Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2020/0295

 

“Б х р” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын

тосны газрын Кадастрын хэлтсийн даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

 Даргалагч, шүүгч:     Ч.Тунгалаг

 Шүүгчид:                        Б.Мөнхтуяа

                                             Д.Мөнхтуяа

                                             Х.Батсүрэн

Илтгэгч шүүгч:          Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 521 тоот шийдвэрийн “Б х р” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-016010 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан хэсэг”-ийг хүчингүй болгох, “Б х р” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-016010 дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2020/0144 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 308 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2020/0144 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.2, 2008 оны Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8, 4.1.8.а, 4.1.8.б, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б х р” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 521 дүгээр шийдвэрийн “Б х р” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус компанийн XV-016010 дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээн бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 308 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 144 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 308 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт: “... шүүхийн шийдвэрийн Удиртгал хэсэгт шүүгч Н.Д шүүх хуралдааныг даргалснаар тусгаж, шийдвэрт шүүгч М.Б гарын үсэг зурж ёсчилж, албажуулжээ. ...Шүүгчдийн зөвлөгөөний 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 212 дугаар тогтоол авагдсан боловч тэр нь хуулбар хувь, шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулсан ерөнхий шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй” гэжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянахаар зохицуулсан ба хариуцагчийн зүгээс хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаагүй.

5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Хэрэг, нэхэмжлэл шилжүүлэх тухай” 02/2 тоот тогтоол хавтаст хэргийн 56-57 дугаар хуудаст авагдсан ба тухайн хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан шүүгч Н.Д нь чөлөөтэй байх хугацаанд буюу 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс тус захиргааны хэргийг шүүгч М.Б-т шилжүүлсэн. Түүнчлэн хавтаст хэргийн 146 дугаар хуудаст авагдсан 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлийн Удиртгал хэсэгт шүүгч М.Б даргалсан талаар тусгагдсан байдаг ба тэрбээр уг тэмдэглэлд гарын үсэг зурж ёсчилж, албажуулсан байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн атлаа үг үсгийн зөрүүтэй, тамганы дардас дарагдаагүй, техникийн шинжтэй алдааг өлгөн авч тус захиргааны хэргийг анхан шатны шүүхэд буцаасан нь нэхэмжлэгч хуулийн этгээдэд цаг хугацаа, хөрөнгө, мөнгөний хохирлыг бий болгоход хүргээд байна.

6. “Б х р” ХХК нь төрийн захиргааны байгууллагын хууль бус захиргааны үйл ажиллагааг эс зөвшөөрч өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо түргэн, шуурхай хугацаанд, хуулийн хүрээнд хамгаалуулахаар шүүхэд мэдүүлсэн боловч шүүхийн ачааллыг нэмж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг уртасгаж, дахин 3 шатны шүүхээр уг асуудлыг хянан шийдвэрлүүлэхээр буцаасанд нэхэмжлэгч талаас гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт: “...хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэхдээ хэрэгт цугларсан зарим баримтыг хэрхэн үнэлснээ тусгаагүй нь учир дутагдалтай ... тус компанийн ажил хэвийн үргэлжилж байсныг нотлох гүйцэтгэх захирал Х.Г-ын гарын үсэг бүхий 2019 оны 09 дүгээр сарын 18, 10 дугаар сарын 18-ны өдрүүдийн албан томилолтын удирдамж, томилолтын зардлын төсөв ...2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр харилцан тохиролцож “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан зэрэг баримтуудад дүгнэлт өгөөгүй байна” гэжээ.

7. “Б х р” ХХК-ийн хувьд 2020 оны ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг дуусах хүртэл төлөх үүрэгтэй байсан бөгөөд тухайн үед буюу 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 28-нд шилжих шөнө манай компанийн захирал бусдад зодуулж биедээ гэмтэл авсан ба анхан шатны шүүхээс хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж зөв дүгнэсэн. Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн магадлалд 2019 оны 09 дүгээр сарын 18, 2019 оны 09 дүгээр сарын 10, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрүүдэд компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан гэсэн агуулгаар дүгнэлт өгсөн нь учир дутагдалтай. Тодруулбал дээрх өдрүүдэд компанийн захиралд хүндэтгэн үзэх шалтгаан бий болоогүй байсан бөгөөд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3, 83.8-д  заасны дагуу “Б х р” ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулж, тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх шийдвэрийг Х.Г захирал гаргадаг байсан.

8. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн албан томилолтын удирдамж, томилолтын зардлын төсөвт дүгнэлт өгөөгүй байна гэж дүгнэсэн байх ба уг үйл баримт нь маргаанд ач холбогдолгүй буюу тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлж дуусах хугацаанд хамаарахгүй байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 308 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

9. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

10. Учир нь, давж заалдах шатны шүүхээс “... “Б х р” ХХК-д ашигт малтмалын хайгуулын XV-016010 дугаар тусгай зөвшөөрлийг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр олгосон ба 1 дэх жилийн төлбөрийг 2017 оны 09 дүгээр сарын 11-нд, 2 дахь жилийн төлбөрийг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр тус тус төлсөн, харин 2020 оны ээлжит төлбөрийг хуульд зааснаар 2019 оны 09 дүгээр сарын 11, алдангийн хамт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг дуустал хугацаанд төлөх үүрэгтэй байсан..., Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу хариуцагч 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн, хуульд заасан хугацаанд төлөх боломжтой талаарх мэдэгдлийг нэхэмжлэгч компанид хүргүүлсэн үйл баримт тогтоогдсон, гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчээс гаргасан “тухайн зөвшөөрлийн төлбөрийг төлөх ёстой байсан хуулийн боломжит хугацаанд компанийн гүйцэтгэх захирал бөгөөд хувьцаа эзэмшигч өвчтэй буюу хүндэтгэн үзэх шалтгаантай байсан” гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэхдээ хэрэгт цугларсан зарим баримтыг хэрхэн үнэлснээ тусгаагүй...” гэж дүгнэжээ.

11. Үүнээс үзвэл, анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн дүгнээгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан нотлох баримт болон бусад баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.

12. Иймд, “Б х р” ХХК нь төрийн захиргааны байгууллагын хууль бус захиргааны үйл ажиллагааг эс зөвшөөрч өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо түргэн, шуурхай хугацаанд, хуулийн хүрээнд хамгаалуулахаар шүүхэд мэдүүлсэн боловч давж заалдах шатны шүүх шүүхийн ачааллыг нэмж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг уртасгаж, дахин 3 шатны шүүхээр уг асуудлыг хянан шийдвэрлүүлэхээр буцаасанд гомдолтой байна... компани 2020 оны ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг дуусах хүртэл төлөх үүрэгтэй байсан бөгөөд тухайн үед буюу 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 28-нд шилжих шөнө манай компанийн захирал бусдад зодуулж биедээ гэмтэл авсан ба анхан шатны шүүхээс хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж зөв дүгнэсэн. Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн магадлалд 2019 оны 09 дүгээр сарын 18, 2019 оны 09 дүгээр сарын 10, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрүүдэд компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан гэсэн агуулгаар дүгнэлт өгсөн нь учир дутагдалтай. Тодруулбал, дээрх өдрүүдэд компанийн захиралд хүндэтгэн үзэх шалтгаан бий болоогүй байсан, …Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн албан томилолтын удирдамж, томилолтын зардлын төсөвт дүгнэлт өгөөгүй байна гэж дүгнэсэн байх ба уг үйл баримт нь маргаанд ач холбогдолгүй буюу тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлж дуусах хугацаанд хамаарахгүй...” гэх энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 6-8-д заасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

13. Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл давж заалдах гомдлоор хязгаарлахгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “...хариуцагчийн зүгээс хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаагүй байхад, ...хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисон атлаа техникийн шинжтэй алдааг өлгөн авч хэргийг анхан шатны шүүхэд буцаасан нь үндэслэлгүй...” гэсэн утгатай /Тодорхойлох хэсгийн 4-5/ нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангах боломжгүй.

14. Иймд, шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 308 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ч.ТУНГАЛАГ

                        ШҮҮГЧ                                                                 Г.БАНЗРАГЧ