| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 108/2020/0090/Э |
| Дугаар | 559 |
| Огноо | 2020-10-09 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | О.Сарангэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 559
Г.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1005 дугаар магадлалтай, Г.Б-д холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, урлаг, түүх судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, **,
Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 778 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 519 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.3 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сар хорих ялаар,
Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 341 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1479 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жил, 6 сар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 415 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 6 сарын хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан Б овогт Г-н Б-.
Г.Б- нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” амралтын газрын хашаанд ургасан хус модны ухсан нүхний завсарт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан /delta-9 tetrahydrocannabinol/ дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Г.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэж зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах, эм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж өөрчлөн зүйлчилж,
Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д 1 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Б- гаргасан гомдолдоо “...Би Монголын цагдаа, прокурор, шүүхийн байгууллагыг ажлаа хийдэгт эргэлздэггүй. Монгол Улсын иргэн бүр хууль дор тэгш эрхтэйгээр шударгаар өөрийн үйлдсэн гэмт үйлдэлдээ таарч тохирсон ял шийтгэлээ хүртдэг гэдэгт итгэдэг. Гэвч эрх ашиг, ёсгүй үйлдэл, нэр хүндээ хамгаалан юу ч хийхэд бэлэн хүйтэн бирд шиг амьтад хөндлөнгөөс нөлөөлөхөд хууль хэрхэн гууль болдгийг, шударга ёс яаж шударга бус үйлчилдгийг миний бие өөрийн бие сэтгэл, эрх чөлөөгөөрөө хохирон мэдэрч байна.
1. Надад холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тайлбар” үйлчилсэнгүй.
2. Уг гэмт хэргийг үйлдсэн, мөн өөр орондоо үгсэн тохирч нуун дарсан “гэрч” гэх Ганчулуун, Бямбадорж, Энхбаяр, Жанчивдорж, Түвшинбат нарыг гэрчээр татаж /утгагүй/, илрэх боломжгүй болсон байсан гэмт хэрэг, бүлэг хуйвалдааныг илчилсэн зүй ёсны гэрч миний эсрэг мэдүүлгүүд өгснийг /ойлгомжтой/ баримт, тодруулга, гэрч нотолсон хэмээн бурангуйлж ялласан.
Миний бие цагдаа нарт зааж, гаргаж өгсөн “тугалган цаастай” нотлох баримт дээрээс хурууны хээ авч хэнийх болохыг нотлоогүй. Түүнчлэн “Зариг.mn” сайтын эрхлэгч Өнөрцэцэгтэй уулзахаас өмнө Хар тамхитай тэмцэх газрын дарга дэд хурандаа Даваанямтай утсаар ярьж хэлсэн тухайд тодруулж, нягтлаагүй. /Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд хэрэг холбогдлын талаар товч тодорхой бичсэн байгаа./ Мөн гэрч “Зариг.mn” сайтын сэтгүүлч Анхзул нь анхан шатны шүүх хурлын үед тодорхой үнэн зөв хэлж, ярьсан байдаг. Шүүх хурал дээр гэрч Анхзул нь Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Баатархүүд утсаар мэдэгдэж “***” амралтын газрын удирдлагуудын үгсэн тохирч, нуун дарсан байж болзошгүй бүлэг хуйвалдааныг олон нийтэд ил болгох санаачилгыг Г.Б- миний бие ямар шалтгааны улмаас илчилснийг хэлсэн.
Би уг гэмт хэрэгт гэрч гэсэн тодорхойлолттой гэмт хэрэг үйлдсэн /өөрсдөө мөрдөн байцаалтын үед хэргээ хүлээсэн/ Ганчулуун, Бямбадорж, Энхбаяр, Жанчивдорж, Түвшинбат нарын адилаар тус амралтын газар болсон уг гэмт хэргийг зохих газар нь мэдэгдэж илчлээгүй өнгөрөөж болох л байсан мөн Ганчулуун, Бямбадорж нарын нууцаар “хаясан” өвсийг авч явах, өөр хүнд дамжуулах, эсхүл өөрөө татах боломж байсан уу гэвэл байсан. /хар бүү хэл улаан тамхи ч татахаа болиод олон жил болж байна/ Гэтэл тийм буруу хуульд харш үйлдэл хийсэнгүй. Харин тэнд нь модны хажуу яр дээр тавьж орхиод цагдаа ирэхээр өгнө гэж бодож байсан гэдгээ мөрдөн байцаалт болон шүүх хурлын үед ч тодорхой мэдүүлж ирсэн.
Учир холбогдол ийм тул эрхэм шүүгч та бүгд оюундаа тунгааж надад холбогдох хэргийн “гэмт хэрэгт оролцсон нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, илрэх боломжгүй байсан гэмт хэрэг илчилсэн нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагаанаас өмнө сайн дураар шилжүүлж өгсөн зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээ оноосон 1 жил хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.
Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Б- нь “худалдаалах зорилгогүйгээр мансууруулах бодис хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж үзэж байна. Шүүгдэгч нь уг мансууруулах бодисыг сайн дураараа өгсөн гэж байгаа боловч тухайн газар өөрөө ажиллаж байсан, нэгдүгээр сард үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэж байгууллагын удирдлагуудад өширхөж хэвлэлийн байгууллагад хандаж сурвалжлага хийсэн, цагдаагийн байгууллагыг дагуулан явж мансууруулах бодисыг гаргаж өгсөн байгаа. Энэ байдлыг сайн дураараа илчилж гаргаж өгсөн гэж үзэх үндэслэлгүй.
Шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Г.Б-н гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Прокуророос Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд дээрх зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн эсэх болон хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд дээрх шаардлагыг хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулж чадаагүй байна.
Тодруулбал, гэмт хэрэг гарсан байдал, хэрэгт холбогдсон хүний үйлдлийн шинж чанар, тухайн үйлдлийг хийхэд хүргэсэн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэрийн шинжийг тал бүрээс шалгаж, нарийвчлан тогтоогоогүй, хэргийн шийдвэрлэлтэд ач холбогдолтой байж болох нотлох баримтыг цуглуулах, хууль зүйн зөв дүгнэлт өгч мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй зэргээр хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй байх тул хэргийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзнэ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж 2019 оны 11 дүгээр сарын 27-нд “***” амралтын шинэ ажилтнууд болох О.Ганчулуун, Ө.Бямбадорж нар ажлын байран дээрээ хориглосон мансууруулах бодис хэрэглэхийг завдаж байхад хамгаалалтын ажилтнууд таслан зогсоож хэрхэх талаар ярилцаад уг асуудлыг хуулийн байгуулагад мэдэгдэхгүй байхаар шийдвэрлэсэн байна. Харин тухайн асуудлаас 2 сар орчмын дараа хамгаалалтын ажилтнуудын нэг болох Г.Б-г ажлаас халах шийдвэр гарсныг мэдэгдсэний дараа тэрээр дээрх асуудлыг компани болон ажилтнуудын хууль бус үйлдлийг нийтэд түгээнэ гэж байгууллагаас ажлаас халахгүй байх, эсхүл мөнгө өгөхийг шаардсан, улмаар шаардлагыг нь хүлээн аваагүй тул мэдээллийн сайт болон цагдаагийн байгууллагууд руу хандаж, хориглосон бодисыг тухайн үед олж авч нуусан талаар зааж өгсөн үйл баримт хэрэгт авагджээ.
Өөрөөр хэлбэл, бусдын гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй мэдээллийг холбогдох байгууллагад мэдэгдэхгүй байх санаачлагыг Г.Б- гаргаж байсан бөгөөд уг асуудлыг тодорхой хугацааны дараа бусдыг сүрдүүлэх, эсхүл тодорхой үйлдэл хийхийг шаардах, түүнчлэн өөрийн эрх ашгийг хангах /ажлаас халахгүй байх, мөнгө шаардах зэрэг/ шаардлагын нөхцөл болгон ашигласан нөхцөл байдлууд хэрэгт авагдсан байна.
Г.Б-н зүгээс хийгдэж буй үйлдлийн шинж байдал, санаа, зорилго, хэрэгжүүлж буй арга зам нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт холбогдох харилцааг зөрчсөн хууль бус үйлдэл мөн эсэх, хуулиар зохицуулсан өөр өрсөлдөх хэм хэмжээ байгаа эсэхийг шалгаж тогтоох, энэхүү харилцаа бий болох болсон шалтгаан нөхцөлийг шалгаж, дээрх маргаантай асуудлын талаарх үйл баримтыг бүрэн тогтоосны эцэст Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ямар харилцаа зөрчигдсөн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт шаардлагатай болно.
Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Б-н үйлдлийн сэдэл, санаа зорилгыг зөв тодорхойлж чадалгүй, түүний үйлдлийг буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэж бодит байдалд нийцээгүй, хууль хэрэглээний алдаатай дүгнэлт хийснийг анхан болон давж заалдах шатны шүүх зөвтгөлгүй, хэргийг шийдвэрлэсэн байна.
Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Г.Б-д холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар прокурорт буцааж, ийнхүү шийдвэрлэж байгаатай холбогдуулан шүүгдэгчийн гаргасан “...оногдуулсан ялыг хөнгөрүүлэх” агуулгатай гомдлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1005 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.
2. Хэргийг прокурорт очтол түүнд урд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН