Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/00393

 

Д.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2022/03533 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Г-ын хариуцагч Ц.Д-д холбогдуулан гаргасан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай үндсэн, 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, хариуцагч Ц.Д- болон гуравдагч этгээд Д.Х итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, хариуцагчийн өмгөөлөгч Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Би Ц.Д-ын гуйлтаар 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Төрийн банк-аас 87,500,000 төгрөгийн зээл авч, уг мөнгөө Ц.Д-, Д.Х- нарт дансаар нь шилжүүлсэн. Үүнтэй холбоотой баримтыг шүүх хуралдааны өмнө өгсөн, хариуцагч нарын өгсөн баримттай тулгаж үзэхэд таарч байна, зээлийн төлбөрт нийт 127,500,000 төгрөг шилжүүлсэн нь нотлогдоно. Зээл авснаас хойш би Ц.Д-ын өмнөөс хэд хэдэн удаа зээлийг нь төлж байсан бөгөөд тэрээр зээлээ төлөхгүй явсаар Төрийн банкнаас шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргасан. Энэ хэрэгт Ц.Д-, Д.Х- нар гуравдагч этгээдээр оролцохдоо барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөхгүй гэсэн тайлбар гаргасан. Миний бие Төрийн банкаинд 101,430,850 төгрөг төлж, орон сууцны өмчлөгч болсон боловч орон сууцандаа одоог хүртэл амьдрах боломжгүй болоод байна. Хариуцагчийн зөвшөөрөл баталсан шүүх хуралдаан дээр хоорондоо тохиролцоод зээлээ төлөөд явна гэдгээ хариуцагч илэрхийлсэн бөгөөд захирамжийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн бол яагаад гуравдагч этгээдээр оролцохдоо миний эрх ашиг хөндөгдөхгүй гэж тайлбарласан нь ойлгомжгүй байна. Захирамж гарснаас хойш хариуцагч төлбөрөө төлөхгүй байсан тул хүнээс хүүтэй мөнгө зээлээд төлбөрийг төлөөд орон сууцны өмчлөгч болсон гэжээ.

2.Хариуцагч Ц.Д-, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Х- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлд дурдсан үйл баримт бодит байдалд болоогүй. Учир нь Ц.Д- 2017 онд мөнгөний хэрэг болоод найз Д.Г-д орон сууц нэр дээрээ шилжүүлж зээл аваад өгөөч, би өөрөө зээл авах гэхээр зээлийн шаардлага хангахгүй байна гэснийг Д.Г- зөвшөөрсөн. Ингээд 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр Ц.Д-, Д.Х- нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москва хороолол, 131/1 дүгээр байрны 10 тоот хаягт байрлалтай 3 өрөө орон сууцыг Д.Г-т шилжүүлсэн. Д.Г- нь Төрийн банк ХХК-тай зээл болон барьцааны гэрээ байгуулан 87,500,000 төгрөгийн зээл авч, Д.Х-ийн дансанд байрны урьдчилгаа 40,000,000 төгрөгийн хамт нийт 127,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээл авснаас хойш Ц.Д-, Д.Х- нар нь Төрийн банк ХХК-нд 18 удаагийн үйлдлээр 72,116,749 төгрөг төлсөн бөгөөд 2021 онд ковид-19 халдварын улмаас хил хаасантай холбоотойгоор эрхэлж байсан нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа нь зогсож, зээлээ төлж чадахгүй болсон. Энэ хугацаанд Төрийн банк ХХК нь зээлдэгч Д.Г-т холбогдуулан нэхэмжлэл гаргаж, тухайн хэрэгт Ц.Д- оролцож зээлийг би авсан, төлнө гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гарсан байтал одоо нэхэмжлэгч нь бодит байдлаас өөр тайлбар гаргаж байна. Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан цаад зорилго нь Ц.Д- өөрийн нэр дээр зээл авах боломжгүй учраас Д.Г-ын нэр рүү орон сууцаа шилжүүлж зээл авсан. Ц.Д- нь нэхэмжлэгчийг Төрийн банк ХХК-д төлсөн мөнгөө гаргуулна гэж шаардвал төлөхөд татгалзах зүйлгүй, гэтэл нэхэмжлэгч нь ийм шаардлага гаргаагүй. Нэхэмжлэлд дурдсан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзвэл хариуцагч, гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөнө. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3.Сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүх хуралдаанд Д.Г- нь орон сууцыг зээл авах зорилгоор шилжүүлсэн, худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй гэж үнэн зөв тайлбарладаг. Иймд бодитоор худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй тул уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

4.Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Төрийн банкнаас хариуцагчийн орон сууцыг барьцаалж зээл авсан нь үнэн боловч хариуцагч зээлээ төлөөгүй. Шүүгчийн захирамж дээр нэг жилийн хугацаанд албадан гүйцэтгэх хүсэлт гаргах эрхгүй гэж бичсэн боловч хариуцагч үүнийгээ хэрэгжүүлээгүй. Хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 72,000,000 төгрөг төлсөн гэдэг боловч цаад утгаараа тухайн орон сууцанд амьдарсны хөлс төлж байгаа хэрэг юм. Өмнө нь түрээсийн гэрээ гээд буруу ярьсан, орон сууц хөлслөх гэрээний дагуу төлбөр төлсөн гэж харагдаж байна. Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулснаар ямар үр дагавар үүсэх нь тодорхойгүй байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10-д зааснаар Д.Г-ын нэхэмжлэлтэй Ц.Д-д холбогдох орон сууцнаас албадан чөлөөлөх тухай үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378,150 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Г-аас 378,150 төгрөг гаргуулан хариуцагч Ц.Д-д олгуулахаар шийдвэрлэжээ.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой харьцуулан, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас хуульд нийцүүлэн дүгнэж шийдвэрлэж чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

6.а.Маргаан бүхий орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ нь 2 өөр үнийн дүнтэйгээр тусдаа байгуулагдсан байдаг. Татвар бага төлөх зорилгоор нэг гэрээг нь 30,000,000 төгрөгөөр хийсэн байдаг. Нэхэмжлэгч Д.Г- нь урьдчилгаа төлбөр 30,000,000 төгрөгийг Ц.Д-, Х- нарын дансанд шилжүүлж, улмаар орон сууцыг Төрийн банк-д барьцаалан зээл авч үлдэгдэл төлбөрт 87,500,000 төгрөгийг Хунбишийн данс руу шилжүүлсэн нь банкны баримтаар нотлогддог. Гэтэл шүүх 30,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан шинжийг агуулаагүй. Д.Г- нь уг мөнгийг өөрөөсөө төлөөгүй гэх утга бүхий дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй бүгд нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэлт хийж чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

6.б.2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн анхан шатны шүүхийн 01906 дугаартай шүүгчийн захирамжаар маргаан бүхий орон сууцтай холбоотой Төрийн банкны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Давааням, Х- нар нь гуравдагч этгээдээр оролцсон ба шүүх хуралдаанд бидний эрх ашиг хөндөгдөхгүй гэж тодорхой тайлбар хэлж байр сууриа илэрхийлсэн ба шүүх хэрэгтт цугларсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл орон сууцны өмчлөгч Г- мөн учир Төрийн банкнаас авсан зээлийн төлбөрийг төлөх нь хууль зүйн үндэслэлтэй гэсэн шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон, уг нотлох баримтыг шүүхэд гарган өгч шинжлэн судалсан боловч шүүх нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэлт хийж чадаагүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж зааж байна. Нэхэмжлэгч Д.Г- нь Төрийн банкны зээлийг шүүхийн шийдвэрийн дагуу бүхэлд нь төлж барагдуулсан нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч шүүх хариуцагч тал нь төлсөн мөнгөө тусдаа шаардвал хүлээн зөвшөөрнө гэж байна гэсэн утга бүхий дүгнэлт хийж байгаа нь нотлох баримтыг үндэслээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийг хангасан шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

7.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан. Өөрөөр хэлбэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай үнэн зөв, ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнэсэн. Төрийн банк ХХК-ийн хэрэгт хариуцагч, гуравдагч этгээдээр н.Х-, Ц.Д- нар оролцсон. Энэ хоёр хүний тайлбарыг өөрөөр тайлбарлаж байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Төрийн банк ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Хэрэгт 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ авагдсан. Уг гэрээг байгуулахдаа Ц.Д-ын хүсэлтээр Д.Г- өөрийн нэр дээр түр шилжүүлж аваад, зээлийг чинь авч өгнө гэсэн тайлбарыг Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэг дээр ярьсан. Энэ хэргийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага дээр ч дурдсан. Гэтэл нэхэмжлэгч тал зөрүүтэй тайлбарыг удаа гаргадаг. 87,500,000 төгрөгийг худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлсэн нь баримтаар тогтоогддог. Зээлийн урьдчилгаа төлбөрт 40,000,000 төгрөгийг н.Х-, Ц.Д- нар Д.Г-ын данс руу шилжүүлж, буцаагаад 157,500,000 төгрөг болсон нь баримтаар нотлогддог. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2.Нэхэмжлэгч Д.Г- нь хариуцагч Ц.Д-д холбогдуулан Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 131/1 байр, 10 тоот, 89,33 м.кв, 3 өрөө орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3.Маргаан бүхий 10 тоот орон сууцны өмчлөгчөөр Ц.Д-, Д.Х- нар 2008 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр бүртгэгдсэн байх бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр тус орон сууцны өмчлөл нэхэмжлэгч Д.Г-т шилжсэн байна. /хх-ийн 30, 75, 98-р тал/

3.а.Улмаар нэхэмжлэгч Д.Г- нь Төрийн банк ХХК-тай 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр орон сууцны зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан, 87,500,000 төгрөгийг жилийн 26,4 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд дээрх 10 тоот орон сууцыг барьцаалжээ. /хх-ийн 105-116-р тал/

4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Төрийн банк ХХК-аас зээлсэн 87,500,000 төгрөгийг хариуцагч Ц.Д- авсан, түүний өмнөөс зээлийг нь төлж дуусгасан тул 10 тоот орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ гэх агуулгаар тодорхойлсон.

5.Хариуцагч Ц.Д- нь банкны зээлийн шаардлага хангахгүй байсан тул 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Д.Г-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 10 тоот орон сууцыг 30,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон буюу зээл авахуулын тулд орон сууцны өмчлөлийг түр шилжүүлсэн тул дээрх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.4-т зааснаар хүчин төгөлдөр бус гэжээ.

6.Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас үзвэл хариуцагч Ц.Д- нь нэхэмжлэгч Д.Г-аар зээл авахуулын тулд орон сууцны өмчлөлийг түүнд түр шилжүүлсэн байх ба зээлийн эргэн төлөлттэй холбоотойгоор талуудын хооронд маргаан үүссэн байна.

6.а.Хариуцагч Ц.Д- нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа зээлийн төлбөрт нийт 72,116,074 төгрөгийг төлсөн гэж тайлбарласан. /хх-ийн 25-р тал/. Төрийн банк ХХК-аас зээл авсан үйл баримт тодорхой байх боловч тус зээлийн гэрээний үүрэгт хэн, хэдэн төгрөг төлсөн нь тодорхой бус, энэ талаар талууд хангалттай мэтгэлцээгүй байна.

7.Түүнчлэн, давж заалдах шатны шүүх хуралдаанд зохигч эвлэрэн хэлэлцэх боломжтой талаар тайлбар гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн шүүгч талуудад эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах ажиллагааг явуулахаар зохицуулсан.

7.а.Анхан шатны шүүх дээрх ажиллагааг бүрэн гүйцэд хийсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Хэргийн 22 дугаар талд авагдсан Баримт №5-д дээрх хуулийн заалтыг бичиж, хэргийн оролцогч гарын үсэг зурсныг тус ажиллагааг шүүхээс бүрэн гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй. Учир нь уг баримт хэргийн оролцогчийн бие даан хэрэгжүүлбэл зохих эрх, үүрэг танилцуулах тухай баримт байна.

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2022/03533 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Г-аас төлсөн 378,150 төгрөгийг тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Г.ДАВААДОРЖ