Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 207/МА2023/00017

 

 2023         02               27                               207/МА2023/00017

 

 

 Н.Эын нэхэмжлэлтэй,

хариуцагч С.Юд холбогдох

иргэний хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2023/00025 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.Эын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Юд холбогдох,

Н.Э миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааж, худал мэдээлэл тараасан гэдгийг тогтоолгох, уг мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгсэл, арга хэлбэрээр нь няцаах үүргийг С.Юд даалгах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Н.Эын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Э, хариуцагч С.Ю, хариуцагчийн өмгөөлөгч М.М, нарийн бичгийн дарга Н.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Эын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э үйлдвэр ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын орлогч дарга Н.Э миний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр иргэн С.Ю Э үйлдвэрийн Ерөнхий захиргааны 2 дугаар байрны 210 тоот өрөөний үүдэнд цаасан дээр бичиж наах, өөрийн Ю Сын нэртэй фэйсвүүк хуудсанд түгээх хэлбэрээр олон нийтэд тарааж, Эрүүгийн хуулийн 13 дугаар бүлгийн 13.14-р зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж О аймаг дахь Цагдаагийн газарт хандаж гомдол гаргасан юм. Гэтэл О аймгийн Прокурорын газраас Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол гарч, миний бие 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хэргийн материалтай танилцаад, нэгэнт эрүүгийн хэрэг биш гэсэн шийдвэр гарсан тул нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. С.Ю нь сүүлийн 3 жилийн хугацаанд удаа дараа миний болон манай удирдлагын багийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан, доромжилж тохуурхсан илт худал мэдээллийг олон нийтэд тарааж байна. 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр С.Ю нь Нийн Э миний нэр дээр хаягласан илт худал мэдээллийг Э үйлдвэрийн Ерөнхий захиргааны 2 дугаар байрны 210 тоот өрөөний үүдэнд цаасан дээр бичиж наах, өөрийн Ю Сын нэртэй фэйсвүүк хуудсанд түгээх хэлбэрээр миний нэр төрд халдсан болно. С.Югийн тараасан мэдээлэлд иргэн Нийн Э гэж миний нэрийг заасан бөгөөд С.Ю бид хоёрын хооронд удирдах, удирдуулах ёсны харилцаанаас өөр, иргэн хоорондын харилцаа байх ёсгүй. Мөн түүний бичсэн Онцгой руу утасдсан, өрөө ариутгана, корона тараах, дарамтлах, шүүхийн нэхэмжлэлээс хорсох, миний корона туссан, корона туссанаа нуусан, эмчилгээний тусламж авсан, хятад вакцин хийлгэсэн гэх мэт ямар ч үндэслэлгүй, нотлогдоогүй худал мэдээллүүдийг бичсэн байсан бөгөөд тухайн бичсэн зүйл дотор бодитой, үнэн мэдээлэл байхгүй. С.Югийн фэйсвүүк хуудасны дагагч нар нь Э үйлдвэр ТӨҮГ- ын ажилтнууд бөгөөд манай үйлдвэрийн газрын ажилтнуудад намайг маш муу хүн, мэдлэггүй, чадваргүй, хүн чанаргүй гэж ойлгуулахаар сүүлийн 2,5 жил гүйтгэж, нэр төр, алдар хүндэд халдаж байгаа үйлдлийг тогтоолгож, нэр төрөө сэргээлгэх хүсэлтэй байна. С.Югийн дээрх үйлдэл нь ухамсартайгаар, санаатай хийсэн үйлдэл юм. С.Югийн бичиж, хананд нааж, фэйсвүүк хуудсаар тарааж, олон нийтэд мэдээлсэн зүйл дотор дараах утга санаа байсан бөгөөд тайлбарыг хаалтанд ар талд нь орууллаа

1.Онцгой руу утасдсан, /Худал гүтгэлэг/

2.Өрөөг нь ариутгана, /Худал гүтгэлэг/

3.Короно тараах нь гэнэ үү, хэн нь тараасан бол доо. /Намайг тараасан гэсэн утгаар оруулсан, би корона тараасан болж олон нийтэд ойлгогдсон./

4.Багахан шиг дарамтлаарай. /Намайг хүн дарамталдаг, аймшигтай хүн гэж олон нийтэд ойлгуулсан/

5.Шүүхэд гаргасан нэхэмжлэлээс минь хорсож байгаа биз дээ. /Атаа жөтөө, уур хорсолтой хүнээр намайг сурталчилсан./

6.Тэвчээрт хязгаар бий шүү. /Би түүний тэвчээрийг барагдтал дарамталдаг, адгийн хүн гэдгийг харуулсан./

7.Иргэн Нийн Эоо гэж том гарчиг тавьсан. /Би С.Ютэй удирдах удирдуулах, дарга ажилтны харьцаатай гэж би ойлгодог. Нотлох баримтаар нотлоно./

8.Та өөрөө хэзээ, хаанаас короно авч өвдсөн бэ? /миний корона вирусын халдвараар өвдсөн талаар энэ хүн яагаад олон нийтэд тараагаад байгаа юм. Хувь хүний нууц хамгаалагдах ёсгүй юу. Үзэл бодол нэрийн доор миний хувийн нууц, өвчлөлтийг олон нийтэд мэдээлж болно гэсэн үг үү./

9.Та нар шиг короно тусаад нуугаад, эмчилгээний тусламж авцгааж гүйгээгүй шүү /Би короннагаар өвдөөд нуусан юм уу, нуусан гэдгийг яаж батлаж байгаа юм. Би тусламж авч болохгүй юу, гэхдээ би тусламж аваагүй, гүтгэлэг, нэр төрд халдсан үйлдэл, баримтаар нотлох ёстой./

10.Хятад вакциныг чинь хийлгүүлсэн ажилтнууд яагаад короно тусаад байгааг мэдээл??? /Би Хятад вакциныг ажилтнуудад хийсэн юм уу. Хятад вакциныг хүчээр хийдэг том албан тушаалтан юм байна л даа би. Ингэж олон нийтэд ойлгуулсан./

11. Манай гэр, зусланг очоод шалгавал яасын, надаас асуучихаж чадахгүй, ийш тийш утасдаж хэл ам хийж явахаар!!! /Би утсаар хэнтэй ч яриагүй гэтэл олон нийтэд намайг арчаагүй аймхай, утасдаад асууж чаддаггүй хүн гэдгийг харуулахыг зорьсон./

12.Намайг өвдчихөөсэй, үхчихээсэй гэж хүсч явна уу??? /Хүнийг өвдөөсэй, үхээсэй гэж хүсч явдаг адгийн хүн гэж олон нийтэд ойлгуулахыг хичээсэн./

13.Өөр шиг чинь хүмүүсийн дарамтаас болж манай гэр бүлд муу зүйл тохиолдвол хэн хамгийн түрүүнд хардагдах бол!!! /С.Югийн гэр бүлд муу юм тохиолдох гээд би түүнийг нь хийх гээд байгаа юм шиг сэтгэгдлийг олон нийтэд тараасан./

14. Та нарын хувийн компанид ажиллаагүй тул намайг янз бүрийн дарамтад бүү оруул. Зүгээр л тайван байлгаж үз!!!!!!!!!!!!!!!! /Ямар дарамт үзүүлсэн нь тодорхойгүй, Хүн дарамталдаг аймшигтай хүн гэж олон нийтэд ойлгуулахыг зорьсон./

Энэ бүхэн миний нэр төр, алдар хүндэд халдсан, худал мэдээлэл тараасан үйлдэл гэж би ойлгож байна.

С.Югийн 2020 онд фэйсвүүк хуудсандаа тарааж байсан мэдээлэлд дүгнэлт хийхэд: Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын удирдлагын /О.Отгонбаяр, Н.Э нар/ маруухан бодлого, дутуу мэдлэг, хүний үнэргүй зан, давруу аашийн балгаар жирийн ажилтан, энгийн иргэн хэрхэн хэлмэгдэж, хавчигдан гадуурхагдаж, шаналан зовж болдогийг нүдээр харж, биеэр мэдэрсэн... гэж,... эхлээд тэдний хувь хүний ур чадвар, мэдлэгийг голж байсан бол, сүүлдээ ядаж хүн чанартай, жаахан ч болов шударга байгаасай гэж хүсэн үзэл бодлоо илэрхийлж эхэлсэн, тэрнээсээ болж зуугдан, сүүлдээ эсэргүүцсээр улс төрийн сонголт хийх зам руу орсон доо. Одоо миний мэдэхийн улам л олон ажилтнууд нэгдэж эсэргүүцэх шинжтэй болж байна.. гэж сүүлийн 2 жилд системтэйгээр, өөрийгөө хэлмэгдсэн хүн болгож, олон ажилтныг миний эсрэг хандуулах, нэр төр, алдар хүндийг гутаах худал мэдээллийг тарааж байна. Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын удирдлага буюу О.Отгонбаяр, Н.Э, Б.Одгарьд нарын баримталж байгаа бодлого буруу, хууль зөрчсөн, тэдний мэдлэг шаардлага хангахгүй, боловсролгүй гэдгийг ямар байгууллага, хэн тогтоосон юм бэ. Удаа дараа олон нийтэд системтэйгээр дээрх агуулгатай мэдээлэл тарааж байгаа нь 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн үйлдлийг санамсаргүй, үзэл бодлоо илэрхийлсэн үйлдэл гэдэгт эргэлзэж байна. Түүний бичсэн зүйл дотор Тэвчээрт хязгаар бий шүү гэсэн заналхийлсэн өнгө аястай өгүүлбэр байгаа. С.Югээс миний нэр төр, алдар хүндэд халдаж байгаа үйлдэл нь анхных биш, үзэл бодлоо нэг удаа илэрхийлсэн үйлдэл биш бөгөөд сүүлийн 2 жил гаран хугацаанд олон нийтэд, ялангуяа Э үйлдвэр ТӨҮГ-ын ажилтнуудад Захиргаа, хүний нөөцийн удирдлага мэдлэггүй, чадваргүй, дарамталдаг, чөлөө өгдөггүй хавчин боодог, хүн чанаргүй гэх мэтээр үзэл бодлоо илэрхийлэх нэрээр худал мэдээллийг тарааж байна. Баримтаар нотлоогүй мэдээлэл бүр нэр төрд халдсан үйлдэл гэж ойлгогддог. Хүний эрхийн үндэсний комиссоос шалгалт хийж, дүгнэлт, зөвлөмж ирүүлсэн. /Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын удирдлага буюу О.Отгонбаяр, Н.Э, Б.Одгарьд нар С.Юг дарамталдаг, хавчин гадуурхдаг үйлдэл тогтоогдоогүй./ Хүнийг худал гүтгэх, гутаан доромжлох, бусдын нэр хүндэд дураараа халдах нь хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээс тэс ондоо ойлголт гэж би дүгнэдэг. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасны дагуу миний нэр төр, алдар хүнд,*ажил хэргийн нэр хүндийг гутааж, худал мэдээлэл тараасан гэдгийг тогтоолгох, уг мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгсэл, арга хэлбэрээр нь няцаах үүргийг С.Юд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна” гэжээ.

Хариуцагч С.Ю шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Н.Эын нэхэмжлэлтэй нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааж, илтэд худал мэдээлэл тараасан гэдгийг шүүхээр тогтоолгох, үүнийгээ няцаалгах-ыг шаардсан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие иргэн Н.Эын нэр хүндэд халдсан, илтэд худал мэдээлэл тараасан гэх хэрэг үйлдээгүй учир түүний шүүхэд хандаж, шаардлага гаргаж байгааг би зөвшөөрөхгүй бөгөөд хуульд нийцэхгүй, үндэслэлгүй гэж үзэж байгаа тул иргэн Н.Эын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүх Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2., 497 дугаар зүйлийн 497.1., 511 дүгээр зүйлийн 511.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Эын хариуцагч С.Юд холбогдуулан гаргасан Н.Э миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааж, худал мэдээлэл тараасан гэдгийг тогтоолгох, уг мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгсэл, арга хэлбэрээр нь няцаах үүргийг С.Юд даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо: Иргэн С.Юд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн № 142/ШШ2023/00025 дугаартай шүүхийн шийдвэрийг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гардан авсан бөгөөд миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хийсэн дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байгаа тул эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Нэг. Хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж заасан бөгөөд Монгол Улсын Иргэний хуулийн шинжлэх ухааны тайлбарт “... Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэдэгт бодит байдалд нийцэхгүй мэдээллийг өөр хэн нэгэн этгээдэд мэдээлсэн байхыг ойлгоно.

Харин тийм мэдээ, мэдээллийг иргэнд өөрт нь мэдээлснийг гутаасан мэдээ тараасан гэж үзэхгүй. Уг мэдээ, мэдээлэл нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, электрон шуудангаар, хурал цуглаан дээр төдийгүй тухайн иргэний ажил байдлын тодорхойлолт, өргөдөл, албан тоотоор буюу амаар өөр этгээдэд хүргэгдсэн байхыг ойлгоно. Өөр нэг л этгээдэд уг мэдээ, мэдээлэл хүргэгдсэн байхад нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэх үндэстэй” гэж заасан байдаг.

С.Ю нь 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Нийн Э миний нэр дээр хаягласан илт худал, бодит бус мэдээллийг Э үйлдвэрийн Ерөнхий захиргааны 2 дугаар байрны 210 тоот өрөөний үүдэнд цаасан дээр бичиж наах, өөрийн “Ю Сын” нэртэй фэйсвүүк хуудсанд түгээх хэлбэрээр миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан үйлдлийг гаргасан.

Энэ үйлдэл нь С.Югийн цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлгээр нотлогддог. Уг мэдүүлэгт “... Э үйлдвэр ТӨҮГ-ын Онцгой штабын тэргүүлэх мэргэжилтэн Э мэргэжилтэн хэлэхдээ танай захиргаанаас гомдол гаргасан гэж хэлэхээр нь тухайн үед миний удирдах дарга О.Отгонбаяр АНУ-руу албан ажлаар явчихсан, Б.Одгарьд дарга ээлжийн амралттай байсан Н.Э дарга л Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрыг удирдаж байсан болохоор би Н.Э даргыг намайг нэгдүгээр хавьтал гэж онцгой руу хэлсэн байх, мөн өрөөнд ариутгал хийлгэх гэж дуудсан байх гэж ойлгосон, ... Н.Э даргыг миний талаар мэдээлэл өгсөн гэж бодоод уг асуудлыг өөрт нь мэдэгдэх гэж цаасан дээр бичиж өрөөнийхээ үүдэнд наасан юм” гэсэн нь бодсон, буруу ойлгосон зүйлээ мэдээлсэн гэдэг нь батлагдаж байна. (И/Х 142/2022/00936/и дугаартай хавтаст хэргийн 59-р хуудас)

Мөн Н.Э миний цагдаагийн байгууллагад өгсөн гэрчийн мэдүүлэгт “... С.Юг ямар нэгэн байдлаар ажлын байрны дарамт шахалт үзүүлээгүй, ... Би С.Югийн нөхрийг корона вирусаар өвдсөн тухай мэдээгүй, амьдаар нь ариутгана гэж хэлээгүй, Онцгой байдал руу утасдаж ямар нэгэн мэдээлэл хэлээгүй, вакцины 3 дахь тунг хийлгэ гэж шахаж шаардаагүй, энэ олон асуудлыг үнэн зөвийг нь шалгуулах хүсэлтэй байна" гэсэн мэдүүлэг гэрчилнэ. (И/Х 142/2022/00936/и дугаартай хавтаст хэргийн 56-57-р хуудас)

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэсэн заалтыг О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх буруу тайлбарлан, дүгнэлт хийсэн.

Хоёр. Үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хийсэн дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байгаа тухайд:

Анхан шатны шүүхийн 2022 оны 142/ШШ2023/00025 дугаартай шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6, 8, 9,10, 11 дахь хэсэгт хийсэн дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Шүүх С.Югийн үйлдлийг итгэл үнэмшилтэй байж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг эдэлсэн гэж дүгнэжээ.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, иргэний хуулийн тайлбарт “... иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан шинжийг агуулаагүй бол иргэний хуулийн 497.2 дахь хэсэгт зааснаар ... хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж, ... ажил хэргийн нэр хүндэд нөлөөлж, үнэлэмжийг доройтуулсан ...” талаар байхгүй, цалин хөлс хасагдсанаар үнэлэмж доройтох, нэр хүндэд нөлөөлөх гэсэн зүйл хуулинд, хуулийн тайлбарт байхгүй болно.

“Э үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын орлогч дарга Н.Э миний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр иргэн С.Ю нь Э үйлдвэрийн Ерөнхий захиргааны 2 дугаар байрны 210 тоот өрөөний үүдэнд цаасан дээр бичиж наах, өөрийн “Ю Сын” нэртэй фэйсвүүк хуудсанд түгээх хэлбэрээр олон нийтэд тараасан бөгөөд тараасан мэдээллийн бодит байдлыг, үнэн гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу нотлож чадаагүй.

Миний бие болон хүний нөөцийн албаны дарга Б.Одгарьд нар С.Югийн даргын хувьд түүнд ажил үүрэг өгч байсан баримт байгаа бөгөөд С.Ю удаа дараа үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалзсан хариу нь бий. (И/Х 142/2022/00936/и дугаартай хавтаст хэргийн 2-р боть, 45-50 дугаар хуудас)

Харин 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр, 2021.02.16-ны өдөр, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр, 2022.12.20-ны өдөр С.Юд албан бичиг, мэдэгдэл, тушаал хүргүүлж, хөдөлмөрийн гэрээ байгуулах, байгуулаагүй тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэхгүй бөгөөд цалин хөлс олгогдохгүй болохыг дахин дахин анхааруулсан боловч өнөөдрийн хүртэл (2023.01.22) “Э үйлдвэр” ТӨҮГ-тай С.Ю нь хөдөлмөрийн харилцаа үүсгээгүй байгаа болно.

Гурав. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тухайд

Монгол Улсын шүүх аливаа шийдвэрийг гаргахдаа зөвхөн хуульд үндэслэж, хуулийг баримтлан ажилладаг, шударга ёсыг тогтоох үүрэгтэй гэж ойлгодог.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 142/1111112023/00025 дугаартай шүүхийн шийдвэр хангаагүй байна.

Иймд Н.Э миний нэхэмжлэлтэй иргэн С.Юд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 142/1111112023/00025 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

                                                           ХЯНАВАЛ:

         1. Давж заалдах шатны шүүх хариуцагч С.Юд холбогдох иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу нэхэмжлэгч Н.Эын гаргасан давж заалдах гомдолд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэв.

         2.Нэхэмжлэгч Н.Э шүүхэд “Н.Э миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааж, худал мэдээлэл тараасан гэдгийг тогтоолгох, уг мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгсэл, арга хэлбэрээр нь няцаах үүргийг С.Юд даалгах” тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч С.Ю “...нэхэмжлэгчийн нэр хүндэд халдсан, илтэд худал мэдээлэл тараасан гэх хэрэг би үйлдээгүй учир шүүхэд хандаж, шаардлага гаргаж байгааг  зөвшөөрөхгүй, хуульд нийцэхгүй, үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

         3. Шүүх нэхэмжлэгч Н.Эын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

          4. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16-д зааснаар хүн бүр итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй боловч аливаа хүний эрх, эрх чөлөө нь бусдын эрх, чөлөөгөөр хязгаарлагддаг.

           5. Хариуцагч С.Ю нь өөрийн ажиллаж буй “Э үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд буюу Захиргаа хүний нөөцийн бодлогын газрын дарга нарын талаар өөрийн санал бодлоо илэрхийлэх эрх нь нээлттэй боловч түүний үзэл бодол, сэтгэгдлээ илэрхийлж буй хэлбэр нь бусдын нэр төр, алдар хүнд, тодорхой нөхцөлд ажил хэргийн нэр хүндийг гутааж болохгүй юм.

          6.Хариуцагч С.Ю нь өөрийн “Ю Сын” цахим хуудсандаа ажиллаж буй байгууллагынхаа удирдлагын талаарх өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн сэтгэгдлийн агуулга нь хариуцагч Н.Эын нэр төр, алдар хүндийг гутаасан гэж үзэх үндэслэлгүй харин хариуцагчийн бичсэн сэтгэгдлийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгч Н.Эын ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэх үндэслэлтэй.

            7. Тухайлбал хариуцагч С.Ю цахим хуудсандаа  “...манай хэлтсийг түр орлон гүйцэтгэгч гэх этгээдийн сүр бадруулсан “мэдэгдэл”-г гэсний дараа ...Жирэмсэн эмийн шээх газраас холдож үзээгүй, аягатай хоолноосоо хэтрэхгүй алсын хараатай хүмүүсийг албан тушаалд томилохгүй байвал, ...HR-н чиглэлээр цэргийн хүнийг яавч ажиллуулах хэрэггүй бололтой, “Цэрэг”-т хатуужил олгох гэж янз бүрийн арга ашигладаг шиг ажилтнаа дэглэх нь сурсан гол чадвар нь...” /2-р хх-ийн 60-р тал/, “...Эрх мэдэлд бохир аргаар хүрсэн дарга нар л тийм муу урхагтай, хөгийн байдаг юмаа. Мэдлэг чадвараараа болсон дарга нарын үг үйлдэл нь шал ондоо. Дээрээ байгаа том даргадаа долигнож бөнжигнөхөөсөө илүү доороо байгаа ажилтнууддаа хүлээн зөвшөөрөгдсөн байдаг юм...” /1-р хх-ийн 23-р тал/” гэж бичиж тараасан сэтгэгдлүүд, түүнд хариу бичсэн бичвэрийн агуулгаас харахад нэхэмжлэгч Н.Э нь “Э үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа хүний нөөцийн бодлогын газрын орлогч даргын албаны чиг үүргээ хэрэгжүүлж явуулахад нь сөргөөр нөлөөлөх үр дагавар үүссэн гэж үзэхээр байна.

          8. Хариуцагч С.Югийн бичсэн дээрх сэтгэгдлийн цахим хуудсанд байршсан хугацаа тодорхойгүй, хэдэн хүнд тархсан болон нэхэмжлэгч Н.Эын сэтгэл санаанд ямар үр дагавар хэрхэн үүсгэсэн нь тодорхой бус энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгчийн анхан шатны шүүхэд  гаргасан “....уг мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгсэл, арга хэлбэрээр нь няцаах үүргийг С.Юд даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ  өөрөө нотолж чадаагүй гэж үзнэ.

          Дээрх байдлаас дүгнэхэд хариуцагч С.Ю нь нэхэмжлэгч Н.Эын ажил хэргийн нэр хүндийг гутаасан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан “...шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэх давж заалдах  гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг хуульд заасны дагуу үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2023/00025 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2., 497 дугаар зүйлийн 497.1., 511 дүгээр зүйлийн 511.1.-т зааснаар хариуцагч С.Юг нэхэмжлэгч Н.Эын ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоож, Н.Э миний нэр төр, алдар хүндийг гутааж, худал мэдээлэл тараасан гэдгийг тогтоох, уг мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгсэл, арга хэлбэрээр нь няцаах үүргийг С.Юд даалгах тухай нэхэмжлэлийн шаадлагын хэрэгсэхгүй болгосугай..., гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч Н.Эын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Б.БАТТӨР

       ШҮҮГЧИД                                            С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ