Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 27

 

109/ШШ2020/0027

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.Түвшинтулга даргалж, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан,  Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сайнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Т сумын Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Т сумын Халзан давааны ам нэртэй газарт орших ХV-008953 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Архангай аймгийн Т сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Т сумын Халзан давааны ам нэртэй газарт орших ХV-008953 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын менежментийн төлөвлөгөөг батлахыг Архангай аймгийн Т сумын Засаг даргад даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, Т.Ч, иргэдийн төлөөлөгч Л.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Н” ХХК шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Архангай аймгийн Т сумын Халзан давааны ам нэртэй газарт орших ХV-008953 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Энэхүү тусгай зөвшөөрлийг сунгуулах зорилгоор 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр тус тус “Төлөвлөгөө хянуулах тухай” албан бичиг хүргүүлсэн. Архангай аймгийн Т сумын Засаг дарга, байгаль орчны байцаагчид 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг хүргүүлсэн боловч тус сумын Засаг даргаас 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 01/57 дугаартай албан бичгээр төлөвлөгөөг хянан батлах боломжгүй гэсэн татгалзсан хариу өгсөн.

Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэж заасан. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 12, 39.2-т заасны дагуу батална” гэж заасан. Харин мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заасан байгаа нь төлөвлөгөөг сум, дүүргийн Засаг дарга батлах үүргийг хүлээнэ гэж ойлгогдож байна. Өөрөөр хэлбэл манай компани Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу төлөвлөгөөг 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Засаг даргад хүргүүлсэн байх буюу хуулиар тогтоосон шаардлагыг нь биелүүлсэн байна.

Гэтэл хариуцагч нь хуульд заасан үүргээ биелүүлэхээс татгалзсан байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан эс үйлдэхүй гэж үзэж байна.

Иймд Архангай аймгийн Т сумын Засаг даргын тус аймгийн Т сумын Халзан давааны ам нэртэй газарт орших ХV-008953 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Т сумын Халзан давааны ам нэртэй газарт орших ХV-008953 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын менежментийн төлөвлөгөөг батлахыг Архангай аймгийн Т сумын Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н” ХХК нь 2018 онд 8953Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “А” ХХК-иас шилжүүлж авсан. Энэ тусгай зөвшөөрлийг шилжүүлж авах үед Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан 2014 оны тогтоол гарсан тухай мэдээгүй байсан. Бид 2019 оны 3 дугаар сард тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргийнхээ дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар Архангай аймгийн Т сумын Засаг даргад хандсан байдаг. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хөдөлшгүй 100 хувь үүний дагуу байна гэсэн зүйл илэрхийлдэггүй. Засаг дарга төлөвлөгөөг хянаж батлах гэдэг нь  юу дутуу орхигдуулсан, юуг хянаж батлах ёстой гэдгийг хянасан бол батлах ёстой. Гэтэл Засаг дарга буруу ойлгосон. Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулж, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаас өмнө сум дүүгийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ гэсэн байгаа. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Т сумын Засаг даргад хүргүүлснээр бид хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн гэж ойлгосон. Нөгөө талаар бидний хүргүүлсэн төлөвлөгөөг хянаж үзээд батлах боломжгүй бол өөрчилж хасаж нэмэхээр зүйл байвал Засаг дарга бидэнд хариу өгөх ёстой. Бид Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу төлөвлөгөөгөө батлуулахаар хүргүүлж 10 хоногийн дотор батлах ёстой байтал хүргүүлснээс хойш 30 хоногийн дараа боломжгүй гэсэн хариу өгсөн. Хуулийн хугацаа 10 хоног байхад 30 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Тэгэхээр 30 хоногийн хугацаа өнгөрчхөөр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон. 8953Х дугаартай тусгай зөвшөөрлийн хувьд 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хугацаа нь дууссан. Үүнээс өмнө бид төлөвлөгөөг батлуулж холбогдох баримт бичгийг бүрдүүлж хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө кадастрын хэлтэст өргөдлөө өгдөг. Энэ хугацаа өнгөрч бидний тусгай зөвшөөрөл эзэмших эрх хөндөгдөж эхэлсэн. 

Татгалзсан гол үндэслэл нь нэгдүгээрт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тогтоолууд, хоёрдугаарт малын бэлчээрийн газар гэж хэлдэг. Уг тусгай зөвшөөрлийг 2004 онд Архангай аймгийн Засаг дарга зөвшөөрч түүний үндсэн дээр ашигт малтмалын газраас тусгай зөвшөөрлийг олгосон байдаг. Гэтэл өмнөх эзэмшигч “А” ХХК нь хайгуулын ажиллагаа хийх гэж очиход иргэд эсэргүүцсэн. Гол үндэслэл нь уул уурхай явуулахгүй газар нутгаа ухуулахгүй гэсэн санаа юм. Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006, 2007, 2008 оны тогтоолууд уул уурхайн эсрэг хийсэн арга хэмжээ гэж харж байна. Бид 2020 оны 9 дүгээр сард тусгай зөвшөөрлийн талбайд үзлэг хийсэн. Үзлэгээр тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгт авагдсан байгаа хөшөө дурсгал түүх соёлын дурсгалт зүйл болон 204 айл өрх таараагүй, 10 гаруй айл байсан байх. Хажууд нь эртний нийслэлийн туурь байсан, энэ нь тусгай зөвшөөрлийн талбайн хилийн гадна байсан. 

Мөн тусгай зөвшөөрөлтэй газрыг тусгай хэрэгцээнд авсан бол тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагад мэдэгдэх үүрэгтэй. Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан тогтоол нь гадагш чиглэсэн гэж хэлж болохоор байна. Тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хөндсөн  энэ тохиолдолд бид яах ёстой вэ өмнөх 2006, 2007, 2008 оны тогтоолуудыг мэдэж байсан гэж үзэхэд 2014 оны тогтоолыг яагаад өмнөх эзэмшигч болон “Н” ХХК-д мэдэгдээгүй юм. Мэдэгдсэн бол “А” ХХК-аас “Н” ХХК нь энэ тусгай зөвшөөрлийн эрх, үүргийг шилжүүлэн авах шаардлагагүй байсан. Захиргааны ерөнхий хуульд ийм шаардлага байна гэж үзэж байна. Нөгөө талд тухайн компаний эрх ашиг байна. Геологи, уул уурхайн алба, Кадастрын хэлтэст жил бүр тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлдөг. Бид тодорхой хэмжээний зардал гаргаад үйл ажиллагаагаа явуулах үед хуульд заагаагүй тусгай хэрэгцээнд авсан гэх үндэслэлээр хуульд заасан батлах үүргийг хэрэгжүүлэхгүй байгаа нь хууль бус гэж үзэж байна. 

Бид Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5, 14.6 дугаар зүйлийг хэрэглэхийн тулд бид яах ёстой вэ гэдэг энэ ойлгомжгүй байна. Тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх үед нөхөн олговрын асуудал ярих юм уу аль эсвэл тусгай зөвшөөрөл дуусахаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх үүрэг дуусгавар болно гэж ойлгох юм уу. Т сумын Засаг даргын энэ үйл ажиллагаанаас болж бидний тусгай зөвшөөрөл эзэмших эрх дуусгавар болсон. Ашигт малтмалын тухай хуулийн дагуу нөхөх олговрыг авъя гэж хүсэлт гаргахаар та нар тусгай зөвшөөрөл эзэмшигч биш, танайд тусгай зөвшөөрөл байхгүй гэсэн зүйл ярина. Аль эсвэл бидэнтэй зөвшилцөх юм уу сайн мэдэхгүй байна. 2006 оноос хойш тогтоол гаргаж өнөөдрийг хүртэл нөхөх олговрын асуудлаар нэг ч үг ярилцаагүй. Энэ нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, ашгийг хохироосон гэж харж байна. Бид төлбөрөө төлсөн үү төлсөн, төлөвлөгөөгөө боловсруулсан байна уу боловсруулж хүргүүлсэн  байна. Бид хуульд заасан ямар нөхцөл шаардлагыг хангаагүй вэ. “Н” ХХК хуулийг үл биелүүлсэн зүйл байхгүй. 2008 онд тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргаан гурван шатны шүүхийн шийдвэр гарсан байна. 2018 онд тусгай зөвшөөрөлтэй холбоотой 2 шүүхийн шатны шийдвэр гарсан. Хэрэгт хоёулаа үйл баримтыг дүгнэсэн 2 шүүхийн шийдвэр байна. Нэгийг нь үнэлээд нэгийг нь үнэлэхгүй байх боломж байхгүй яагаад гэвэл хоёулаа хүчин төгөлдөр нэгэнд нь өөрчлөлт орсон байгаа. 2008 оны 111 дүгээр Улсын дээд шүүхийн тогтоолоор зөвхөн тогтоолтой холбоотой маргаан гарсан байна. Үүнд 2006, 2007, 2008 онуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол хамаарч байгаа. 2018 онд Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх болон Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт 8953Х тусгай зөвшөөрөлтэй холбоотой дэлгэрэнгүй дүгнэлт өгсөн. Энд 2014 онд тусгай хэрэгцээнд авсан байна, нөхөх олговрыг өгөөгүй учраас үйл ажиллагаа явуулах эрхтэй гэж дүгнэсэн. Энэ дүгнэлт хүчин төгөлдөр байгаа. Ашигт малтмалын тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар нөхөх олговрыг олгох ёстой, олгогдоогүй учраас үйл ажиллагаа явуулах эрхтэй гэж дүгнэсэн байгаа. Иймд хариуцагч ямар ч үндэслэлгүй шалтгаанаар хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байна. 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Т.Ч сумын Засаг даргын тамгын газар биечлэн хүргэж өгөөд гарын үсэг зурсан баримт хэрэгт байгаа. Биечлэн ирсэн учраас санал солилцож болох байсан. Тэр үед ямар ч зүйл яриагүй хэрнээ бидэнтэй зөвшилцөөгүй гэдэг нь үндэслэлгүй тайлбар юм. Эцэст нь хэлэхэд, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмж хэлэх зүйлгүй, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Архангай аймгийн Т сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Архангай аймгийн Т сумын нутагт орших Халзан давааны ам хэмээх газар дээр “Н” ХХК тусгай зөвшөөрөл эзэмшдэг. 2019 оны 2 дугаар сард уг компани нь байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлуулахаар албан бичгийн хамтаар хүргүүлсэн. Миний бие тухайн төлөвлөгөөг батлаагүй, учир нь нэгдүгээрт, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу байгаль орчныг нөхөн сэргээх төлөвлөгөөг сумын Засаг даргатай зөвшилцөн тухайн компани боловсруулж батлуулах ёстой байдаг, зөвшилцсөн асуудал байхгүй, хоёрдугаарт, уг газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 42 дугаар тогтоолоор 10 жил, 2007 оны 3 дугаар тогтоолоор 10 жил, 2008 оны 7 дугаар тогтоолоор 10 жил, 2014 оны 6 дугаар тогтоолоор 30 жилээр тусгай хэрэгцээнд авсан. Мөн Улсын дээд шүүхийн 2008 оны 111 дүгээр тогтоолоор 2006, 2007, 2008 онуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хэвээр үлдээсэн. Мөн Хөхсүм багийн Халзандавааны ам нь сумын ойн нөөцийн гол хэсэг, ан амьтан, булаг шанд ихтэй, түүх соёлын дурсгалт газар, байгалийн үзэсгэлэнт газрын нэг юм. Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан уг газар нь олон малчид нүүдэллэж амьдардаг, тэнд малчдыг бэлчээрлэх талбай, амьдрах эх үүсвэр учраас багийн иргэд, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал уг газар дээр хайгуул хийлгэхгүй гэсэн байр суурьтай байсан. Эдгээр шалтгаануудыг би “Н” ХХК-д хариу хүргүүлэхдээ мэдэгдсэн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хууль бус гэж үзэж байна гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Л.Дарьсүрэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ:  Миний бодлоор Архангай аймгийн Т сумын Засаг дарга байгаль орчин, малын бэлчээр, булаг шанд, хүн ардаа хамгаалахын төлөө энэ компанийг эсэргүүцсэн гэж үзэж байна. Ийм учраас Архангай аймгийн Т сумын Засаг даргын зөв гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

            “Н” ХХК-иас Архангай аймгийн Т сумын Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Т сумын Халзан давааны ам нэртэй газарт орших ХV-008953 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Архангай аймгийн Т сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Т сумын Халзан давааны ам нэртэй газарт орших ХV-008953 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын менежментийн төлөвлөгөөг батлахыг Архангай аймгийн Т сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүхэд “даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргах урьдчилсан нөхцөлийн нэг нь захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй, эсхүл татгалзал тогтоогдсон байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Н” ХХК-иас Архангай аймгийн Т сумын Засаг даргад хүргүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг үндэслэлгүйгээр хүлээн аваагүй, эсхүл хүргүүлсэн төлөвлөгөөг үндэслэлгүйгээр батлаагүй /огт хариу өгөөгүй, эсхүл хууль бусаар татгалзсан/ байх юм.

Маргаан бүхий энэ хэргийн тухайд, хариуцагчийн Архангай аймгийн Т сумын Халзан давааны ам нэртэй газарт орших XV-008953 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан татгалзал гэж дүгнэлээ. 

Мөн энэ хэргийн тухайд, нэхэмжлэгчээс “эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс хариуцагчийн гаргасан эс үйлдэхүй нь хууль бус /хууль зөрчсөн/ эсэх, татгалзлын үндэслэл нь хууль бус эсэхийг шалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

Нэг. Уг хэргийн маргааны үйл баримтаас дурдвал:

Анх 2004 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Т сумын нутагт орших Халзан давааны ам нэртэй 1921 гектар талбайд ашигт малтмалын лиценз олгохыг дэмжих эсэх талаар Архангай аймгийн Засаг даргаас санал авч, уг асуудлыг дэмжиж байжээ.  Түүний дараа Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5-8617 дугаар албан бичгээр “М” ХХК-ийн захирал Ц.Г-д уг талбайд ашигт малтмал хайх үйл ажиллагаа явуулах талаар тухайн аймгийн Засаг даргын саналыг 30 хоногийн дотор авч ирэх, уг саналыг хянан үзсэний үндсэн дээр лиценз олгох асуудлыг шийдвэрлэхээр мэдэгдэж байжээ.  

Улмаар дээрх талбайд анх 2004 онд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож , 2007 оны 2 дугаар сарын 01-ний өдөр “А” ХХК-д Архангай аймгийн Т сумын “Халзан давааны ам” нэртэй газар 1921 гектар талбайг эзэмшүүлж, 8953Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ.  

Дээрх тусгай зөвшөөрлийг “А” ХХК эзэмшиж байх үед, Засгийн газрын 2011 оны 186 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн хуралдааны шийдвэр, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дэд даргын 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2/5122 дугаар мэдэгдлийг үндэслэн Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 533 дугаар шийдвэрээр 2007 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацааг тооцсон байна.

Мөн дээр хугацаанаас хойш Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2018/0269 дүгээр магадлалыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 606 дугаар шийдвэрээр 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацааг тооцож, 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 6 дахь жилийн төлбөрийг төлжээ. 

Дээрх захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн тухайд, “А” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “А” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ..., ХV-008953, ХV-009698, ХV-007557, ХV-007558 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг тооцохыг даалгах .... ” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0075 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.4, 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт заасныг баримтлан “ ... нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ..., ашигт малтмалын хайгуулын ..., ХV-008953,  ... дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг тооцохыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж, ...” шийдвэрлэжээ. 

Улмаар Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2018/0269 дүгээр магадлалаар “ ... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0075 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.4, 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ашигт малтмалын хайгуулын ХV-006219, ХV-0010342, XV-017134, ХV-017136, ХV-017138, ХV-017139, ХV-017142 тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын ХV-006219, ХV-0010342, ХV-017134, ХV-017136, ХV-017138, ХV-017139, ХV-017142, ХV-008953, ХV-009698 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл хүлээн авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж, ашигт малтмалын хайгуулын XV-006219, XV-0010342, XV-017136, ХV-017138, ХV-017139, ХV-017142, ХV-008953, ХV-009698, ХV-007557, ХV-007558 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг тооцохыг, ХV-007557, ХV-007558 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ. Уг магадлалд холбогдуулан хяналтын журмаар гомдол гаргаагүй байна. 

Ийнхүү Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 606 дугаар шийдвэрээр ХV-008953 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр байхаар сунгаж , 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 6 жилийн төлбөрийг төлжээ. 

Дээрх хугацаанд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 786 дугаар шийдвэрээр 8953Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Н” ХХК-д шилжүүлсэн үйл баримт байна.  

Улмаар “Н” ХХК-иас /2019 он/ Архангай аймгийн Т сумын Халзан давааны ам нэртэй газарт орших ХV-008953 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын менежментийн төлөвлөгөөг Архангай аймгийн Т сумын Засаг даргаар батлуулахаар 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 11, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 14 дугаартай албан бичиг хүргүүлж, Архангай аймгийн Т сумын Засаг дарга 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1/57 дугаар албан бичгээр тус төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариу хүргүүлжээ. 

Архангай аймгийн Т сумын Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1/57 дугаар албан бичигт: “... тус сумын нутагт байрлах “Халзан давааны ам”, “Хөх сүмийн ам” хэмээх газруудад 200 гаруй айл өрх нутаглаж 50 орчим мянган толгой мал бэлчээрлэдэг бөгөөд уг газруудыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 6 дугаар сарын 28-ны  өдрийн 42 дугаар тогтоол, 2007 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоол,  2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 23 дугаар тогтоол, 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоолуудаар тус тус сумын тусгай хэрэгцээнд авсан болно. Иймд дээрх газруудад хайгуул хийлгэх асуудлыг дэмжихгүй байгаа тул төлөвлөгөөг хянан батлах боломжгүй гэж үзэж байна.” гэжээ.

Улмаар “Н” ХХК-иас дээрх асуудлаар тус шүүхэд маргаан үүсгэсэн байна. 

Нэхэмжлэгч “Н” ХХК-иас “ ... Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2. дахь хэсэгт зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг дарга батлах үүрэгтэй хүлээж байгаа ..., бид 2019 оны 2, 3 дугаар сард байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хандсан, энэ төлөвлөгөөг сумын Засаг даргатай зөвшилцөхөөр хүргүүлсэн, уг төлөвлөгөөг сумын Засаг дарга хянаад санал гаргах, өөрчлөх боломжтой, шууд батал гэж хүргүүлсэн төлөвлөгөө биш, бид зөвшилцөх үүргээ биелүүлсэн ... Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасан хугацаанд нөхөн олговрыг олгоогүй /нөхөн олговрын асуудлаар тохиролцож байгаагүй/ тул манай компани үйл ажиллагаа явуулах эрхтэй ...”;

Хариуцагч “ ...  байгаль орчныг нөхөн сэргээх төлөвлөгөөг сумын Засаг даргатай зөвшилцөн тухайн компани боловсруулж батлуулах ёстой байдаг, зөвшилцсөн асуудал байхгүй, мөн уг газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 42 дугаар тогтоолоор 10 жил, 2007 оны 3 дугаар тогтоолоор 10 жил, 2008 оны 7 дугаар тогтоолоор 10 жил, 2014 оны 06 дугаар тогтоолоор 30 жилээр тусгай хэрэгцээнд авсан, Улсын дээд шүүхийн 2008 оны 111 дүгээр тогтоолоор дээрх тогтоолуудыг хэвээр үлдээсэн ... тус баг нь уул ус, булаг шанд, ой мод, ургамал, амьтантай, байгалийн үзэсгэлэнт газар бөгөөд 204 өрх мал аж ахуй эрхлэн амьдардаг, 35000 мал бэлчиж байна. Иймд 8953Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан ...” гэж тус тус тайлбарлажээ. 

Хоёр. Хариуцагч Архангай аймгийн Т сумын Засаг даргын татгалзлын үндэслэлийн тухайд:

1. Архангай аймгийн Т сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 42, 2007 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 3, 2008 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 7, 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 6 дугаар тогтоолуудаар 8953Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь сумын тусгай хэрэгцээнд авсан газарт хамаарч байгаа гэжээ.

Архангай аймгийн Т сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 42 дугаар тогтоолоор тус сумын 1, 2, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байгаа хавсралтад дурдсан нэр бүхий 7 газрыг /Төмөртийн толгой, Хүйтний нуур, Богино чулуут, Урт чулуут, Эрдэнэтолгой, Сүмийн буйр, Хүрмийн овгор/ тусгай хэрэгцээнд авахыг зөвшөөрч баталсан;

            Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолоор тус сумын 1, 2, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байгаа хавсралтад дурдсан нэр бүхий 7 газрыг /Төмөртийн толгой, Хүйтний нуур, Богино чулуут, Урт чулуут, Эрдэнэтолгой, Сүмийн буйр, Хүрмийн овгор/ 10 жилээр тусгай хэрэгцээнд авахыг зөвшөөрч баталсан; 

            Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 07 дугаар тогтоолоор тус сумын 1, 2, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байгаа хавсралтад дурдсан нэр бүхий 7 газрыг /Богино чулуут, Урт чулуут, Эрдэнэтолгой, Сүмийн буйр, Хүрмийн овгор, Төмөртийн толгой, Хүйтний нуур/ 10 жилээр тусгай хэрэгцээнд авахыг зөвшөөрч баталж байжээ.  

Улмаар 2007 оны оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “А” ХХК-иас Архангай аймгийн Т сумын Засаг дарга, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Т сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 42 дугаар тогтоол, 2007 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 03 дугаар тогтоолуудыг илт хууль бус гэж тооцон хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны 2008 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 130 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 111 дүгээр тогтоолоор хэвээр үлдээсэн байна. 

Тодруулбал, Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 111 дүгээр тогтоолоор Архангай аймгийн Т сумын нутаг дэвсгэрт хамаарах байгалийн үзэсгэлэнтэй, малын бэлчээр, хадлангийн талбай зонхилж байгаа газруудыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч хамгаалах талаар сумын иргэд, хөдөлмөрчид санал, санаачлага гаргасныг сумын Засаг дарга дэмжиж “Богино чулуут” гэдэг газрын Хөх сүмийн эх, Халзан давааны аманд 150-170 га газрыг тусгай хэрэгцээнд авах саналыг Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулан хэлэлцүүлсэн, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал эрх хэмжээнийхээ хүрээнд 7 газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэж, 2007 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоол гаргасан нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.6, 16.1.7, 20 дугаар зүйлийн 20.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан заалтуудтай нийцжээ. Иймд “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэжээ.  

Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 111 дүгээр тогтоолоор Архангай аймгийн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 42 дугаар тогтоол, 2007 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолыг үндэслэлтэй гэж үзсэн, дээрх тогтоолуудыг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн, бүртгэгдсэн болохыг эцэслэн тогтоож шийдвэрлэжээ.  

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн  34.4. дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй гэж үзлээ. 

         Мөн хэрэгт авагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0075 дугаар шийдвэрт “ ... XV-008953 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2016-2017 онд хийх Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөг эрх бүхий этгээд болох Архангай аймгийн Т сумын Засаг дарга болон тус сумын байгаль орчны улсын байцаагчаар батлуулсан ...” гэж дурдсан байна.  

Дээрх шүүхийн шийдвэртэй хэргийн тухайд, Архангай аймгийн Т сумын Засаг дарга, тус сумын байгаль орчны байцаагчийн нарын гарын үсэг, тамга, тэмдэг бүхий Архангай аймгийн Т сумын нутаг дахь 8953Х дугаартай “Халзан давааны” хайгуулын талбайн 2016 оны Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөө хэрэгт авагджээ.  

Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1/12968, 1/12369 дүгээр албан бичгээр Архангай аймгийн Т, Х сумын Засаг дарга нараас 8953Х дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайн 2014, 2015 оны Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөг батлуулсан эсэх талаар тодруулахад, Архангай аймгийн Т сумын Засаг дарга 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1/195 дугаар албан бичгээр “А” ХХК нь 2014, 2015, 2016 онуудад байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын менежментийн төлөвлөгөөг сумын Засаг дарга болон байгаль орчны байцаагчаар батлуулаагүй болно” гэх хариу хүргүүлсэн байна.  

Мөн 8953Х дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайг эзэмшиж байсан хуулийн этгээдүүд 2012-2018 онуудад тусгай зөвшөөрлийн хугацааг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар тусгай сунгуулж байгаагүй, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахтай холбогдуулан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг төрийн захиргааны байгууллагад хүргүүлж байгаагүй, тус газарт хадгалагдаагүй, дээрх онуудад гарсан шүүхийн болон арбитрын маргаануудаас шалтгаалан тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах, тусгай зөвшөөрлийг бусад байдлаар захиран зарцуулах /хөдөлгөөн хийх/ боломжгүй байсан талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбар гаргасан, “Н” ХХК-иас 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр /бүрдүүлбэр дутуу/ хугацаа сунгуулах өргөдөл гаргаж, Ашигт малтмал, газрын тосны газраас тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан талаар Ашигт малтмал, газрын тосны газраас 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 8/4550, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 8/4785 дугаар албан ирүүлжээ.  

Дээрх үйл баримтаас хойш Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоолоор сумын нутаг дэвсгэрт оршин Урт чулуут, Богино чулуут, Эрдэнэтолгой зэрэг газруудыг дахин сумын тусгай хэрэгцээнд 30 жилийн хугацаатайгаар авчээ. 

Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 31 дүгээр албан бичгээр “ ... 8953X дугаартай талбай нь Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 06 тоот тогтоолоор сумын тусгай хэрэгцээнд авсан Хөх сум багийн Урт чулуут, Богино чулуут, Эрдэнэтолгой гэх нэртэй газруудтай 100% бүрэн давхцалтай байна” , Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 8/4237 дугаар албан бичигт “ ... Архангай аймгийн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоол бүртгэлтэй байна ... “Н” ХХК-ийн эзэмшиж байсан ХВ-008953, ХВ-009698 ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн талбай нь 06 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан Урт чулуут, Богино чулуут, Эрдэнэтолгой нэртэй газартай хэсэгчлэн, ... давхцалтай байна ... ” гэх  хариуг тус тус ирүүлсэн байна. 

Дээрх нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “Н” ХХК-ийн эзэмшиж байгаа Т сумын нутагт орших Халзан давааны ам гэх нэртэй 8953Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь тус сумын тусгай хэрэгцээнд авсан газартай хэсэгчлэн давхцалтай, Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоолыг Ашигт малтмалын тухай хуулийн 14.1, 14.3. дахь хэсэгт зааснаар төрийн захиргааны байгууллагад хүргүүлж, тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгүүлсэн болох нь тогтоогдож байна.

Иймд Архангай аймгийн Т сумын Халзан давааны ам нэртэй газарт орших 8953Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөөг дээрх үндэслэлээр батлахаас татгалзсан Архангай аймгийн Т сумын Засаг даргын татгалзлыг хууль бус эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлгүй юм. 

Мөн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дээрх тогтоолууд гарсантай холбогдуулан 8953Х дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшигчид нөхөн олговор олгоогүй болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0075 дугаар шийдвэрээр тогтоосон, уг асуудлаар шийдвэр гаргасан байгууллагатай харилцан тохиролцож байгаагүй талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тайлбар гаргасан, “Н” ХХК /”А” ХХК/-тай нөхөн олговрын асуудлаар тохиролцоогүй, эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлт гараагүй, төрийн захиргааны байгууллагад хандаагүй талаар Т сумын Засаг дарга бичгээр тайлбар гаргасан , нөхөн олговрын асуудлаар хэргийн оролцогч хэн аль нь шүүхэд маргаагүй байна. 

Хэдийгээр нэхэмжлэгч “Н” ХХК-ийн 8953Х дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмших хугацаа 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болсон боловч, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4. дэх хэсэгт “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө.”, 14.5.дахь хэсэгт “Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно.” гэж зааснаар  нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг Архангай аймгийн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай тохиролцох, улмаар тохиролцсон хугацаанаас хойш нэг жилийн дотор нөхөн олговор олгоогүй тохиолдолд мөн хуулийн 14.6.дахь хэсэгт “Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй.” гэж зааснаар нөхөн олговор авах, уг асуудлаар харилцан тохиролцох, тохиролцсон хугацаанд нөхөн олговрыг төлөөгүй тохиолдолд үйл ажиллагаа явуулах эрх нь нээлттэй, уг асуудлыг хуулиар хориглоогүй  байна.   

Түүнчлэн 8953Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь 2007-2008 онд дээр дурдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолуудад холбогдох маргаантай байсан, 2008-2012 онуудад Арбитрын шүүхээр маргаантай байсан, 2012 оноос хойш татварын маргаантай, тусгай зөвшөөрөл түдгэлзсэн байсан, улмаар уг маргаанууд дууссаны дараа 2018 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2018/0269 дүгээр магадлалаар XV-008953 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл хүлээн авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн, дээрх хугацаанд тусгай зөвшөөрөл бүхий газарт ашигт малтмал хайх үйл ажиллагаа явагдаагүй, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө /байгаль орчны менежментийн төлөвлөгөө/-г батлуулж байгаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй мөн тусгай зөвшөөрлийн хугацааг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар сунгуулж байгаагүй болох нь хэргийн оролцогч нарын шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан 8953Х дугаартай хайгуулийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралт, Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 8/4550 дугаар албан бичиг, тусгай зөвшөөрлийн дэлгэрэнгүй мэдээлэл, дээр дурдсан шүүхийн шийдвэрээр тогтоогдсон болно. 

2. “Н” ХХК нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хүргүүлэхдээ сумын Засаг даргатай зөвшилцөөгүй гэжээ.

Нэхэмжлэгч “Н” ХХК-иас Архангай аймгийн Т сумын Халзан давааны ам нэртэй газарт орших ХV-008953 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын менежментийн төлөвлөгөөг Архангай аймгийн Т сумын Засаг даргаар батлуулахаар 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 11, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 14 дугаартай албан бичиг хүргүүлсэн байна.

Дээрх албан бичгийн дагуу Архангай аймгийн Т сумын Засаг дарга 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1/57 дугаар албан бичгээр  “... тус сумын нутагт байрлах “Халзан давааны ам”, “Хөх сүмийн ам” хэмээх газруудад 200 гаруй айл өрх нутаглаж 50 орчим мянган толгой мал бэлчээрлэдэг бөгөөд уг газруудыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 6 дугаар сарын 28-ны  өдрийн 42 дугаар тогтоол, 2007 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоол,  2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 23 дугаар тогтоол, 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоолуудаар тус тус сумын тусгай хэрэгцээнд авсан болно. Иймд дээрх газруудад хайгуул хийлгэх асуудлыг дэмжихгүй байгаа тул төлөвлөгөөг хянан батлах боломжгүй гэж үзэж байна.” гэх хариу хүргүүлжээ. 

Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ:”, 38.1.1-д “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ.” гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзвэл, нэхэмжлэгч “Н” ХХК нь 8953Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шилжүүлэн авсан байна. Улмаар тусгай зөвшөөрөл авснаас хойш 3 сарын дараа 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 11 дугаартай албан бичгээр “ ... Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулан Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.1., 40.1. дэх хэсэгт зааснаар хянуулж батлуулахаар хүргүүлж байна ... төлөвлөгөөг баталж өгнө үү”, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 14 дугаартай албан бичгээр “ ... 2019 оны  байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөг баталсан эсэх талаар албан ёсны хариу ирүүлнэ үү”, мөн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар албан бичгээр “ ... 2019 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөг батлуулах шаардлагатай байна, ... батлахаас үндэслэлгүйгээр татгалзсан бол Ашигт малтмалын тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1.3.-т заасны дагуу хариуцлага хүлээдэг болохыг мэдэгдье ...” гэж тус тус Архангай аймгийн Т сумын Засаг даргад мэдэгджээ. 

Нэхэмжлэгч “Н” ХХК-иас: Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2., 40 дүгээр зүйлийн 40.1. дэх хэсэгт зааснаас үзвэл байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг дарга батлах үүрэгтэй хүлээж байгаа, “Н” ХХК-ийн зүгээс 2019 оны 2, 3 дугаар сард байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар сумын Засаг даргад хандсан, бид энэ төлөвлөгөөг сумын Засаг даргатай зөвшилцөхөөр хүргүүлсэн, бид зөвшилцөх үүргээ биелүүлсэн гэж тайлбарлаж байна. 

Хуулийн дээрх заалтын агуулгаас үзвэл, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь сумын Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах зохицуулалттай. 

Мөн дээрх хуулийн 38.2. дахь хэсэгт заасан “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ.” гэх агуулга нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн боловсруулсан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг тухайн сумын Засаг дарга шууд батлахыг үүрэг болгосон хэм хэмжээ биш бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн сумын Засаг даргатай зөвшилцөн боловсруулсан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг сумын Засаг дарга батлах зохицуулалтыг агуулсан заалт юм. 

Өөрөөр хэлбэл, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө /байгаль орчны менежментийн төлөвлөгөө/-г хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн боловсруулах үүрэгтэй, дээрх үүргээ биелүүлэн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө /байгаль орчны менежментийн төлөвлөгөө/-г сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн боловсруулсны дараа сум, дүүргийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд баталж болох эрх олгосон процессын заалт байна. 

Энэ хэргийн тухайд, нэхэмжлэгч “Н” ХХК-иас байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулахдаа Архангай аймгийн Т сумын Засаг даргатай хэрхэн зөвшилцсөн, зөвшилцөх талаар ямар үйл ажиллагаа явуулсан болох нь тодорхойгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад шаардлагатай баримтын хувьд байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахаар албан бичиг хүргүүлснийг зөвшилцсөн буюу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй юм. 

Иймд 8953Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг дарга батлах үүрэгтэй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй, батлах эсэх нь Засаг даргын эрх байх тул үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хуульд зааснаар зөвшилцсөн болох нь хангалттай нотлогдохгүй байх тул 8953Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан Архангай аймгийн Т сумын Засаг даргын үйлдэл татгалзал нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2. дахь хэсэгт заасныг зөрчсөн, хууль бусаар татгалзсан гэж үзэх үндэслэлгүй байна. 

3. 8953Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь тус сумын Хөх сүм багт оршдог, тус баг нь уул ус, булаг шанд, ой мод, ургамал, амьтантай, байгалийн үзэсгэлэнт газар бөгөөд 204 өрх мал аж ахуй эрхлэн амьдардаг, 35000 мал бэлчиж байна гэж тайлбарлажээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 8/4237 дугаар албан бичигт “ ... “Н” ХХК-ийн эзэмшиж байсан ХВ-008953, ХВ-009698 ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн талбай нь ...Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор баталсан Ойн сан бүхий газрын хилийн заагтай, 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор баталсан Усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй тус тус давхцалтай байна ... ”; Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 263 дугаартай албан бичигт: “Н” ХХК-ийн Т сумын Хөх сүм багийн Халзан давааны ам нэртэй XV-008953  дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь ойн сан бүхий газартай 659 га, усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 109 га давхцалтай ...” байна гэх хариуг ирүүлсэн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ ... бид ойн болон усан сан бүхий газартай давхцалтай хэсэгт үйл ажиллагаа явуулахгүй, давхцалгүй үлдсэн хэсэгт үйл ажиллагаа явуулж болно, тусгай зөвшөөрлийн талбайд хасалт хийгдээгүй байгаа, давхцал байгааг мэдэж байгаа ... “ гэж тайлбарлаж байна. 

Дээрх тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзвэл 8953Х дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсэг нь ойн сан, усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцаж байгаа нь тогтоогдсон, нэхэмжлэгчээс уг асуудлаар маргаагүй байна. 

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно.” гэж заасан. 

Иймд 8953Х дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Архангай аймгийн Т сумын усан сан болон ойн сан бүхий газарт хамаарч байгаа гэх үндэслэл нь баримтаар тогтоогдож байх тул энэ үндэслэлээр татгалзсан хариуцагчийн татгалзлыг буруутгах үндэслэлгүй байна. 

Мөн хариуцагчаас Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 33 дугаар тогтоолоор баталсан Т сумын хамгаалалтад байх түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг ирүүлсэн.  Гэвч дээрх дурсгалт газрууд нь 8953Х дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайд хамаарч байгаа эсэх нь тодорхойгүй, шүүхээс 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр үзлэг хийх явцад 8953Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн ойролцоо байсан Монголын эртний нийслэлийн туурь гэх газар нь тусгай зөвшөөрөл бүхий талбайн гадна тогтоогдсон болохыг дурдвал зохино.

Хариуцагчаас Хөх сүмийн амын нутаг дэвсгэрт түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлс болон онгон дагшин газрууд болох эртний нийслэлийн туурь, туурийн гэрэлт хөшөө, буган хөшөө, булш, хэрэгсүүр бий гэх тайлбар гаргасан боловч, дээрх үл хөдлөх дурсгалт газрууд нь 8953Х дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайд хамаарч байгаа эсэх нь баримтаар тогтоогдохгүй байна. 

Түүнчлэн Архангай аймгийн Т сумын Хөх сүм багийн Халзан давааны ам гэх газар оршин суух өрх, хүн ам, малын 2020 оны дэлгэрэнгүй судалгаанаас үзвэл, тус газарт 35 орчим иргэн 2062 тооны мал малладаг  бөгөөд сумын Засаг дарга байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын менежментийн төлөвлөгөөг баталснаар дээрх иргэдэд ямар хохирол учрах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөх, эсхүл зөрчигдсөн болох нь тодорхойгүй байна. Иймд дээрх үндэслэлүүд нь баримтаар тогтоогдоогүй, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын менежментийн төлөвлөгөөг баталсны улмаас тухайн нутагт амьдарч буй иргэдийн эрхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсэд ямар хохирол учруулсан, эсхүл учруулж болзошгүй нь тодорхойгүй байх тул хариуцагчийн гаргасан энэ үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Эцэст нь дүгнэхэд, нэхэмжлэгч “Н” ХХК-ийн эзэмшиж буй 8953Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахаас татгалзсан Архангай аймгийн Т сумын Засаг даргын татгалзал нь хууль зөрчсөн буюу хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хариуцагчаас 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 117 дугаар албан бичгээр “Аймаг, нийслэл, сум, дүүгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу орон нутгийн сонгуулийн үр дүнгээр хариуцагч миний бие уг албан тушаалаас чөлөөлөгдөх болсон тул “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлт гаргасан байна. 

Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 1.-д “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга хэрэгжүүлнэ.”, 2.-т “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд; сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно.”, 3.-т “Ерөнхий сайд буюу дээд шатны нэгжийн Засаг дарга доод шатныхаа нэгжийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар дахин нэр дэвшүүлж томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална.”, гэж;

 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3. дахь хэсэгт “Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй.” гэж тус тус заасан. 

Шүүхээс 2020 оны Аймаг, нийслэл, сум, дүүгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль болж өнгөрсөнтэй холбогдуулан Архангай аймгийн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас анхдугаар хуралдаан хийж, шинээр томилогдох сумын Засаг даргыг томилуулахаар аймгийн Засаг даргад уламжилсан эсэхийг тодруулахад “Өнөөдрийн байдлаар манай сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд шинээр сонгогдсон сумын иргэдийн Төлөөлөгчдийг батламжилсан сонгуулийн хорооны тогтоол ирээгүй байна, мөн шинээр томилогдох сумын Засаг даргыг сонгох анхдугаар хуралдаанаа хийгээгүй байгаа, сонгууль болсноос хойш 20 хоногийн дотор хийх ёстой, тэр хурлын дараа л сумын Засаг даргыг томилуулахаар аймгийн Засаг даргад уламжлах зохицуулалттай. Одоогоор ийм ажиллагаа яваагүй байна” гэж тайлбарлажээ.

Иймд сонгуулийн үр дүнд Архангай аймгийн Т сумын Засаг дарга шинээр томилогдох хүртэл тус сумын Засаг дарга Г.Б бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой, ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй, хариуцагчийн өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4. дэх хэсэгт “Хариуцагч, ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно.”, 91.5. дахь хэсэгт “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.” гэж зааснаар хариуцагч, түүний өмгөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.5, 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.5 дахь хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Н” ХХК-иас Архангай аймгийн Т сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Т сумын Халзан давааны ам нэртэй газарт орших ХV-008953 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Архангай аймгийн Т сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Т сумын Халзан давааны ам нэртэй газарт орших ХV-008953 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын менежментийн төлөвлөгөөг батлахыг Архангай аймгийн Т сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ТҮВШИНТУЛГА

ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН

ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ