Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2019/0147

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Ж нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0029 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0029 дүгээр шийдвэрээр: “Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, Ашигт малтмалын тухай уулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.4, 34.6, 34.7, 35 дугаар зүйлийн 35.12 дахь хэсэгт заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 89 дүгээр шийдвэрийн Т ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Т ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-013111 тоот тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашиг малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах шаардлага бүхий Т ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Т” ХХК давж заалдах гомдолдоо: “...тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацаа 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр дуусаж байгаа боловч энэ өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан мэдэгдэл хүргүүлэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл, 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс эхлээд 08 дугаар сарын 19-ний өдөр ажлын 10 өдөр дуусаж байгаа боловч ажлын 10 хоногийн хугацааг хэтрүүлж, 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 7/267 тоот мэдэгдлийг гаргасан байдаг. Уг мэдэгдлийг гаргахдаа Ашигт малтмалын газар хуульд заасан хугацааг хэтрүүлсэн. ....Түүнчлэн дээрх албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн ч уг албан бичгийг “Т” ХХК нь хүлээн аваагүй нь нотлогддог.

... дээрх мэдэгдэл нэхэмжлэгч компанид очоогүй байдаг тул компанийн ерөнхий захирал, хувьцаа эзэмшигч L W-ийг хүндээр өвдсөн гэсэн нотлох баримтыг гаргах өгөх боломжгүй болгосон. ...Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан мэдэгдэл нь нэг талаас тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тохиолдолд төрийн захиргааны байгууллагаас шууд цуцлах бус харин тусгай зөвшөөрлөө хүчинтэй байлгах эзэмшигчийн эрхийг хангах зорилгоор эхлээд цуцлах үндэслэл бүрдсэн болохыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдсэнээр тухайн этгээдээс тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөх боломжоор хангагдах, нөгөө талаас эсхүл хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг тодруулах, байсан бол ирүүлсэн тайлбар, нотлох баримтыг судлан үзсэний дагуу тухайн тусгай зөвшөөрлийг цуцлах эсэхийг шийдвэрлэх хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжийг захиргааны байгууллагаас олгох ёстой байсан боловч нэхэмжлэгчийн хуульд заасан эрхээ эдлэх боломжийг алдагдуулсан. Төрийн захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох, мэдэгдэх ажиллагааг хийгээгүй... иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч хууль хэрэглээний алдаа гаргасныг зөвтгөж шийдвэрлэлээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 89 дүгээр шийдвэрээр “...Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” үндэслэлээр нэхэмжлэгч “Т” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг хүчингүй болгуулахаар “...тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг компанийн албан ёсны хаягаар мэдэгдээгүй нь манай компанийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг зөрчиж байна” гэж маргажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу “Т” ХХК нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй.

Ийнхүү тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуулийн хугацаанд бүрэн төлөх нь тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах нөхцөл болох бөгөөд дээрх хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “...төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно” гэж заажээ.

Үүнээс үзвэл, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн дараа жилийн төлбөрийг олгосон өдрөөс эхлэн тооцон жил бүр урьдчилан төлж, баримтаа төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийг эзэмших эрх нь хадгалагдах учиртай.

Харин тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуулийн хугацаанд бүрэн төлөөгүй бол Ашигт малтмалын тухайн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс тусгай зөвшөөрлийг цуцлах үүрэгтэй байна

Гэтэл нэхэмжлэгч нь 2016 оны 08 дугаар сарын 06-ны дотор төлөх ёстой ээлжит жилийн төлбөрөө өнөөдрийг хүртэл огт төлөөгүй, ийнхүү төлөөгүй шалтгаанаа төрийн захиргааны байгууллагад мэдэгдээгүй үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй, гагцхүү тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн талаар мэдэгдээгүй, үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчид хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх үйл баримттай холбогдуулан маргасан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4-т зааснаар төрийн захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл тогтоогдсон талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлэх, уг баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрөл “цуцлах тухай” мэдэгдлийг хүчингүй болгох, үндэслэлгүй бол “цуцалж”, эдгээр шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх үүргийг хүлээсэн байна.

Хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл, нэхэмжлэгч нь компанийн хаяг өөрчлөгдсөн талаар мэдэгдсэн хүсэлтийг хариуцагч захиргааны байгууллагад хүргүүлсэн боловч хариуцагчаас хаягийн өөрчлөлтийг шинэчлэн бүртгээгүй, үүнтэй холбогдуулан хариуцагчаас тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдэл болон цуцалсан талаарх мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлээгүй нь тогтоогдсон байна.

Гэвч нэхэмжлэгч “тусгай зөвшөөрөл нь цуцлагдах болсон үндэслэл”-ийн талаарх мэдэгдлийг хүлээж аваагүй боловч мэдэгдэлд заасан үндэслэлийг үгүйсгэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, “мэдэгдэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй” төрийн захиргааны байгууллагын буруутай байдал нь хуулийн хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгчийг зөвтгөх үндэслэл болохгүй.

Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан “тусгай зөвшөөрөл нь цуцлагдах болсон үндэслэл” бүрдсэн талаарх мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлж буй зорилго нь төлбөрөө төлөөгүй хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлох боломжийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгосон зохицуулалт болохоос мэдэгдэл авсны дараа төлбөрөө төлнө гэсэн ойлголт биш, харин хүндэтгэн үзэх шалтгаан байсан тохиолдолд тусгай зөвшөөрлийн төлбөрийг нөхөн төлөх боломжтой бөгөөд хуулиар хүлээсэн үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өнөөдрийг хүртэл зөрчсөн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тухайд мэдэгдэл хүргүүлээгүй нь захиргааны байгууллагын буруу боловч тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг буруутгах боломжгүй.

Хэдийгээр нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй шалтгаанаа “...компанийн хувьцаа эзэмшигч Л В хүндээр өвдсөн байсан” гэж тайлбарлах боловч хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл тухайн үед нэхэмжлэгч “Т” ХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал “M” гэх хүн АМГТГ-ын Кадастрын хэлтэст хандан хүсэлт гаргаж байсан[1] төдийгүй “Т” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайд хийх 2015 оны Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг баталж гарын үсэг зурж байсан[2] зэргээс үзвэл, тус компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангадаг байсан этгээд нь зөвхөн хувьцаа эзэмшигч Л В байсан гэдэг нь эргэлзээтэй байна.

Нөгөөтэйгүүр хувьцаа эзэмшигч Л В өвчтэй байсны улмаас компани үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан гэх нөхцөл байдал баримтаар бүрэн тогтоогдоогүй тодруулбал, Альша аймгийн Төв эмнэлгийн өвчний онош гэх баримтаас үзэхэд Л В нь 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байх боловч хэзээнээс хэзээг хүртэл хөдөлмөрийн чадвар алдсан, эмнэлэгт хэвтсэн эсхүл эрүүл мэндийн байдлын улмаас ажлаа эрхлэн явуулах боломжгүй байсан болох нь тодорхойгүй, энэ бүх хугацаанд тасралтгүй өвчтэй байсныг нотлох баримт үгүй байна.

Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл, хариуцагчаас “Т” ХХК-д тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг хүргүүлээгүй хэдий ч нэгэнт нэхэмжлэгч нь төлбөрөө хуульд заасан хугацаанд төлөөгүй, ийнхүү төлбөр төлөөгүй шалтгааныг нотлох хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй нь тогтоогдсон энэ тохиолдолд  “тусгай зөвшөөрөл нь цуцлагдах болсон үндэслэл” бүрдсэн талаарх мэдэгдлийг хүргүүлээгүй гэх үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 89 дүгээр шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй, энэхүү шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасантай нийцсэн байна.

Харин анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ маргаан бүхий акт гарах үндэслэл болсон Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтыг баримтлаагүй, маргааны үйл баримтад хамааралгүй хуулийн зохицуулалтыг баримталсан, мөн нэхэмжлэгч хуулийн этгээдийн хаягийн өөрчлөлтийг Кадастрын хэлтэст бүртгүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан хэргийн оролцогчид маргаагүй байхад Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12 дахь заалтыг тогтоох хэсэгт баримталсан нь буруу байх тул холбогдох өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0029 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай уулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.4, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 89 дүгээр шийдвэрийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Т” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-013111 тоот тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах шаардлага бүхий “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                             Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН

 


[1] Хх-128-130

[2] Хх-61