Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00321

 

 

 

 

 

 

 

 

 

     2023              02              06                                          210/МА2023/00321                                                    

 

 

Ц.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2022/03719 дугаар шийдвэртэй,

Ц.Гийн нэхэмжлэлтэй,

НШШГГт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.НШШГГ нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 00039 дүгээр захирамжийн дагуу ажиллагаа явуулахдаа миний өмчлөлийн, Сүхбаатар дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дүгээр байрны ... тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг шинжээч томилон үнэлүүлсэн. Шинжээч 2 өрөө орон сууцыг 24 м.кв талбайтай гэж үнэлсэн ба 24 м.кв биш 39 м.кв, мөн уг орон сууцанд 30 м.кв өргөтгөл хийж зоогийн газар болгосон. Гэтэл шинжээч 24 м.кв гэж үнэлсэн нь үл хөдлөх хөрөнгийн 45 м.кв талбайг үнэлээгүй гэж үзэхээр байна.

1.2.Хотын төвд байршилтай орон сууцны 1 м.кв 3,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа нь нийтэд илэрхий болсон, 45 м.кв талбай бүхий орон сууцны үнэ 135,000,000 төгрөг болохоор байхад үл хөдлөх эд хөрөнгийн талбайг бууруулж, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан гуравдагч этгээд Ц.Гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2203000956 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дүгээр байрны ... тоот хаягт байрлах 24 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр битүүмжилж, 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хураах ажиллагаа явуулж, 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор Ашид билгүүн ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилж, тус байгууллага үл хөдлөх хөрөнгийг 144,200,868 төгрөгөөр үнэлсэн.

2.2.Үнэлгээний тайлангийн 4 дэх хэсэгт үнэлгээний зүйлийн шинж чанар, тодорхойлолт тусгагдсан ба биет хэмжилтээр өргөтгөл оруулж тооцон 65.5 м.кв талбайд үнэлгээ гаргасан.

2.3.Үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч болон гуравдагч этгээдэд 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр мэдэгдлээр танилцуулж тайлбар болон гарын үсэг зуруулж тэмдэглэлээр баталгаажуулсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Ашид билгүүн ХХК-ийн, Сүхбаатар дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дүгээр байрны ... тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууц болон 30 м.кв талбайтай зоогийн газрын зориулалттай өргөтгөл бүхий улсын бүртгэлийн Ү-2203000956 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 144,200,868 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ц.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1.Анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах эрхийн хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан төлбөр төлөгч гэсэн этгээдэд хамааруулан дүгнэлт хийж, 7 хоног гэсэн хуулийн хугацааг хамааруулсан нь буруу болсон.

4.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан “мэдэгдэх” ажиллагааны нөхцөлд дүгнэлт хийгдэхээр байна.

4.3.Үнэлгээ хийлгэх тогтоолд 24 м.кв талбайг үнэлэхийг даалгасан нь буруу ба бодит байдалд 65 м.кв талбай байгаа талаар хариуцагч маргаагүй. Өгөгдсөн даалгавраас өөрөөр үнэлгээ нь хийж байгаа нь хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэхээр байна. Үнэлгээний тайланд өргөтгөл барилга нь салгаж болох эсэх, үнэлэгдэх эсэх, хамааралтай эсэх зэрэгт хуульд заасны дагуу тодорхой ойлгомжтой ажиллагаа хийгдэх ёстой гэж үзэж байна.

Иймд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага хуульд заасны дагуу эргэлзээгүй, үнэн зөв, ажиллагааг гүйцэтгүүлэх, гуравдагч этгээдийн хуульд заасан ажиллагаанд оролцох боломжийг олгож өгнө үү. Дээрх хөрөнгийн үнэлгээ хууль ёсны дагуу тогтоогдсон эсэх нөхцөлүүдэд давж заалдах журмаар хянан дүгнэлт хийж өгнө үү. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхийн хугацаа алдаагүй гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2016/00039 дугаар захирамжаар “Хаан банк” ХХК-ийн нэхэмжилсэн 106,241,142.55 төгрөгийг Ц.Амарзаяа, Ц.Амармөрөн нар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ц.Гийн өмчлөлийн, Сүхбаатар дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дүгээр байрны .. тоот хаягт байрлах 24 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, ... дүгээр хороо, Рашаант хотхон ... тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай газар эзэмших эрхийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. (хэргийн 33-34 дэх тал)

 

4.Хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтуудыг шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн байна.

4.1.Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 17301162 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 17301162/10 дугаар тогтоолоор нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, мөн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 17301162-125/01 дугаар тогтоолоор хураасан байх ба эдгээр ажиллагааны талаар зохигчид гомдол гаргаагүй байна. (хэргийн 35-41 дэх тал)

4.2.Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийг 350,000,000 төгрөгөөр үнэлэх саналыг өмчлөгч Ц.Г, төлбөр төлөгч Ц.Амармөрөн, Ц.Амарзаяа нар тус бүрдээ бичгээр гаргасан, төлбөр авагч “Хаан банк” ХХК уг саналыг эс зөвшөөрч шинжээчээр үнэлүүлэх тухай хүсэлт гаргасан, улмаар шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 9/225 дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхээр “Ашид билгүүн” ХХК-ийг шинжээчээр томилсон байх ба уг ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт нийцжээ.

Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн үнэлгээний тайланд үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 144,200,868 төгрөгөөр тогтоосон байна. (хэргийн 42-45, 46, 49-72 дахь тал)

Шинжээч томилох тухай тогтоолд өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн 24 м.кв талбайгаар тусгасан байх ба Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн (2010 оны) 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар үнэлгээ хийхдээ хөрөнгийн шинж байдлыг харгалзах тул биет хэмжилтээр өргөтгөлийг оруулж, нийт талбайг 65.5 м.кв гэж тооцсон нь хуульд нийцсэн, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.   

 

5.Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Гийг эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. 

5.1.Нэхэмжлэгч нь дээрх хуульд заасан 7 хоногийн хугацаа гуравдагч этгээдэд хамааралгүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байх боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан журмын дагуу дуудлага худалдаа явагдахаас өмнө үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч нартай харилцан тохиролцож тогтоох эрх бүхий этгээд юм.

Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсгийн “шийдвэр гүйцэтгэгч үнэлгээний тайланг талуудад мэдэгдэж, танилцуулах”, мөн хуулийн 55.7 дахь хэсгийн “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах” зохицуулалт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч буюу нэхэмжлэгчид хамааралтай болно.

5.2.Мөн өмчлөгч Ц.Гт хаягласан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 4-125/18409 дугаар “үнэлгээний мэдэгдэл” албан бичгийг Ц.Гт дамжуулахаар төлбөр төлөгч Ц.Амармөрөн хүлээн авсан, энэ талаар Ц.Гт түүний 99999275 дугаарын утсаар мэдэгдсэн талаарх шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн тэмдэглэл, төлбөр төлөгч Ц.Амармөрөнгийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн бичгийн тайлбар нь мэдэгдэх хуудас гардуулах журмыг зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6 дахь хэсгийг зөрчөөгүй тул нэхэмжлэгч Ц.Гийг уг хугацаанд үнэлгээний мэдэгдлийг гардаж авсан гэж үзнэ. (хэргийн 73, 76, 77 дахь тал)

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг мөн хангах боломжгүй.

6.Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2022/03719 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Гээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.ДАВААДОРЖ

 

                                              ШҮҮГЧИД                                     Д.НЯМБАЗАР

                              

                                                                                                    Д.ЗОЛЗАЯА