Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/00330

 

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/00330

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШШ2022/03717 дугаар шийдвэртэй,

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б-, “В” ХХК, Г- нарт тус тус холбогдох,

 

Б-ээс 38,000,000 төгрөгийг, Г-аас 72,000,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянган, хариуцагч Б-ийн өмгөөлөгч Г.Тамир, Ц.Баяртогтох, хариуцагч Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга           Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. “А” ХХК нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2017 онд Монгол Улсын Засгийн газартай Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих төслийг хэрэгжүүлэх Концессын гэрээ байгуулсан “Д” ХХК-ийн гүйцэтгэгч компани болох “В” ХХК-ийн захирал Б-, хувьцаа эзэмшигч Г- нартай уулзаж, уг компанийн барих байсан Сонгинохайрхан дүүргийн 07 дугаар хороо, Нарийны ам гэх нутаг дэвсгэрт баригдах 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгыг 2,200,000,000 төгрөгийн өртөгтэйгөөр барих барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр болж, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 72 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

Уг гэрээгээр нэхэмжлэгч компани барилгын ажил гүйцэтгэж, шаардлагатай санхүүжилтийг гүйцэтгэгч “В” ХХК болон захиалагч “Д” ХХК хариуцан гаргахаар болсон.

1.2. Гэтэл гэрээ байгуулах үед “В” ХХК-ийн захирал Б- тендерийн баталгаанд нийт төсвийн 5 хувь буюу 110,000,000 төгрөг байршуул гэсэн шаардлага тавьсан, түүний “Банк” ХХК-ийн ***** тоот данс руу 110,000,000 төгрөгийг гэрээ байгуулахын тулд аргагүй эрхэнд шилжүүлсэн.

Дээрх компаниуд “хөрөнгөө өөрсдөө гаргаад барилгын ажлаа эхлүүлж бай, хөрөнгө оруулалтыг нөхөж олгоно” гэсний дагуу манай компани өөрийн нөөц боломж, банк, банк бус санхүүгийн байгууллагын зээлээр 1,056,000,000 төгрөгийн хөрөнгө гаргаж барилгын ажлыг 30 хувийн гүйцэтгэлтэй болгосон бөгөөд одоо ажил зогссон байгаа.

Хөрөнгө оруулалт хийх үүргээ зөрчсөн учир баталгаанд тавьсан 110,000,000 төгрөгийг чөлөөлж өгөхийг ерөнхий гүйцэтгэгч “В” ХХК-аас шаардахад тендерийн баталгаанд шилжүүлсэн мөнгийг уг компанийн захирал Б- өөрийн хувийн дансаар шилжүүлэн авч улмаар Г-т 72,000,000 төгрөгийг нь шилжүүлж, хамтран хувийн хэрэгцээндээ ашигласан байна. Энэ асуудлыг бид цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулсан боловч Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1364 тоот тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн тул иргэний шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан.

1.3. “А” ХХК болон “В” ХХК-ийн хооронд 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан 72 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” нь Концессын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан концесс эзэмшигчийн эрх, үүргийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглосон зохицуулалтыг зөрчиж байгуулагдсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Учир нь эрх бүхий этгээд болох Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр тухайн концессыг нэхэмжлэгч компаниар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж, улмаар гэрээний 5.13-т “Барилгын тухай хуулийн дагуу гүйцэтгэлийн баталгаа 5 хувь болох 110,000,000 төгрөгийг захиалагчийн дансанд байршуулснаар гэрээ хийгдэнэ” гэдэг хууль бус тохиролцоог хийсэн. Барилгын тухай хуульд гүйцэтгэлийн баталгааны 5 хувийг захиалагчийн дансанд байршуулах гэсэн зохицуулалт байхгүй бөгөөд хууль бус тохиролцоог үндэслэн Б-, Г- нар нь их хэмжээний мөнгийг хувийн дансаараа авч ашигласан.

Б- “А” ХХК-аас 110,000,000 төгрөг авсан гэдгээ, хувьцаа эзэмшигч Г- 110,000,000 төгрөгөөс 72,000,000 төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Иймд 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 72 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагч “В” ХХК-ийн захирал Б-ээс 38,000,000 төгрөг, Г-аас 72,000,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгож өгнө үү.

 

2. Хариуцагч Б-ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. “А” ХХК нь 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Д” ХХК-тай байгуулсан “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу тендерийн баталгаанд 110,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч хариуцагч Б- хувьдаа авч ашигласан гэсэн үндэслэлээр  шаардсан нь үндэслэлгүй бөгөөд “А” ХХК-аас тендерийн баталгаа гэж шилжүүлсэн 110,000,000 төгрөг нь “В” ХХК өөрийн эзэмшиж байсан концессын ажлыг бусад этгээдэд шилжүүлж өгсний хариу төлбөрт ажлын хөлс гэж авсан тул Б-ийг хувьдаа завшиж, үрэгдүүлсэн гэсэн нь үндэслэлгүй. Учир нь “А” ХХК-ийн захирал Н- нь Б-ийг 110,000,000 төгрөг залилж авсан гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч хэрэг бүртгэлтийн явцад гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан.

2.2. “Д” ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн тушаалаар тус компанийн барилга хариуцсан ерөнхий захирлаар Б- томилогдон ажиллах үед Монгол Улсын Засгийн газар болон “Д” ХХК нарын хооронд 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл”-ийг хэрэгжүүлэх Концессийн гэрээний дагуу хийж гүйцэтгэх Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор 2,200,000,000 төгрөгийн өртөг бүхий тендерийн барилгын ажлыг “Д” ХХК-ийн ерөнхий захирал Л- нь “би чамд цалин хөлс өгч чадахгүй байгаа учраас танай “В” ХХК-д энэ ажлыг хийж гүйцэтгэх эрхийг өгье” гэсэн санал тавьсан. Тухайн үед “В” ХХК-ийн 50 хувийн хувьцааг Б-, 50 хувийн хувьцааг Г- эзэмшиж, компанийн гүйцэтгэх захирлаар Г- ажилладаг байсан. Иймд Л-ын тавьсан дээрх тендерийн ажлын саналын талаар Г-тай ярилцаж, уг барилгын ажлыг авахаар болж, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Д” ХХК-тай “В” ХХК барилгын ажил гүйцэтгэх гэрээ /туслан гүйцэтгэгчийн гэрээ/ байгуулан Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарийны аманд баригдах 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгчийн цогцолбор барилгыг хийж гүйцэтгэх ажлыг авсан. Гэтэл “В” ХХК нь тус ажлыг хийж гүйцэтгэхэд санхүүгийн хувьд боломжгүй, санхүүжилт олдохгүй байсан тул санхүүгийн хувьд боломжтой компанид авсан ажлаа зарахаар шийдэж “А” ХХК-нд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгыг 2,200,000,000 төгрөгийн өртөгтэйгөөр баригдах тендерийн ажлыг шилжүүлж өгсний хөлсөнд ажлын 5 хувь буюу 110,000,000 төгрөгийг шилжүүлсний дараа гэрээ байгуулахаар тохиролцсон. Гэрээг байгуулсан. Б-ийн данс руу шилжүүлсэн 110,000,000 төгрөгөөс М-д 8,000,000 төгрөгийг зуучилж өгсний хөлсөнд өгөөд Г-т 72,000,000 төгрөгийг нь өгсөн.

Концесс эзэмшигч “Д” ХХК-аас тухайн концессийн ажлыг гүйцэтгэхэд туслан гүйцэтгэгч компанийг шалгаруулах зөвшөөрлийг авсны үндсэн дээр нэхэмжлэгч болох “А” ХХК-ийг тухайн концессийн ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллах эрхийг зуучлалын үндсэн дээр олж өгсөн болно.

2.3. 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 72 дугаар барилгын ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Сонгинохайрхан дүүрэгт баригдаж байгаа барилга нь 30 хувьтай карказ боссон, 2022 оны төсвөөс санхүүжилт суусан учир шударга бус үйл явдал гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн газар 32 байршилд цогцолборын ажлыг хэрэгжүүлж байсан боловч “Д” ХХК хөрөнгө оруулагчаа татаж чадаагүй учир бусад компаниудаар гүйцэтгүүлэхээр гэрээ хийсэн. Компаниудаас судалгаа хийхэд 1,000,000,000 гаруй төгрөг зарцуулагдаж, зарим нь ашиглалтад ороод улс хүлээгээд авчихсан байгаа. Ямар ч байсан 7 байршлыг улс хүлээж аваад мөнгийг нь төлчихсөн. “А” ХХК нэг давхраа хийгээд 30 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа учир ашигтай ажиллаж байгаа. Анхнаасаа гэрээ хийгээд бүх ажлыг шилжүүлж өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

3. Хариуцагч Г-ын татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Г- нь “В" ХХК-ийн 50 хувийг, харин Б- 50 хувийн хувьцааг тус тус эзэмшиж байсан. Тухайн үед “В” ХХК-д “Д” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарийны аманд баригдах 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгыг 2,200,000,000 төгрөгийн өртөгтэй тендерийн ажлыг хийж гүйцэтгэх хөрөнгө байгаагүй учраас тендерийн ажлыг “А” ХХК-д шилжүүлсэн. Тендерийн ажлаа шилжүүлсний хариу төлбөр гэж 110,000,000 төгрөгийг “А” ХХК-аас Б-ийн данс руу шилжүүлсэн ба үүнээс 72,000,000 төгрөгийг Д Өлзийбаяр авсан.

3.2. “Д” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр тус барилгын ажлыг хийж гүйцэтгэх туслан гүйцэтгэгч сонгон шалгаруулах эрхийг “В” ХХК-д олгосон. Үүний дагуу “В” ХХК болон “А” ХХК нарын хооронд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. “А” ХХК-ийн зүгээс тендерийн ажлыг 5 хувийн хөлстэйгөөр авъя гэж сайн дурын үндсэн дээр гэрээ хийсэн учир гэрээ хүчин төгөлдөр бус байх үндэслэлгүй. Гэрээ хүчин төгөлдөр, ажлаа шилжүүлсний хөлсөнд 110,000,000 төгрөгийг авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй.

Нэхэмжлэгч нь “Д” ХХК болон “В” ХХК нарын хооронд байгуулагдсан концессын ажил дээр туслан гүйцэтгэгч оролцож байгаа. Концессын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар “Д” ХХК-ийн бүрэн эрхийн хүрээнд туслан гүйцэтгэгчээр оролцуулах боломжтой. Концесс эзэмшигч концессын зүйлээ шилжүүлж байгаа тохиолдолд эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авна гэж хуульд заасан байдаг. Харин туслан гүйцэтгэгч ямар нэгэн компанитай гэрээ байгуулж байгаа тохиолдолд эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авах шаардлагагүй. Тендерийн баталгаа гэж Концессын тухай хуульд зохицуулагдаагүй.

3.3. “В” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаярын хариу тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байгаа агуулгатай байсан. “В” ХХК болон “А” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний үндсэн дээр 110,000,000 төгрөгийг шилжүүлээгүй. Энэ гэрээ хүчин төгөлдөр эсэх нь 110,000,000 төгрөгтэй хамааралгүй учир үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Хариуцагч “В” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

4.1. “В” ХХК-ийг Б-ээс 2019 оны 07 дугаар сард худалдан авахад  татвар, нийгмийн даатгал, бусад газар өр төлбөргүй гэж байсан. 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ хийхэд Б- тендерийн баталгаанд нийт төсвийн 5 хувь буюу 110,000,000 төгрөг шилжүүлэх шаардлага тавьж байсан. Үүний дагуу “А” ХХК-аас “В” ХХК-ийн данс руу биш Б-ийн хувийн данс руу 110,000,000 төгрөг шилжүүлсэн байна. Иймд Б-ээс гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна.

4.2. “В” ХХК, “А” ХХК-ийн хооронд 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан 72 дугаартай барилгын ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.

“В” ХХК нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин хариуцагч Б-ээс 110,000,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна.

 

5. Гуравдагч этгээд “Д” ХХК татгалзал, тайлбарын агуулга:

5.1. “Д” ХХК нь 2013 оноос эхлэн Нийслэлийн 32 байршилд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих төслийг хэрэгжүүлж, байршил тус бүрд 0-60 хувийн барилга угсралтын ажлыг амжилттай гүйцэтгэж ирсэн. Компанийн энэхүү ажлыг тухайн үеийн Нийслэлийн удирдлага болон Монгол Улсын Засгийн газраас үнэлж дүгнэн 2013 оны 317 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод 72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар шийдвэрлэж, төслийн гүйцэтгэгчээр “Д” ХХК-ийг шалгаруулж, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл-ийг хэрэгжүүлэх концессын гэрээг Засгийн газартай байгуулж, концесс эзэмшигч болон ажиллаж эхэлсэн.

Концессын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Концессын гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой тодорхой ажил, үйлчилгээг туслан гүйцэтгүүлэгчээр гүйцэтгүүлж болох бөгөөд тухайн ажил, үйлчилгээний чанар, гүйцэтгэлийг концесс эзэмшигч хариуцна” гэж заасан. Үүний дагуу компаниас 72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих концессын ажлыг Засгийн газартай байгуулсан концессын гэрээний дагуу түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэх зорилгоор барилга угсралтын чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг барилгын компаниудыг туслан гүйцэтгэгчээр сонгон шалгаруулан хамтран ажиллаж ирсэн.

5.2. Энэ жишгээр “Д” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр концесс эзэмшигч “Д” ХХК-ийн эзэмшиж буй уг цогцолборын барилгын концессын ажлын туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулан ажиллах эрхийг “В” ХХК-д олгосон. Цаашлаад манай компани Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар 264 тоот Концессын гэрээг үргэлжлүүлэх эрх олгох тухай тогтоол, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 115 дугаар тогтоолоор барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэх, концессын гэрээг байгуулах эрхийг авч ажиллаж байсан. Гэтэл Засгийн газар 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 240 дүгээр тогтоол гаргаж компанийн хийж хэрэгжүүлж байсан ажлыг бодитой үнэлж дүгнэхгүй, концессын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй гэж гэрээг хүчингүй болгосноор хөрөнгө оруулалт зогсож туслан гүйцэтгэгч компани нартай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу туслан гүйцэтгэгч компаниудад хүндрэлтэй нөхцөл байдал шат дараалан үүсэж компанийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн.

5.3. Энэхүү Засгийн газрын шийдвэрийг хууль бус гэж үзэж компанийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 240 дүгээр тогтоол, Үндэсний хөгжлийн газрын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01/1671 дүгээр мэдэгдлийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж концессын гэрээний талуудын хооронд захиргааны хэргийн шүүхийн маргаан үүсэж шүүхийн маргаан эцэслэгдэн шийдвэрлэгдэх хүртэл сургууль, цэцэрлэг барих төслийн ажил удааширч зарим туслан гүйцэтгэгч “А” ХХК нь төслийн ажлыг хэвийн үргэлжлүүлэн явуулж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Эдгээр шүүхийн маргааны эцэст концессын гэрээний талууд болох Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар, “Д” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Л- концессын ажлыг түргэн гүйцэтгэж компаниудад концессыг эзэмших эрхийг шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн.

5.4. Ийнхүү туслан гүйцэтгэгч “А” ХХК-ийн барьж байсан гүнт Нарийны ам гэх нутаг дэвсгэрт баригдах 280 хүүхдийн цогцолборын барилгыг барих концесс эзэмших, Засгийн газрын тохируулагч агентлагт Үндэсний хөгжлийн газартай концессын эрхийг эзэмших гэрээ байгуулах эрхийг туслан гүйцэтгэгч “А” ХХК-д олгосон. 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан барилгын ажил гүйцэтгэх гэрээ нь 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Д” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр байгуулагдсан. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Концессын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 26 дугаар зүйлийн 26.6 болон 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Монгол Улсын Засгийн газар болон “Д” ХХК-ийн хооронд байгуулагдсан Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төслийг хэрэгжүүлэх концессын гэрээг нэгтгэж уг шийдвэрийг гаргасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.13-т “гүйцэтгэлийн баталгаа болох 5 хувийг захиалагч компанийн дансанд байршуулна” гэж заасан байдаг. Баталгааны 5 хувийг захиалагч компани болох “Д” ХХК-ийн данс руу шилжүүлэх ёстой байсан боловч шилжүүлээгүй.

Иймд 110,000,000 төгрөгийг Б-ийн данс руу зуучлалын хөлс гэж шилжүүлсэн гэж үзэж байна.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “В” ХХК, Г-, Б- нарт холбогдох “В” ХХК, “А” ХХК-уудын хооронд 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан 72 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн 110,000,000 төгрөгөөс хариуцагч Б-ээс 38,000,000 төгрөгийг, Г-аас 72,000,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,058,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “А” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацаа хойшлуулан шийдвэрлэсэн буюу дутуу төлөгдсөн 5,580,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

7.1. “А” ХХК, “Д" ХХК-ийн хооронд зуучлалын харилцаа үүсээгүй, хэрэгт зуучлалын гэрээ байхгүй. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас хууль бусаар бүрдүүлж өгсөн “Д” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л-ын 2017 оны 05 дугаар сарын 10-ны огноотой 2017/05/10-10-1 дугаартай шийдвэр гэх 1 хуудас баримт хавсаргагдсан бөгөөд уг баримт бичигт “В” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгыг барих туслан гүйцэтгэгч сонгох эрх олгосон байдаг.

“В” ХХК болон “А” ХХК-ийн хооронд 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 72 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан бөгөөд уг гэрээнд "... Нэг талаас барилгын ерөнхий захиалагч Монгол Улсын хуулийн этгээд “Д” ХХК, ... (цаашид “захиалагч гэх”) түүнийг төлөөлөн хөрөнгө оруулалт, гадаад харилцаа хариуцсан захирал Ч-, ...” гэж тусгасан боловч уг албан тушаалтан гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүй, харин “В” ХХК-ийн ерөнхий захирал Б-, гүйцэтгэх захирал Г- нар захиалагч талыг төлөөлөн гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл, энэхүү гэрээнд “Д” ХХК оролцогч болохыг нотолсон баримт байхгүй болно.

7.2. Талуудын хооронд байгуулсан 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 72 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 5.13-т “Барилгын тухай хуулийн дагуу гүйцэтгэлийн баталгаа 5% болох /нэг зуун арван сая/ төгрөгийг Захиалагч талын дансанд байршуулснаар гэрээ хийгдэнэ" гэж заасны дагуу гэрээ байгуулсан өдөр буюу 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч талаас гүйцэтгэлийн баталгаа хийх зорилгоор 110,000,000 төгрөгийг захиалагч талын өгсөн данс болох хариуцагч Б-ийн данс руу шилжүүлсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээнд зуучлалын хөлс төлөх талаар зохицуулалт байхгүй бөгөөд шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн Ё энэ байдлыг гэрчилж мэдүүлсэн.

7.3. “Барилгын төслийн ажлыг зарж, зуучлалын хөлс авахаар тохиролцсон гэх хариуцагч талын татгалзал үндэслэлтэй байна" гэж шүүх удаа дараа дүгнэсэн байдаг. Барилгын төслийн ажлыг зарж, түүнээс ашиг хүртэх гэдэг ойлголт өөрөө хууль бус бөгөөд концессын зүйлийг зарах ойлголт нь байж болохгүй зүйл юм.

Монгол Улсын Концессийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Концесс эзэмшигчид дараахь зүйлийг хориглоно", 27.1.2-т “концессын зүйлийг бэлэглэх, арилжих, худалдах зэргээр бусдад шилжүүлэх, концессын үйл ажиллагааг санхүүжүүлэх, эсхүл концессын гэрээнд зааснаас бусад зорилгоор концессын зүйлийг барьцаалах” гэж хориглосон байхад концесс эзэмшигч биш этгээд концессын зүйлийг бусдад зарж 110,000,000 төгрөг авч болно гэж шүүх үзэж байгаа нь хэтэрхий нэг талыг барьсан, хууль бус шийдвэр гэж үзэхээр байна.

“Д” ХХК Засгийн газартай байгуулсан “72 бага сургууль, цэцэрлэг барих концессийн гэрээ" нь Концессийн тухай хуулийн 4.1.2-т заасан “Барих-шилжүүлэх”-/концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх;/ нөхцөлөөр хийгдсэн бөгөөд “Д” ХХК өөрийн болон боломжоор олсон хөрөнгөөр дээрхи 72 бага сургууль, цэцэрлэгийг барьж хүлээлгэн өгөх зорилготой хийгдсэн гэрээ байсан. Гэтэл концесс эзэмшигчийн зүгээс нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт /гэрээний 3.2, 3.3-д заасан хуваарийн дагуу/ хийгээгүй бөгөөд нэхэмжлэгч өөрийн хөрөнгө, зээл авч 1 тэрбум 56 сая төгрөгийн хөрөнгө оруулалт оруулж хохироод байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

8. Хариуцагч Б-ийн өмгөөлөгч нарын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

8.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй. Концессын зүйлийг бусдад шилжүүлсэн болон зарсан зүйл байхгүй. Гэрчийн зүгээс Концессын тухай хууль болон концессын талаар эрх зүйн мэдлэг дутмаг тул мэдүүлэг өгөхдөө концессын зүйлийг зарсан гэх байдлаар хэлсэн. Засгийн газраас гаргаж өгсөн хамгийн гол нотлох баримт нь концессын гэрээний 2.8, 2.10-т тодорхой зааж өгсөн. Уг харилцааны үндсэн дээр “Д” ХХК нь ажилласан. Тухайн маргаан бүхий сургуулийн барилгын ажлыг “В” ХХК нь анх авч гүйцэтгэж байгаад “А” ХХК-д зуучилж өгсөн.

8.2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Мөн нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд концессын тухай хуулийн 26, 32 дугаар зүйлд зааснаар маргалдсан. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны явцад талууд хууль зүйн үндэслэлээ хангалттай тодорхойлсон. Концесс эзэмшигч нь “Д” ХХК юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.  

 

2. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Б-, Г-, “В” ХХК-д тус тус холбогдуулан “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Б-ээс 38,000,000 төгрөгийг, Г-аас 72,000,000 төгрөгийг тус тус гаргуулна гэж тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх тодруулж хуульд зааснаар томъёолж тодорхойлох байжээ. 

Дээрх байдлаар тодорхойлсон нэхэмжлэлийг хариуцагч Б-, Г- нар эс зөвшөөрч, хариуцагч “В” ХХК хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

 

3.1. 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 72 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г нэг талаас барилгын ерөнхий захиалагч “Д” ХХК, нөгөө талаас “А” ХХК байгуулсан гэж гэрээний талуудыг тодорхойлж, гэрээнд “В” ХХК-ийн ерөнхий захирал Б-, “А” ХХК-ийн захирал Н- нар гарын үсэг зуржээ. /1хх 8-11 дэх тал/

 

3.2. “Д” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л- 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 2017/05/10-10-1 тоот албан бичгээр “Д” ХХК-ийн эзэмшиж буй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Гүнт, нарийний ам гэх нутаг дэвсгэрт баригдах 280 хүүхдийн цогцолборын барилгын концессийн ажилд туслан гүйцэтгэгчээр өөр хуулийн этгээдийг сонгон шалгаруулж ажиллах, зуучлах эрхийг “В” ХХК-д олгожээ. Иймд энэ албан бичгээр эрх олгосон тул уг албан бичгийг Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2 дахь хэсэгт заасан итгэмжлэл гэж дүгнэх учиртай. /2хх 23 дахь тал/

Дээрх итгэмжлэлд “Д” ХХК нь бусадтай гэрээ байгуулах эрхийг “В” ХХК-д олгоогүй байна.

 

3.3. “А” ХХК нь 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 72 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Гүнт, нарийний ам гэх нутаг дэвсгэрт баригдах 280 хүүхдийн цогцолборын барилгын ажлыг 2017 оноос хойш тодорхой хэмжээгээр хийж гүйцэтгэсэн, “Д” ХХК нь уг барилгын ажлыг “А” ХХК-аар хийж гүйцэтгүүлэхээс татгалзаагүй байна.

 

3.4. Иймд Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар төлөөлөх бүрэн эрхгүй этгээд болох “В” ХХК бусдын буюу “Д” ХХК-ийн нэрийн өмнөөс гуравдагч этгээд болох “А” ХХК-тай дур мэдэн хэлцэл хийсэн байх боловч “Д” ХХК нь уг гэрээнд заасан ажлыг “А” ХХК-аар хийж гүйцэтгэхэд татгалзаагүй байдлыг нь хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэнэ.

 

3.5. Дээрхээс дүгнэвэл 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 72 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” нь “Д” ХХК болон “А” ХХК-ийн хооронд байгуулагджээ.

 

3.6. Иймд “А” ХХК нь уг гэрээг “В” ХХК-тай байгуулаагүй тул уг компанид холбогдуулан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн гэх үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргах эрхгүй юм. Үүнээс гадна гэрээ хүчин төгөлдөр бус байх нь нэхэмжлэлийн үндэслэлд хамаарахыг анхан шатны шүүх анхаараагүй байгааг дурдаж, давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн шаардах эрхийг зөв тодорхойлон томъёолох боломжтой гэж дүгнэлээ. 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нэрлэн заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар сонирхогч этгээдийн шаардах эрх нь тодорхойлогдох учиртай.  

Иймд гэрээний тал биш этгээд болох иргэн Б-, Г-, “В” ХХК-аас уг гэрээний хүчин төгөлдөр бус байх үндэслэлээр үр дагаврыг шаардах  хууль зүйн боломжгүй болно.

 

4.1. Иргэн Ёы данснаас 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 80,000,000 төгрөг, мөн өдөр 1,000,000 төгрөг, мөн өдөр 29,000,000 төгрөгийн 3 удаагийн гүйлгээгээр нийт 110,000,000 төгрөг Б-ийн эзэмшлийн, Банк ХХК дахь 5026929968 тоот дансанд шилжин орсон байх ба уг 3 гүйлгээний утгыг “А” ХХК тендерийн баталгаа” гэж тодорхойлжээ. /1хх 12-14 дэх тал/

 

4.2. “Д” ХХК болон “А” ХХК-ийн хооронд 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр  байгуулагдсан 72 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 5.13 дахь хэсэгт “Барилгын тухай хуулийн дагуу гүйцэтгэлийн баталгаа 5% болох /нэг зуун арван сая/ төгрөгийг Захиалагч талын дансанд байршуулснаар гэрээ хийгдэнэ” гэж тохиролцсон тохиролцоо нь гэрээний талуудад хамааралтай, уг гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг “А” ХХК-аас хүлээн авах эрхийг “Д” ХХК-аас хариуцагч Б-д олгоогүй байна. /1хх 9 дэх тал/

 

4.3. Анхан шатны шүүх “Д” ХХК, “А” ХХК болон Б- нарын хооронд зуучлалын гэрээ байгуулагдсан гэж алдаатай дүгнэлт хийжээ.

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

“Д” ХХК нь Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Гүнт, нарийний ам гэх нутаг дэвсгэрт баригдах 280 хүүхдийн цогцолборын барилгын концессийн ажилд туслан гүйцэтгэгчээр өөр хуулийн этгээдийг сонгон шалгаруулж ажиллах, зуучлах эрхийг “В” ХХК-д олгосон. “В” ХХК нь “Д” ХХК-ийг хэлцэл хийх этгээд болох “А” ХХК-тай холбож өгөх үүргээ биелүүлсэн гэж дүгнэвэл “В” ХХК нь зуучлалын хөлсийг зуучлуулагч “Д” ХХК-аас шаардаж болох юм.

Нөгөө талаар “В” ХХК нь “А” ХХК-аас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөхөөр, улмаар хөлс шагнал авахаар тохиролцсон гэх тайлбараа хариуцагч Б- болон Г- нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлохгүй байна.

 

4.4. Хариуцагч Б- болон Г- нар нь “В” ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний ажил гүйцэтгэх эрхээ “А” ХХК-д худалдан борлуулсан гэх агуулгаар тайлбар гаргасан боловч гэрч М-ын мэдүүлгээс өөр баримтгүй, “В” ХХК болон “Д” ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй тохиолдолд Иргэний хуулийн 123, 124 дүгээр зүйлд заасан журмын дагуу гэрээний шаардах эрх болон өр шилжүүлсэн гэж дүгнэх боломжгүй байна.

Гэрч М-ын мэдүүлэгт “В” ХХК нь “А” ХХК-д ажлаа зарсан, ажлын 10 хувь гэж тохироод гэрээ байгуулсан” гэх боловч гэрч Н- “гүйцэтгэлийн баталгааны 110 сая төгрөгийг шилжүүлсэн. ... ажил олж өгсний 5 хувийг өгнө гэснийг амаар тохиролцсон. ... /уг мөнгийг/ өгөөгүй, Б- Япон явна мөнгө хэрэгтэй байна гэхэд Хоролын хувийн данс руу 10 сая төгрөг шилжүүлсэн. ... бусад мөнгийг өгөөгүй” гэж мэдүүлснийг бусад баримттай харьцуулан дүгнэвэл гэрч Ч.Хоролын мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэхээргүй байна. /1хх 180-183 дахь тал/

 

4.5. Б- болон Г- нар “В” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид байсан талаар талууд маргаагүй. “А” ХХК-аас шилжүүлсэн 110,000,000 төгрөгийг хариуцагч Б-, Г- нар авсан тул тэдгээрийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэнэ.

Хариуцагч Б-ийн дансаар шилжүүлэн авсан 110,000,000 төгрөгийг Б-, Г- нар дотооддоо хэрхэн хуваасан нь нэхэмжлэгчид хамааралгүй тул нэхэмжлэгч нь хэнээс ямар хэмжээгээр уг мөнгөн хөрөнгийг гаргуулахыг тодорхойлох учиргүй юм.  

 

5. Нэхэмжлэгч “А” ХХК-аас хариуцагч “В” ХХК-д мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй тул холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.

 

6. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалт батлах тухай” 317 дугаар тогтоол, 2015 оны “Концессийн гэрээ байгуулах эрх олгох тухай” 49 дүгээр тогтоол, мөн оны “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” 133 дугаар тогтоол, мөн оны “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 136 дугаар тогтоол, 2016 оны “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” 73, 74, 297, 307 дугаар тогтоол, 2017 оны “Концессийн гэрээг үргэлжлүүлэн эрх олгох тухай” 264 дүгээр тогтоол, 2018 оны “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 115 дугаар тогтоол, 2019 оны “Концессын гэрээ цуцлах тухай” 240 дүгээр тогтоолууд, Монгол Улсын Засгийн газар болон “Д” ХХК-ийн хооронд 2015 онд байгуулагдсан “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ /барих-шилжүүлэх/ тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар энэ маргаанд хамааралгүй байна.

  

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШШ2022/03717 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б-, Г- нараас 110,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, хариуцагч “В” ХХК-д холбогдох нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,228,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ш.ОЮУНХАНД

                                           

         ШҮҮГЧИД                                             Г.ДАВААДОРЖ

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА