Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00301

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00301

 

 

Б.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2022/03899 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч НГ-т холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2021/00485 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 761 дугаар магадлалаар 144,939,223 төгрөгийг Ч.С-, Б.О-, Б.М- нараас гаргуулж Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж үнэлгээ тогтоолгосон бөгөөд эрхийн улсын бүртгэлийн Ү-2205041472, Г-2205004471 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 12 дугаар гудамж, 105в тоотод байрлах 269 м.кв хувийн сууц, 159 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг 199,060,000 төгрөг, Y-2204005333 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 22 дугаар байрны, ** тоотод, байрлах 33 м.кв талбайтай орон сууцыг 161,822,500 төгрөгөөр тус тус үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлэгдсэн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу гомдлын шаардлага гаргаж байна.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 485 дугаар шийдвэрээр Ч.С-, Б.М-, Б.О- нараас 144,939,223 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 95,.486 төгрөгийг тус тус гаргуулж үндэсний хөрөнгө оруулалтын банкинд олгох шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ч.С-, Б.М-ын нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн наран 12 гудамж, 105в тоотод байрлах эрхийн улсын Ү-2205041472 дугаарт бүртгэлтэй, 269 м.кв талбай бүхий хувийн сууц, Г-2205004471 дугаарт бүртгэлтэй 159 м.кв талбайтай газар, Б.О-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 22 дугаар гудамж ** тоотод байрлах эрхийн улсын Ү-2204005333 дугаарт бүртгэлтэй, 33 м.кв орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсний дагуу тус газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Тус газраас Ч.С-, Б.М-, Б.О- нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж хураан талуудаас үнийн тохиролцоогүй тул 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шинжээч томилж, зах зээлийн үнэлгээг шинжээчээр тогтоолгоход Ч.С-, Б.М- нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн наран 12 дугаар гудамж, 105в тоотод байрлалтай эрхийн улсын Ү-2205041472, Г-2205004471 дугаарт бүртгэлтэй 269 м.кв талбайтай хувийн сууцыг 159 м.кв талбайтай газрын хамт 199,060,000 төгрөгөөр, Б.О-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол 22 дугаар байрны ** тоотод байрлалтай эрхийн улсын Ү-2204005333 дугаарт бүртгэлтэй 33 м.кв талбайтай орон сууцыг 161,822,500 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээний тайлан ирүүлсэн. Үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Ч.С-, Б.М-, Б.О- нарт 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 4-224/10398, 4-224/10399 дугаартай албан бичгээр Монгол шуудан компанийн баталгаат шуудангаар хүргүүлж, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр биечлэн танилцуулан мэдэгдлийг өгсөн бөгөөд төлбөр төлөгч Б.М- нь шүүхэд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргажээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Шинжээч томилох тухай 5/140 дугаар тогтоолын дагуу Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 22 дугаар байр, ** тоот, 33 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204005333 дугаар бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 161,822,500 төгрөгөөр тогтоосон А ХХК--ийн үнэлгээ, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Шинжээч томилох тухай 5/141 дугаар тогтоолын дагуу Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн наран 12 гудамж, 105в тоотод байрлах, эрхийн улсын Ү-2205041472 дугаарт бүртгэлтэй, 269 м.кв талбай бүхий хувийн сууц, Г-2205004471 дугаарт бүртгэлтэй 159 м.кв талбайтай газрын үнэлгээг 199,060,000 төгрөгөөр тогтоосон Х ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.М-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 485 дугаар шийдвэрт заасан Ч.С-, Б.М-, Б.О- нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилж, хураан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоох ажиллагаа явуулсан боловч төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгож, үнэлгээг талуудад 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 4-224/10398, 4-224/10399 дугаартай албан бичгээр баталгаат шуудангаар хүргүүлж, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр биечлэн мэдэгдсэн байхад төлбөр төлөгч Б.М- нь шүүхэд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр буюу 10 хоногийн дараа үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэл үйлдэнэ гэж заасан. Тэмдэглэл бол аливаа зүйлийг үйл явц, үр дүнг баталгаажуулах зорилготой. Төлбөр төлөгч Б.М-од үнэлгээ хийснийг танилцуулаагүй ба энэ талаарх баримтыг хариуцагч тал гаргаж өгөөгүй. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлд шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргах шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна гэж заасан. Тиймээс гомдол гаргах хугацаа хэтрүүлээгүй.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

2. Нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч НГ-т холбогдуулан Ч.С-, Б.М- нарын өмчлөлийн эрхийн бүртгэлийн Y-2205041472 дугаартай, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн наран 12 гудамж, 105в тоот хаягт байршилтай 269 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон эрхийн бүртгэлийн Г-2205004471 дугаартай, 159 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Б.О-ын өмчлөлийн эрхийн улсын Ү-2204005333 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 22 дугаар гудамж ** тоотод байрлах 33 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2021/00485 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-ийн хариуцагч Ч.С-, Б.М-, Б.О- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 144,939,223.23 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хангаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 761 дугаар магадлалаар найруулгын өөрчлөлт оруулж, шийдлийг хувьд хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна. /хх 36-48/

 

4. Ч.С-, Б.М-, Б.О- нар нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШЗ2021/17175 дугаар захирамжийн дагуу мөн өдөр 102/ГХ2021/01370 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 22370161 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар үүсгэсэн байна. /хх 33-35,51/

 

5. Барьцааны хөрөнгө болох Ч.С-, Б.М- нарын өмчлөлийн эрхийн бүртгэлийн Y-2205041472 дугаартай, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн наран 12 гудамж, 105в тоот хаягт байршилтай 269 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон эрхийн бүртгэлийн Г-2205004471 дугаартай, 159 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Б.О-ын өмчлөлийн эрхийн улсын Ү-2204005333 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 22 дугаар гудамж ** тоотод байрлах 33 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2022 оны 04 дүгээр сарын 01, 22-ны өдрийн 22370161/12, 22370161/15 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2022 оны 04 дүгээр сарын 22, 27-ны өдрийн 22370161/15, 22370161/16 дугаар тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан журамд нийцсэн гэж үзнэ.

 

5.а. Дээрх хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн талаарх үнийн саналаа 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдэж, төлбөр төлөгч Б.М-, Ч.С-, Б.О- нарт 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 4-224/8467, 4-224/8466 дугаар албан бичгийг хүлээлгэн өгсөн байх ба орон сууцыг 250,000,000 төгрөг, хувийн сууц болон газрыг 280,000,000 төгрөгөөр үнэлэх санал ирүүлсэн, харин төлбөр авагч Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-аас үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 5/141, 5/140 дугаар тогтоолоор дурдсан эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцсэн байна. /хх 82-83,86,96-98,101,102,136/

 

5.б. Шинжээч тогтоолд заасан Б.М-, Ч.С- нарын өмчлөлийн хувийн сууц болон газрыг нийт 199,060,000 төгрөгөөр, Б.О-ын өмчлөлийн орон сууцыг 161,822,500 төгрөгөөр үнэлснийг шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 4-224/10398, 4-224/103399 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Б.О-, Ч.С- нарт 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр, мөн төлбөр төлөгч Б.М-од мөн оны 05 дугаар сарын 18-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлжээ./хх 162-164/

 

5.в. Төлбөр төлөгч Б.М- нь үнэлгээг эс зөвшөөрч 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч улмаар 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт мэдэгдлийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор нэхэмжлэгч нь шүүхэд хандаагүй болох нь тогтоогдсон байна. /хх 1, 22/

 

5.г. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мэдэгдэх хуудсыг хүргүүлэх журмын талаар хуульчилсан бөгөөд мөн хуулийн 14.3-т шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ, 14.6-д мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд, эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна гэж заасан.

 

5.д. Дээрх хуульд заасны дагуу хариуцагч талаас төлбөр төлөгч Ч.С-, Б.М- нарт 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 4-224/10398 дугаартай үнэлгээний талаарх мэдэгдлийг хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан Монгол шуудан 2022.05.18 гэсэн дардас бүхий мэдэгдлээр тогтоогдсон гэж үзэх ба, мөн нэхэмжлэгч Б.М-ын гэр бүлийн гишүүн төлбөр төлөгч Ч.С- нь тухайн мэдэгдэлтэй биечлэн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр танилцаж гарын үсэг зурсан, төлбөр төлөгч Ч.С-, нэхэмжлэгч Б.М- нар нь гэр бүлийн хүмүүс болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн болох нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2021/00485 дугаар шийдвэр, шүүхийн гүйцэтгэх хуудас зэрэгт Ч.С-, нэхэмжлэгч Б.М- нар нь оршин суух нэг хаягтай байгаа зэргээр тус тус нотлогдсон байна. /хх 33, 36-41, 164, 189-190/

 

5.е. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.М-ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасан хугацааны дотор үнэлгээний талаарх мэдэгдэх хуудастай танилцсан гэж үзэх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацааг хэтрүүлж 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлээ шүүхэд ирүүлсэн байхад Б.М-од үнэлгээний талаар мэдэгдлийг баталгаат шуудангаар эсхүл биечлэн гардуулаагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзнэ.

 

6. Хөрөнгийн үнэлгээний тухай /2010 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг хэлэх тухай тодорхойлсон байдаг.

 

6.а. Хариуцагч шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээчээр Ж.У-, Ч.Ж- нарыг шинжээчээр томилж, улмаар Х ХХК-ийн үнэлгээчин Ж.У-, А ХХК--ийн үнэлгээчин Ч.Ж- нар хөрөнгийн үнэлгээг хийсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй байна.

 

6.б. Иймд шинжилгээ хийж дүгнэлт гаргуулахаар томилогдсон этгээд хөрөнгийн үнэлгээг тогтоогоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэгч талаас хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох баримтыг шүүхэд ирүүлж мэтгэлцээгүй байхад шинжээч нарын үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2022/03899 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан НГ-т холбогдох Х ХХК-ийн үнэлгээчин Ж.У-гийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Ч.С-, Б.М- нарын өмчлөлийн эрхийн улсын Ү-2205041472 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн наран 12 гудамж, 105в тоотод байрлах, 269 м.кв талбай бүхий хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2205004471 дугаарт бүртгэлтэй, 159 м.кв талбайтай газар, А ХХК--ийн үнэлгээчин Ч.Ж-гийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б.О-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204005333 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 22 дугаар байр, ** тоот, 33 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц зэрэгт тус тус хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ