Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2016/0173

 

 

 

 

 

 

 

 

“М ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 876 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Д.П нарын гаргасан давж заалдах гомдлоор, “М ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. “М ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“...Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Гэрээ цуцлах тухай 2/3851 тоот актыг хүчин төгөлдөр буст тооцуулах, “Амгалан” цогцолбор сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг “М ш” ХХК-иар ажиллуулахыг даалгуулах, 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн “www.umch.ub.mn сайтад тавигдсан Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын 2014-2015 оны хичээлийн жилийн түрээсийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан актын “М ш” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ. 

Хоёр. Хариуцагч нийслэлийн Өмчийн харилцааны газрын Захиргаа, удирдлагын хэлтсийг төлөөлж тус газрын орлогч дарга Т.Э 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга буюу тус газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/131 дүгээр тушаалаар батлагдсан ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийн үйл ажиллагааг шалгах ажлын хэсгийн даргаар томилогдсон Б.Амаржаргалын 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2/3851 дугаар албан бичгийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан асуудал нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргааны харьяалалд хамаарахгүй байх тул шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Баянзүрх дүүргийн “Амгалан” цогцолбор сургууль, “М ш” ХХК-ийн хооронд нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн байранд цайны газар болон “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгчийн түрээсийн гэрээг 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр байгуулж 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 8 сарын хугацаагаар буюу 2014-2015 оны хичээлийн жилийн хугацаагаар байгуулсан болно. Иймд уг гэрээний хүчин төгөлдөр байх хугацаа дууссан.

Дээрх ажлын хэсгийн даргын 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2/3851 дугаар албан бичгээр “М ш” ХХК-д түрээсийн гэрээг үргэлжлүүлэн сунгах үндэслэлгүй, гэрээг цуцлах шийдвэр гарсан тухай албан ёсоор мэдэгдсэн болно.

2015 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн ажлын хэсгийн явуулсан шалгалтын явцад үйлдсэн зөрчлийн тэмдэглэлтэй “М ш” ХХК-ний захирал Б.Алтанцэцэг танилцаж гарын үсэг зурсан тул уг тэмдэглэлд заасан 10 төрлийн зөрчлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Энэ асуудалд нэхэмжлэгч ямар нэгэн гомдол санал гаргаагүй болно.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 12 дугаар зүйлд тус тус заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн асуудалд шүүх анхаарна уу.

Иймд “М ш” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү” гэжээ.

Гурав. Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Т 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Баянзүрх дүүргийн “Амгалан” цогцолбор сургууль, “М ш” ХХК-ний хооронд байгуулсан “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгчийн түрээсийн гэрээ нь 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл үйлчлэх тодорхой хугацаатай байгуулагдсан болно.

Энэ гэрээний хугацаа дууссаны дараа нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/131 дүгээр тушаалаар томилогдсон ажлын хэсэг 2015 оны 5 дугаар сарын 7-ны өдөр сургууль дээр очиж газар дээр нь үйл ажиллагаатай нь танилцаж дээрх гэрээний 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар “Тэмдэглэл” үйлдэж “М ш” ХХК-д танилцуулахад захирал Б.А нь ямар нэгэн тайлбаргүйгээр хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан болно.

Нэгэнт тус гэрээний үйлчлэх хугацаа дууссан, цаашид үргэлжлүүлэх боломжгүй, үзлэгээр 10-аад төрлийн зөрчил илэрсэн зэрэг нөхцөл байдлыг үндэслэн ажлын хэсгээс “М ш” ХХК-д 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2/3851 дугаар албан бичгээр өгсөн мэдэгдэл нь эрх зүйн үндэслэлтэй гарсан баримт гэж үзнэ” гэжээ.

Дөрөв. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 876 дугаар шийдвэрээр:

“...Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.3, 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М ш” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.  

Тав. Нэхэмжлэгч “М ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Д.П нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: 

“...“М ш” ХХК Баянзүрх дүүргийн “Амгалан” цогцолбор сургуулийн бага ангийн сурагчдын “Үдийн цай” хөтөлбөрийг 5 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа.

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 65 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/698 дугаар захирамж тус тус гарсан.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/698 дугаар захирамж нь Түрээслэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулж, нийслэлийн Өмчийн харилцааны газар, Ерөнхий боловсролын сургуулийн захирал, иргэн, аж ахуй нэгжтэй “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж хамтран ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргад даалгасан байдаг.

Тус компани нь 2014 оны 8 дугаар сард нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтарч зарласан “Үдийн цай” хөтөлбөрийн сонгон шалгаруулах тендерт шалгарч 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр нийслэлийн өмчит Ерөнхий боловсролын “Амгалан” цогцолбор сургууль, нийслэлийн Өмчийн харилцааны газартай “Үдийн цай” хөтөлбөрийг хамтарч хэрэгжүүлэх гуравласан гэрээ байгуулсан.

Уг гэрээний 1.1-д гэрээний нийтлэг үндэслэл нь нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн өмчит Ерөнхий боловсролын сургууль, түрээслэгч нарын хороонд иргэдийн хурал, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйл, Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоол, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 65 дугаар тогтоол, НЭХ-ийг түрээслэх журам, БСШУС, ЭМС-ын хамтарсан 2006 оны 379/341 дүгээр тушаал, Хоолны газрын нийтлэг журам, ЕБС-ийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журам, Нийтээр нь үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал, холбогдох бусад хууль журмыг мөрдлөг болгон ажиллах талуудын хооронд гэрээ байгуулагдсан байдаг.

“М ш” ХХК нь нийслэлийн өмчит “Амгалан” цогцолбор сургуулийн 107 м.кв цайны газрын зориулалтын бус талбайг өөрийн хөрөнгөөр хөрөнгө оруулан цайны газрын зориулалтаар засварласан, төхөөрөмжөө суурилуулан 1 м.кв талбайг 8000 төгрөгөөр тооцож сар бүр түрээсийн төлбөрт 856000 төгрөгийг төлөхөөр үүнээс 60%-ийг НӨХГ-т, 40%-ийг нийслэлийн өмчит сургуульд төлөхөөр гэрээ байгуулан ажиллаж ирсэн.

“М ш” ХХК нь “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэн хамтран ажиллахдаа хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зохих журмын дагуу биелүүлж ирсэн байна.

Үүнд:

- Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн ажлын байрны дүгнэлтээр,

- Онцгой байдлын газрын галын аюулгүй байдлын дүгнэлттэйгээр ажилласан,

- Түрээсийн төлбөрийг гэрээнд зааснаар 60х40%-иар тус тус байгууллагад төлж ирсэн байна.

- Мөн БСШУС, ЭМС-ын 2006 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 379/341 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журмын 1.2-т заасан “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тус сургуулийн 107 м.кв талбайг цайны газрын зориулалтаар, эрүүл ахуйн шаардлага хангахуйцаар засварлан, тохижуулж тоног төхөөрөмжөө суурилуулж, чанарын баталгаатай хүнсний бүтээгдэхүүнээр хангаж ажилласан.

- Тус сургуулийн захирлын 2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 25 дугаар тушаалаар томилогдсон Сургууль, эмнэлгийн захиргаа, сургуулийн эцэг эхийн хорооны төлөөлөл бүхий “Хяналтын комисс” байгуулагдан өдөр тутам тус комиссын хяналтад байж, тэдгээр нь цайны газрын үйл ажиллагаа, хоол хүнс, ариун цэвэр, эрүүл ахуйд цаг тухайд нь үнэлэлт өгч, зохих ёсоор бүртгэл хөтөлж ирсэн байдаг.

- Хоол үйлдвэрлэлийн норм стандартад нийцүүлэн мэргэжлийн тогооч ажиллуулан Хоолны цэсийг 7 хоногоор сургуулийн эмч, тогтооч нараар гаргуулан, хоолны нэр төрлөөр технологийн карт хөтлөн, хоолны дээжийг өдөр бүр авч хадгалан, сургуулийн эмч шаардлагатай устгалыг хийж тэмдэглэл хөтөлж ирсэн байдаг.

- Сургуулийн эмч, захирал, бага ангийн менежер нарт хоолны амталгаа өгч байсан. Тогооч ажилчдадаа эрүүл мэндийн үзлэгт оруулж ямар нэгэн зөрчилгүй ажиллаж ирсэн.

- 2014-2015 оны хичээлийн жилд багш, ажилчид, эцэг эхчүүдийн дунд 2 удаа хоолны амталгаат өдөрлөг зохион байгуулж өндөр үнэлэлт авч байсан.

- Дүүргийн Мэргэжлийн хяналтын газар Эрүүл ахуйн халдвар хамгааллын улсын байцаагч хоолноос дээж авч лобаротарт шинжилгээ байнга хийж хэвийн байна гэж дүгнэсээр ирсэн.

Гэвч нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/131 дүгээр тушаалаар томилогдсон ажлын хэсгийнхэн 2015 оны 5 дугаар сарын 7-ны өдөр нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын удирдамжийн дагуу шалгалт хийсэн. Удирдамжийн дагуу ажилласан ажлын хэсгийнхэн хууль зөрчиж үйл ажиллагаа явуулсан.

- Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын тушаалын дагуу батлагдсан удирдамжаа танилцуулаагүй.

- 2006 оны БСШУЯС, ЭМС-ын хамтарсан 379/341 дүгээр тушаалын “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх журмыг зөрчсөн.

- Бодит байдал үнэн зөв дүгнэлт өгөөгүй.

- Удирдамжид заасан үндсэн чиглэлийн дагуу ажлаа хийгээгүй.

- Эрх хэмжээгээ хэтрүүлэн улсын байцаагчийн эрх эдэлж хууль зөрчсөн ажиллагаа явуулсан.

Учир нь нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсгийн ахлагчийн гаргасан “Түрээсийн гэрээг цуцлах тухай” 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2/3851 дүгээр захирамжилсан шийдвэр нь эрх зүйн үндэслэлгүй байна.

1. Ажлын хэсгийнхэн үндэслэлгүй дараах 10-аад төрлийн зөрчлийн нэр дурдаад тэмдэглэл үйлдсэн.

- Түрээсийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу түрээсийн гэрээг хугацаанд төлдөггүй.

- Гал тогооны цэвэрлэгээ хангалтгүй, их хэмжээний бохирдолтой.

- Тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ хангалтгүй.

- Болсон түүхийн эдийн бүтээгдэхүүн нэг дор хадгалсан.

- Хүнсний агуулахад гадны хувцас эд зүйл хадгалсан.

- Цайны газрын ажилчид зориулалтын хувцас хэрэглэлгүй.

- Цайны газрын байр талбайн засвар үйлчилгээ хангалтгүй, цахилгааны монтажийг норм дүрмийн дагуу хийгээгүй, галын аюулгүй байдал хангаагүй.

- Цайны газрын дотоод зохион байгуулалт хангалтгүй.

- Хүнсний ногооны хадгалалт хамгаалалт зөрчсөнөөс хатаж муудсан.

- Дээжний хөргөгчний ариун цэвэр хангалтгүй.

- Тогооч эрүүл мэндийн үзлэгт ороогүй.

- Мэргэжлийн технологи хоол үйлдвэрлэлийг удирдан явуулдаггүй.

- Сургуульд ашиглалтын зардал төлөөгүй гэх нэр бүхий зөрчлүүд нь хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй бөгөөд хэргийн материалд үгүйсгэх нотлох баримт хангалттай байгааг шүүх бодитой үнэлж үзээгүй.

2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын А/131 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийнхний Удирдамжид заагдсан хийх ёстой ажлын чиглэл нь:

1. Удирдамжийн 4.1-т НӨЭХ-ийг түрээслэх журмын 6.4 дэх хэсгийн дагуу

- Гурвалсан гэрээний биелэлтийг дүгнэх;

- НӨЭХ-ийн ашиглалт хамгаалалтын талаар;

- Түрээсийн төлбөрийг гэрээнд заасан нөхцөлөөр төлж барагдуулсан тухай шалгахаар байгаа ба “М ш” ХХК нь энэ тал дээр ямар нэгэн зөрчилгүй байна. Үүнийг анхаарч үзээгүй

2. Цайны газрын үйл ажиллагаа болон “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар:

- Цайны газарт Мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулан ажилласан эсэх;

- Хоолны газрын мэргэжлийн боловсон хүчний хангалт гэрээний дагуу байгаа эсэх;

- Хоолны газрын ажилтан бүр эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан эсэх;

- Ундны усны шинжилгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн эсэх;

- Сургуулийн дотор орчинд хүүхдийн болон багш ажилчдын эрүүл мэндэд харш хүнсний бүтээгдэхүүн борлуулж байсан эсэх;

- Үдийн цайнд олгож байгаа бүтээгдэхүүний эрүүл ахуй, аюулгүй байдлын шинжилгээ дүгнэлт гаргуулсан эсэх;

- Орон тооны бус хяналтын зөвлөлийн цайны газрын үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар хангалттай дүгнэгдсэн эсэх;

- Долоо хоногийн хоолны цэс, орц норм, технологийн картыг заавар журмын дагуу мөрдөж байсан эсэх;

- Хоолны дээж бүртгэл, амталгаа тогтмолжсон эсэх;

- Хоол хүнсний бүтээгдэхүүний шим тэжээл, илчлэг тооцсон эсэхийг шалгаж үнэлэлт өгч гэрээ дүгнэхээр байна. 

“М ш” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүрэг, удирдамжид шалгахаар заагдсан ажлыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж ирсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байхад нотлох баримтыг бүрэн гүйцэт үнэлээгүй байна.

Дээрх байдлаас үзэхэд НӨХГ-н даргын тушаалаар томилогдсон ажлын хэсгийнхэн тус сургуулийн цайны газрын үйл ажиллагааг шалгахдаа хуулийн дагуу ажлаагүй. удирдамжаа танилцуулаагүй, удирдамжид заасан ажлын хүрээнд бүрэн шалгаагүй, бодит байдалд үнэн зөв дүгнэлт өгөөгүй, тус компанийн цаашид ажиллаж болох бодит нөхцөл байдлыг зөв судлан тогтоолгүйгээр үндэслэлгүй 13 төрлийн зөрчлийн шалтгаан зааж тэмдэглэл үйлдэж, түүнийгээ үндэслэж Гэрээ цуцлах тухай мэдэгдэл өгч, улмаар захирамжилсан хууль бус захиргааны акт гаргаж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөнийг шүүх зөв талаас нь дүгнэж анхаарч үзсэнгүй.

Түрээсийн гэрээний хугацаа дууссан, зөрчил илэрсэн гэх үндэслэлээр ерөнхий дүгнэж цаана нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Үдийн цай” хөтөлбөрийн үйл ажиллагааг орхигдуулж үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн гэж үзэж байна.

Тус компани нь удирдамжид заасан бүх шаардлагыг хангаж ажилласан байгаа нь дараах байдлаар тодорхойлогдоно.

1. Нийслэлийн Өмчийн эд хөрөнгийн ашиглалт хамгаалалтын талаар гэхэд цайны газрын зориулалтаар бус 107 м.кв талбайг өөрийн хөрөнгөөр засварлаж ажилласан бөгөөд цайны газрын тоног төхөөрөмж нь компанийн өөрийн хөрөнгө, 3 удаа хүүхдийн улирлын амралтаар мэргэжлийн хүнээр урсгал засвар хийлгэж байсан. НӨХГ-т түрээсийн төлбөрийг сар бүрийн эхний 10 хоногт багтаан тогтмол төлж байсан.

2. Цайны газарт Мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулан ажилласан байна.

3. Хоолны газрын мэргэжлийн боловсон хүчний хангалт гэрээний дагуу байгаа эсэхэд;

- Тогооч мэргэжилтэй Ш.Нансалмаа, н.Урантулга мэргэжлийн хүмүүсийг ажиллуулж 6 сараар 2 удаа эрүүл мэндийн үзлэгт оруулсан, мөн үйлчлэгч н.Отгонцэцэг, н.Бадамцэцэг, н.Пүрэв-Очир, жолооч Д.Очирбат, цахилгаанчин, эрхлэгч н.Алтанцэцэг нарын 7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан ба бүгд 6 сараар 2 удаа эрүүл мэндийн үзлэгт хамрагдан урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэртэй байсан байна.

4. Ундны усны шинжилгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн эсэхэд;

Дүүргийн МХГ-н эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч удаа дараа ундны болон ахуйн усанд лобортарийн шинжилгээний шалгалт хийж үнэлэлт өгч байсан ба Хүүхдийн хоолноос дээж авч лобортарийн шинжилгээ хийлгэхэд БСШУС, ЭМС-ийн хамтарсан 379/341 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтад заасан үдийн цайгаар авбал зохих хүнсний бүтээгдэхүүний шимт бодис ба илчлэгийн хэмжээг батлах тухай журамд нийцсэн байна гэж дүгнэж байсан.

5. Сургуулийн дотор орчинд хүүхдийн болон багш, ажилчдын эрүүл мэндэд харш хүнсний бүтээгдэхүүн борлуулж байгаагүй.

6. Орон тооны бус хяналтын зөвлөлийн цайны газрын үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар хангалттай дүгнэгдсэн эсэхэд;

- Тус сургуулийн захирал 2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 25 дугаар тушаал гаргаж сургуулийн хүрээнд Хяналтын комиссыг байгуулан өдөр тутамдаа ажлаа шалгуулж ажилласан ба багш, эмч, эцэг эхийн төлөөлөл цаг тухайд нь үнэлэлт өгч, зохих ёсоор бүртгэл хөтөлж ирсэн байна.

7. Долоо хоногийн хоолны цэс, орц норм, технологийн картыг заавар журмын дагуу мөрдөж байсан. Хоолны дээж бүртгэл тогтмолжсон эсэхэд;

- Тус компани хоолны технологийн инженерийг гэрээгээр ажиллуулдаг ба мэргэжлийн тогооч нартай хоолны цэсийг долоо хоногоор сургуулийн эмч, тогооч нарын гаргаж захирлаар батлуулж, хийж байгаа хоолны нэр төрлөөр технологийн карт бичиж, хоолны дээжийг өдөр бүр магадалдаг ба сургуулийн эмч устгал хийж тэмдэглэл хөтөлдөг. Сургуулийн захирал, эмч менежер нарт эхлэн амталгаа өгдөг. 2014-2015 оны хичээлийн жилд сургуулийн багш ажилчид, эцэг, эхчүүдийн дунд 2 удаа хоолны амталгаа зохион байгуулж өндөр үнэлэлт авч байсан.

“М ш” ХХК “Амгалан” цогцолбор сургуулийн бага ангийн сурагчид багш ажилчдын “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллахдаа хууль, холбогдох журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж ирсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд хэргийг бүхэлд нь хянаж үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн, мөн нэхэмжлэлийн зарим шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан зэргээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангагдаагүй болох нь дараах үндэслэлээр тогтоогдож байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны журмаар хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

1.“М ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ анх “Нийслэлийн Өмчийн харилцааны газрын ажлын хэсгийн ахлагч Б.А 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “Гэрээ цуцлах тухай” 2/3851 тоот албан бичгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах”-ыг хүссэн, харин маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэлэлцсэн 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Б.А гарын үсэг бүхий албан бичиг нь гэрээг цуцлах шийдвэр биш, харин гэрээ цуцлагдсан талаарх тус компанид өгсөн мэдэгдэл...” гэж тайлбарласантай холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа “Амгалан цогцолбор сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг “М ш” ХХК-иар хэрэгжүүлэхийг нийслэлийн Засаг даргад даалгах” гэж нэмэгдүүлсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн “www.umch.ub.mn сайтад тавигдсан Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын 2014-2015 оны хичээлийн жилийн түрээсийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан актын “М ш” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нэхэмжлэлийг хувийг 10 дугаар сарын 12-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулан өгсөн, түүнчлэн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдох тайлбарыг хариуцагчаас гаргуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр товлосон шүүх хуралдааныг хойшлуулж байжээ.

Хэрэгт авагдсан баримт, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаагүй байх боловч энэ талаар шүүх хуралдаанд огт хэлэлцэгдээгүй, шүүхийн шийдвэрт ч дүгнэгдээгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн зарим шаардлагыг шийдвэрлээгүй байна.

2. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/698 дугаар захирамжаар Монгол Улсын Засгийн газрын “Үдийн цай” хөтөлбөрийг ханган ажиллах цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулж сургуулийн захирал, иргэн аж ахуйн нэгж болон нийслэлийн Өмчийн харилцааны газартай түрээсийн гуравласан гэрээ байгуулан хамтран ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасны дагуу нэхэмжлэгчтэй байгуулсан 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн түрээсийн гэрээг нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга баталж, тус газрыг төлөөлөн Захиргааны удирдлагын хэлтсийн дарга гарын үсэг зуржээ.

Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Амгалан цогцолбор сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг “М ш” ХХК-иар хэрэгжүүлэхийг даалгах” шаардлагыг нийслэлийн Засаг даргад холбогдуулж гаргасан байх бөгөөд энэ шаардлагын хүрээнд хариуцагчаас ямар шийдвэр гаргуулахыг хүссэн болох, энэ тохиолдолд нийслэлийн Засаг дарга хариуцагч мөн эсэхийг тодруулаагүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага, түүнд холбогдох хариуцагчийг нэхэмжлэгч тодорхойлох эрхтэй ч нэхэмжлэл хангагдах эсэхээс үл хамааран шаардлагыг зөв тодорхойлуулах, нэхэмжлэгч зөвшөөрөхгүй байх тохиолдолд хариуцах этгээдийг хамтран хариуцагчаар татах зэрэг ажиллагааг шүүхээс хийх шаардлагатай.

3. Хэргийг анхан шатны журмаар дахин хянан шийдвэрлэхтэй холбогдуулан нэхэмжлэлийн анхны шаардлага болох “Нийслэлийн Өмчийн харилцааны газрын ажлын хэсгийн ахлагч Б.А 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “Гэрээ цуцлах тухай” 2/3851 тоот албан бичиг захиргааны акт мөн эсэх, магадгүй энэхүү албан бичгийг хүчин төгөлдөр бусад тооцсоноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх үр дагавартай эсэхийг анхаарах ёстой.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2015 оны 6 дугаар сарын 3-ын өдөр www.umch.ub.mn сайтад байршуулсан Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын 2014-2015 оны хичээлийн жилийн түрээсийн гэрээг дүгнэсэн талаарх мэдээлэлд “Амгалан” цогцолбор сургуультай байгуулсан “М ш” ХХК-ийн гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн, мөн 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр байршуулсан “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх түрээслэгчдийг сонгон шалгаруулах урилгад Баянзүрх дүүргийн “Амгалан” цогцолбор сургууль орсон байна.

Түүнчлэн нийслэлийн Боловсролын газраас Баянзүрх дүүргийн 53, 97, болон Амгалан шавь цогцолбор сургуулийн захирал нарт хүргүүлсэн “Арга хэмжээ авах тухай” 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 1/636 дугаар албан бичигт “...ажлын хэсгийн дүгнэлтээр гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөн аж ахуй нэгжийн түрээсийн гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн талаар, мөн гэрээ цуцалсантай холбогдуулж авах арга хэмжээний талаар тус тус мэдэгдээд, өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж ажиллаагүй сургуулийн захирал нарт хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох болохыг анхааруулжээ.

Энэ тохиолдолд нэхэмжлэгчтэй байгуулсан түрээсийн гэрээг түүний хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн дээрх албан бичгээр цуцалсан гэж үзвэл 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс өмнө хийгдсэн эдгээр шийдвэр, ажиллагааг хэрхэн авч үзэх, энэ талаар хариуцагчийн бичгийн болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг ч анхаарах шаардлагатай.

Нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн эсэхэд дүгнэлт өгснөөр шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлага хангагдах болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 876 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН