Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 42

 

Нийслэл дэхь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүгч С.Оюунгэрэл, шүүгч Н.Дамдинсүрэн, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: М Ш ХХК,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Боловсролын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, 

Гуравдагч этгээд: Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын А сургууль, Г ХХК, 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М Ш ХХК-ийн захирал Б.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, хариуцагч Нийслэлийн Өмчийн харилцааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, өмгөөлөгч А.Н, хариуцагч Нийслэлийн Боловсролын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У, А.У, Иргэдийн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарын бичгийн дарга О.Энхжаргал нар оролцов.

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn сайтад нийтлэгдсэн 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Нийслэлийн өмчид Ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын 2014 оноос 2015 оны хичээлийн жилийн түрээсийн гэрээг дүгнэсэн тухай” жагсаалтын 68 дугаарт байгаа Аын М Ш ХХК-д холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоох, Нийслэлийн Боловсролын газрын дарга н.Оы 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн “Арга хэмжээ  авах тухай”   А  сургуулийн захиралд  хүргүүлсэн 

1/636 тоот актыг, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын ажлын хэсгийн ахлагч Б.А 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн гэрээг цуцлах тухай 2/3851 тоот актыг тус тус хүчингүй болгуулах”

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М Ш ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Нийслэлийн өмчийн харилцааны газрын ажлын хэсгийн ахлагч Б.А 2015 оны 6 дугаар сарын 18-ний өдрийн гэрээ цуцлах тухай 2/3851 тоот бүхий захиргааны акт нь:

1.2015 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга н.Тын А/131 тоот “Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын үйл ажиллагааг шалгах ажлын хэсгийн удирдамж”-ийн зорилгод мэргэжлийн байгууллагуудаас санал авч цаашид авах арга хэмжээний саналыг боловсруулах, хууль журмын биелэлтийг хангахгүй байгаа

2.М Ш ХХК-ийн 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр нийслэлийн өмчит ерөнхийн боловсролын сургуулийн байранд цайны газар болон Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр байгуулсан гурван талт түрээсийн гэрээний 10 дугаар зүйлд Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, үйлчлэгчид тус хоолны газраас хордлого авсан нь тогтоогдсон тохиолдолд түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгохоор гэрээнд заасан заалтыг;

3.2015 оны 5 дугаар сарын 07-ний өдрийн “Үдийн цай хөтөлбөр:”-ийг хэрэгжүүлэгч цайны газрын үйл ажиллагаатай танилцсан тухай тэмдэглэлд 1. Түрээсийг төлбөр хугацаанд нь төлөөгүй, 2. Гал тогооны цэвэрлэгээ хангалтгүй их хэмжээний бохирдолтой, 3. Тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ хангалтгүй,

4. Болсон түүхий бүтээгдэхүүний нэр дор хадгалсан,

5.Хүнсний агуулахад гадны эд зүйл хадгалж байсан,

6.Цайны газрын ажилчид дүрэмт хувцас бүрэн бус,

7.Их засвар хийгдээгүй, будаг ховхорсон засвар хийх шаардлагатай цахилгааны монтаж хангалтгүй гал гарах магадлалтай, дотоод зохион байгуулалт маш муу байна,

8.Хүнсний ногоо хатаж муудсан, хөгцөрсөн,

9.Нэг тогооч эмчийн үзлэгт ороогүй, үдийн цайнд тефтель өгдөг боловч технологийн картгүй,

10.Ашиглалтын зардал төлөөгүй гэсэн баримт бичгийн шаардлага хангаагүй тэмдэглэлд үндэслэсэн зэрэг нь захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан галын болон мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр нотлогдоогүй баримт бичгийн шаардлага. Төрийн хяналт шалгалтын тухай болон бусад хууль зөрчин шийдвэр гарган М Ш ХХК-ийн хэвийн үйл ажиллагааг зогсоон эдийн засгийн хохирол учруулж эрх хууль ёсны ашиг сонирхлыг нь ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Мөн нийслэлийн Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

2006 оноос Засгийн газрын 194 тоот тогтоол гарч Үдийн цай хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн цагаас М Ш ХХК А сургуулийг өөрийн төлбөрөөр засаж тохижуулж Үдийн цай хөтөлбөрийг 5 жилийн хугацаанд тасралтгүй хийж байсан. 2014 онд Нийслэлийн Иргэдийн хурлын 65 тоот тогтоолоор нийслэлийн эд хөрөнгийг түрээслэх журам, үлгэрчилсэн загварыг баталсны дагуу Нийслэлийн Засаг даргын захирамж гарч гурвалсан гэрээг Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль аж ахуй нэгжийн хооронд түрээсийн гэрээ байгуулж ажиллахаар зохицуулагдсан байдаг. Үүний дагуу зарлагдсан сонгон шалгаруулалтад М Ш ХХК шалгарч 2014 оны 09 дүгээр сараас 8 сарын хугацаатайгаар А сургуулийн Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан.

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын анхны сонгон шалгаруулалтаар зарласан гэрээ нь 4 дүгээр сарын 25-нд түрээсийн гэрээг дуусгахаар гурвалсан гэрээг байгуулсан байдаг. Гурвалсан гэрээг байгуулахаар тухайн цаг үед түрээсийн гэрээ байгуулж байсан талуудад М Ш ХХК-иас хичээлийн жилийн эхний 6 долоо хоног дуустал энэ хугацаанд түрээсийн гэрээний хугацаа байх ёстой гэсэн шаардлага тавьсан байдаг. Гэтэл өмчийн харилцааны газраас бүх гэрээг 4 дүгээр сарын 25 наар хийсэн шалтгаан нь Сонгуулийн завсар дундын хугацааг хасаж тооцож байгаа гэсэн тайлбар өгсөн байдаг. Түрээсийн гэрээ байгуулагдаад А сургуульд 107 мкв талбайг мкв 8000 төгрөгөөр тооцож 856000 төгрөг цаг хугацаанд нь төлж холбогдох мэргэжлийн байгууллагуудаас ажлын байрны дүгнэлт эрүүл мэндийн дүгнэлт бүрдүүлэн авч үйл ажиллагаагаа хэвийн явуулдаг байсан. Хэвийн явуулж байгаа үйл ажиллагаанд Боловсролын яам, эрүүл мэндийн сайдын 2006 онд хамтарсан тушаалаар батлагдсан Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх журамд заагдсан хүрээнд бага ангийн эцэг эхийн зөвлөлийн дарга хяналт тавьдаг байсан. Үдийн цай хөтөлбөрийг сургууль болон боловсролын  газраас жил   болгон 

Боловсролын яамны сайдад дүгнэлт хүргүүлж, хяналт тавигдах үйл ажиллагаагаар зохицуулагдаж байсан. Уг ажиллаж байх хугацаанд анхны сонгон шалгаруулалтын гэрээ дүгнэгдэхээр нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 4 дүгээр сарын 24-ны өдрийн А131 дугаар тушаалаар ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн зорилго бол Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа нийслэлийн Өмчийн харилцааны байгууллага байр талбайг ашиглаж байгааг гуравласан гэрээгээр дүгнэж цаашид Үдийн цай хөтөлбөрийн түрээсийн гэрээний биелэлтийг дүгнэх байсан. Дараа нь мэргэжлийн байгууллагуудаас санал авч цаашид авах арга хэмжээг боловсруулах, тэгээд хууль журмыг хангахгүй байгаа түрээслэгч нарын гэрээг цуцлах. Сонгон шалгаруулалт зарлах ийм дараалалтай ажиллах ажлын хэсэг байгуулагдсан.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэргэжилтэн, нийслэлийн Захирагчийн албаны мэргэжилтэн, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтэн нараас бүрдсэн ажлын хэсэг байсан. Ажлын хэсэг урьдчилж удирдамжийн зорилгоо шалгалт хийж байгаа байгууллагад танилцуулаагүй шалгалт хийсэн байдаг. Шалгалт хийхдээ шалгалтын бүрэлдэхүүнд байсан хүмүүс бүтцээрээ байгаагүй. Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн, нийслэлийн Өмчийн харилцааны мэргэжилтэн нар байгаад ажлын хэсгийн дүгнэлт гаргах даа 10 зөрчил илэрсэн. Уг 10 зөрчлөөс үндэслэж түрээсийн гэрээг цуцалсан гэсэн дүгнэлт 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гаргасан байдаг.

Уг 10 зөрчил бүхий дүгнэлтэд М Ш ХХК маргаж байгаа. Хууль зүйн үндэслэлгүй шалгалтыг бүрэн гүйцэд хийгээгүй, гаргасан дүгнэлт нь утга агуулгын хувьд зөрчилтэй, гарын үсэг тэмдгээр баталгаажаагүй, арга хэлбэрийн хувьд шалгалт нь тогтоогдоогүй, удирдамжаа танилцуулаагүй, үйл ажиллагааны шалтгаант нөхцөлийг судалж тогтоогоогүй, эрх хэмжээгээ хэтрүүлж нэг талыг баримтлан зөвхөн түрээсийн гэрээг цуцлах эрх хэмжээний хүрээнд Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтийг давхар цуцалсан эрх хэмжээгээ хэтрүүлсэн үндэслэлгүй дүгнэлт буюу тэмдэглэлийг үндэслэж нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын ажлын хэсгийн маргаж байгаа 6 дугаар сарын 15-ны өдрийг захиргааны актаар А сургууль болон нийслэлийн Боловсролын газраас түрээсийн гэрээг цуцлах тухай албан тоот ирснээр хэвийн явагдаж байсан үйл ажиллагааг зогсоосон байдаг. Хэвийн явагдаж байсан үйл ажиллагааг зогсоосноор М Ш ХХК-ийн хууль ёсны эрх ашиг эдийн засгийн хохирлоор болон бусад үйл ажиллагаагаар эрх нь зөрчигдөж байгаа учраас зөрчигдсөн эрхээ үндэслэлгүй гарсан захиргааны актыг хүчин төгөлдөр бус болгосноор эрх сэргээгдэнэ гэж үзэж нэхэмжлэл гаргаж байгаа.

Хавтаст хэрэгт авагдсан ажлын хэсгийн дүгнэлтийн фото зураг нь угаасаа нийслэлийн Өмчийн харилцааны газрын байр нь зориулалтын бус байсан. М Ш ХХК өөрөө засаж тохижуулсан байгаа. Уг тохижуулсан байранд одоо Үдийн цай хөтөлбөрийг үргэлжлүүлж байгаа компани нь хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ утгаараа М Ш ХХК нь эдийн засаг болон нэр төрөөрөө хохирч байгаа. Иймээс үндэслэл бүхий дүгнэлтээр түрээсийн гэрээг цуцлах байсан боловч нийслэлийн Өмчийн харилцааны газрын ажлын хэсгийн 2 хүний бүрэлдэхүүнтэй, нотлох баримтын шаардлага хангаагүй зураг, тухайн компанид холбогдолгүй хэвийн газрын бус зураг оруулж, гэрээг цуцалсан нь эрх ашиг нь зөрчигдөж байна.

2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн вэб сайтад Үдийн цай хөтөлбөрийг дүгнэсэн мэдээллийг тавьж цуцлах үйл ажиллагаа хийгдсэн гэж байгаа хариуцагч 5 байгууллага нь өөрийн эрх хэмжээний хүрээнд тодорхой дүгнэлтүүдийг гаргаж ажлын хэсгийн удирдамжид байгаа мэргэжлийн байгууллагаас ямар санал байгаа, ямар арга хэмжээ авах байсан нь тодорхойгүй, байхгүй байгаа. Хууль журмын биелэлтийг хангахгүй байгаа гэдэг үндэслэлээр гэрээг цуцлахдаа яг юу үндэслэж цуцалсан бэ гэдэг асуудал нь 10 зөрчил дээр тулгуурласан байдаг. 10 зөрчил нь гарын үсэггүй, тамга тэмдэггүй, гараар бичсэн зөрчлийн хуудас цаас байдаг. Уг цаасан дээр М Ш ХХК-ийн захирал Б.А ажлын байран дээрээ байгаагүй гаднаас орж ирэнгүүт удирдамжаа танилцуулаагүй гарын үсгээ зур гэсэн шаардлага тавьсан байдаг. Дүгнэж байгаа ажлын хэсэг гэж ойлгоогүй шалгалтын хүрээнд уг ажил хийгдэж байгаа гэж ойлгосны хүрээнд гарын үсэг зурсан.

Нэг талыг барьж эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж гомдол гаргаж байгаа гол шалтгаан нь хариуцагчаар татсан байгууллагуудын санал дүгнэлтийг үндэслээгүй байдаг. Бид шалгалтын дараа Мэргэжлийн хяналтын газраас очиж лавлахад тухай тухай үед алдаа дутагдлаа залруулж, ажлын байрны үнэлэлт дүгнэлт өгч байсан гэдэг. Уг ажлын хэсгийнхэн шалгалтаар очихдоо тогоочийн дэвтэр, эрүүл мэндийн дэвтэр байхгүй гэсэн үндэслэлүүдийг тавьсан байдаг. Түрээсийн гэрээг цуцлах гэж байгаа бол түрээсийн гурвалсан гэрээнд тусгагдсаны дагуу гурван тал гурвуулаа байлцаж байгаад түрээсийн гэрээг цуцална. Гэтэл гурван талыг байлцуулахгүйгээр түрээсийн гэрээг цуцалсан нь ойлгомжгүй, үндэслэлгүй, утга агуулгын хувьд зөрчилтэй дүгнэлт байна гэж үзэж байна” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сургуулийн захиргаатай гэрээ байгуулан тус цайны газар нь ажилладаг байсан. 2014 оноос нийслэлийн Засаг даргын захирамж гарч нийслэлийн Өмчийн харилцааны газраас сонгон шалгаруулалтын ажиллагааг явуулах болсон. Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримталж буй журам бол Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан Ерөнхий боловсролын сургуулийн "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журам юм. Бид уг үйл ажиллагааг олон жил явуулсан, туршлагатай дээрх журмыг зөрчсөн зүйл байхгүй. Нийслэлийн Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, нийслэлийн Өмчийн харилцааны газраас бидэнд мэргэжлийн заавар, зөвлөгөө өгч байх ёстой. Гэтэл оны эхэнд гэрээ хийлсэн болчхоод оны эцэст гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байна. Ямар нэгэн уялдаа холбоо байдаггүй. Бид зохих мэргэжлийн байгууллагуудаас зохих зөвшөөрлүүдийг авсан. Хийж буй хоол, усанд Мэргэжлийн хяналтын байгууллага лабораторийн шинжилгээг 2 удаа хийхэд хэвийн, зүгээр гэж гарсан.

Дээрх журамд зааснаар үдийн цай хөтөлбөрт бага ангийн эцэг эхийн зөвлөлийн дарга толгойлон эцэг эхийн төлөөлөл, сургуулийн эмч, сургалтын менежер гэсэн бүрэлдэхүүнтэй хяналт тавих хяналтын комисс байгуулагддаг. Энэ комисс тухайн жилдээ 11 удаа шалгалт хийсэн. Бүх зүйл ном, журмын дагуу явдаг, ямар нэгэн зөрчил гардаггүй. Манай 5 жил ажиллаж буй тогтоогчийг ажлын хувцас байхгүй гэсэн байна. Гэтэл хоол бэлдэхдээ нэг ээлжийн хувцас, хоол тараахдаа мөн нэг ээлжийн хувцас өмсдөг. Сургуулийн эмчийн хяналтад байдаг учраас ийм зөрчил гаргадаггүй.

Мөн тогоочийн эрүүл мэндийн дэвтэр байгаагүй гэдэг. Гэтэл бүх эрүүл мэндийн дэвтрүүд байсан. Ямар ч үндэслэлгүйгээр гурвалсан гэрээг дангаараа цуцалсан. Бидний оронд шалгарч очсон газар сонгон шалгаруулалтаар ороогүй. Бид шүүхэд маргаантай байхад дараагийн газарт очлоо гэхэд нь очиж үзэхэд ганц хуушуурын тогоочтой, тоног төхөөрөмжгүй, мэргэжлийн баг байхгүй улмаас 09, 10 дугаар сард хүүхдүүдэд хоол өгөөгүй. Тэгээд уг үйл ажиллагаа маш буруу зүйл болсон.

2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга н.Тын тушаал гарч шалгалтын ажлын бүрэлдэхүүн болон удирдамжийг баталсан. Удирдамжид шалгалт явуулах 10 зүйлийг зааж өгсөн. Энэ удирдамжийн дагуу шалгалт хийсэн бол бүх зүйл хэвийн, зохих ёсоор байсан. Мөн гараар бичсэн тэмдэглэл нь гарын үсэг байдаггүй. Хяналт шалгалтын ажил үндэслэлгүй явагдсан. Улсын Их Хурлын өргөдлийн байнгын хороонд уг асуудлаар өргөдөл гаргасан. Иймд гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байсан гэж үзэж байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Удирдамжийн дагуу шалгалт хийсэн ажлын хэсэг 2015 оны 5 дугаар 07-ны өдөр 10 зөрчил гэх зүйлийг гаргасан М Ш ХХК нь түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлж байсан. Гэтэл үүнийг зөрчил гэж үзсэн. Мөн ашиглалтын зардлыг огт төлөөгүй гэж үзсэн. Гурвалсан гэрээний хавсралтад түрээсийн төлбөрийг графикаар төлнө гэж заасан. Үүний дагуу нийслэлийн Өмчийн харилцааны газар 60 хувийг, сургууль 40 хувийг төлнө гэж зааж өгсөн. Гэтэл ашиглалтын зардлыг маш тодорхойгүйгээр тусгаж өгсөн. Ашиглалтын зардал төлөөгүй байгаа нь М Ш ХХК-ийн буруу биш. Өмч эзэмшигч 2 байгууллага ашиглалтын зардлыг энэ хуваарийн дагуу төл гэсэн графикийг гэрээнд тодорхой зааж өгөөгүй. Сургуулийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж төсөл хэрэгжүүлж буй М Ш ХХК-ийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.

Гал тогоо болон тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ хангалтгүй гэсэн зөрчилд нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлттэй гарсан тохиолдолд энэ байгууллагатай хийсэн гэрээг цуцлах ёстой. Гэтэл ямар нэгэн дүгнэлт гаргалгүйгээр зөвхөн Мэргэжлийн хяналтын байгууллагын нэрийг барьж 5 байгууллагын хамтарсан тушаал гаргасан мэтээр буруу ташаа мэдээлэл өгсөн. Энэ нь илт хууль бус шийдвэр гэж үзэж байна.

Ажлын хэсгийн удирдамжид түрээсийн төлбөр, ашиглалт хамгаалалтын талаар шалгалт хийх ёстой. Мөн үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа тухайн байгууллагад байвал зохих хэмжээний ажлын байрны дүгнэлт, галын аюулгүй байдал, хоол, ундаа үйлдвэрлэлтийн үйл ажиллагааг шалга гэсэн байдаг. Гэтэл нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг дур мэдэн явуулж, өөрсдөө тус байгууллагын нэрийг барьж шийдвэр гаргаж байгаа нь хууль бус байна.

Шийдвэр гаргаж буй төрийн байгууллагын шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, эрх бүхий албан тушаалтныг тодорхой зааж өгсөн байх ёстой. Энэ хуульд заасан шаардлагыг зөрчиж байна. Үүний улмаас нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байна. Мөн шинээр эрх авсан гуравдагч этгээд байгууллагын эрх ашиг зөрчигдөж байна. 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр веб сайтад А сургуулийн гэрээг цуцалсан талаар мэдээлсэн. Гэтэл Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдлийг ирүүлсэн. Энэ мэдэгдлийг дараагийн байгууллагыг сонгон шалгаруулах сонгон шалгаруулалтыг зарласны дараа хүргүүлсэн нь хууль бус байна. Гэрээг цуцалчхаад нэхэмжлэгч байгууллагад огт мэдэгдэлгүй байсаар 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдлийг гардан авсан.

Бодит байдлыг үнэн зөвөөр шалгаагүй. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд төлөвлөгөөт удирдамжийн дагуу шалгалт явуулж буй төрийн захиргааны байгууллага эхлээд шалгалт хийгдэж буй байгууллагад удирдамжаа танилцуулах ёстой. Энэ заалтыг зөрчсөн. Төрийн захиргааны байгууллагын хууль буй ажиллагааны улмаас нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байна.

Дээрх хууль бус шийдвэрийн дагуу нийслэлийн Боловсролын газрын мэдэгдэл, нийслэлийн Өмчийн харилцааны газрын ажлын ахлагчийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн албан бичгүүд хуулийн хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Учир нь илт хууль бус шийдвэрийг үндэслэн мэдэгдэл хүргүүлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын шийдвэр хууль бус гэдэг нь тогтоогдож байна. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “М Ш ХХК-ний захиргааны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч тайлбар гаргаж байна.

1. Нэхэмжпэгч нь нийслэлийн Өмчийн харилцааны газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга буюу тус газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/131 дүгээр тушаалаар батлагдсан ерөнхий боловсролын сургуулийн Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийн үйл ажиллагааг шалгах ажлын хэсгийн даргаар томилогдсон Б.А 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2/3851 дугаар албан бичгийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан асуудал нь Монгол улсын “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргааны харьяалалд хамаарахгүй байх тул шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

2. Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Баянзүрх дүүргийн А сургууль, М Ш ХХК-ийн хооронд нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн байранд цайны газар болон “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгчийн түрээсийн гэрээг 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр байгуулж 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 8 сарын хугацаагаар буюу 2014-2015 оны хичээлийн жилийн хугацаагаар байгуулсан болно. Иймд уг гэрээний хүчин төгөлдөр байх хугацаа дууссан.

3. Дээрх ажлын хэсгийн даргын 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2/3851 дугаар албан бичгээр М Ш ХХК-д түрээсийн гэрээг үргэлжлүүлэн сунгах үндэслэлгүй, гэрээг цуцлах шийдвэр гарсан тухай албан ёсоор мэдэгдсэн болно.

4. 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ажлын хэсгийн үйл ажиллагаатай танилцсан тухай тэмдэглэлтэй М Ш ХХК-ний захирал Б.А танилцаж гарын үсэг зурсан байх бөгөөд уг тэмдэглэлд заасан 10 төрлийн зөрчлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Уг асуудалд нэхэмжлэгч ямар нэг гомдол санал гаргаагүй болно.

5. Нэхэмжпэгч нь  Захиргааны хэрэг   хянан  шийдвэрлэх тухай хуулийн 6, 12 дугаар зүйлд тус тус заасан хуулийн хугацааг хэтрүүлсэн асуудалд шүүх анхаарна уу. Иймд М Ш ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2014 онд нийслэлийн Засаг даргын захирамж гарч Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын үдийн цай хөтөлбөрийг сургуулиудын захирал өөрөө мэдэж сонгон шалгаруулан гэрээгээ байгуулдаг байсныг өөрчлөн олон компаниудын дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлах болсон. Үүнийг нийслэлийн Өмчийн харилцааны газар дангаараа зохион байгуулдаггүй. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын албан хаагчид, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн, Боловсролын газрын Хяналт шинжилгээний мэргэжилтэн, Боловсролын газрын арга зүй хариуцсан мэргэжилтэн, Эрүүл мэндийн газраас эрүүл ахуйч гэсэн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг үйл ажиллагааг зохион байгуулсан. Нийслэлийн өмчийн харилцааны газар өмч хөрөнгөө түрээслүүлэх, түрээсийн орлогыг төвлөрүүлэх, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад хяналт тавих байдлаар оролцдог. Дээрх ажлын хэсгийн бусад байгууллагууд өөрийн мэргэжлийн үйл ажиллагаандаа хяналт тавьж оролцдог мэргэжлийн комисс юм.

2014 оны сонгон шалгаруулалтаар М Ш ХХК түрээслэгчээр сонгон шалгараад 2015 онд түрээслэгчээр ажилласан. Энэ хугацааны түрээсийн гэрээний биелэлтэд хангалтгүй үнэлгээг авч, гэрээ цуцлагдсан. Түрээсийн гэрээний 2.5-д Нийслэлийн өмчийн харилцааны газар түрээсийн гэрээг дангаараа цуцлах эрхтэй болохыг зааж өгсөн байгаа. Шалгалтын явцад түрээсийн гэрээний үүргийг зөрчсөн болох нь тогтоогдсон. Гэрээнд заасан нийслэлийн Өмчийн харилцааны газар гэрээг дангаар цуцлах эрхтэй гэж заасны дагуу гэрээг цуцалсан.

Бидний шалгалтын явц зургаар баталгаажсан. Бид ажлын удирдамж, үнэмлэхээ танилцуулж хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулсан. Тус компанийн захирал Б.А хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсан нь хурлын тэмдэглэлд тусгагдсан. А сургуульд 2 хүн очсон гэдэг нь үгүй юм. Тус сургуульд 5 дугаар сарын 07-ны өдөр ажлын хэсэг бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж дээрх ажиллагааг явуулсан. Шалгалт явагдах үед байгаагүй зүйлүүдийг байгаагүй, байсан бол байсан гэдэг байдлаар гаргасан.

Нэхэмжлэгч компани нь хэрэглэсэн ус, дулаан, цахилгааны мөнгийг ажиллаж эхэлсэн хугацаанаас хойш огт төлөөгүй. Улсын төсвийн хөрөнгөөр өөрийн хэрэглэсэн ус, дулаан, цахилгааны мөнгийг төлүүлж явсан. Түрээсийн гэрээний 2.2-т энэ зардлыг төлөх ёстой гэдгийг зааж өгсөн. Ашиглалтын зардлыг урьдчилан тооцох боломжгүй. Хэрэглэсэн хэрэглээгээр төлбөр төлнө.

Сургуулийн захиралтай холбоотой асуудал бүрэн нотлогдоогүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч А.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн саналыг дэмжиж байна. Нийслэлийн засаг даргын 2014 оны 8 дугаар сарын А/698 тоот захирамжаар ерөнхий боловсролын сургуулийн цайны газруудаар түрээсийн гурвалсан гэрээ байгуулах тухай захирамжийн нэгдүгээр хавтаст хэргээр гэрээг баталсан. Үүний дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн А/131 тоот тушаалаар Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг удирдамжийн хамт тус тус баталж ажиллуулсан. Уг баталсан удирдамжийн дагуу 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ажлын хэсгийн дүгнэлт гарсан байгаа. 10 зөрчилтэйгээр тухайн ажлын хэсэг дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд нэхэмжлэгч компанийн захирал Б.А танилцаж гарын үсэг зурж хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа. Ажлын хэсгийн дүгнэлт дээр тухайн үед ямар нэгэн гомдол санал гаргаагүй, тайлбар бичигдээгүй гэдгийг анхаарахыг хүсэж байна.

Мөн түрээсийн гэрээний хугацаанд ач холбогдол өгч шийдвэрлэхийг хүсэж байна. Тухайн М Ш ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээ нь 2014 оны 9 дүгээр сарын 09-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 07 сарын хугацаатай түрээсийн гэрээ байсан юм. Ажлын хэсэг 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр шалгалт хийж дүгнэлт гаргасан юм. Маргаан бүхий акт болж байгаа Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2/3851 тоот албан мэдэгдлийн хувьд тухайн цаг хугацаанд түрээсийн гэрээ дуусгавар болсон байсан. Гэрээний хугацааны хувьд асуудлыг шийдвэрлэхдээ шүүх бүрэлдэхүүнийг анхаарахыг хүсэж байна. Гурвалсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.4, 2.5-т заасан санхүүгийн төлбөрийн болон ариун цэвэр, эрүүл мэндийн зөрчил илэрсэн, тухайн зөрчил байсан гэдгийг М Ш ХХК-ийн захирал нь хүлээн зөвшөөрсөн. Ингээд энэхүү маргаан бүхий акт бол түрээсийн гэрээ дуусгавар болсноос хойш 01 сарын дараа гарсан юм. Ингээд дээрх зөрчил баримтууд батлагдсан, нотлогдсон түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болсон энэ үндэслэлээр М Ш ХХК-тай цаашид гэрээг сунгах болон гэрээг үргэлжлүүлэх боломжгүй гэрээ дуусгавар болсон.

Нэмж хэлэхэд 2015 оны 8 дугаар сараас өнөөдрийг хүртэл 2 жилийн хугацаанд хэлэлцэгдэж байгаа. Нийт 6 удаагийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн. Яг юу даалгах гэж байгаа нь маргаан бүхий актаас бусад нь тодорхой бус байна. Нийслэлийн засаг даргын захирамж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын тушаал, ажлын хэсгийн дүгнэлт, албан тоот мэдэгдэл зэрэг баримтууд хууль зүйн үндэслэлтэй, зохих журмын дагуу гарсан юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Хариуцагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хот ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “М Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагын гэрээг цуцлах тухай дүгнэлт, актыг хүчингүй болгох захиргааны хэрэгт хамтран хариуцагчаар татагдсан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж тодруулга хийхдээ Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба дүгнэлт гаргасан захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлжээ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т захиргааны актыг нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг; энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг захиргааны актад хамааруулна гэж заажээ.

Дээрх тодорхойлолтод заасан захиргааны байгууллага, албан тушаалтны амаар, бичгээр гаргасан шийдвэр зэргийг тус албаны зүгээс гаргаагүй бөгөөд М Ш ХХК-тай ямар нэгэн гэрээ хийж эрх зүйн харилцаанд ороогүй болно. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Нэхэмжлэлийг тухайн захиргааны акт гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны харьяалах захиргааны хэргийн шүүхэд гаргана гэж заажээ. Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/698 дугаар захирамжаар Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээ байгуулахыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгаж уг захирамжийн дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга ажлын хэсэг байгуулж гэрээг дүгнэх удирдамжийг 2015 оны А/31 дүгээр тушаалаар баталжээ. Тушаал, удирдамжийн дагуу ажпын хэсэг ажиллаж, санал дүгнэлтээ гарган нэхэмжлэгчид хүргүүлсэн байна. 

Мөн Нийслэлийн Өмчийн харилцааны газрын цахим хуудсанд тавигдсан 1 мэдээлэлд манай байгууллага хариуцлага хүлээх үндэслэлгүй юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба өөрийн чиг үүргийн дагуу хэрэгжүүлж буй ажлын эдээ тайланг өөрийн байгууллагын цахим хуудсаар нийтэд мэдээлдэг болно. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон IХ хэмжээний хүрээнд байгууллагын эрх баригч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Боловсролын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хамтарсан ажлын хэсэг нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад олгож буй Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилт болон сургуулийн цайны газрыг түрээслэн үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн 2014-2015 оны хичээлийн жилийн түрээсийн гэрээний үүргийн хэрэгжилтийг 2015 оны 5 дугаар сард дүгнэсэн.

Дээрх ажлын хэсгийн дүгнэлтээр сургуулийн цайны газрыг түрээслэн үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий түрээслэгч нар нь гал тогооны ариун цэвэр хангалгүй, хүнсний бүтээгдэхүүн нь эрүүл ахуй, аюулгүй байдлын шинжилгээгүй, хоол үйлдвэрлэл норм, стандарт мөрддөггүй, сурагчдад үйлчлүүлэхийг хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг зэрэг болон гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөн байх тул түрээсийн гэрээг цуцлахаар Нийслэлийн Өмчийн харилцааны газраас шийдвэрлэсэн.

Иймд нийслэлийн Төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн захирал нь өмч эзэмшигчийг төлөөлж байгаа тул түрээсийн гэрээг цуцалсан нэр бүхий түрээслэгч нартай тухайн сургуулийн дансанд бүртгэлтэй гал тогооны тоног төхөөрөмж, бусад тавилга хэрэгслийг хүлээлцэж, хүлээлцсэн тухайгаа баримтаар баталгаажуулж, гал тогоо хоолны заалыг битүүмжлэн лацдах арга хэмжээ авахыг Нийслэлийн Боловсролын газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1/636 дугаар албан бичгээр нэр бүхий сургуулийн захирал нарт мэдэгдсэн.

Гэвч энэхүү мэдэгдэл нь түрээсийн гэрээг цуцалсан акт бус гэрээ нэгэнт цуцлагдсан байх тул сургуулийн захирал нарт хэрхэн ажиллах талаар заавар өгсөн болно. Түрээсийн гурвалсан гэрээг нийслэлийн Өмчийн харилцааны газар дангаараа цуцлах эрхтэй ба нийслэлийн Боловсролын газар нь түрээсийн гэрээг байгуулах болон цуцлах эрхгүй болно.

Нэр бүхий 4 байгууллагын ажлын хэсэг дүгнэлт гаргасан. Уг ажлын хэсгийн дүгнэлтээр М Ш ХХК-ийн уг зөрчлүүд илэрсэн учраас түрээсийн гэрээг цуцалсан байдаг. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирал нь тухайн сургуулийн барилга байгууламжийн эзэмшигч байдаг учраас өмч эзэмшигчийг төлөөлж байгаа тул М Ш ХХК-ийн гал тогооны тавилга, хэрэгслийг хүлээлцсэн тухайгаа баримтаар баталгаажуулж ирүүлэхийг Нийслэлийн боловсролын газрын дарга 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/636 тоот албан бичгээр хүргүүлсэн байдаг. Энэхүү албан бичгээр тус сургуулийн захиралд хандсан мэдэгдэл нь нэгэнт гэрээ цуцалсан байх тул сургуулийн захирал нар хэрхэн яаж ажиллах талаар заавар зөвлөмж өгсөн албан бичиг байсан.

Түрээсийн гурвалсан гэрээнд зааснаар нийслэлийн Боловсролын газар нь түрээсийн гэрээг цуцлах, байгуулах эрхгүй юм. Гурвалсан гэрээ нь сургуулийн захирал аж ахуй нэгж, Нийслэлийн өмчийн харилцааны газартай хамааралтай Нийслэлийн боловсролын газар хамаарах эрхгүй хэрэг байгаа.

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага тодруулж байна гэж ойлголоо. Үүнээс хархад Нийслэлийн боловсролын газар М Ш ХХК-ийн ямар эрх ашгийг зөрчиж, ямар эрх ашиг нь сэргэх гэж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсангүй гэж ойлгож байна.

Иймээс нийслэлийн Боловсролын газарт холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагч нийслэлийн Эрүүл мэндийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүхэд ирүүлсэн талбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Өмчийн Харилцааны Газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн А/131 дүгээр тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу Нийслэлийн Эрүүл Мэндийн газрын мэргэжилтэн 131 дүгээр тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу Нийслэлийн Эрүүл Мэндийн газрын мэргэжилтэн Н.М миний бие тухайн ажлын хэсэгт орж ажилласан.

            Ажиллах явцдаа цэврийн тухай” хууль,”Хүнсний тухай” хууль, Засгийн газрын 2006 оны 194 дүгээр тогтоол, “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал, MNS CAC RCP 39:2011 стандарт, Боловсрол соёл шинжлэх ухааны сайд,Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2006 оны 379/341 дүгээр тушаал, Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2010 оны 45, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 207-р тушаалууд эрх зүйн актуудыг тус тус үндэслэл болго 2013 оны 207-р тушаалууд эрх зүйн актуудыг тус тус үндэслэл болгон Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын тушаалаар баталсан ажлын удирдамжийн 4 дэх зүйлийн 2-д заасан Цайны газрын үйл ажиллагаа болон Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэнд үнэлгээ хийсэн.

            Баянзүрх дүүргийн А хичээлийн байранд үйл ажиллагаа явуулж буй М Ш ХХК-ийн цайны газар нь сургуулийн хүүхдийн үдийн хоол бэлтгэх эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй, бохир, чийглэг, хөгц, мөөгөнцөртэй, хүнсний ногооны агуулахгүй, өндөг хөргөгчид хадгалаагүй, хүнсний ногоонууд муудаж хөгцөрсөн, агааржуулалт байхгүй, тохижилт үйлчилгээ хийгээгүй, шал нь цэвэрлэгээ хийх боломжгүй, хувцас солих өрөөгүй, ажлын өрөөн нь эмх цэгц байхгүй, хүнсний агуулах нь чийглэг болон температур хэмжигч байхгүй гурил будаа зэрэг бүтээгдэхүүн нь хөгцрөх нөхцөлд хадгалсан, галын хор болон аюулын гарцын тэмдэглэгээ байхгүй, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, хоолны нэр төрөл цөөн, илчлэг тооцоолол буруу, зарим хоол нь технологийн картгүй, хоолны дээж хадгалах зориулалтын хөргөгчгүй, гадны хувцастай хоол үйлдвэрлэлийн бүсэд чөлөөтэй явж байсан зэрэг маш олон дутагдалтай, халдварт өвчин гарах нөхцөл бүрдсэн, хоолны хордлого гарах өндөр эрсдэл бүхий нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан болно.

2014 онд Нийслэлийн Засаг даргын захирамж гарч Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын үдийн цай хөтөлбөрийг сургуулиудын захирал өөрөө мэдэж сонгон шалгаруулан гэрээгээ байгуулдаг байсныг өөрчлөн олон компаниудын дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлах болсон. Үүнийг нийслэлийн өмчийн харилцааны газар дангаараа зохион байгуулдаггүй. нийслэлийн Өмчийн харилцааны газрын албан хаагчид, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн, Боловсролын газрын Хяналт шинжилгээний мэргэжилтэн, Боловсролын газрын арга зүй хариуцсан мэргэжилтэн, Эрүүл мэндийн газраас эрүүл ахуйч гэсэн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг үйл ажиллагааг зохион байгуулсан. Нийслэлийн өмчийн харилцааны газар өмч хөрөнгөө түрээслүүлэх, түрээсийн орлогыг төвлөрүүлэх, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад хяналт тавих байдлаар оролцдог. Дээрх ажлын хэсгийн бусад байгууллагууд өөрийн мэргэжлийн үйл ажиллагаандаа хяналт тавьж оролцдог мэргэжлийн комисс юм.

2014 оны сонгон шалгаруулалтаар М Ш ХХК түрээслэгчээр сонгон шалгараад 2015 онд түрээслэгчээр ажилласан. Энэ хугацааны түрээсийн гэрээний биелэлтэд хангалтгүй үнэлгээг авч, гэрээ цуцлагдсан. Түрээсийн гэрээний 2.5-д Нийслэлийн өмчийн харилцааны газар түрээсийн гэрээг дангаараа цуцлах эрхтэй болохыг зааж өгсөн байгаа. Шалгалтын явцад түрээсийн гэрээний үүргийг зөрчсөн болох нь тогтоогдсон. Гэрээнд заасан Нийслэлийн өмчийн харилцааны газар гэрээг дангаар цуцлах эрхтэй гэж заасны дагуу гэрээг цуцалсан.

Бидний шалгалтын явц зургаар баталгаажсан. Бид ажлын удирдамж, үнэмлэхээ танилцуулж хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулсан. Тус компанийн захирал Б.А хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсан нь хурлын тэмдэглэлд тусгагдсан. А сургуульд 2 хүн очсон гэдэг нь үгүй юм. Тус сургуульд 5 дугаар сарын 07-ны өдөр ажлын хэсэг бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж дээрх ажиллагааг явуулсан. Шалгалт явагдах үед байгаагүй зүйлүүдийг байгаагүй, байсан бол байсан гэдэг байдлаар гаргасан.

Нэхэмжлэгч компани нь хэрэглэсэн ус, дулаан, цахилгааны мөнгийг ажиллаж эхэлсэн хугацаанаас хойш огт төлөөгүй. Улсын төсвийн хөрөнгөөр өөрийн хэрэглэсэн ус, дулаан, цахилгааны мөнгийг төлүүлж явсан. Түрээсийн гэрээний 2.2-т энэ зардлыг төлөх ёстой гэдгийг зааж өгсөн. Ашиглалтын зардлыг урьдчилан тооцох боломжгүй. Хэрэглэсэн хэрэглээгээр төлбөр төлнө.

Сургуулийн захиралтай холбоотой асуудал бүрэн нотлогдоогүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагч нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/698 дугаар захирамжаар Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээ байгуулахыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгаж уг захирамжийн дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга ажлын хэсэг байгуулж, гэрээг дүгнэх удирдамжийг 2015 оны А/31 дүгээр тушаалаар баталжээ. “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээ байгуулах ажлын хэсэг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас оролцоогүй. Гэрээ дүгнэсэн гэх мэдээлэл Нийслэлийн өмчийн харилцааны газрын цахим хуудаст тавигдсан нь манай газартай холбоогүй байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт /Захиргааны акт гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар болон бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг.... захиргааны актад хамааруулна/ гэж заасан захиргааны актыг тус газраас гаргаагүй, М Ш ХХК-тай эрх зүйн харилцаанд ороогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Нэхэмжлэлийг тухайн захиргааны акт гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны харьяалах захиргааны хэргийн шүүхэд гаргана” гэж заасны дагуу энэхүү маргаанд хариуцагчаар татагдах үндэслэлгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд М Ш ХХК-ийн “Нийслэлийн Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn сайтад  2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр тавигдсан Нийслэлийн өмчит Ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын 2014 оноос 2015 оны хичээлийн жилийн түрээсийн гэрээг дүгнэсэн тухай” жагсаалтын 68 дугаарт байгаа Аын М Ш ХХК-д холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Боловсролын газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А сургуулийн захиралд хүргүүлсэн 1/636 тоот  акт, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын ажлын хэсгийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн гэрээг цуцлах тухай 2/3851 тоот  актыг тус тус хүчингүй болгуулах, М Ш ХХК-ийн үйл ажиллагааг явуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “А сургуулийн Үдийн цай хөтөлбөрийг М Ш ХХК-иар гүйцэтгүүлэхийг нийслэлийн Засаг даргад даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн боловч шүүх хуралдааны явцад уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

“Нийслэлийн Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn сайтад  2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр тавигдсан Нийслэлийн өмчит Ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын 2014 оноос 2015 оны хичээлийн жилийн түрээсийн гэрээг дүгнэсэн тухай” жагсаалтын 68 дугаарт байгаа Аын М Ш ХХК-д холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоолгох, М Ш ХХК-ийн үйл ажиллагааг явуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Нийслэлийн өмчийн харилцааны газраас томилогдсон ажлын хэсэг шалгалтын удирдамжаа танилцуулаагүй, өөрт олгодоогүй эрхийг хэрэгжүүлж хяналт шалгалт явуулсан, гэрээг цуцлах үндэслэл бүрдээгүй, үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан...” гэж тайлбарлан маргадаг. 

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн “Ерөнхий боловсролын сургуулиудын цайны газруудтай түрээсийн гурвалсан гэрээ байгуулан хамтран ажиллах тухай” А/698 дугаар  захирамжийн 1 дэх заалтаар “Ерөнхий боловсролын сургуулийн захирал болон иргэн, аж ахуйн нэгж байгуулагуудын хооронд байгуулсан сургуулийн цайны газрын түрээсийн гэрээг цуцалж, Ерөнхий боловсролын сургуулиудын сурагч, багш ажилчдыг чанар эрүүл ахуйн шаардлага хангасан хоол хүнсээр үйлчлэх, Монгол улсын Засгийн газрын Үдийн цай хөтөлбөрийг ханган ажиллах цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулан сургуулийн захирал, иргэн аж ахуйн нэгж, нийслэлийн Өмчийн харилцааны газартай цайны газрын түрээсийн гурвалсан гэрээ байгуулан хамтран ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргад даалгаж шийдвэрлэсэн байна.

Үүний дагуу нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/131 дүгээр  тушаалаар “Ерөнхий боловсролын сургуулиудын Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлж, буй цайны газрын түрээслэгч нарын 2014-2015 оны хичээлийн жилийн хугацааны түрээсийн гэрээ, Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх, мэргэжлийн байгууллагуудаас санал авч цаашид авах арга хэмжээний саналыг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүний удирдамжийг баталжээ. 

Дээрх тушаалын дагуу байгуулагдсан ажлын хэсэг нь Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн байранд цайны газар болон Үдийн цайны газрын 2014-2015 оны хичээлийн жилийн түрээсийн гэрээг дүгнэж, М Ш ХХК, Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын А сургуультай тус тус байгуулсан Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн байранд цайны газрыг түрээслэн Үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлэгч М Ш ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээг цуцалж,  2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn сайтад мэдээлжээ.

Нийслэлийн өмчийн харилцааны газар, А сургуулийн захирал, М Ш ХХК-ийн хооронд байгуулагдсан “Нийслэлийн өмчит Ерөнхий боловсролын сургуулийн байранд цайны газар болон Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгчийн түрээсийн гэрээ” нь 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаагаар байгуулагдсан бөгөөд гэрээний хугацаа дуусгавар болсон, түүнчлэн уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т “Нийслэлийн өмчийн харилцааны газар нь түрээслүүлэгч болон түрээслэгчээс гэрээний үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж ажиллах”, 2.5-д “Нийслэлийн өмчийн харилцааны газар нь өмч эзэмшигч түрээслэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд гэрээг дангаар цуцлах эрхтэй” байхаар заажээ.   

Ийнхүү Нийслэлийн өмчийн харилцааны газар гэрээнд заасан эрх үүргийн хүрээнд гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш 7 хоногийн дараа буюу 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр М Ш ХХК-тай байгуулсан  гэрээний хэрэгжилтийг дүгнэх зорилгоор хийсэн шалгалтын явцад зөрчил илэрсэн нь “А сургуулийн Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын үйл ажиллагаатай танилцсан тухай тэмдэглэл”,  болон гэрч Д.Агийн мэдүүлгээр нотлогдож байна.

Дээрх байдлуудаас үзэхэд Нийслэлийн өмчийн харилцааны газар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 –т ”Засгийн газраас тусгайлан журамласнаас бусад үл хөдлөх хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг төрийн өмчит хуулийн этгээд эдэлнэ.”, мөн зүйлийн З-т ”Түрээсийн гэрээнд Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасан нөхцөлөөс гадна эд хөрөнгө түрээслүүлэх хугацаа, төлбөр, нөхцөл, хугацаанаас өмнө цуцлах үндэслэл, үүсэх үр дагавар, түүнийг арилгах журмыг заавал тусгана.”, 78 дугаар зүйлийн 2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1/ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах;  4/ орон нутгийн өмчийн эд хөрөнгийн нэгдсэн бүртгэл хөтлөх, эд хөрөнгийн тооллого явуулах ажлыг зохион байгуулах;  7/ нутгийн өмч эрхэлсэн ажилтан буюу албыг шуурхай удирдах” гэж заасны дагуу нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж М Ш ХХК-тай байгуулсан төрийн өмчийн Ерөнхий болоюсролын сургуульд Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр байгуулсан  түрээсийн гэрээг цуцалсныг илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn сайтад  2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр тавигдсан Нийслэлийн өмчит Ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын 2014 оноос 2015 оны хичээлийн жилийн түрээсийн гэрээг дүгнэсэн тухай” жагсаалтын 68 дугаарт байгаа Аын М Ш ХХК-д холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоолгох, М Ш ХХК-ийн үйл ажиллагааг явуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нийслэлийн Боловсролын газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А сургуулийн захиралд хүргүүлсэн 1/636 тоот  акт, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын ажлын хэсгийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн гэрээг цуцлах тухай 2/3851 тоот  актыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Нийслэлийн Боловсролын газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хүргүүлсэн 1/636 тоот албан бичгээр “Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хамтарсан ажлын хэсэг нийслэлийн төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад олгож буй Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилт болон сургуулийн цайны газрыг түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжийн 2014-2015 оны хичээлийн жилийн түрээсийн гэрээний үүргийн хэрэгжилтийг 2015 оны 05 дугаар сард дүгнэж, гэрээнд заасан үүргээ зөрчсөн аж ахуйн нэгжийн түрээсийн гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн. Түрээсийн гэрээг цуцалсан түрээлэгч нартай тухайн сургуулийн дансанд бүртгэлтэй гал тогооны тоног төхөөрөмж, бусад тавилга хэрэгсэлийг хүлээлцэж, хүлээлцсэн тухайгаа баримтаар баталгаажуулж, гал тогоо, хоолны заалыг битүүмжлэн лацдах арга хэмжээ авах”-ыг  А сургуулийн захиралд үүрэг болгожээ.

Мөн Нийслэлийн Өмчийн харилцааны газрын ажлын хэсгийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн гэрээг цуцлах тухай 2/3851 тоот албан бичгээр “... Өмчийн харилцааны газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/131 дүгээр тушаалаар томилогдсон ажлын хэсэг танай үйл ажиллагааг шалгаад түрээсийн гэрээ, болон Үдийн цай хөтөтлбөрийн хэрэгжүүлэхэд мөрдөх журмын 6.3.7 дахь заалтуудыг ноцтой зөрчиж байгаа тул түрээсийн гэрээг цуцлах шийдвэр гаргасан тул 2015 оны 6 дугаар сарын 25-ны дотор нийслэлийн өмчийн эд хөрөнгийг өмч эзэмшигчид актаар хүлээлгэн өгөх”-ийг мэдэгдсэн байна.

        Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002/  3 дугаар зүйлийн 3.1.4-т .”захиргааны акт” гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг; энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг захиргааны актад хамааруулна; гэж тодорхойлсон.

Гэтэл нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан Нийслэлийн Боловсролын газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А сургуулийн захиралд хүргүүлсэн 1/636 дугаар, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын ажлын хэсгийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн гэрээг цуцлах тухай 2/3851 дугаар албан бичгүүд нь хуулийн дээрх тодорхойлолтод нийцээгүй, өөрөөр хэлбэл захиргааны актын шинжийг агуулаагүй байна.

Тодруулбал дээр дурдсан албан бичгүүд нь төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад олгож буй Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилт болон сургуулийн цайны газрыг түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжийн 2014-2015 оны хичээлийн жилийн түрээсийн гэрээний үүргийн хэрэгжилтийг 2015 оны 05 дугаар сард дүгнэж, гэрээнд заасан үүргээ зөрчсөн аж ахуйн нэгжийн түрээсийн гэрээг цуцлахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан төрийн өмчийн эд хөрөнгийг хүлээлцэх талаар холбогдох өмч эзэмшигч буюу А сургуулийн захирал, түрээслэгч аж ахуйн нэгжид мэдэгдсэн эрх зүйн үр дагавар бий болгоогүй, захиргааны байгууллагын дотоод үйл ажиллагааг зохицуулсан шинжтэй акт юм. 

Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т зааснаар Нийслэлийн Боловсролын газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А сургуулийн захиралд хүргүүлсэн 1/636 тоот  акт, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын ажлын хэсгийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн гэрээг цуцлах тухай 2/3851 тоот  актыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106,1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2  дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. 1.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 28 дугаар зүйлийн 2,3, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1,4,7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М Ш ХХК-ийн “Нийслэлийн Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn сайтад  2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр тавигдсан Нийслэлийн өмчит Ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын 2014 оноос 2015 оны хичээлийн жилийн түрээсийн гэрээг дүгнэсэн тухай” жагсаалтын 68 дугаарт байгаа Аын М Ш ХХК-д холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоолгох, М Ш ХХК-ийн үйл ажиллагааг явуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгах”-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан “Нийслэлийн Боловсролын газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А сургуулийн захиралд хүргүүлсэн 1/636 тоот  акт, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын ажлын хэсгийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн гэрээг цуцлах тухай 2/3851 тоот  актыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн тгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АДЪЯАСҮРЭН

                              ШҮҮГЧ                                  Н.ДАМДИНСҮРЭН

                          ШҮҮГЧ                                  С.ОЮУНГЭРЭЛ