Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2017/ДШМ/43

 

 

Б.Гд холбогдох

                                                                    эрүүгийн хэргийн тухай                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахим хэлбэрээр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

Прокурор: Г.М /цахимаар/, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Х, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Эрдэнэчимэг нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Гд холбогдох, эрүүгийн 201710000026 дугаартай, 1 хавтас, 187 хуудас эрүүгийн хэргийг улсын яллагч Г.Мгийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас;

Шүүгдэгч: Г -д холбогдуулан Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ. 

Шүүгдэгч Б.Г нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн УАЗ 2206 маркийн 7311 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Т.Мын биед хүндэвтэр гэмтэл учруулж зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Гыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 1 жилийн хугацаагаар ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр,

Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдан ирээгүй бөгөөд бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн 262526 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Гд буцаан олгохоор, 

Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Замын-Үүд дэх Сум дундын Цагдаагийн хэлтэст үүрэг болгож, ... шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Б.Гд урьд авсан  батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокурор Г.М давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.2 дахь хэсэгт “шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, хэмжээг заана” гэсэн заалтыг зөрчсөн, өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Гд 1 жилийн хугацаагаар ямар төрлийн ял оногдуулсан нь тодорхой биш байна. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Б.Гд урьд авагдсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хэвээр үргэлжлүүлсүгэй” гэсэн нь  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт нийцэхгүй, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Иймд шүүхийн тогтоол нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолын 2, 7 дахь заалтуудад өөрчлөлт оруулж өгнө үү ... 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд зааснаар б.Гд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг өмгөөлөгч гаргасныг зөвшөөрч байна гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд техникийн шинжтэй алдаа гарсан. Техникийн шинжтэй алдаа гарвал улсын яллагч, өмгөөлөгчийн саналаар эсхүл шүүх өөрийн санаачлагаар залруулж болно гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан тул энэ алдааг залруулж болно гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Гд ял оногдуулвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, учруулсан хор уршгийг харгалзан ялаас чөлөөлж  болно гэсэн заалтыг баримтлан ялаас чөлөөлөх боломжтой гэсэн саналыг оруулж байна гэв. 

Шүүгдэгч Б.Г нь УАЗ 2206 маркийн  73-11 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж автомашинаа онхолдуулсны улмаас зорчигч Т.Мын биед зүүн эгэм ясны зөрүүтэй хугарал, тархи доргилт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан осол гаргасан боловч ослын газрыг санаатай орхиж зугтаасан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн  216.2-т заасан  гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд, хохирогч Т.Мын мэдүүлэг, хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шүүх эмнэлэгийн 50 тоот дүгнэлт, зам тээврийн ослын талаарх 12 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн эд мөрийн баримт болох 73-11 ДУА улсын дугаартай, УАЗ 2206 маркийн автомашинд техникийн шинжилгээ хийсэн тухай 4 тоот дүгнэлт, хохирогчид шүүгдэгчээс эмчилгээний хохирол болох 750.000 төгрөгийг төлсөн тухай банкны орлогын ордер, гэрчүүдийн мэдүүлгүүд зэргээр хангалттай тогтоогдож байх тул Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 05-р сарын 26-ны өдрийн 70 тоот шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Прокурорын эсэргүүцлийн дагуу хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдийн хуулиар хамгаалагдсан эрхийг хангаж ажилласан, хэрэгт олж авсан нотлох баримтууд нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байна гэж үзлээ.

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ба мөн хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргах, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно” гэж заажээ.  

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2 дугаар заалтад шүүгдэгч Б.Гд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсан боловч  “хорих”  гэдэг үгийг орхигдуулсан техникийн шинжтэй алдаа гаргасан боловч уг алдааг засах нь анхан шатны шүүхийн өөрийнх нь эрх хэмжээнд хамаарахаар болсон учраас энэ тухай алдааг засуулахаар давж заалдах шатны шүүхэд бичсэн прокурорын эсэргүүцэл нь үндэслэлгүй  болсон байна.

Шүүгдэгчид холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 2017 оны 07 дугаар сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг болж, уг гэмт хэрэг нь хөнгөн төрлийн гэмт хэрэгт хамаарч оногдуулах ял нь 2002 оны Эрүүгийн хуулиас хөнгөрч, хорих ялгүй болжээ.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан тул анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Гд оногдуулсан хорих ялаас чөлөөлөх нь зүйтэй ба нэгэнт хорих ялаас чөлөөлөгдөж байгаа тул Эрүүгийн хуулийн /2002 оны/ 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсаныг хүчингүй болгох  үндэслэлтэй. 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дугаар зүйлийн 1, 4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 1.5, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн /2002 оны/ 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн /2002 оны/ 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсаныг хүчингүй болгосугай.” гэж нэмэлт өөрчлөлт оруулж, улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

                                               ШҮҮГЧИД                                   Г.ТЭГШСУУРЬ 

                                                                                                   А.САЙНТӨГС