Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
Хэргийн индекс | 102/2022/03394/И |
Дугаар | 210/МА2023/00276 |
Огноо | 2023-01-30 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2023/00276
2023 01 30 210/МА2023/00276
ГБХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2022/003907 дугаар шийдвэртэй,
ГБХХК-ийн нэхэмжлэлтэй
Н, о нарт тус тус холбогдуулан
Зээлийн гэрээний үүрэгт 8,320,748 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ГБХХК-тай Н, о нар нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж, 14,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ** улсын дугаартай, Тоёота приус /Toyota Prius/ маркийн автомашиныг барьцаалж зээлийн гэрээ байгуулсан.
Зээлдэгч Н, о нар нь тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, 284 хоногийн хугацаа хэтрүүлсэн. 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 9,139,932 төгрөг, хүү 1,537,654 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 143,160 төгрөг, нийт 10,820,748 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй.
Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь зээлийн төлбөрөөс 2,500,000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа 2,500,000 төгрөгийг багасгаж, хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 8,320,748 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Талууд 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж, 14,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 19,2 хувийн хүүтэй зээлсэнд, мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан үнийн дүнд маргахгүй.
Зээлийн гэрээ байгуулснаас хойш буюу 2020 оноос зээлдэгч нар тэтгэврийн насанд хүрч, тэтгэвэр авах боломжтой болсон. Тэтгэвэрт гарсны дараагаар ГБХХК зээлдэгчийн зөвшөөрөлгүйгээр тэтгэврийн данснаас мөнгөн хөрөнгийг суутгаж авсан.
Мөн цалингийн зээлд автомашин барьцаалах ёсгүй гэж үзэж байна. Иймээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н, о нараас зээлийн гэрээний үүрэгт 8,320,748 төгрөг 49 мөнгийг гаргуулан, нэхэмжлэгч ГБХХК-д олгож, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н, о нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох ** Тоёота приус /Toyota Prius/ маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,282 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н, о нараас улсын тэмдэгтийн хураамжид 218,281 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ГБХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн зээлийн болон барьцааны гэрээг дүгнэхдээ хариуцагч нараас төлсөн төлбөрийг харгалзаж үзээгүй буюу хүлээн зөвшөөрсөнд тооцсон. Угтаа шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт үндсэн зээл, хүүгийн тооцоолол гаргах учиртай. Гэтэл зээл хүүгийн тооцооллыг дурьдаагүй гагцхүү барьцааны гэрээ байгуулан хөдлөх хөрөнгө дээр өмчлөх эрх шилжүүлсэн буруу зорилготой гэрээ байгуулсан байна хэмээн маргааныг дүгнэж, эргэлзээтэй шийдвэр гаргасан.
Талууд барьцааны гэрээ байгуулж, тухайн автомашины өмчлөх эрхийг ГБХХК-д шилжүүлсэн.
Барьцааны гэрээг цалингийн зээлийн үүргийг хангуулах зорилгоор байгуулсан бол барьцааны гэрээ биш эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуцийн гэрээний нөхцөл рүү орохоор байгуулсан гэж хариуцагч талаас үзэж байна.
Хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг одоо ч төлж байгаа. Нэхэмжлэгч талаас зээлийн гэрээний үүргийг хариуцагчийн тэтгэврийн данстай холбож тэтгэврийн төлбөрөөс зээлийн төлбөрийг зөвшөөрөлгүй гаргаж байгаа үйлдэл нь хууль бус юм.
Хариуцагч нар нь зээлийн гэрээ байгуулсан тал дээр маргаагүй бөгөөд зээлийн төлбөрийн хувьд ч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хүлээн зөвшөөрч үндсэн зээлд 4,860,067 төгрөг, хүүд 6,196,503 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 17,724 төгрөг, нийт 11,074,296 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл зээлийн төлбөр болох 9,139,930 төгрөгт барьцаа хөрөнгө буюу нэхэмжлэгчийн өмчлөгчийн хөрөнгийг шилжүүлэн гэрээний үүргийг дуусгавар болгох боломжтой байсан ч нэхэмжлэгч талаас зөвшөөрөөгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хүү болон нэмэгдүүлсэн хүүд тооцсон 1,680,815 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцуулан өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагч тайлбарын агуулга: Хариуцагч шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2,500,000 төгрөг төлсөн, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хасаж, үлдэгдэл 8,320,748 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагчийн төлсөн төлбөрийг зээл хүүгийн төлбөрт тооцон нэхэмжлэлийн шаардлагаас хассан. Хариуцагч нар барьцаа хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэх тухай хүсэлтийг удаа дараа гаргаж байсан.
Талууд 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулахдаа зээл төлөлтийг тэтгэврийн * суутгаж авахаар тохиролцсон ба гэрээнд заасны дагуу тухайн данснаас зээлийн төлбөрийг хийсэн. Нэхэмжлэгч талаас нэмэгдүүлсэн хүүг хасаж өгөхийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
2. Нэхэмжлэгч ГБХХК нь хариуцагч Н, о нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,820,748 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийг багасган 8,320,748 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3.1. Мөн өдөр дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд барьцааны гэрээ байгуулж, *, Тоёота приус /Toyota Prius/ маркийн автомашиныг барьцаалж барьцааны гэрээ байгуулжээ.
3.2. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн гэрээний харилцаа үүссэн, бичгээр хийх хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээнүүд байгуулагдсан гэж шүүх зөв дүгнэсэн.
3.3. Зээлдүүлэгч ГБХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 14,000,000 төгрөгийг зээлдэгч Н, о нарт шилжүүлэн өгсөн, хариуцагч нар нь зээлийн эргэн төлөлтөд үндсэн зээл 4,860,067 төгрөг, зээлийн хүү 6,196,503 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,724 төгрөг, нийт 11,074,295 төгрөг төлсөн болох нь зээл хүүгийн тооцооллоор тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй. /хх15/
3.4. Харин хариуцагч нар нь сар бүр зээл, зээлийн хүүг гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс үүрэг зөрчигдсөн тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээл, хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.
3.5. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.2, 2.4, 2.5, 2.6, 2.7-т зааснаар үндсэн зээл, хүүг тогтоосон хуваарийн дагуу төлөхөөр тогтоосон боловч хариуцагч нар үүргээ зөрчсөн болох нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн төлбөрийг төлөх тухай мэдэгдэл болон талуудын тайлбараар тогтоогджээ. /хх 8, 39/
3.6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн зээл 9,139,932 төгрөг, үндсэн хүү 1,537,654 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 143,160 төгрөг, нийт 10,820,748 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нараас зээлийн төлбөрт төлсөн 2,500,000 төгрөгийг хасч 8,320,748 төгрөг гэж тодорхойлсон, нэхэмжлэгчийн энэ тооцоололыг хариуцагч нар үгүйсгэж баримт гаргаагүй тул хариуцагч Н, о нараас зээлийн гэрээний үүрэгт 8,320,748 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ГБХХК-д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ. Иймд хариуцагчийн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,680,815 төгрөгийг хасч тооцуулна гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
3.7. Зээлийн гэрээний 2.9-д талууд нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
4. Талууд 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, уг гэрээний 1.2, 2.1-т зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, * Тоёота приус /Toyota Prius/ маркийн автомашиныг барьцаалж, барьцааны гэрээг бичгээр үйлдэн, гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулж, автомашиныг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ГБХХК-ийн өмчлөлд шилжүүлжээ. Талуудын тайлбар болон хэргийн баримтыг харьцуулан дүгнэвэл энэ гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээний шинжийг агуулсан тул зохигчдын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэж, энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй. /хх12-14/
4.1. ГБХХК нь хариуцагч нарын тэтгэврээс зээлийн төлбөрийг суутгаж байгаа гэж хариуцагч тайлбарлах боловч уг үндэслэлээ анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тайлбарлаагүй, нотлох баримт гаргаагүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тайлбар татгалзлал, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж үзлээ.
4.2. Түүнчлэн нэхэмжлэгч байгууллага нь зээлдэгчийн зөвшөөрөлгүйгээр тэтгэврийн данснаас мөнгө суутгасныг буруу гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй. Учир нь шүүх зээлдэгчийн зээлсэн мөнгөн төлбөрийн үүргийг шийдвэрлэх тул энэ талаарх хариуцагчийн гомдол нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх буюу хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.
5. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад барьцаа хөрөнгө болох * Тоёота приус /Toyota Prius/ маркийн автомашины улсын дугаарыг * гэж бичиж техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулж зөвтгөнө. /хх14, 58/
6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2022/003907 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
2 дах заалтыг ...**... гэснийг ...*... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,844 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Э.ЭНЭБИШ