Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00340

 

 

 

2023          02            10                                      210/МА2023/00340

 

 

 

А.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 15-ны өдрийн 101/ШШ2022/05293 дугаар шийдвэртэй

А.Бын нэхэмжлэлтэй, Б.В-д холбогдох

Эрхийн улсын бүртгэлийн Г-00000 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 0000 дугаартай, Баянзүрх дүүргийн 0 хороо, Консулын 00 гудамж, 0 тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 000 м.кв талбайтай газрын үнэ 250,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Өнөрбат, түүний өмгөөлөгч Т.Цэрэндагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие Б.В-тэй 2007 оны 09 сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 1,8 хувийн хүүтэй зээлж, Баянзүрх дүүргийн 0 хороо, Консулын 00 гудамжны 0 тоот хаягт байрлах, нэгж талбарын 0000 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-00000 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 000 м.кв талбайтай газрыг барьцаалсан.

Намайг Б.Вээс зээл авсны дараа миний аав А.А, ээж Б.Б нар надад мэдэгдэлгүйгээр түүнээс нэмж 25,000,000 төгрөг зээлж, барьцааны гэрээнд гараар нэмэлт бичилт хийсэн.

Зээлээ буцаан төлж чадаагүй тул Б.В нь надаас зээл болон түүний хүү алдангийн хамт гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 06 сарын 06-ны өдрийн 1322 дугаар шийдвэрээр би болон аав А.А, ээж Б.Б нараас нийт 53,100,000 төгрөгийг гаргуулан Б.В-эд олгох, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн.

Уг шүүхийн шийдвэр гарах үед гадаад улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан тул ийм шүүхийн шийдвэр гарсан болохыг мэдээгүй. Улмаар дээрх шүүхийн шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж төлбөр авагч Б.В-ийн зээлийн гэрээний асуудлыг шийдвэр гүйцэтгэлийн журмаар шийдвэрлэж, 2012 оны 01 сарын 31-ний өдөр В.Вд, улмаар  2012 оны 06 сарын 08-ны өдөр В.В-с Г.Г-д бэлэглэж, Г.Г-ийн өргөдлөөр 2012 оны 08 сарын 17-ны өдөр 00 тоот тушаал гарч хувийн бүртгэлийг хаасан.

Одоо уг газар Нийслэлийн Засаг даргын 2021 оны 02 сарын 10-ны өдрийн А/00 дугаар захирамжаар “А” ХХК-д газрыг эзэмшүүлж, уг газар болон ойр орчмын 8 айлын газар дээр орон сууцны хотхон баригдсан.

Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 06 сарын 06-ны өдрийн 1322 дугаар шийдвэрийг миний гаргасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлтийн дагуу хүчингүй болгосон.

1.2. Б.В-ийн нэхэмжлэлтэй, А.Б, Б.Б, А.А нарт холбогдох иргэний хэргийг 2019 оны 06 сарын 18-ны өдрийн 1822 дугаар шийдвэрээр дахин шийдвэрлэж, Б.Б, А.А нарын зээлийн гэрээ нь барьцаагүй болохыг тогтоож, А.Б-аас 7,635,000 төгрөгийг гаргуулан Б.В-д олгохоор шийдвэрлэсний дагуу уг төлбөрийг миний бие бүрэн төлж барагдуулсан.

1.3. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 06 сарын 06-ны өдрийн 1322 дугаар шийдвэр биелэгдсэн тул миний өмчлөлийн газрыг буцаан өгөх боломжгүй гэх хариу өгсөн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт “гүйцэтгэгдсэн шийдвэр хүчингүй болсон бол уг шийдвэрээр төлбөр авагчид олгогдсон хөрөнгийг гаргуулж, төлбөр төлөгчид буцаан олгох, боломжгүй тохиолдолд буцаан олгох үеийн ханшаар хөрөнгийн үнийг тогтоон төлбөр авагчаас төлбөр төлөгчид шилжүүлнэ” гэж заасны дагуу дээрх газрын үнийг одоогийн ханшаар 250,000,000 төгрөгөөр тооцон төлбөр авагчаас гаргуулна.

Хэрэв газрыг маань буцаан гаргаж өгөх, эсхүл газрын үнийг одоогийн ханшаар гаргуулан олгоогүй тохиолдолд хариуцагч Б.В нь надаас 7,000,000 төгрөг болон газрыг маань бас авч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжихөөр байна гэжээ.   

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжпэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр авагч Б.В-ээс газраа буцаан авах, эсхүл түүний үнийг өнөөдрийн ханшаар гаргуулахаар нэхэмжилж буй нь үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгч А.Б нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 06 сарын 06-ны өдрийн 1322 дугаар шийдвэрийг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2011 оны 12 сарын 02-ны өдрийн  албадан дуудлага худалдаагаар дээрх газрыг В.Вд газрын өмчлөх эрхийг шилжүүлж зөрүү 398,400 өгрөгийг А.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болох эцэг А.А, эх Б.Б нарт олгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.

Улсын бүртгэлийн ерөнхий газар нь маргаан бүхий газрыг В.В-ийн өмчлөлд бүртгэж, В.В нь 2012 оны 06 сарын 08-ны өдөр Г.Г-д бэлэглэж, улмаар Г.Ггийн өргөдлөөр газрын хувийн бүртгэлийг хааж, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 02 сарын 10-ны өдрийн А/00 дугаар захирамжаар “А” ХХК-д орон сууцны зориулалтаар газрыг эзэмшүүлсэн байна.

Энэхүү дуудлага худалдааны ялагчаас Б.В нь шүүхийн шийдвэрийн дагуу түүнд олгогдохоор заасан 53,522,910 төгрөгийг авсан. Иймд Б.В-ийн хувьд нэхэмжлэгч А.Б-ын эрх ашгийг хохироосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй.

2.2. Нэхэмжлэгч А.Б нь 2019 онд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1322 тоот шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргаж шийдвэрийг хүчингүй болгож тус хэргийг дахин хянан хэлэлцсэн.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/01822 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.В-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 45,810,000 төгрөгийг ханган хариуцагч А.Б, А.А, Б.Б нараас гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагаас 7,330,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Тус шийдвэрийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Б.В нь нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 7,330,000 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тушаасныг 2022 оны 11 сарын 14-ний өдрийн хуралдаанд мэдүүлсэн.

Харин нэхэмжлэгч А.Б нь 2019 оны 06 сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/01822 дугаар шийдвэрийг биелүүлж 7,635,000 төгрөгийг Б.В-д төлсөн мэтээр шүүхэд тайлбарлаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй.

2.3. А.Б-ын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгон захиргааны журмаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 04-ний өдрийн 128/ШШ2021/0731 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 41 дугаар магадлалаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Тус хэргийн дүгнэлт нь энэ хэрэгт гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж буй хариуцагчийн тайлбарт хамааралтай, ач холбогдолтой юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрийн шийдвэр байгаа гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.В-ээс 246,532,065 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Б-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 3,467,935 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,408,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.В-ээс улсын тэмдэгтийн хураамжид 1,390,610 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Б-т олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:  

4.1. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөв хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий газрын үнийг 250,000,000 төгрөг гэж  тодорхойлсон байхад шүүх талуудын тайлбарт байхгүй 300,000,000 гэдэг үнийн дүнг гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь илтэд хууль бус, үндэслэлгүй юм.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгчөөс гаргасан үнийн саналыг тухайн эд зүйлийн бодит үнэ гэж дүгнэх боломжгүй байхад шүүх газрын бодит үнэ гэж тооцсон нь үндэслэлгүй.

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулсан хууль ёсны ажиллагааг хууль бус гэж үзсэн эрх бүхий байгууллагын шийдвэр, дүгнэлт гараагүй учир шүүх илтэд хууль бус, хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлт хийсэн.

4.2. Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт заасныг буруу хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч талын хүсэлтээр Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 06 сарын 06-ны өдрийн 1322 тоот шийдвэрийг хүчингүй болгож тус хэргийг дахин хянан хэлэлцэж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/01822 дугаар шийдвэр гарсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт хамаарах үндэслэл болохгүй.

8 жилийн өмнө биелэгдсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод, шинээр гарсан 2019 оны 06 сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/01822 дугаар шийдвэрийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Б.В нь өмнөх шүүхийн шийдвэрээр хангагдсан байсан нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 7,330,000 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан У. Өсөхбаярт төлсөн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүх А.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл болохгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн “6б” хэсэгт хийсэн дүгнэлт нь хууль бус болсон.

Нэхэмжлэгч нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2011 оны 12 сарын 02-ны өдөр болсон дуудлага худалдааны талаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх заалтыг баримтлан дүгнэлт хийх хуулийн үндэслэл тогтоогдохгүй байхад шүүх тухайн үед маргаан бүхий газрыг борлуулсан дуудлага худалдааны үнийг 54,020,000 төгрөг гэж тооцохгүй гэж дүгнэсэн нь илтэд хууль бус болсон.

Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д заасны дагуу төлбөр авагч Б.В-ээс газраа буцаан авах, эсхүл түүний үнийг өнөөдрийн ханшаар түүнээс гаргуулахааар нэхэмжилж буй нь үндэслэлгүй.

Учир нь тус 000 м.кв газар нь 2011 онд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион явуулсан албадан дуудлага худалдаанд орж, дуудлага худалдаанд оролцогч иргэн В.В ялагч болж газрын өмчлөгч болсон нь төрийн нэрийн өмнөөс хуулийн дагуу явагдсан хүчин төгөлдөр ажиллагаа болсон. Тус дуудлага худалдааг буруутгах, хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, хүчингүй болгосон аливаа нэгэн шийдвэр дүгнэлтгүй.

Энэхүү дуудлага худалдааны үр дүнгээр шийдвэр гүйцэтгэлийн албанаас Б.В-д шүүхийн шийдвэрийн дагуу олгогдох 53,522,910 төгрөгийг өгсөн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 000 м.кв газрыг тэрээр аваагүй учраас шүүх дээрх хуулийн заалтыг хариуцагчид хамааруулан дүгнэх, түүнээс дуудлага худалдаагаар бусдад худалдсан газрын унийг 11 жилийн дараа гаргуулах хууль зүйн үндэслэлгүй.

4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа талаарх хариуцагч талын тайлбар болон татгалзалд холбогдох дүгнэлтийг хийгээгүйд гомдолтой байна.

А.Бын Захиргааны  хэргийн шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 04-ний өдрийн 128/Ш2021/0731 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 сарын 06-ны өдрийн 41 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Улмаар нэхэмжлэгч А.Б нь Хяналтын журмаар гомдол гаргасан боловч УДШ-н Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 114 тоот тогтоолоор түүний гомдлыг хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн.

Тус захиргааны хэрэгт нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгон маргасан ба Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь хуулийн энэ заалт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу явагдсан дуудлага худалдааны ялагчийн хувьд өмчлөх эрхээ бүртгүүлсэн В.В-ийн уг өмчлөх эрхийг шилжүүлж авсан Г.Г-ийн болон "А " ХХК-н эзэмших эрхийн талаар гарсан захиргааны байгууллагуудын хууль ёсны бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгох зохицуулалт биш болохыг дурдаж шийдвэрлэсэн.

Мөн шүүхийн энэ шийдвэрээр тухайн газрын хувьд хийгдсэн бүртгэлүүдийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн уг газрыг нэхэмжлэгч А.Б-ын өмчлөл, эзэмшилд буцаан шилжүүлсэн эрх бүхий байгууллагын хүчин төгөлдөр шийдвэр байхгүй нөхцөлд хариуцагч байгууллага уг газрыг А.Б-ын эзэмшил, өмчлөлд шууд бүртгэх үүрэггүй гэсэн дүгнэлтийг хийсэн.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 сарын 06-ны өдрийн 41 дугаар магадлалын хянавал хэсгийн 3.6-д “Түүнчлэн маргаан бүхий бүртгэлүүд Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд Хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн заалтуудтай нийцэж буй энэ тохиолдолд Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 06 сарын 06-ны өдрийн 1322 дугаар шийдвэр болон уг шийдвэрийн биелэлтийг цуцалсан гэсэн үндэслэлээр бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй байхаас гадна хариуцагчид маргаан бухий газрын бүртгэлийг сэргээхийг даалгах боломжгүй, өөрөөр хэлбэл хариуцагчийн татгалзсан шийдвэр хуульд нийцсэн, түүнийг Г-00000 дүгээр бүртгэлийг сэргээхээс татгалзаж хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй, анхан шатны шүүхийн хэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдэл хуульд нийцэ” гэсэн нь дүгнэлт энэ хэргийн нэхэмжлэлд дурдсан үйл баримт байгаа гэж үзэж байна.

Мөн тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3 гэсэн хэсэгт /5-р хуудас/  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 сарын 27-ны өдрийн 375 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 сарын 18-ны өдрийн 001/XT2019/00952 дугаартай тогтоолыг хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн тухай дурдсан байх ба хариуцагч талаас уг магадлал тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 000 м.кв газрын тухай дүгнэлт хийсэн талаар тайлбарлаж мэтгэлцсэн боловч шүүх шийдвэртээ энэ талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь талуудын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх тэгш оролцох, талуудын шүүхэд гаргасан тайлбар, нэхэмжлэлийн татгалзлын талаар шүүхээс эрх зүйн дугнэлт хийх, хэргийн оролцогчоос шүүхэд гаргасан нотлох баримтаа дүгнүүлэх эрх нь зөрчигдсөн.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 сарын 18-ны өдрийн 001/XT2019/00952 дугаар тогтоолын 10 дахь талд “ 0 тоот газрыг зээлд барьцаалсныг шүүх тогтоосон байна. Дээрх үндэслэлээр хариуцагч Б.В, Г.Г нар бусдын газрыг буцаан шилжүүлэх үүргийг хүлээх, улмаар газар нь дамжигдан худалдагдсанаас тухайн хөрөнгийн үнийг төлөх эрх зүйн үр дагавар үүсээгүй гэж үзнэ" гэсэн дүгнэлтийг хийсэн байхад шүүх энэ дүгнэлтийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас дүгнээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байгаа тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3. Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Б.В-д холбогдуулан Баянзүрх дүргийн 0 хороо, Консулын 19-0 тоотод байрлах, нэгж талбарын 0000 дугаартай, улсын бүртгэлийн Г-00000 дугаарт бүртгэлтэй 000 м.кв талбайтай газрын үнэ 250,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 06 сарын 06-ны өдрийн 1322 дугаар шийдвэрээр тус хэргийн хариуцагч А.Б, А.А, Б.Б нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 53,100,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.В-д олгож, хариуцагч нар шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол Баянзүрх дүргийн 0 хороо, Консулын 00 тоотод байрлах, нэгж талбарын 0000 дугаартай, улсын бүртгэлийн Г-00000 дугаарт бүртгэлтэй 000 м.кв талбайтай газрыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэжээ. /хэргийн 1 дүгээр хавтасны 79-81 дэх тал/

Хариуцагч А.Б, А.А, Б.Б нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрийг үндэслэн тус шүүхийн шүүгчийн 2011 оны 07 сарын 18-ны өдрийн 5425 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн оны 07 сарын 19-ний өдрийн 489 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 156-166 дахь тал/

3.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь уг гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2011 оны 09 сарын 01-ний өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэж, төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. /хэргийн 1 дүгээр хавтасны 170-244 дэх тал/

Мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-177.4 дэх хэсэгт заасан журмын дагуу барьцаа хөрөнгийн албадан дуудлага худалдааг зохион байгуулан 2011 оны 12 сарын 02-ны өдөр маргаан бүхий газрыг 54,020,000 төгрөгөөр В.В-д худалдан борлуулж, 53,522,910 төгрөгийг төлбөр авагч Б.В-д олгосон үйл баримт тогтоогдож байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 202-237/

4. Үүний дараа А.Б нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 06 сарын 06-ны өдрийн 1322 дугаар шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.1-д заасан үндэслэлээр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлт гаргасныг тус шүүхийн 2019 оны 02 сарын 22-ны өдрийн 101/ШТ2019/00103 дугаар тогтоолоор хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. /хэргийн 1 дүгээр хавтасны 13-14 дэх тал/

4.1. Улмаар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 18-ны өдрийн 1822 дугаар шийдвэрээр тухайн хэргийн хариуцагч А.Б-аас 7,635,000 төгрөг, А.А, Б.Б нараас 38,175,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.В-д олгохоор шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 17-18 дахь тал/

4.2. Анхан шатны шүүх хэргийн баримтуудыг үндэслэн талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгч А.Б-ыг хариуцагч Б.В-ээс газрын үнэ шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Учир нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэр хүчингүй болсноор биелэгдсэн шийдвэр цуцлагдсан боловч тухайн газар хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар бусдад худалдан борлогдсон тул уг газрыг бодитойгоор гаргуулах боломжгүй.

4.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн буюу газрын үнийг тогтоож төлбөр авагчаас төлбөр төлөгчид шилжүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй, анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх гомдол үндэслэлгүй тул хангахгүй.

5. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч, төлбөр авагч нараас барьцаа хөрөнгийн үнийн саналыг авахад 300,000,000 төгрөгөөр үнэлгээний санал өгсөн нь шийдвэр гүйцэтгэгчийн 2011 оны 10 сарын 12-ны өдрийн тэмдэглэлээр тогтоогдсон. /хэргийн 1 дүгээр хавтасны 202-204/

5.1. Анхан шатны шүүх энэ үнэлгээг баримталж газрын үнэ 300,000,000 төгрөгөөс 45,810,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 485,935 төгрөг, Б.В-ээс зөрүү төлбөрт төлсөн 7,172,000 төгрөг нийт 53,467,935 төгрөгийг хасаж, 246,532,065 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгахгүй.  

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

6. Түүнчлэн, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 06 сарын 06-ны өдрийн 1322 дугаар шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж 54,020,000 төгрөгөөр маргаан бүхий газрыг худалдсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт “гүйцэтгэгдсэн шийдвэр хүчингүй болсон бол уг шийдвэрээр төлбөр авагчид олгогдсон хөрөнгийг гаргуулж, төлбөр төлөгчид буцаан олгох боломжгүй тохиолдолд буцаан олгох үеийн ханшаар хөрөнгийн үнийг тогтоон төлбөр авагчаас төлбөр төлөгчид шилжүүлнэ” гэж заасан.

Иймд газрын үнийг дуудлага худалдааны 54,020,000 төгрөгөөр тооцох ёстой гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч А.Б захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг 3 шатны шүүхээр шийдвэрлэсэн нь маргаан бүхий газрын бүртгэлтэй холбоотой байна.

Харин уг маргаан нь газрын үнийг хариуцагчаас гаргуулах тухай байх тул захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нөхцөл байдал бий болсон гэж дүгнэх үндэслэлгүй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 15-ны өдрийн 101/ШШ2022/05293 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,390,610 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.    

 

 

 

                 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.БЯМБАСҮРЭН

 

                                                      ШҮҮГЧИД                                     Д.ЗОЛЗАЯА

 

                                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ