Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2020/0304

 

“Н х о” ХХК-ийн  нэхэмжлэлтэй, А аймгийн

Т сумын Засаг даргад холбогдох захиргааны

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:     Х.Батсүрэн

Шүүгчид:                        М.Батсуурь

                                             Б.Мөнхтуяа

                                             Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:         Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа

Нэхэмжлэлийн шаардлага: “Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Халзан давааны ам нэртэй газарт орших ХV-008953 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Халзан давааны ам нэртэй газарт орших ХV-008953 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын менежментийн төлөвлөгөөг батлахыг Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад даалгах”

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 109/ШШ2020/0006 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 304 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ч, хариуцагч А аймгийн Т сумын Засаг дарга Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 109/ШШ2020/0006 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.2, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Н х о” ХХК-иас Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Н х о” ХХК-ийн Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Халзан давааны ам нэртэй газарт орших ХV-008953 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Халзан давааны ам нэртэй газарт орших ХV-008953 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын менежментийн төлөвлөгөөг батлахыг Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 304 дүгээр магадлалаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 109/ШШ2020/0006 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 304 дүгээр магадлалыг тус тус эс зөвшөөрч  гомдол гаргаж байна.

4. Манай компани тусгай зөвшөөрлийг сунгуулах зорилгоор 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр болон 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр тус тус “Төлөвлөгөө хянуулах тухай” албан бичиг хүргүүлсэн. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг дарга, байгаль орчныг хамгаалах байцаагчид 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг хүргүүлсэн боловч тус сумын Засаг даргаас 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 01/57 дугаартай албан бичгээр төлөвлөгөөг хянан батлах боломжгүй гэсэн татгалзсан хариу өгсөн. Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ”,  40.3-д “Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2,39.2-т заасны дагуу батална” гэж тус тус заасан.

5. Харин 38.2 дахь хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заасан байгаа нь төлөвлөгөөг Сум, дүүргийн Засаг дарга батлах үүргийг хүлээнэ гэж ойлгогдож байна. Өөрөөр хэлбэл, манай компани Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу төлөвлөгөөг 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Засаг даргад хүргүүлсэн байх буюу хуулиар тогтоосон шаардлагыг нь биелүүлсэн гэж үзэхээр байна. Гэтэл хариуцагч нь хууль /38.2/-д заасан үүргээ биелүүлэхээс татгалзсан. Ийнхүү татгалзсан гол үндэслэл нь тусгай зөвшөөрлийн талбай байрлах газар нутгийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол гарган тусгай хэрэгцээнд авсан шийдвэр байгаа, энэ шийдвэр хүчин төгөлдөр байх тул хайгуулын үйл ажиллагааг явуулах боломжгүй гэсэн хариуг 30 хоногийн дараа өгсөн байдаг. Хариуцагч төлөвлөгөө батлагдсанаар хайгуулын үйл ажиллагаа шууд явагдана гэж ойлгосон учраас хайгуулын үйл ажиллагаа явуулахаас эрс татгалзаж байгаа нь үндэслэлгүй.

6. Засаг дарга хуульд заасан хугацаанд батлан өгсөн тохиолдолд бид тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах боломжтой болох байсан. Гэвч анхан шатны шүүх хэрэг маргаанд хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрх, үүрэгт үндэслэлгүйгээр халдаж, хохирол учруулсан. Тодруулбал ашигт малтмалын тухай хуулийн 21.1.5-д заасныг хязгаарласан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 6 дахь талд тусгай зөвшөөрлийг анх олгосон хугацааг буруу дүгнэсэн. Анх ХV-008953 дугаартай тусгай зөвшөөрлийг 2004 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Кадастрын хэлтсийн даргын 1645 дугаартай шийдвэрээр олгосон. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл олгогдсоны дараа Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2006 онд тусгай хэрэгцээнд авсан, мөн 2007 он, 2014 онуудад тус тус тусгай хэрэгцээнд авах шийдвэрүүд гарч байжээ. Эндээс үзвэл тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан арга хэмжээнүүдийг авах ёстой. Гэвч Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гаргасан шийдвэрийнхээ дагуу нөхөн олговрыг олгоогүй.

7. Хэрэгт авагдсан нотлох баримт буюу ХV-008953 дугаартай тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргааныг 2018 онд захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхүүд тусгай зөвшөөрлийн эрх хадгалагдаж байгаа гэж дүгнэн шийдвэрлэсэн үйл баримт байдаг. Энэхүү шийдвэр, магадлал нь тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авсан, нөхөн олговор олгоогүй болохыг, нэхэмжлэгч буюу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийг үйл ажиллагаа явуулах эрхтэй болохыг тогтоосон үйл баримт гэж үзэхээр байна. Анхан шатны шүүх Төвшрүүлэх сумын Засаг даргын хариу өгсөн 30 хоногийг буруу тайлбарласан гэж үзнэ. Учир нь шийдвэрт “Хариуцагч Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын дээрх үйл ажиллагаа нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д ...” заасныг үндэслэн хуульд заасан хугацаанд хариу өгсөн гэж дүгнэсэн. Гэвч Ашигт малтмалын тухай хуулийн 38.2 дахь хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэсэн заалт нь илүү нарийвчилсан зохицуулалттай бөгөөд тусгайлан хугацаа заасан байхад ерөнхий зохицуулалттай хуулийн заалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй.

8. Нөгөө талаар Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон Засаг дарга нарын Байгаль орчныг хамгаалах зорилгоор хүлээсэн үүргийг Засаг даргад эрх олгосон зохицуулалт хэмээн буруу ташаа тайлбарлан дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар ногдуулсан үүргийг Засаг дарга эрх олгогдсон гэсэн буруу ташаа ойлголтоор хязгаарлах үндэслэлгүй. Мөн Төвшрүүлэх сумын Засаг дарга 2004 онд анх тусгай зөвшөөрөл олгох, хайгуул хийх, ашиглалт явуулахыг хүлээн зөвшөөрсөн атлаа өнөөдөр үүнийхээ эсрэг хууль бус эс үйлдэхүй гаргаж байна гэж үзэхээр байна. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын дээрх эс үйлдэхүйгээс шалтгаалан тусгай зөвшөөрлийг сунгуулахад шаардлагатай баримт бичгийн бүрдэл алдагдаж тусгай зөвшөөрөл эзэмших эрх цуцлагдах үндэслэл болж байна. Сумын Засаг дарга тусгай хэрэгцээнд авсан газарт тусгай зөвшөөрөл анх удаа олгох, нэгэнт авсан тусгай зөвшөөрлийг сунгуулах хоёрыг ялгаж салган ойлгохгүй байгаа, эсхүл анхан шатны шүүх ялгаж салгалгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаагийн улмаас ХV-008953 дугаартай тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэл бүрдсэн.

9. Зүй нь Засаг дарга хуульд заасанчлан 10 хоногийн дотор төлөвлөгөөг батлан тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан баримтуудыг бүрдүүлэн хугацааг сунгуулснаар маргаан бүхий асуудал үүсэн гарахгүй байх байжээ. Гэтэл Төвшрүүлэх сумын Засаг дарга нь үндэслэлгүйгээр татгалзаж эс үйлдэхүй гаргасан байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээр “Н х о” ХХК-ийн эрх ашиг зөрчигдсөн. Тодруулбал анхан шатны шүүх шийдвэрийн дүгнэлт хэсэгтээ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар “иймд нэхэмжлэгч “Н х о” ХХК нь ХV-008953 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан асуудлаар эрх бүхий байгууллагатай тохиролцох, тухайн шийдвэр гаргасан байгууллагаас тусгай зөвшөөрөл эзэмшигч нөхөн олговор гаргуулах талаар нэхэмжлэл гаргах, уг асуудлаар маргавал шүүхэд хандах эрх нээлттэй болохыг тэмдэглэв” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

10. Мөн нэхэмжлэгч тал Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006, 2007, 2014 оны тогтоолуудыг хүчин төгөлдөр бус талаар нэхэмжлэл гаргаагүй. “Н х о” ХХК-ийн Засаг даргад хандан төлөвлөгөө батлуулах гол зорилго нь тусгай зөвшөөрлийг сунгуулахад шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэхэд оршиж байсан. Харин сунгуулсны дараагаар тусгай зөвшөөрлийн талбайд эрэл хайгуулын үйл ажиллагааг явуулах, эсхүл Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу нөхцөл байдал үүсч, түүний дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжтой болно гэж ойлгож байна. Нэг үгээр хэлбэл, сунгуулах нь эрэх, хайх, ашиглахаас өөр ойлголт гэж үзэж байгаа болно. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар тусгай  зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авснаар ашигт малтмал эрэх, хайх боломжгүй болох нь тусгай зөвшөөрлийг дуусгавар болгохоос өөр ойлголт байна. Уг хуулийн дагуу тусгай хэрэгцээнд авсан, нөхөн олговор аваагүй тохиолдолд 14.6 дахь хэсэгт зааснаар үйл ажиллагаа нь үргэлжлэн явахаар зохицуулсан хуулийн заалт байна гэсэн гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан.

11. Гэтэл давж заалдах шатны шүүх энэхүү гомдлыг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, талуудын маргаагүй асуудлаар дүгнэсэн, мөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаар тогтоогдсон үйл баримтыг дахин тогтоохоор шийдвэрлэсэн, гомдолд дурдаагүй асуудлаар дүгнэлт гарган шийдвэрлэсэн гэж үзэж байна. Тодруулбал, давж заалдах шатны шүүх “хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар шүүхээр хэд хэдэн маргаан үүссэнтэй холбоотойгоор тухайн хайгуулын талбайд үйл ажиллагаа явуулсан эсэх, хэрэв явуулж байсан бол Ашигт малтмалын тухай хуульд заасан байгаль орчны менежментийн төлөвлөгөө урьд нь батлуулж байсан эсэх, байгаль хамгаалах, нөхөн сэргээхтэй холбоотой үүргээ хэрхэн биелүүлж байсан талаар болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн дагуу үйл ажиллагаа явагдсан эсэх нь тодорхойгүй байх тул холбогдох баримтыг цуглуулах шаардлагатай гэж үзлээ гэж дүгнэсэн.

12. Мөн “Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 111 дүгээр тогтоол хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна”... төлөвлөгөө батлуулсан эсэх, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гаргуулсан эсэх, уг үнэлгээ болон төлөвлөгөөнд уг рашаан устай гэх газар байдаг эсэх, хайгуулын үйл ажиллагаа нь байгаль орчинд хэрхэн нөлөөлөх, түүнийг хэрхэн сэргээхээр төлөвлөсөн зэргийг тодруулах шаардлагатай” гэж дүгнэсэн нь бидний шүүхээр шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага биш бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Давж заалдах шатны шүүх нь нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 75 дугаар шийдвэрт Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөг эрх бүхий этгээд болох Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг дарга болон тус сумын байгаль орчны байцаагчаар батлуулсан байна гэж дурджээ”, “...нөхөх олговрыг хэрхэн шийдвэрлэсэн, тусгай хэрэгцээнд байгаа үед тусгай зөвшөөрлийг ямар үндэслэлээр сунгасан зэргийг тодруулах шаардлагатай” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна.

13. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд дээрх 7 үйл баримт, нөхцөл байдлыг дурдсан байхад давж заалдах шатны шүүх гомдлын хүрээнээс хальж дүгнэлт хийн хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

14. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

15. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

16. “Анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн” гэсэн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь давж заалдах шатны шүүхийн бүрэн эрхэд хамаарах тул “...Давж заалдах шатны шүүх гомдлын хүрээнээс хальж дүгнэн хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн, тодруулах шаардлагатай гэж дүгнэсэн асуудал нь бидний шүүхээр шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад хамаарахгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-ыг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн, мөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаар тогтоогдсон үйл баримтыг дахин тогтоохоор шийдвэрлэсэн нь 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсгийг зөрчсөн...” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 11-13-т заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

17. Давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, “...хайгуулын талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулсан эсэх, хэрэв явуулж байсан бол  ...байгаль орчны менежментийн төлөвлөгөө урьд нь батлуулж байсан эсэх, байгаль хамгаалах, нөхөн сэргээхтэй холбоотой үүргээ хэрхэн биелүүлж байсан талаар болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн дагуу үйл ажиллагаа явагдсан эсэхийг тодруулж, холбогдох баримтыг цуглуулах, мөн тус аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 42, 2007 оны 03, 2014 оны 06 дугаар тогтоолуудаар авсан тусгай хэрэгцээний газарт нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөлтэй талбай багтаж байгаа эсэх, эдгээр тогтоолууд нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д заасны дагуу хүргүүлж, бүртгэгдсэн эсэх, хэрэв зохих журмаар бүртгүүлсэн бол нөхөх олговрыг хэрхэн шийдвэрлэсэн, тусгай хэрэгцээнд байгаа үед тусгай зөвшөөрлийн хугацааг ямар үндэслэлээр сунгасан...” зэргийг тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

18. Учир нь, хэрэв тусгай зөвшөөрлийн талбайг хуульд заасан журмын дагуу тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй, өөрөөр хэлбэл уг үйл ажиллагааг явуулахын тулд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах шаардлагагүй болно, харин энэ тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө”, 14.5-д “Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөх олговор авах эрхтэй ба харин мөн хуулийн 14.6-д зааснаар “Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй”.

19. Дээр дурдсанчлан, Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолууд нь хуульд заасан журмын дагуу хүчин төгөлдөр болсон эсэх, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар төрийн захиргааны байгууллага тусгай хэрэгцээнд авсан газрыг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэж, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн эсэх, нэхэмжлэгчийн зүгээс нөхөх олговор авах хүсэлтээ зохих журмын дагуу гаргасан эсэх, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн зэргийг тодруулсны үндсэн дээр нэхэмжлэгч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах шаардлагатай эсэх, өөрөөр хэлбэл түүний хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасан эрх үүсэх эсэхийг шалгах нь зүйтэй юм.

20. Иймд “...Засаг дарга нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах үүрэгтэй, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах нь эрэх, хайх, ашиглахаас өөр ойлголт, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авснаар ашигт малтмал эрэх, хайх боломжгүй болох нь тусгай зөвшөөрлийг дуусгавар болгохоос өөр ойлголт байна, гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, талуудын маргаагүй асуудлаар дүгнэсэн, шаардлагагүй асуудлыг шалгуулахаар буцаасан...” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 5, 8-13-т заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын гомдлыг хангах боломжгүй.

21. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 304 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.БАТСҮРЭН

                       ШҮҮГЧ                                                            Г.БАНЗРАГЧ