Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2020/0308

 

“Б х р” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 144 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын “Б х р” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 144 дүгээр шийдвэрээр: ”Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.2, 2008 оны Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8, 4.1.8.а, 4.1.8.б, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б х р” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 521 дүгээр шийдвэрийн “Б х р” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус компанийн XV-016010 дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээн бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж,

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч “Б х р” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

        Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга давж заалдах гомдолдоо: “Кадастрын хэлтэс мэдээллийн санд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 38-79 тоот хаягаар ашигт малтмалын хайгуулын ХВ-016010 дугаар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 7/6477 дугаар мэдэгдлийг “Б х р” ХХК-д хүргүүлсэн.

        Нэхэмжлэгч компани Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө, эсхүл алдангийн хамт буюу 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дотор төлөөгүй.

        Гэтэл анхан шатны шүүхийн нэхэмжлэгч компани ... тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлөх хуулийн боломжит хугацаанд “Б х р” ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд хувьцаа эзэмшигч биедээ гэмтэл авч, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь баримтуудаар нотлогдсон гэж дүгнэснийг зөвшөөрөх боломжгүй.

        Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 144 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Нэхэмжлэгч “Б х р” ХХК-аас “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 521 дүгээр шийдвэрийн “Б х р” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус компанийн XV-016010 дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээн бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хянан шийдвэрлэжээ.

        Нэг. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Б х р” ХХК-ийн нэхэмжлэлийг шүүгч Н.Дуламсүрэн хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.

        Улмаар 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 144 дүгээр шүүхийн шийдвэрийн Удиртгал хэсэгт шүүгч Н.Дуламсүрэн шүүх хуралдааныг даргалснаар тусгаж, шийдвэрт шүүгч М.Батзориг гарын үсэг зурж ёсчилж, албажуулжээ.

        Хэрэгт хэдийгээр хэргийг шилжүүлсэн Шүүгчдийн зөвлөгөөний 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 212 дугаар тогтоол авагдсан боловч тэр нь хуулбар хувь, мөн шүүх хуралдааны даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулсан Ерөнхий шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй байна.

        Энэхүү нөхцөл байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д заасны дагуу томилогдсон шүүгч хэргийг хянан шийдвэрлээгүй буюу хууль бус бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэсэн гэх үндэслэл болно.

        Хоёр. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлөхөөр, хуульд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алдангийн хамт 30 хоногт төлж болохоор, тухайн хугацаанд төлбөрийг, алдангийн хамт төлөөгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлахаар зохицуулжээ.

        Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “Б х р” ХХК-д ашигт малтмалын хайгуулын XV-016010 дугаар тусгай зөвшөөрлийг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр олгосон, тухайн компани тусгай зөвшөөрлийн 1 дэх жилийн төлбөрийг 2017 оны 09 дүгээр сарын 11-нд, 2 дахь жилийн төлбөрийг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр тус тус төлсөн бөгөөд 2020 оны ээлжит төлбөрийг хуульд зааснаар 2019 оны 09 дүгээр сарын 11, алдангийн хамт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг дуустал хугацаанд төлөх үүрэгтэй байсан нь тогтоогджээ.

        Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 /Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана/-т заасны дагуу хариуцагч төрийн захиргааны байгууллага 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн, хуульд заасан хугацаанд төлөх боломжтой талаарх 7/6477 дугаар мэдэгдлийг нэхэмжлэгч компанид хүргүүлжээ.

        Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс гаргасан “тухайн зөвшөөрлийн төлбөрийг төлөх ёстой байсан хуулийн боломжит хугацаанд компанийн гүйцэтгэх захирал бөгөөд хувьцаа эзэмшигч өвчтэй буюу хүндэтгэн үзэх шалтгаантай байсан” гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэхдээ хэрэгт цугларсан зарим баримтыг хэрхэн үнэлснээ тусгаагүй нь учир дутагдалтай.

        Тухайлбал, нэхэмжлэгч “Б х р” ХХК-ийн гүйцэтгэх захирал өвчтэй, гадаадад эмчилгээ хийлгэсэн хугацаанд тус компанийн ажил хэвийн үргэлжилж байсныг нотлох гүйцэтгэх захирал Х.Г-ын гарын үсэг бүхий 2019 оны 09 дүгээр сарын 18, 10 дугаар сарын 18-ны өдрүүдийн албан томилолтын удирдамж, томилолтын зардлын төсөв[1], тус компанийн хүсэлтийг үндэслэн олгосон Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн албаны мөн өдрүүдийн Хилийн зурвас, бүсэд нэвтрэх зөвшөөрлүүд[2] болон нэхэмжлэгч “Б х р” ХХК-ийг төлөөлж М.Г “М” ХХК-тай ашигт малтмалын хайгуулын талбайд эрэл зураглалын маршрут, анхдагч, хоёрдогч геохими сорьцолтын ажил хийж гүйцэтгэхээр 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр харилцан тохиролцож “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан зэрэг баримтуудад дүгнэлт өгөөгүй байна.

        Дээрх нөхцөл байдлыг үндэслэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.  

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.2, 121.3.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 144 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                        ШҮҮГЧ                                                                          Ц.ЦОГТ

                                        ШҮҮГЧ                                                                          Э.ЗОРИГТБААТАР

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Д.БАТБААТАР

 

 


[1] Хэргийн 118-121 дэх тал.

[2] Хэргийн 116-117 дахь тал.