Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 213/МА2023/00005

 

Ч.Баасандоржийн нэхэмжлэлтэй

Ж.Найдандоржид холбогдох

иргэний хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Ч.Энхтөр, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 131/ШШ2022/00737 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ч.Баасандоржийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Найдандоржид холбогдох

Зээлийн гэрээний үүргийн 47.100.000 төгрөг гаргуулахыг хүссэн  үндсэн нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч Ч.Баасандоржоос илүү төлсөн 15850000 төгрөгийг гаргуулахыг  хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Л.Борын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Баасандорж, түүний өмгөөлөгч С.Должинсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сарантуяа, түүний өмгөөлөгч Л.Бор, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Золцэцэг нар оролцов.

Нэг:Нэхэмжлэгч Ч.Баасандоржийн  нэхэмжлэл болон  тайлбарын агуулга:

1.1. Ч.Баасандорж  нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ж.Найдандоржид  25.000.000 төгрөг 6 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай гэрээ хийсэн.

1.2. Удаа дараа мөнгө өгөөгүй учраас 2020 оны 06 дугаар сарын 29-нд нэмэлт хийхдээ үндсэн мөнгө 25.000.000 төгрөг дээрээс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс гэрээний хүү бодсон 4.600.000 төгрөг хүү нэмсэн.

1.3. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Ж.Найдандорж нь надаас 47.000.000 төгрөг нэг удаа зээлээд түүний хүү төлбөрийг төлж байсан энэ төлбөрт өгсөн мөнгийг хариуцагчийн төлөөлөгч оруулж тооцоод байх шиг байна.

 Хоёр: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Должинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: 

2.1. Мөнгөний хувьд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойших 1 сарын дараа буюу 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд хариуцагч мөнгөө үндсэн мөнгө 25.000.000 төгрөгийг хүүгийн хамт төлөөгүй.

2.2. Нэхэмжлэгч мөнгөө хүүгийн хамт нэхдэг боловч өгөөгүй байсаар 2020 оны 06 дугаар сарын 29-нд нэхэмжлэгч хариуцагч нар хоорондоо тохиролцоод Ж.Найдандоржийн хүсэл зоригийн үндсэн дээр 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өмнөх гэрээг дуусгавар болгож дахин нэмэлтээр гэрээ хийсэн. Энэхүү гэрээг хийхдээ үндсэн 25.000.000 төгрөг дээр хүү 4.600.000 төгрөг нэмж хийгээд алдангитай 2 сарын хугацаанд хийсэн.

2.3. Шүүхэд маргаан үүссэнээс хойш Ч.Баасандоржид 23.800.000 төгрөг өгсөн болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгчийн зүгээс нийт нэхэмжилж байгаа 47.100.000 төгрөгөөс 23.800.000 төгрөг хасаад 23.300.000 төгрөг авах байр суурьтай

Гурав:

Нэхэмжлэгч Ч.Баасандоржийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбарын агуулга:

 3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас бэлнээр нэг ч төгрөг авч байгаагүй, сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дөрөв:

Нэхэмжлэгч Д.Баасандорж нэхэмжлэлийн  шаардлагаа багасгасан  тайлбарын  агуулга:

4.1. С.Сарантуяа нь Ч.Баасандоржид 40.850.000 төгрөг төлсөн үүнээс дансаар 24.050.000 төгрөг, бэлнээр 16.800.000 төгрөг нийт 40.850.000 төгрөг өгсөн. 

4.2. Нэхэмжлэгч Ч.Баасандорж нь өөрийн болон эхнэрийн дансаар нийт 23.800.000 төгрөг хүлээн авснаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Баасандоржийн аав Чимэдцэрэнгийн дансанд 2 удаагийн үйлдлээр нийт 250.000 төгрөг шилжүүлсэн нь үндэслэлгүй юм.

4.3. бэлнээр 16.800.000 төгрөгийг нэг ч удаа авч байгаагүй болно.

4.4. Харин 2019 оны 11 сарын 15-ны өдөр хариуцагч Найдандорж нь зээлийн гэрээгүйгээр харилцан тохиролцож нэхэмжлэгч Ч.Баасандоржоос 47.000.000 төгрөгийг богино хугацаатай зээлж авч байсан ба тухайн 47.000.000 төгрөгийг 2019 оны 12 сарын 02-ны өдөр 20.000.000 төгрөг, 2019 оны 12 сарын 04-ний өдөр 10.000.000 төгрөгийг бэлнээр өгч, 2019 оны 12 сарын 10-ны өдөр найз Лхагвасүрэнгийн дансаар дамжуулан 17.500.000 төгрөгийг 3 удаагийн үйлдлээр буцааж нийт 47.500.000 төгрөгийг хүлээн авч тооцоо дууссан. Энэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй асуудал юм.

4.5. шүүхэд гаргасан зээлийн гэрээний хүү, алданги нийт 47.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа 23.800.000 төгрөгийг хүлээн авсныг зөвшөөрч үлдэгдэл 23.300.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна..гэжээ. 

Тав:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сарантуяа анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

5.1. Ж.Найдандорж нь 2012 оны 10 дугаар сарын 30-нд өдөр Ч.Баасандоржоос 25.000.000 төгрөгийг авч өнөөдрийн байдлаар нийт 40.850.000  төгрөгийг төлсөн

5.2. Ч.Баасандорж нь нэхэмжлэлдээ уг 25.000.000 төгрөгийг гэрээ хийж авсан одоогоор нэг ч төгрөг төлөөгүй  гэсэн нь худлаа юм. Энэ нь 2019 оны 10 дугаар сарын 30-нд 25 сая төгрөгийг зээлсэн зээлийн гэрээ байхгүй, 2020 оны 6 дугаар сарын 29-нд зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэсэн нэмэлт гэрээ хийсэн боловч өмнө нь хийсэн гэрээ байхгүй учир энэ нэмэлт гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр бус юм.

5.3. Ч.Баасандорж нь Ж.Найдандоржоор 25 сая төгрөгийг бүрэн төлүүлсэн баталгаа С.Сарантуяа миний биеэр /15.850.000/ төгрөгийг илүү төлүүлсэн байна.

Зургаа:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сарантуяагийн сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

6.1. Ч.Баасандоржоос 2019 оны 10 сарын 30-ны өдөр 25.000.000 төгрөгийг авч нийт 40.850.000 төгрөг болгон буцаан төлсөн байна.

6.2. Ж.Найдандорж нар нь 2020 оны 05 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ гэж хийсэн

6.3. Залаа цагаан хоршоо болон С.Сарантуяагаас Баасандоржид илүү төлсөн 15.850.000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

6.4. Энэхүү зээлийн гэрээнээс өмнө Ч.Баасандоржоос Ж.Найдандорж 47.000.000 төгрөг зээлээд 48.500.000 төгрөг болгож төлж байсан.

6.5. Ч.Баасандорж ганц өөрийн дансаар бус Бат-Орших, Цулбуур, Жамбаасүрэн гэх мэт хүмүүсийн дансаар мөнгө авсан. Бэлнээр өгсөн мөнгийг зөвшөөрөхгүй гэж байна. Бэлнээр өгсөн 5.000.000 төгрөгийн хувьд 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Голомт банкны ард манай машины хажууд саарал өнгийн Прадо маркийн машинтай зогсож Нийт 9.800.000 төгрөг бэлнээр өгсөн. Манай зүгээс нийт 30.600.000 төгрөг төлсөн байдаг.

6.6. 7.000.000 төгрөг бэлнээр өгсөн тухайд өмнөх 47.000.000 төгрөгтэй холбоотой андуурагдсан зүйл байхгүй. 47.000.000 төгрөгийг 2019 онд аваад тэр ондоо өгч дуусгасан.

Долоо:

Анхан шатны шүүхийн  шийдвэрийн тогтоох хэсэгт:

 7.1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Найдандоржоос зээлийн гэрээний үүрэг 18.450.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Баасандоржид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.850.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Найдандоржийн нэхэмжлэгч Ч.Баасандоржоос 15.850.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ч.Баасандоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Найдандоржоос  250200  төгрөг   гаргуулж,  нэхэмжлэгч  Ч.Баасандоржид  олгох,

хариуцагч Ж.Найдандоржоос сөрөг нэхэмжлэл гаргахдаа хугацааг хойшлуулсан улсын тэмдэгтийн хураамж 237200 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төвлөрсөн төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Найм:

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Бор давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын агуулга:

8.1. ... Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд тэдгээрээр тогтоосон үйл баримтуудыг хуульд нийцүүлэн дүгнээгүй.

Тухайлбал: нэхэмжлэгч Ч.Баасандорж нь хариуцагч Ж.Найдандоржоос 5.000.000 төгрөгийг 2 удаа нийт 10.000.000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрсөн. Ж.Найдандоржоос авсан 10.000.000 төгрөгийг зээлсэн 47.000.000 төгрөгийн үнийн дүнд орсон гэж маргадаг. Ж.Найдандорж нь Ч.Баасандоржоос зээлсэн 47.000.000 төгрөгийг буцааж 48.500.000 төгрөг болгож төлсөн байдал нь хэрэгт авагдсан ХААН банкны дансны хуулгуудаар тогтоогдсон бөгөөд илүү 10.000.000 төгрөгийг авсан байхад шүүх дүгнэлт хийгээгүй

8.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтыг зөрчсөн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсгүүд зөрүүтэй , шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болсон нотлох баримтуудын үндэслэлийг зөв тодорхойлоогүй, тооцооны алдаа гаргаж 8 450 000 төгрөг гэхийг 18.450.000 төгрөг гэж буруу бичсэн, нэхэмжлэлийг хангаж шийдсэн үнийн дүнг зөв тооцоолоогүйгээс улсын тэмдэгтийн хураамжийг буруу тооцож гаргуулж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан алдаа бүхий шийдвэр гаргасан гэж үзсэн.

8.3 Шүүх гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг шүүх хуралдаанд танилцуулж тайлбарласан боловч бичмэл хувьтай зөрөөтэй болсон байна

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 18-ны өдрийн 131/ШШ2022/00737 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд  хянаад  анхан шатны шүүхийн шийдвэрийг  хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Учир нь:

Нэг:

1.1. Нэхэмжлэгч Ч.Баасандорж нь хариуцагч Ж.Найдандоржид холбогдуулан  зээлийн гэрээний үүргийн 47.100.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 23 300 000 төгрөг болгон багасгасан,  нэхэмжлэлийн үндэслэлээ  2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн бичгээр байгуулсан зээлийн гэрээгээр 25 сая төгрөгийг нэг сарын хугацаатай 6 хувийн хүүтэй зээлдүүлсэн тул зээлийн гэрээний  үүрэгт 23 300 000 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагчийн төлөөлөгч С.Сарантуяа нь зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй  харин илүү төлсөн  15.850.000 төгрөгийг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэл гаргаж маргаан үүсгэжээ.

1.2.Анхан шатны шүүх   нэхэмжлэлийн шаардлагаас 18 450 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Баасандоржид олгож,  4 850 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ч.Баасандоржоос 15 850 000 төгрөг гаргуулахыг хүссэн   сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь  хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

1.3.анхан шатны шүүх  хавтаст хэрэгт  хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

1.4. Хэргийн  үйл баримтаар  зохигчид 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн бичгээр байгуулсан зээлийн гэрээгээр 25 сая төгрөгийг нэг сарын хугацаатай 6 хувийн хүүтэй,  хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгөөр зээлэхээр тохиролцсон гэрээг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 2 сарын хугацаатай нэг сарын 10 хувийн хүүтэй хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгөөр  өмнөх зээлийн гэрээний тооцоонд үндэслэж шинэчлэн байгуулсан нь  Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т “ гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасантай нийцжээ./хэргийн 3-8 дугаар тал/

1.5 Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282-т тус тус заасны дагуу зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэж,  улмаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Ч.Баасандорж нь зээлдэгч Ж.Найдандоржийн өмчлөлд 25 сая төгрөгийг шилжүүлсэн, зээлдэгч Ж.Найдандорж нь  шилжүүлэн авсан 25 сая төгрөгийг  бичгээр байгуулсан  дээрх зээлийн гэрээний  үүргийн дагуу 23 800 000  төгрөгийг төлсөн, нэхэмжлэгч уг мөнгийг хүлээн авсан энэ талаар маргаангүй байна. /хэргийн 31, 33, 35, 37, 39, 40, 42-49 дүгээр тал/

1.6.  Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 222 дугаар зүйлийн 222.5, 222.7-д заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч Ч.Баасандорж нь  зээлийн  гэрээний хугацааг хэтрүүлснээс  учирсан хохирлоо арилгуулахаар үүрэг гүйцэтгэгч Ж.Найдандоржоос шаардах эрхтэй талаар зөв дүгнэлт хийж 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний   нэг сарын 6 хувийн хүүгийн 1 500 000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний  5000 000 төгрөг, нийт 6 500 000 төгрөг  дээр үндсэн зээлийн 25 000 000 төгрөгийг нэмж нийт зээлийн гэрээний үүргийн 31 500 000 төгрөг дээр   алдангийн    10 750 000 төгрөгийг нэмээд   нийт 42 250 000 төгрөгөөс  зээлийн гэрээний үүрэгт төлсөн  23 800 000 төгрөгийг  хасаж,  4 850 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 18 450 000 төгрөгийг хариуцагч Ж. Найдандоржоос гаргуулж шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.

1.7 Хариуцагчийн төлөөлөгч  гэрээний үүрэгт 40 850 000 төгрөгийг төлсөн, 17 050 000 төгрөгийг  бэлнээр өгсөн тул илүү төлсөн 15 850 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг болон нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тайлбарыг нь  нотлох, нотлох баримт хэрэгт авагдаагүй энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 Хоёр:

2.1 Хариуцагчийн өмгөөлөгчийн “зээлийн гэрээний үүрэгт 10.000.000 төгрөгийг илүү төлснийг гаргуулах..., .... анхан шатны шүүх тооцооны алдаа гаргаж 8 450 000 төгрөг гэж шүүх хуралдаанд уншсан, 18.450.000 төгрөг гэж шүүхийн шийдвэрт бичсэн нь уншиж танилцуулсан  тоогоо бичгээр гаргахдаа өөрчилсөн... тул шийдвэрт өөрчлөлт оруулах...” агуулгаар  гомдол гаргасныг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2.2 Анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэгчид  илүү 10 000 000 төгрөг  төлсөнд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй гэж гомдол гаргасан хэдий ч  энэ нь зээлийн гэрээнд хамааралгүй болох нь шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдсон,  бэлнээр 10 000 000 төгрөгийг өгсөн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. /шүүх хуралдааны тэмдэглэл/. 

2.3  Анхан шатны шүүх шүүх хуралдаанд шийдвэрийг уншиж сонсгохдоо 8450 000 төгрөгийг гаргуулж...гэж уншсан, шийдвэрийг бичгээр гаргахдаа 18 450 000 төгрөгийг гаргуулж... гэж бичсэн болох нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны бичлэгээр тогтоогдсон хэдий ч 1 гэсэн тоог  орхигдуулж уншсан техникийн алдаанд залруулга хийх хуулийн  зохицуулалтгүйгээс гадна  анхан шатны шүүхийн  бичгээр гаргасан шийдвэрт хийсэн тоо, тооцоолол нь үндэслэлтэй байх тул  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж  шүүх бүрэлдэхүүн тогтов. /бичлэгт хийсэн тэмдэглэл/

2.4  Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 131/ШШ2022/00737  дугаар шийдвэрийг  хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Л.Борын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237200 төгрөгийг  төвлөрсөн төсвийн дансанд хэвээр  үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан  анхан болон давж заалдах шатны шүүх  хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл  зохигч талууд тэдгээрийн өмгөөлөгч нар  давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол  гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Л.НЯМДОРЖ