн нэгнийхэн нь зүүн талын нүдний хөмсөг нь хавдаад цус хурчихсан байсан. Тэгээд юу болсон талаар тодруулж асуухад зодолдсон, зодуулсан шинжгүй нэг залуугийн яриагаар “намайг караокеноос гарч ирэхэд манай хоёр найз өөр хүмүүст зодуулчихсан юм шиг байна, тэдгээр залуучуудыг би хараагүй, танихгүй гэж хэлснээс өөр зүйл яриагүй...” гэсэн, гэрч Э.У “...шөнийн 01 цагийн үед дугаараа нууцалсан дугаараас над руу залгаад цагдаагаас ярьж байна гэхээр нь утсаа таслаад шууд Н караокений гадаа гүйгээд очтол Г дээгүүрээ нүцгэн, өмсөж явсан хувцаснууд нь энд тэнд тарчихсан газар ухаангүй хэвтэж байсан...” гэсэн, гэрч Г.Т “...Хүүхэд хагалгаанаас гарсны дараа Б надтай утсаар яриад камер шүүгээд би цохисон байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгүүдийг тус тус өгсөн байна.

Эдгээр гэрчүүдийн мэдүүлэг нь тухай үед шүүгдэгч Б.Б, хохирогч Б.Г, гэрч Э.З нар ямар байдалтай байсныг мэдүүлснээс биш хоорондоо маргалдаж, шүүгдэгч хохирогчийг цохиж хүнд хохирол учруулсан гэдгийг гэрчилж нотлоогүй байна.

Гэрч Э.У-г улсын яллагч шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан. Шүүх, шүүх хуралдаан эхлэхээс өмнө гэрчүүдийг шүүх хуралдааны танхимаас гаргаж тусгаарласан боловч гэрч Э.У нь дэг сахиулагчид гэр бүлийн хүн гэж хэлсэн мөн шүүгч, нарийн бичгийн дарга танихгүйн улмаас шүүх хуралдаанд сонирхогчийн журмаар суусан байна. Иймд шүүх түүний мэдүүлгийг сонсох шаардлагагүй, өгсөн мэдүүлгийг нь нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзсэн болно. Гэхдээ улсын яллагч гэрчийн мэдүүлгийг шүүх хуралдаанд сонсоогүйгээс хэрэгт удаа дараа өгсөн мэдүүлгийг нь нотлох баримтаар үнэлэхгүй, нотлох баримтын чанараа алдсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн шүүх гэрч Э.У-г шүүх хуралдаанд суусан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг эхнээс нь явуулах шаардлагагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн байна гэж үзэх үндэслэлгүй тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

Хохирогч Б.Г эх сурвалжаа заасан гэх боловч ”... Б миний нүүр лүү гараараа цохьтол арагшаагаа замын бордюр дээр толгойгоороо савж унаад ухаан алдах шиг болсон...хэн хэн нь хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй... Б.Б-тэй маргалдаад намайг цохьсны улмаас миний биед хүнд гэмтэл учирсан болов уу гэж бодож байна...Мөн тухайн үед намайг хэнтэй ч муудалцаагүй болохыг Э.З-с сонссон...” /1хх-ийн 21-22/, “...караокед байхдаа хоорондоо бага зэрэг маргалдаад караокеноос гарсан. Нэг мэдсэн Б.Б ах миний нүүр лүү гараараа цохиод ухаан алдаад гэртээ сэрсэн...” /1хх-ийн 132/, “...хоорондоо муудалцаад цохиулаад байгаагаа мэдээд байгаа. Олон хүнд бол цохиулаагүй. Б.Б ахтай муудалцаад цохиулсан. Тэгээд л цаашаагаа би мэдэхгүй байгаа... эмнэлэгт сэрэхэд ээж хажууд байсан юу болсон гэж асуухад Б.Б зодсон гэж хэлсэн тэгээд Б.Б рүү залгасан...” /2хх-ийн 4-6, шүүх хуралдааны тэмдэглэл/, “...Би Б.Б-д цохиулж байгаагаа маш сайн санаж байгаа. Караокед цохиулж байгаагаа санаж байгаа. Гарч ирээд цохиулж байгаагаа бас санаж байгаа...” /2хх-ийн 74, шүүх хуралдааны тэмдэглэл/ гэсэн зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн байх ба түүний эхнэр гэрч Э.У “...Хагалгааны дараа ухаан ороод болсон зүйлийн талаар тухайн караокений зөөгч хүүхэн сайн мэдэж байгаа гэж хэлсэн. Тэгээд караокед ороод эхлээд өрөө байхгүй бүх өрөөнүүд захиалгатай байгаа, зөөгч охин Г-н утсаар өрөө захиалсан хүмүүс рүү залгаж яриад орохгүй бол өөр хүмүүс орлоо шүү гэж ярьсан гэсэн. Тэгээд нөгөө хүмүүс нь орохгүй гээд тэд нар орсон юм шиг байна лээ. Караокед ороод Б, З хоёр согтоод чанга чанга яриад байхаар нь З-д куртикаа дэрлүүлээд жаахан унт гээд унтуулсан гэсэн. Б-с 50,000 төгрөг аваад тэр хоёрт ундаа, ус авч өгсөн гэсэн. Өөрөө шинэ жилд орно гээд дуу бэлдэхээр ямар дуу дуулвал зүгээр вэ гээд дууны номыг хараад сууж байсан гэсэн. Тэгээд тэрнээс хойш юмаа сайн санахгүй байна гэсэн... Намайг хэн зодсон талаар юм хэлээгүй, Б ах намайг зодмооргүй юм, яагаад ийм юм болов гэж байсан... З надад хэлэхдээ “намайг караокеноос гарч ирэхэд баахан хүүхнүүд дагуулсан нэхий өмссөн хоёр залууг хүүхнүүд нь боль” гээд цааш нь аваад явж байсан гэж хэлсэн...” гэсэн, хохирогчийн ээж Г.Түмэнбаяр “... Хүүхэд хагалгаанаас гарсны дараа Бямбаахүү надтай утсаар яриад камер шүүгээд би цохисон байна гэж хэлсэн...” гэж /1хх-ийн 47-48/, мөн 2017 оны 06 сарын 23-ны өдрийн шүүх хуралд “...У билүү нэг байцаагч дээр өргөдөл нь очсон юм байна л даа. Би байцаагч руу нь эзэн холбогдогч нь байна уу манай хүүхэд маш муу амь нас нь дээсэн дөрөөн дээр байна гэхэд камерийн бичлэг дээр Б.Б гэдэг хүн гараад ирсэн гэж надад утасны дугаарыг өгсөн. Тэгээд би ярьсан...” гэсэн /2хх-ийн 13/, гэрч Э.Г-н “...Тэгээд юу болсон талаар тодруулж асуухад зодолдсон, зодуулсан шинжгүй нэг залуугийн яриагаар “намайг караокеноос гарч ирэхэд манай хоёр найз өөр хүмүүст зодуулчихсан юм шиг байна, тэдгээр залуучуудыг би хараагүй, танихгүй гэж хэлснээс өөр зүйл яриагүй... Тэгээд яг ямар хүмүүст яаж зодуулсан талаар лавлаж асуухад “бид гурвыг караокеноос гарч ирэхэд танихгүй хүмүүс өөдөөс гарч ирээд маргалдаад зодсон” гэж хэлснээс өөр зүйл хэлээгүй ээ...” гэсэн, гэрч Ж.Б-н “...З-с “чи хамт явсан биздээ, яагаад зүв зүгээр зогсож байгаа юм, яасан юу болсон юм вэ” гэхэд “харин би бас мэдэхгүй байна аа, энэ хоёр караокеноос түрүүлж гараад, араас нь би гартал 10 гаруй эрэгтэй, эмэгтэй хүмүүс бөөгнөрчихсөн гадаа зогсож байсан, тэр үед манай хоёртой муудалцсан бололтой 1 залуу дальжигнаад яваад байсан, тэр хүнийг нь би сайн хараагүй, танихгүй” гэж хэлж ойлгуулсан ба өөр зүйлийн талаар яриагүй...” гэсэн мэдүүлгүүд, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг зэргээс хохирогч Б.Г-н мэдүүлэг эргэлзээ төрүүлж байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.Б, хохирогч Б.Г, гэрч Э.З нар нь согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсний улмаас тухайн үйл баримтын талаар санахгүй байгаа нь тэдний удаа дараа өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Тухайн гэмт хэргийн үйл баримтыг нотлох, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэгийг үзэхэд хохирогч нь өгзөг давсан цагаан саарал өнгийн цамц юм уу куртиктэй, хар өнгийн өмдтэй залууд хэд хэдэн удаа цохиулж унаж байгаа мөн эрэгтэй, эмэгтэй олон хүмүүс бужигнаад хоорондоо гар хуруугаа заагаад маргаж буй дүрс хадгалагдсан байна.

Шүүгдэгч Б.Б нь тухайн үед гадуураа өвдөгөө татсан бараан өнгийн нэхий дээлтэй явсан ба Н караокеноос гарахдаа гадуур хувцасаа өмсөж гарсан, тухайн үйл баримт болсны дараа буюу цагдаа нар дуудлагаар ирэхэд гадуур хувцастайгаа байсан болох нь гэрч Э.Г-н “...Хоёулаа хар бараан өнгийн цулгүй нэхий куртиктэй байсан ба нүд нь дов болтлоо хавдсан залуу нэхийн дотроо цайвар өнгийн ноосон цамцтай байсан. Яагаад би үүнийг санаж байна гэхээр нөгөө газар хэвтэж байсан залууг өөрийнхөө нэхийг тайлаад нөмөрүүлж байсан юм аа...” /1хх-ийн 41/ гэсэн мөн “...Хөмсөгний дээд талдаа хавдсан байсан гэх залуу гадуураа бараан өнгийн хагас урт хувцастай байсан. Би газар ухаангүй хэвтэж байгаа хүнийг даарчихлаа шүү дээ гэж хэлэхэд тэр залуу гадуур хувцасаа тайлж нөмрүүлсэн гадуур хувцасныхаа дотор талд саарал өнгийн богино цамцтай байсан...” /2хх-ийн 102 ар талд/ гэсэн, гэрч Г.Б “энэ гурав гадуур хувцасаа өмсөөд гарсан...” /шүүх хуралдааны тэмдэглэлд/ гэсэн, гэрч Т.М “...Хохирогч байгаагүй өөр залуу Б ахтай адилхан биетэй залуу байсан. Хоёулаа нэхий дээлтэй байсан. Б ах өвдгөөр татсан юм уу тиймэрхүү урт нэхий дээлтэй байсан...” /шүүх хуралдааны тэмдэглэлд/ гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.

Эдгээр нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд энэ хэрэгт хамааралтай нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч Б.Б нь хохирогч Б.Г-н эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.    

Шүүх шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй, түүний гэм буруутай эсэхэд эргэлзээ төрж байна гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул хохирогч Б.Г-н нэхэмжилсэн 2,500,000 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 8 ширхэг сдиг хэрэг хавсаргахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 36.6, 36.9, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос Ч овогт Б.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, 201710010020 тоот хэргийг прокурорт буцаасугай.

2. Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3.  Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сди 8 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар хохирогч Б.Г-н нэхэмжлэлийн шаардлага 2,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Энэ цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Б.Н