Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2019/0414/З |
Дугаар | 001/ХТ2020/0294 |
Огноо | 2020-07-20 |
Маргааны төрөл | Тендер, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 001/ХТ2020/0294
“Н з” хоршооны нэхэмжлэлтэй,
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ч.Тунгалаг
Шүүгчид: Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
Х.Батсүрэн
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь Хөвсгөл аймгийн Мөрөн сум-Улаанбаатар, Улаанбаатар-Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлд “Н з” хоршооны үйлчилгээ үзүүлж байгаа гарагууд болох 2,4,6,7 дахь өдрийн 19:00 цагийн давтамжийг олгох талаар манай хоршоотой байгуулсан Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн зохион байгуулах, гүйцэтгэх гэрээнд буюу гэрээний графикт өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ХХНТ-059/2019 дугаартай “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-нд буюу гэрээний графикт 2,4,6,7 дахь өдрүүдэд 19:00 цагийн давтамжийг оруулж өөрчлөлт хийхийг хариуцагч “Автотээврийн үндэсний” төв ТӨҮГ-т даалгуулах, мөн тухайн чиглэлд “Н з” хоршооны үйлчилгээ үзүүлж байсан 18:10 цагийн нэмэлт цагийн давтамжийг үндэслэлгүйгээр хассан хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, тус чиглэлийн 18:10 цагийн нэмэлт цагийн давтамжийг “Н з” хоршоонд буцаан олгож, тухайн чиглэлд 18:10 цагийн нэмэлт цагийн давтамжийг хуваарийн дагуу зорчигч тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх боломжоор хангахыг хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т даалгуулах, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Ч х т” ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ХХНТ-120/2019 дугаартай “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ” буюу гэрээний графикт 2,4,6,7 дахь өдрүүдэд 19:00 цагийн давтамжийг олгосон хэсгийг хүчингүй болгуулах, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Ч х т” ХХК-д хийгдсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын тухай гэх баримт /ажлын хэсгийн дүгнэлт/-ыг хүчингүй болгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2020/0126 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 299 дүгээр магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Ц.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Н нарыг оролцуулж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2020/0126 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.2.1, Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйл, 13 дугаар зүйлийн 13.2.3, 13.2.7, Автотээврийн тухай хуулийн 6.1, 6.1.4, 9 дүгээр зүйлийн 9.1, 10 дугаар зүйлийн 10.2, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасныг тус тус баримтлан “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь Хөвсгөл аймгийн Мөрөн сум-Улаанбаатар, Улаанбаатар-Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлд “Н з” хоршооны үйлчилгээ үзүүлж байгаа гарагууд болох 2,4,6,7 дахь өдрийн 19:00 цагийн давтамжийг олгох талаар манай хоршоотой байгуулсан Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн зохион байгуулах, гүйцэтгэх гэрээнд буюу гэрээний графикт өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ХХНТ-059/2019 дугаартай “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-нд буюу гэрээний графикт 2,4,6,7 дахь өдрүүдэд 19:00 цагийн давтамжийг оруулж өөрчлөлт хийхийг хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т даалгуулах, мөн тухайн чиглэлд “Н з” хоршооны үйлчилгээ үзүүлж байсан 18:10 цагийн нэмэлт цагийн давтамжийг үндэслэлгүйгээр хассан хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, тус чиглэлийн 18:10 цагийн нэмэлт цагийн давтамжийг “Н з” хоршоонд буцаан олгож, тухайн чиглэлд 18:10 цагийн нэмэлт цагийн давтамжийг хуваарийн дагуу зорчигч тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх боломжоор хангахыг хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т даалгуулах, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Ч х т” ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ХХНТ-120/2019 дугаартай Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ буюу гэрээний графикт 2,4,6,7 дахь өдрүүдэд 19:00 цагийн давтамжийг олгосон хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Ч х т” ХХК-д хийгдсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын тухай гэх баримт /ажлын хэсгийн дүгнэлт/-ыг 3 сарын хугацаатай түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Ч х т” ХХК-д хийгдсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын тухай гэх баримт /ажлын хэсгийн дүгнэлт/-ыг хүчингүй болсонд тооцож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Н з” хоршооны дарга Ж.Б-ын “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн удирдамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 299 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 126 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 55 дугаар зүйлийн 55.1.7, Автотээврийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Н з” хоршооны нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг ханган “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын “Ч х т” ХХК-д хийгдсэн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгож, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Ч х т” ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ХХНТ-120/2019 дугаартай “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-нд 2,4,6,7 дахь өдрүүдэд 19:00 цагийн давтамжийг олгосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Н з” хоршооны нэхэмжлэлээс “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-нд 19 цагийн давтамжийг нэмсэн өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, уг гэрээнд 2,4,6,7 дахь өдрүүдэд 19:00 цагийн давтамжийг оруулж өөрчлөлт хийхийг, тухайн чиглэлд үйлчилгээ үзүүлж байсан 18:10 нэмэлт цагийн давтамжийг үндэслэлгүйгээр хассан үйлдэл хууль бус болохыг тогтоон, 18:10 нэмэлт цагийн давтамжийг буцаан олгож хуваарийн дагуу зорчигч тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх боломжоор хангахыг тус тус “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т даалгах”-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 4 дэх заалтын “улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг “улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхээс төлөвлөгөөт бус хяналт шалгалтын тухай гэх баримт /ажлын хэсгийн дүгнэлт/-ын дүгнэлтийг 3 сарын хугацаанд түдгэлзүүлж энэ хугацаанд төрийн байгууллагын маргаантай байгаа дүгнэлтийн асуудлыг дахин хамтран шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн.
4. Гэвч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 299 дүгээр магадлалаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Ч х т” ХХК-д хийгдсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын тухай гэх баримт /ажлын хэсгийн дүгнэлт/-ыг хүчингүй болгож, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Ч х т” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ХХНТ-120/2019 дугаартай “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-нд 2, 4, 6, 7 дахь өдрүүдэд 19:00 цагийн давтамжийг олгосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэснийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан, гэвч давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байтал ХХНТ-120/2019 дугаартай “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-нд 2,4,6,7 дахь өдрүүдэд 19:00 цагийн давтамжийг олгосон хэсгийг илт хууль бус гэж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн бөгөөд төрийн байгууллагуудын хоорондын маргаантай асуудлыг шийдвэрлэх хугацааг олгож дахин ажлын хэсэг гарган шийдвэрлэх асуудал нь зөв юм. Тус үйлдвэрийн газар нь улсын байцаагчтай, дүгнэлт гаргах эрх бүхий этгээдтэй бөгөөд эрх хэмжээний хүрээнд дүгнэлт гаргасан, гаргах эрхтэй субъект байтал давж заалдах шатны шүүх ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь байгууллагын үндсэн эрх, хууль ёсны эрх ашигт нөлөөлж бусдад давуу байдал олгож байна.
6. ...Улаанбаатар-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд “Ч х т” ХХК, “Минтранс ХХК, “Н з” хоршоо нь хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг гүйцэтгэдэг. Тус чиглэлд 19 цагийн давтамж нэмэгдүүлэх хүсэлтийг “Ч х т” ХХК нь 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 018/016 тоот, 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 022 тоот албан бичгүүдээр удаа дараа тус үйлдвэрийн газарт ирүүлсэн. “Минтранс” ХХК 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 31 тоот, “Н з” хоршоо нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 35 тоот албан бичгээр 19 цагийн давтамж нэмэгдүүлэх хүсэлтийг ирүүлсэн. Тухайн чиглэлийн суудал ашиглалт нь 2018 оны жилийн эцсийн байдлаар 74 хувьтай байсан бөгөөд 2019 оны 1 дүгээр сараас 3 дугаар сар хүртэл нийт 18:00, 20:00 цагт 231 нэмэлт тээврийн хэрэгсэл гарч байгаа нь энэ цагуудаар зорчин явах эрэлт хэрэгцээ үүсэж байгааг харуулж байгаа тул 19:00 цагийн давтамж нэмэгдүүлэх шаардлага үүсэж байна гэж үзсэн.
7. Тус үйлдвэрийн газрын захирлын 2019 оны А/28 дугаар “Улс, хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хууль тогтоомжид заасан шаардлага болон холбогдох дүрэм, журам, стандартын хүрээнд судалж, дүгнэлт гаргах ажлын хэсэг”-ийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар хурлаар Улаанбаатар-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлийн 19 цагийн давтамж нэмэгдүүлэх хүсэлтийг холбогдох стандарт шаардлагын дагуу 3 тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагын харьцуулсан судалгааг үндэслэн “Ч х т” ХХК-д 19 цагийн давтамж нэмэгдүүлсэн юм. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 299 дүгээр магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
8. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Гуравдагч этгээд “Ч х т” ХХК, түүний өмгөөлөгчийн зүгээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 299 дүгээр магадлалын зарим заалтыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргаж байна.
9. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2020/0126 дугаар шийдвэр нь хуульд нийцсэн, анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдын эрх ашгийг хөндөхөөр ямар нэгэн зөрчил гаргаагүй, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж үнэн зөв шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагч, гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн байх ба магадлалдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж үзээд гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2 дахь заалтыг ноцтой зөрчсөн.
10. Учир нь “Ч х т” ХХК нь аливаа хууль зөрчсөн, сайн дураараа хяналт шалгалт оруулсан асуудалгүй бөгөөд Зам тээврийн хөгжлийн яамны 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 138-07-003, 076/37 дугаартай албан тоот хяналт шалгалтын удирдамжийн дагуу Зам тээврийн хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газруудын хамтарсан ажлын хэсэг нь “Ч х т” ХХК-д 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийсэн, гуравдагч этгээдийн зүгээс шалгалтаар илэрсэн зөрчлийг арилсан талаарх үйл баримтыг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 39 дүгээр албан бичгээр хүргүүлсэн. Тухайн үед гуравдагч этгээд “Ч х т” ХХК-ийг хуулийн шаардлагад нийцэхгүй байгаа талаар гаргасан төрийн байгууллагын шийдвэр, манай компанийн үйл ажиллагааг зогсоосон хэн нэгэн эрх бүхий албан тушаалтны акт байхгүй. Гэтэл нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд хандан Захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах зэрэг нэхэмжлэлийн шаардлагууд гаргасан, мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа анх гаргаснаас хойш 3 удаа өөрчилж гаргасан, нэхэмжлэл түүний бүрдүүлбэрүүд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т заасан үндэслэл хуульд нийцээгүй, хангалтгүй байсан.
11. Мөн нэхэмжлэлийн шаардлагууд нь дээрх хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь заалтад зааснаар хариуцагч болон гуравдагч этгээдийн хооронд хийгдсэн гэрээ нь ямар хуулийн ямар заалт зөрчсөн, хэнд ямар давуу эрх олгогдсон талаар нотлох үйл баримтыг ирүүлээгүй, уг гэрээ хийгдсэнээр нэхэмжлэгчийн болон нийтийн ашиг сонирхол эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй байгаа, нэхэмжлэгчид ямар хор хохирол учирсан талаар дурдаагүй, уг захиргааны хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нь ямар үр дагавартай, уг гэрээ байгуулагдсанаар ямар хуультай зөрчилдсөн, нэхэмжлэлийн шаардлагын дагуу уг хяналт шалгалтын баримт болон гэрээг хүчингүй болгосноор нийтийн эрх ашгийг хэрхэн хангах, хэний ямар зөрчигдсөн эрх хангагдах нь тодорхойгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
12. 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын тухай баримт нь “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан, шийдсэн шийдвэр бөгөөд өөрт олгосон давуу байдлаараа гэрээ хийсэн хэн нэгний зөвшөөрөл авч гэрээ хийх шаардлагагүй ба “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ нь 19 цаг гэж байгаагүй шинээр удаа дараа сонсгол, хурал хийж байж зохих журмынхаа дагуу 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар ажлын хэсгийн хурлаараа шийдвэрлэсэн байдаг. Хавтаст хэргийн 199 дэх талд авагдсан уг хурлаар “Ч х т” ХХК-д олгох үндэслэл нь зөрчил тогтоосныг богино хугацаанд арилгасан, харин бусад хуулийн этгээд шаардлага хангахгүй байсан болон Улаанбаатар-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн үйлчилгээ явуулдаг 3 хуулийн этгээд дотроос хамгийн түрүүнд буюу 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 018/016 тоот, 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 022 тоот албан бичиг явуулж давтамж нэмэгдүүлэх хүсэлтээ “Ч х т” ХХК өгч шударга өрсөлдсөн тул төрийн байгууллагын зүгээс 19 цагийг нэмэлтээр өөр компанид олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, үндэслэлтэй шийдвэр болсон.
13. Харин нэхэмжлэгч нь уг шийдвэрийг зөвшөөрөөгүй өөрийн хуульд заасан эрх нь зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд хуулийн дагуу холбогдох хуулийн хугацаанд холбогдох дээд байгууллагад хандан гэрээ, актыг хүчингүй болгуулахаар гомдол гаргах ёстой байсан ч гаргаагүй байдаг. Нэхэмжлэгч “Н з” хоршоо нь долоо хоногийн 2, 4, 6, 7 дахь өдрүүдийн 08, 15, 18, 18:10 цагуудад үйлчилгээ үзүүлдэг, зорчигч тээврийн зах зээлийн 97.2 хувийг эзэлж байгаа атлаа дээрх нэмэлт цагийн давтамжийг авахын тулд Өрсөлдөөний тухай хуулийн дагуу шударгаар өрсөлдөхгүйгээр 19 цагийн нэмэлтийн гэрээ байгуулах зөвшөөрлийг бусдад олгуулахгүй байх талаар хөөцөлдөж байгаа нь шударга бус байна.
14. Иймд нэхэмжлэгчийн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Ч х т” ХХК-д хийгдсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалт, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Ч х т” ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ХХНТ-120/2019 дугаартай “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээнд 2, 4, 6, 7 дахь өдрүүдийн 19:00 цагийн давтамжийг олгосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай” гэсэн хэсгийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3 дахь хэсэгт зааснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 299 дүгээр магадлалыг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2020/0126 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
15. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
16. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Н з” хоршооны гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, харин “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Ч х т” ХХК-д хийгдсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын тухай гэх баримт /ажлын хэсгийн дүгнэлт/-ыг түдгэлзүүлж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцээд, маргаан бүхий шалгалтын ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгож, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Ч х т” ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ХХНТ-120/2019 дугаартай “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-нд 2,4,6,7 дахь өдрүүдэд 19:00 цагийн давтамжийг олгосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч уг магадлалыг хүлээн зөвшөөрсөн, харин хариуцагч, гуравдагч этгээдийн зүгээс “магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх”-ээр хяналтын журмаар гомдол гаргасан тул хяналтын шатны шүүх гомдлын хүрээнд буюу давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан нь үндэслэлтэй эсэхийг хянан хэлэлцлээ.
17. Шүүхүүдийн дүгнэсэнчлэн, Зам тээврийн яамны улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэлтээр “Ч х т” ХХК-ийн үйл ажиллагааны эрсдэлийн үнэлгээг “Их эрсдэлтэй” гэж дүгнэсэн, гэвч тус компанийн хүсэлтээр “Автотээврийн үндэсний төв”-ийн тэргүүн дэд захирлын баталсан удирдамжийн дагуу ажлын хэсэг дахин шалгалт хийж 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Зөрчил дутагдлыг богино хугацаанд арилгасан, гэрээ байгуулах аж ахуйн нэгж байгууллагад тавих шаардлагыг хангасан” тухай (маргаан бүхий) дүгнэлтийг гаргасан, харин уг дүгнэлтийг Зам, тээврийн хөгжлийн яамны 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 03/2317 дугаар албан бичгээр “...Мэргэжлийн хяналтын газартай хамтран хийгдсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг “Ч х т” ХХК нь бүрэн арилгаагүй, эрсдэлийн төвшин буураагүй байхад буруу дүгнэлт гаргасан” гэж мэдэгдэн зөрчил дутагдлыг цаашид давтан гаргахгүй байхыг анхааруулсан, мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 07/1867 дугаар албан бичгээр “... “Ч х т” ХХК-ийн үйл ажиллагааны эрсдэлийн үнэлгээ хийхэд 67 хувь буюу “Их эрсдэлтэй” үнэлэгдэж, эрсдэл буураагүй байна...” гэдгийг анхааруулсан, дахин 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 07/2701 дүгээр албан бичгээр “...зөрчлүүдийг арилгасан тухай удаа дараа үндэслэлгүй баримт бичиг гаргаж, зөрчил арилгалтыг буруу дүгнэж байгаа...” талаар мэдэгджээ.
18. Дээрх үйл баримтаас үзвэл, Автотээврийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. “Автотээврийн салбарын үйл ажиллагаанд тавих захиргааны хяналтыг автотээврийн хяналт, шалгалтын асуудал эрхэлсэн төв байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын мэргэжлийн хяналтын алба, автотээврийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу хяналт, шалгалтын асуудал хариуцсан төв байгууллага буюу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, мөн Зам, тээврийн яам зэрэг дээд шатны захиргааны байгууллагаас Автотээврийн үндэсний төвийн ажлын хэсгийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дүгнэлт үндэслэлгүй буюу бодит байдалд нийцэхгүй болохыг тогтоосон байна.
19. Ийнхүү маргаан бүхий дүгнэлт үндэслэлгүй буюу хууль бус болох нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон байхад анхан шатны шүүх түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу, харин давж заалдах шатны шүүх хууль бус болох нь нэгэнт тогтоогдсон актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв юм.
20. Өөрөөр хэлбэл, хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын ажлын хэсгийг, тухайлбал, тус газрын улсын байцаагчийг (дахин) хяналт шалгалт хийх, дүгнэлт гаргах эрхгүй гэж үзээгүй, харин тус ажлын хэсгийн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй тул хууль бус гэж дүгнэжээ.
21. Иймд, “...”Ч х т” ХХК нь аливаа хууль зөрчсөн, сайн дураараа хяналт шалгалт оруулсан асуудалгүй.., гуравдагч этгээдийн зүгээс шалгалтаар илэрсэн зөрчлийг арилсан талаарх үйл баримтыг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 39 дүгээр албан бичгээр хүргүүлсэн. Тухайн үед гуравдагч этгээд “Ч х т” ХХК-ийг хуулийн шаардлагад нийцэхгүй байгаа талаар гаргасан төрийн байгууллагын шийдвэр, манай компанийн үйл ажиллагааг зогсоосон хэн нэгэн эрх бүхий албан тушаалтны акт байхгүй...” гэх /Тодорхойлох хэсгийн 5/ гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдол, мөн “...Тус үйлдвэрийн газар нь улсын байцаагчтай, дүгнэлт гаргах эрх бүхий этгээдтэй бөгөөд эрх хэмжээний хүрээнд дүгнэлт гаргасан, гаргах эрхтэй субъект байтал давж заалдах шатны шүүх ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь байгууллагын үндсэн эрх, хууль ёсны эрх ашигт нөлөөлж бусдад давуу байдал олгож байна, ...19:00 цагийн давтамж нэмэгдүүлэх шаардлага үүссэн, Ажлын хэсгийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар хурлаар Улаанбаатар-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлийн 19 цагийн давтамж нэмэгдүүлэх хүсэлтийг холбогдох стандарт шаардлагын дагуу 3 тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагын харьцуулсан судалгааг үндэслэн “Ч х т” ХХК-д олгосон...” гэх /Тодорхойлох хэсгийн 12-14/ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.
22. “Нэхэмжлэгчээс маргаан бүхий гэрээний холбогдох заалтыг хүчингүй болгуулахаар шаардсан байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч илт хууль бус болохыг тогтоосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 12-т заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангах боломжгүй юм.
23. Учир нь, илт хууль бус акт/ гэрээ нь гарсан цагаасаа хойш эрх зүйн үйлчлэлгүй байдаг тул эрх зүйн үйлчлэлгүй шийдвэрийг хүчингүй болгох тухай ойлголт байхгүй юм. Иймд хэн нэгний зүгээс захиргааны акт юм уу гэрээг “хууль бус” гэсэн үндэслэлээр “хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргасан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн шийдвэр нь “илт хууль бус” болох нь тогтоогдвол шүүхээс эрх зүйн үйлчлэлгүй шийдвэрийг хүчингүй болгох бус харин илт хууль бус болохыг тогтоох боломжтой.
24. Маргаан бүхий гэрээний холбогдох хэсэг илт хууль бусад тооцогдох хууль зүйн үндэслэлийн талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс хяналтын гомдолдоо тодорхой үндэслэл зааж маргаагүй болно.
25. Иймд, шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 299 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ