Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 114/2019/0017/З |
Дугаар | 001/ХТ2020/0293 |
Огноо | 2020-07-20 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 001/ХТ2020/0293
М.Г-ийн нэхэмжлэлтэй, Д
аймгийн Д сумын Засаг дарга, тус сумын
М багийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд
тус тус холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн
Даргалагч, шүүгч: Ч.Тунгалаг
Шүүгчид: Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
Х.Батсүрэн
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан сумын Малчин багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 11 сарын 16-ны өдрийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлж уламжлах тухай” 04 дугаартай тогтоол, Дархан сумын Засаг даргын 2019 оны 11 сарын 25-ны өдрийн Б/21 дугаартай “Т.М-г багийн засаг даргаар томилох тухай” захирамжийг тус тус хүчингүй болгуулах”
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 270 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч М.Г-ийг оролцуулж,
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 9 дэхь хэсэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Дархан сумын Малчин багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 11 сарын 16-ны өдрийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлж уламжлах тухай” 04 дугаартай тогтоол, Дархан сумын Засаг даргын 2019 оны 11 сарын 25-ны өдрийн “Т.М-г багийн засаг даргаар томилох тухай” Б/21 дугаартай захирамж”-ийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 270 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад “...Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн ...” гэснийг “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн ...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Дархан сумын Малчин багийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Дархан сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.А, Дархан сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 270 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар
...Хэргийн материалаас үзэхэд нэхэмжлэгч М.Г-Э нь Дархан сумын Засаг дарга Б.А-д гаргасан өргөдөлдөө “Дархан сумын Засаг даргын тамгын газрын дарга О.Х нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өрөөндөө дуудаж намайг холбогдох материал бүрдүүлж өгсөний дараа Дархан сумын Засаг дарга захирамжийг гаргана гэж хэлсэн...” гэх тайлбар, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн нэхэмжлэгчийн тайлбар хэсэгт “...Ингээд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр багийн Иргэдийн нийтийн 9 дүгээр хуралдааныг зарласан. Тухайн өдөр О.А, Дархан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга н.Б бид гурав уулзсан. н.Б дарга багийн Засаг даргын сонгуулийг хууль журмын дагуу явуулах ёстой шүү гэж О.А-д хэлсэн. Би ч мөн адил түүнд хэлж сануулахад О.А “за” гэсэн атлаа дандаа миний эсрэг хууль бус ажиллагаа явуулсаар өдийг хүрсэн. Сумын Засаг даргын тамгын газраас О.А-г надад цагдаагийн газрын тодорхойлолт авч өг гэж хэлсэн.
5. О.А надад наадах чинь асуудал биш ээ, сонгогдсоныхоо дараа бүрдүүлээд өгч болно гэж хэлсэн...” зэрэг тайлбаруудаар нэхэмжлэгч М.Г-Э нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Багийн иргэдийн Нийтийн 9 дүгээр хурал товлогдох үед Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт тавигдсан шаардлагыг мэдэж байсан болох нь харагдаж байна. Түүнчлэн нэхэмжлэгч М.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тухай тодорхойлолт”-ыг Багийн иргэдийн Нийтийн 9 дүгээр хуралд гаргаж өгсөн нь тэрээр нэр дэвшигчдэд тавигдах хуулийн шаардлагыг мэдэж байсан гэдэг нь давхар тогтоогдож байна. Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасны дагуу багийн Засаг даргад нэр дэвшигчдэд тавигдах шаардлагын талаар нэр дэвшигч болон Малчин багийн иргэдийг мэдээллээр хангах үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
6. Түүнчлэн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч М.Г-ийг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан “...Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй...” гэх хуулийн заалттай нийцээгүйн дээр нэхэмжлэгчийн сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь гуравдагч этгээд болох Т.М-д Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон дээрх эрхийг нь зөрчсөн байна. Учир нь гуравдагч этгээд Т.М нь Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 9 дүгээр хуралдаанд оролцож багийн Засаг даргад нэр дэвшихдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан шаардлага буюу бүрдүүлэх материалаа бүрэн бүрдүүлсэн ба нэр дэвшигч М.Г нь дээрх баримтаа бүрдүүлээгүй байсан нь гуравдагч этгээд Т.М-ийн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон дээрх сонгох, сонгогдох эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.
7. ...Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2/07 тоот “Лавлагаа гаргуулах тухай албан бичгийн дагуу Цагдаагийн ерөнхий газар мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Лавлагаа хүргүүлэх тухай” албан бичиг, тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2/10 дугаартай “Нотлох баримт гаргуулах тухай” албан бичгийн дагуу Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 32/1/150 тоот албан бичиг зэрэг баримтууд нь гуравдагч этгээд Т.М-ийн Багийн иргэдийн Нийтийн 9 дүгээр хуралд гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 32/1/4178 тоот “Малчин багийн Засаг даргын сонгуульд өрсөлдөхөөр хүсэлт гаргасан Т-ын М /ТЕ74.../-д холбогдох мэдээлэл бүртгэгдээгүй байна” албан бичиг нь хууль журмын дагуу гаргасан хүчин төгөлдөр нотлох баримт бөгөөд гуравдагч этгээд Т.М нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.3-т заасан “Ялгүй байх” гэсэн шаардлагыг хангасан болохыг тодорхойлсон хуулийн шаардлага хангасан баримт юм.
8. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын “...гуравдагч этгээд Т.М-г Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.3-д заасан “Ялгүй байх” гэсэн хуулийн шаардлага хангаагүй” гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Харин Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Лавлагаа хүргүүлэх тухай” албан бичиг, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 32/1/150 тоот албан бичиг зэргээр гуравдагч этгээд Т.М-ийн гаргасан баримт нь холбогдох хууль тогтоомжийн дагуу бүрдүүлсэн баримт байхад Багийн иргэдийн Нийтийн 9 дүгээр хуралд уг баримтыг хууль бус баримт мэтээр тайлбарлан хуралд оролцсон иргэдийг талцуулсан нь тухайн хурал эмх замбараагүй болоход хүргэсэн бөгөөд уг байдал нь хурлын бичлэгээр тогтоогдож байна.
9. Анхан шатны шүүхээс хариуцагч нь нэхэмжлэгчийг “ялгүй байх” гэсэн тодорхойлолт авч ирээгүй гэж буруутган нэр дэвшүүлэхээс татгалзсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 9 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй гэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь гуравдагч этгээд Т.М-г Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.3-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Ингэснээр гуравдагч этгээд Т.М нь 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Малчин багийн иргэдийн Нийтийн 9 дүгээр хуралдаанд багийн засаг даргад нэр дэвшихдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан хуулийн шаардлагыг бүрэн хангасан байсан бөгөөд түүнийг нэр дэвшүүлж, Засаг даргаар томилсон Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/21 дүгээр захирамж нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.
10. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар
Анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Ингэхдээ Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар “Урьдчилсан хэлэлцүүлэг нь 14 цаг 00 минутад эхэлж 14 цаг 30 минутад хаагдсан бөгөөд уг урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гэрч асуулгах, нотлох баримт гаргуулах, үзлэг хийлгэх зэрэг хүсэлтүүдийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Гэтэл хавтаст хэргийн 145 дугаар хуудаст авагдсан үзлэг хийсэн тэмдэглэлд “үзлэгийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 09 цаг 30 минутад эхэлж 10 цаг 30 минутад хаасан тухай тусгагдсан байна. Уг нөхцөл байдал нь цаг хугацааны дарааллын хувьд алдаатай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалт болон процессын дэс дарааллыг зөрчсөн байна.
11. Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлж уламжлах тухай” 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “Дархан сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/21 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.5-д заасан “Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт” хавсаргаагүй байна.
12. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч, хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А-т 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гардуулж, хариу тайлбар гаргах хуулиар тогтоосон 14 хоногийн хугацааг олголгүйгээр 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хариу тайлбараа өгөхийг мэдэгдсэн, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.
13. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр товлогдсон бөгөөд хариуцагч О.А, түүний өмгөөлөгч Ц.М-Э, хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А нар нь шүүх хуралдаанд оролцохоор 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өглөө 08 цаг 30 минутад шүүхийн байранд ирсэн бөгөөд шүүхийн харуул цагдаа шүүх хуралдааныг болоогүй гэж тайлбарлан шүүхийн байрны 8 давхарт гаргахгүй байсан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь шүүх хуралдааны өмнө хэргийн оролцогчийг бүртгэж дуудалгүйгээр шүүх хуралдааныг эхлүүлж, хариуцагч талын шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй. Хариуцагчийн өмгөөлөгч Ц.М-Э нь тухайн асуудлаар захиргааны хэргийн шүүхийн Тамгын газарт гомдол гаргасан бөгөөд хариу мэдэгдээгүй.
14. Иймд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 270 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
15. Шүүхийн шийдвэр, магадлалын шийдэл үндэслэлтэй байна.
16. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно”, 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж тус тус заажээ.
17. Энэхүү хэргийн тухайд, Дархан сумын Малчин багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 11 сарын 16-ны өдрийн 9 дүгээр хуралдаанд тус багийн 1374 иргэнээс 245 иргэн оролцож /1 дэх хавтаст хэргийн 172-199/ хуралдаан хүчин төгөлдөр болсон /энэ талаар маргаагүй/ боловч багийн Засаг даргад нэр дэвшигчийг сонгоход 84 хүн санал өгснөөс 44 хүн гуравдагч этгээд Т.М-г дэмжсэн үйл баримт тогтоогджээ.
18. Энэ нь анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн, “...хуралдаанд ирсэн 245 иргэнээс хасагдаад хасагдаад 84 иргэний 50-иас дээш хувийн саналыг нэр дэвшигч Т.М-д /Т.М- гэхийг буруу бичсэн/ өгсөн эсэх нь хэргийн оролцогч нарын тайлбар, багийн иргэдийн Нийтийн Хурлын 9 дүгээр хуралдааны тэмдэглэлүүд, хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд, бусад баримтаар давхар нотлогдохгүй, багийн Засаг даргад нэр дэвшүүлж санал хураах үйл ажиллагааны тэмдэглэлийг тус хуралдаанаас сонгогдсон Б.Ш хөтөлсөн байхад сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүн Д.О-ийн хөтөлсөн тэмдэглэлийг баталгаажуулсан зэргээс үзэхэд тус хурлын хуралдаан, хуралдаанаас гаргасан тогтоол нь хууль бус болох нь 9 дүгээр хуралдааны тэмдэглэл, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбаруудаар тогтоогдож байна” гэж зөв дүгнэжээ.
19. Өөрөөр хэлбэл, хуралдаанд 245 иргэн оролцсон боловч зарим нь хурлаас гарч 88 болсон гэдэг нь тогтоогдохгүй, иймд 245 иргэн оролцож хүчин төгөлдөр болсон хуралдаанаас гуравдагч этгээд Т.М нь 44 хүний санал авч багийн Засаг даргад нэр дэвшсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг зөрчсөн тул маргаан бүхий акт болох Дархан сумын Малчин багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 11 сарын 16-ны өдрийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлж уламжлах тухай” 04 дугаартай тогтоол хууль бус талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Түүнчлэн 88 иргэн оролцсон байлаа гэхэд энэ нь мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т зааснаар тухайн хуралдаан хүчин төгөлдөр эсэх нь ч эргэлзээтэй юм.
20. Дээрх үндэслэлээр маргаан бүхий Хурлын тогтоол хууль бус, уг тогтоолыг үндэслэн гарсан Дархан сумын Засаг даргын 2019 оны 11 сарын 25-ны өдрийн “Т.М-г багийн засаг даргаар томилох тухай” Б/21 дүгээр захирамж хууль бус учир хүчингүй болгох үндэслэлтэй тул “...шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, ...нэхэмжлэгч М.Г нь хурал товлогдох үед Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт тавигдсан шаардлагыг мэдэж байсан... гуравдагч этгээд Т.М нь багийн Засаг даргад нэр дэвшихдээ 26 дугаар зүйлийн 26.6-д заасан шаардлага буюу бүрдүүлэх материалаа бүрэн бүрдүүлсэн ба нэр дэвшигч М.Г-Э нь дээрх баримтаа бүрдүүлээгүй байсан нь гуравдагч этгээдийн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй…” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-6-д заасан хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.
21. Харин анхан шатны шүүх “...хариуцагч нь багийн Засаг даргад нэр дэвшигчдэд тавигдах шаардлагын талаар нэр дэвшигч болон Малчин багийн иргэдийг мэдээллээр тэгш хангах үүргээ биелүүлээгүй” гэж дүгнэсэн нь буруу /энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй/, мөн давж заалдах шатны шүүхийн “...Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 32/1/4178 дугаар “...Т.М-д холбогдох мэдээлэл бүртгэгдээгүй байна” гэсэн албан бичгээс үзэхэд гуравдагч этгээд Т.М-г Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.3-д заасан “ялгүй байх” гэсэн хуулийн шаардлагыг хангасан гэж үзэхээргүй байна...” гэсэн дүгнэлт нь учир дутагдалтай болжээ.
22. Учир нь, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/239 дүгээр тушаалаар батлагдсан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хүн, хуулийн этгээдийн мэдээллийн сан бүрдүүлэх, лавлагаа олгох /код 706/ журам”-ын 706.4.1-д “... лавлагааг “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон албан бичгээр өгнө”, 706.4.8-д “...нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтний албан тушаалыг эрхэлж байгаа алба хаагчид нь эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн ...албан бичгийг үндэслэн хүн, хуулийн этгээдийн мэдээллийг сангаас шалгаад: б/ Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй бол “Мэдээллийн санд бүртгэгдээгүй байна” гэсэн хариу өгөх...” гэж заажээ.
23. Иймд, “...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гуравдагч этгээд Т.М-г Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.3-д заасан “Ялгүй байх” гэсэн хуулийн шаардлага хангаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй…” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 7-9-д заасан хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын гомдол үндэслэлтэй. Гэвч энэ нь маргаан бүхий акт нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-ыг зөрчсөн тул хууль бус /Хянавал хэсгийн 19,20-д/ гэсэн шүүхийн дүгнэлт, шийдлийг өөрчлөх үндэслэл болохгүй юм.
24. Мөн хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчилтэй холбогдуулж гаргасан, “...үзлэгийн тэмдэглэл цаг хугацааны дарааллын хувьд алдаатай, нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагадаа тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан, давж заалдах шатны шүүх хуралд хариуцагч, түүний өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцох эрхийг хангаагүй...” гэсэн /Тодорхойлох хэсгийн 10-13/ гомдол нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөргүй байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүй.
25. Иймд, шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн нэрийг зөвтгөж өөрчилсөн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхихоор тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 270 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нар тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ