Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00302

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00302

 

 

Ж.Г-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2022/04091 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ж.Г-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч П.Э-т холбогдох,

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай үндсэн, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 47/в дүгээр байрны ** тоот хаягт байрлах 68.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 110,000,000 төгрөгөөр худалдан авсан. Худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлийн Ү-2205079201 дугаарт бүртгүүлж, 000986555 дугаарын гэрчилгээг олгож миний өмчлөлийн эд хөрөнгө болохыг баталгаажуулсан. Миний бие орон сууцаа эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг П.Э-ээс шаардахад тэрээр хууль бус үйлдлээ зогсоохгүй байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасны дагуу Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 47/в дүгээр байрны ** тоот хаягт байрлах 68.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч Д.Эрдэнэхишигийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

П.Э- нь орон байр худалдаж авах зорилгоор Centuгу-21 үл хөдлөх зуучийн компанид хандахад зуучлагч Б.С- 95,000,000 төгрөгийн үнэтэй бартераар орж ирсэн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай Транс Резденс-48 айлын орон сууцны барилгын 2 давхарын ** тоот 68.5 м/кв талбайтай 3 өрөө орон сууц байна гэсэн, байршил болон үнэ нь таалагдсан учраас тус байрыг худалдан авахаар хэлцлийг Б.С- зуучлагчаар дамжуулан н.Лхамсүрэнтэй хийсэн. 95,000,000 төгрөгийг н.Лхамсүрэн, зуучлагч Б.С- нарт шилжүүлсэн. Тус байр нь И ХХК-ийн барьсан орон сууц байсан тул миний бие бартераар авсан иргэнээс бус И ХХК-тай гэрээ байгуулах шаардлага тавьж улмаар 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр И ХХК-ийн захирал Ц.А-тэй очиж уулзахад н.Лхамсүрэн рүү утсаар ярьж чи бартераар авсан байраа энэ хүнд зарж байгаа юм уу гэж асуухад тийм гэсний дагуу надтай орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээг 2021 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр байгуулсан. Байрны зах зээлийн борлуулалтын үнээр гэрээг байгуулахгүй бол болохгүй гэж хэлээд 150,000,000 төгрөгийн төлбөр бүхий гэрээ байгуулсан. Улмаар захирал Ц.А- нь И ХХК-ийн инженер н.Х-т байрны түлхүүрийг нь өгч шалгаж хүлээлгэж өг гэж хэлсэн. Байраа 2021 оны 01 дүгээр сарын 30-нд хүлээж аваад гэрчилгээг гаргаж өгөх хүсэлтийг И ХХК-д гаргахад манай газар хөрштэйгөө газрын маргаан үүссэн шалтгаанаар гэрчилгээнүүд түрдээ гарах боломжгүй байгаа гэх тайлбарыг өгсөн. Гэтэл 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр иргэн Ж.Г-гээс шуудангаар мэдэгдэл ирсэн. Тус мэдэгдэлд манай байрыг 110,000,000 төгрөгөөр худалдан авсан тухай, түүнчлэн яаралтай чөлөөлж өг, хэрэв тэгэхгүй бол хаалганы гол солино, шүүхийн байгууллагад хандана гэсэн байсан. Би тухайн байрны үнийг төлж, И ХХК-тай гэрээ байгуулан, худалдан авч түрүүлж эзэмшилдээ авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

 

3. Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээгээр маргаан бүхий орон сууцыг худалдан авсан. И ХХК нь надад худалдсан 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ шилжүүлж өгөх үүрэгтэй байсан. Хууль ёсны эзэмшлийг шилжүүлэхдээ акт үйлдэж хүлээлгэн өгсөн бөгөөд давхар өөр этгээдэд худалдах эрх И ХХК-д байхгүй. 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр П.Э- болон И ХХК-ийн хооронд байгуулагдсан орон сууц барьж, худалдах, худалдан авах гэрээний 5.3-т захиалагч нь төлбөр тооцоогоо бүрэн дуусгаж, орон сууцны түлхүүрийг, орон сууцыг хүлээлгэн өгөх актын хамт хүлээн авснаар захиалагчийн орон сууцыг өмчлөх эрх үүснэ гэж заасан. Түүнчлэн, гэрээний 4.4-т орон сууцны 100 хувь төлбөр хийсэн захиалагчид барилгыг улсын комисс хүлээн авсны дараа шилжүүлэн өгч, өмчлөх эрхийг нотлох холбогдох бичиг баримтыг шилжүүлнэ гэж тус тус заасны дагуу П.Э- нь улсын бүртгэлийн Ү-2205079201 дугаарт бүртгэлтэй тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлтэй. Хариуцагч Ж.Г- болон түүний тайлбарлаж буй Б.Э-эд ямар байдлаар тус байрыг шилжүүлсэн нь ойлгомжгүй. Түүнчлэн И ХХК-д анхнаасаа тус байрыг өөр этгээдэд шилжүүлэх эрх байхгүй, харин өмчлөх эрхийн гэрчилгээг надад гаргаж өгөх үүрэгтэй байсан. Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэж заасны дагуу П.Э- нь эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ шилжүүлж авсан. Улмаар И ХХК-ийн бусад этгээдтэй хийсэн хэлцэл нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй хууль зөрчсөн хэлцэл юм. Харин Ж.Г- болон Б.Э- нарын хооронд байгуулагдсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл тул бүхэлдээ хүчин төгөлдөр бус байна. Тодруулбал, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 болон 56.1.10-т заасны дагуу Жаргалнэмэх болон Ж.Г- нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус байх тул үр дагаврыг шаардаж байгаа. Харин орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээг байгуулсан И ХХК-аас гэрээний үүргийг биелүүлэх ёстой. Гэтэл одоогоор нэхэмжлэгчид мэдэгдэж байгаа нь тус маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ нь Ж.Г-гийн нэр дээр байна. Иймд 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан тус 3 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул 2021 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн орон сууц захиалгаар барьж, худалдах, худалдах авах гэрээний дагуу тус хаягт байрлах 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр П.Э-ийг тогтоож өгнө үү.

 

4. Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хариуцагч тал И ХХК, Ц.А-, Б.Э- нарын хооронд байгуулагдсан гэх гэрээний талаар ярьж байна. Гэтэл нэхэмжлэгч тал хууль ёсны шаардлагад нийцсэн улсын бүртгэлд бүртгэгдсэн гэрчилгээтэй, хуулийн дагуу мөнгөө төлөөд байрыг худалдаж авсан. Иймд гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 47/в дүгээр байр, ** тоот хаягт байрлах 68.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч П.Э-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч П.Э-ийн нэхэмжлэгч Ж.Г-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Г-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч П.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 707,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

6.б. Шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дүгнэж шийдвэрлэхээсээ өмнө хүчин төгөлдөр бус гэж маргаж буй гэрээнд үндэслэж олж авсан өмчлөх эрхийг хууль ёсны гэж үзсэн.

И ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд захирал Ц.А- нь өөрөө тухайн орон сууцыг компанийн нэрийн өмнөөс П.Э-т 2021 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн орон сууц захиалгаар бариулах, худалдах, худалдан авах гэрээгээр худалдсан талаар хэрэгт авагдсан хуулийн хүчин төгөлдөр гэрээ байдаг. Улмаар тус гэрээний дагуу тухайн үл хөдлөх хөрөнгийн бодит эзэмшлийг Эд хөрөнгө хүлээлцэх акт-ыг И ХХК-ийн инженер н.Х- П.Э-т 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээлгэн өгсөн.

Гэтэл тус орон сууцыг Ц.А- нь хожим нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн нэрийн өмнөөс өөрийн эхнэр Б.Э-эд худалдах, худалдан авах гэрээ байгуулж шилжүүлсэн. Тус гэрээний нүүрэнд 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гэж огноо бичиж байгуулсан гэж харагдаж байгаа ч тухайн гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан болох нь тус өдрийн нотариатаар баталсан үйлдлийн үнэн зөвийг гэрчилсэн нотариатын гэрээ гэрчилсэн тамга дээрх оноогоор баталгаажсан. Энэ талаар шүүх хуралдаан дээр хариуцагчийн зүгээс Ц.А-, Б.Э- нар нь нотариатаар гэрээ батлуулсан байна гэж тайлбарлаж байсан хэдий ч шүүхээс анхаарч холбогдох нотариатаас тодруулах ажиллагаа огт хийгээгүй. Ц.А- Б.Э- нар нь эхнэр нөхөр болох төрөл садангийн лавлагаагаар нотлогддог.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж хуульчилсан. Гэтэл шүүхээс Ц.А-, Б.Э- нарын гэрээ нь нүүр хэсэг бичсэнээр 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан эсхүл нотариатчийн гэрээг гэрчилсэн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан эсхүл гэрээний 13.8-д байгаагаар 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан эсэхийг нотлох баримт гаргуулах, тодруулах ажиллагаа хийх шаардлага шүүх хуралдааны явцад бий болсон хэдий ч шүүх энэ эрхээ хэрэгжүүлээгүй. Үүнээс үүдэн хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй.

Иймд үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 000986555 тоот гэрчилгээний хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр Улсын бүртгэлийн байгууллагаас олгогдсон байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байдаг тул Ц.А- Б.Э- нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, Б.Э-, Ж.Г- нарын хооронд байгуулагдсан хэлцэл нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Мөн Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт П.Э-ийн нэхэмжлэлтэй Ж.Г-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд Ж.Г- нь хариуцвал зохих этгээд биш байна гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй.

Анхан шатны шүүхээс маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө Ж.Г-гийн нэр дээр байхад хариуцах этгээд биш байна гэж дүгнэсэн нь алдаатай. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны болж чадаагүй.

6.в. Хариуцагч П.Э- сөрөг нэхэмжлэлдээ 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах, худалдах, худалдан авах гэрээг нотлох баримтын шаардлага хангуулан хэрэгт гаргаж өгсөн. Мөн үл хөдлөх хөрөнгийн төлбөр болох 95,000,000 төгрөг төлсөн баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг хүлээн авсан актыг нотлох баримтыг шаардлага хангуулан гаргаж өгсөн. Анхан шатны шүүхээс дээрх нотлох баримтууд нь ямар үндэслэлээр үгүйсгэгдэж байгаа талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй. Мөн эдгээр нотлох баримтыг үнэлэхгүй байх үндэслэл байгаа талаар дурдаагүй байна.

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газраас нотлох баримтаар гаргуулсан төрөл садангийн лавлагаагаар Ц.А-, Б.Э- нар нь эхнэр нөхөр, харин Ж.Г- нь шууд бус хамааралтай этгээд гэдгийг нотолно.

6.г. Хариуцагчийн зүгээс Б.Э-, Ж.Г- нарын хооронд байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж маргасан. Гэтэл шүүхээс хамтран хариуцагчаар Б.Э-ийг дуудаж хариуцагчаар оролцуулаагүй процессын ноцтой алдаа гаргасан.

Хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлт гаргасан. Шүүхээс тус хүсэлтийг хангаж шийдвэрлэвэл нэхэмжлэгч тал гомдол гаргах талаар тодруулсан. Нэхэмжлэгч гомдол гаргана гэхэд хүсэлтийг хангахаас татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд явцад хүсэлт шийдвэрлэхдээ зохигчдын татгалзал, хэрэгт ач холбогдолтой эсэхийг хянан үзэж байж хүсэлтийг шийдвэрлэх ёстой атал гомдол гаргах талаар нэхэмжлэгчээс асууж хэт нэг талыг барьж хүсэлт шийдвэрлэсэн. Гомдол гаргахгүй гэвэл хүсэлтийг хангаж, гомдол гаргана гэвэл хүсэлтийг хангахаас татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлнэ гэсэн байдлаар явагдсан нь шүүгч хэргийн оролцогчийн саналыг сонсох ёстой атал хэргийн оролцогчид давуу байдал үүсгэж, асуулт асууж давуу байдлыг бий болгосон.

Мөн тус хүсэлтийг хэрэгсэхгүй болгох үндэслэлдээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаан дээр гаргасан тул хангахаас татгалзсан гэж тайлбарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ гэж заасныг ноцтой зөрчсөн.

6.д. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж заасныг зөрчиж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад илтэд зөрүүтэй худал тайлбар гаргасан. Тодруулбал, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдан авахдаа очиж үзсэн эсэх талаар мэдэхгүй, очиж үзээгүй гэж асуулт хариултын үе шатад хариулсан атлаа шүүгч асуух үед очиж үзэхэд цоожтой байсан гэж шүүхийн өмнө худал тайлбар хэлсэн.

Нэхэмжлэгчийн худал, зөрүүтэй тайлбар хэргийн бодит үнэнд нийцээгүй. Улмаар ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэсэн байхад шүүх хуралдааны явцад дахин тодруулаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Иргэний хуулийн 207 дугаар зүйлийн 207.1.1, 207.1.3, 207.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу хүсэлт гаргах эрх нь хариуцагч талд бий. Хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Б.Э-ийг хариуцагчаар татаагүй гэж тайлбартаа ярьж байна. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага Б.Э-эд ямар ч хамааралгүй. Мөн Ц.А-, н.С-, н.Л, И ХХК-тай ямар ч холбоогүй. Зөвхөн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгөх шаардлага гаргасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж, хариуцагчаа тодорхойлдог. Нотлох баримтыг буруу үнэлж, дүгнэсэн гэж байна. Шүүх нотлох баримтыг үнэн зөв, үнэлж дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

2. Нэхэмжлэгч Ж.Г- нь хариуцагч П.Э-т холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205079201 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 47/в дүгээр байр, ** тоот хаягт байрлах 68.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Хариуцагч П.Э- тухайн орон сууцыг зуучлагч Б.С- гэх хүнээр дамжуулан Ц.Л-гийн И ХХК-аас бартерт авах байрыг нь 95,000,000 төгрөгөөр худалдан авч, орон сууцыг 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн аваад амьдарч байна гэж тайлбарлан, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Ц.Л-д 10,000,000 төгрөг, Б.С-д 5,000,000 төгрөг, Э.М-д 80,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн тухай Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд, И ХХК-ийн захирал Ц.А-тэй 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дээр дурдсан хаяг байршил бүхий орон сууцыг 150,000,000 төгрөгөөр худалдан авсан гэрээ зэргийг ирүүлсэн байна.

/хх 33-42/

 

4. Улсын бүртгэлийн Ерөнхий газраас маргаан бүхий орон сууцны хувийн хэргийг ирүүлсэн байх бөгөөд Ц.А-, Б.Э- нарын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г үндэслэн Б.Э- нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэх тухай мэдүүлэг гаргаснаар, түүнд 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2205079201 дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000957535 тоот гэрчилгээ олгогдсон байна. /хх 51-65/

 

4.а. Мөн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Ж.Г-, тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэх тухай хүсэлтийг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б.Э-тэй байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ-г үндэслэн гаргаж улмаар түүнд, 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000986555 тоот гэрчилгээ олгогдсон байна. /хх 66-70/

 

5. Иймд дээрх хаяг байршил бүхий орон сууцыг худалдан борлуулах болон өмчлөх эрх бүхий этгээд нь хэн байх тухай асуудал нь маргааны зүйл болсон байна.

 

6. Дээр дурдсан баримтуудаас үзэхэд Ц.А-, Ц.Л-, И ХХК нарын аль нь тухайн орон сууцыг худалдан борлуулах эрх бүхий этгээд болох, тухайн орон сууцны барилгыг иргэн, хуулийн этгээдийн аль нь барьж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгсөн талаарх үйл баримтууд хэрэгт бүрэн нотлогдож тогтоогдоогүй, энэ талаар талуудыг мэтгэлцүүлээгүйн улмаас зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй болсон байна.

 

6.а. Түүнчлэн, хариуцагчийн гаргаж буй сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус, хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа хэлцлийн үр дагаврыг хэрхэн арилгуулах талаар тодорхой болсны дараа шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

 

Дээрх үндэслэлээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэх, эрх зүйн дүгнэлт хийх, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2022/04091 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 778,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

  ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ