Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 21

 

      Э.Тунгалагт холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор П.Болормаа,

            цагаатгагдсан этгээд Э.Тунгалаг, түүний өмгөөлөгч Т.Баасанжаргал,

  нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 208 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч, прокурор П.Болормаагийн бичсэн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 18 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Э.Тунгалагт холбогдох эрүүгийн 201626010008 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Баяд овогт Энхбатын Тунгалаг, 1981 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич, инженер мэргэжилтэй, Хилийн цэргийн 151 дүгээр ангид ажилтай, ам бүл 5, эх, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 21 дүгээр гудамжны 2 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:ТБ81110360/,

Э.Тунгалаг нь согтуурсан үедээ 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс 2-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 21 дүгээр гудамжны 2 тоот гэртээ өөрийн нөхөр Х.Галбадрахтай “Архи уулаа гэж толгой руу гараараа цохисон, түшлэгтэй сандалыг авч шидсэн” гэх шалтгаанаар түүнийг хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүзүүн тус газарт нь нэг удаа хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Э.Тунгалагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Тунгалагт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Э.Тунгалагт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Э.Тунгалаг нь бусдад төлөх төлбөргүй, нийт 188 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Тунгалагт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор П.Болормаа тус шүүхэд бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүрэн үнэлээгүй, таамаглалд үндэслэн хэргийг шийдвэрлэсэн, мөн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн байна. Тухайлбал:

1. Шүүхээс цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн дараах зөрчлүүдийг гаргасан байна. Үүнд:

1.1. Шүүхээс насанд хүрээгүй гэрч Г.Саруул-Одыг эхний удаа мэдүүлэг өгүүлэхээр хуралдааны танхимд оруулж ирэхэд тэрээр мэдүүлэг өгөхгүй, асуултанд хариулахгүй байсан. Ингээд түүнийг тусгаарлахгүйгээр танхимд байлгаж байгаад мөн насанд хүрээгүй гэрч Б.Пүрэвдуламаас мэдүүлэг авсныхаа дараа дахин Г.Саруул-Одоос мэдүүлэг авч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 257 дугаар зүйлд заасныг зөрчсөн. Энэ нь шүүх хуралдааны бичлэгээс тодорхой харагдана.

1.2. Цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсгийн заалтыг дурдаагүй мөртлөө удирдлага болгосон зүйл хэсэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгосон нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанаас хэргийг хэрэгсэхгүй болгохдоо гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж дүгнэж хуулийн дээрх заалтын агуулгыг хэрэглэсэн атлаа хуулийн заалтыг тогтоох хэсэгт дурдаагүй байна.

1.3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт “Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно” гэж заасан ба мөн хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт “Шийтгэх ба цагаатгах тогтоол хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор тогтоолын агуулгыг энэ хуулийн ... зүйлд заасны дагуу бүрэн эхээр бичгээр үйлдэж ... гардуулан өгнө” гэж заасныг ноцтой зөрчиж уг цагаатгах тогтоолыг хүчинтэй болсноос хойш 15 хоногийн дараа буюу 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр прокурорт ирүүлсэн байна.

1.4. Шүүх Э.Тунгалагт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт гэж үзэж хэрэгсэхгүй болгон, шүүгдэгчийг цагаатгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгоогүй байна.

2. Хавтаст хэрэгт насанд хүрээгүй гэрч Б.Пүрэвдулам, Г.Саруул-Од нарыг байцаасан тэмдэглэлд мөрдөн байцаагч, ахлах дэслэгч Ж.Батсайхан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 145 дугаар зүйлд зааснаар насанд хүрээгүй гэрч нарт хэргийн талаар мэдэх бүх зүйлээ үнэн зөв мэдүүлэхийн чухалыг болон өөрийн гэр бүлийн гишүүд эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэйг тайлбарлан өгч байцаасан байдаг. Харин цагаатгах тогтоолд дурдсан шиг 16 насанд хүрээгүй гэрчид мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатайгаар худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан сануулсан зүйл байхгүй болно.

3. Түүнчлэн тогтоолд “...шүүгдэгч Э.Тунгалаг нь ... гэх мэдүүлгийг тогтвортой өгдөг ба хэрэг учралын газарт байсан насанд хүрээгүй гэрч Б.Пүрэвдулам, Г.Саруул-Од нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр бусдыг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж санаатай алсан гэсэн санаа зорилго үгүйсгэгдэж, харин аргагүй хамгаалалт хийсэн болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтад бүрэн дүгнэлт хийж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь талийгаач Х.Галбадрах нь шүүгдэгч Э.Тунгалагийг аргагүй хамгаалалт хийх хэмжээнд хүргэсэн чухам ямар үйлдэл хийсэн болох, энэ нь ямар баримтаар тогтоогдож байгаа болох, түүнээс болж Э.Тунгалаг болон түүний ойр дотны хүмүүст ямар аюул заналхийлэл бодитой бий болсон болох, гэмтэж бэртсэн талаар ямар баримт хавтаст хэрэгт авагдсан талаар дүгнэж дурдаагүй орхигдуулсан байна.

Цагаатгах тогтоолд дурдсан асуудал нь хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн баримтуудаар үгүйсгэгдэж байна. Тухайлбал:

- насанд хүрээгүй гэрч Б.Пүрэвдуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...23 цаг өнгөрөөд 00 цаг болох гэж байхад аав ээж хоёр хамт орж ирэхдээ аав нэлээн согтуу ээж арай гайгүй гэхдээ л согтуу байсан ... аав ээж хоёр анх зүгээр эвтэй байсан. Аав ээжид “Миний ханиа хоёулаа унтья” гэж байснаа хэсэг хугацааны дараа тэд хоорондоо хэрэлдээд байсан. Би энэ үед гал тогооны өрөө рүү ороод аяга таваг угаах гээд сууж байсан. Энэ үед аав ээж хоёр нөгөө талын өрөөнд хоорондоо хэрэлдэж маргалдаад зодолдоод л байсан. Нэг мэдсэн чинь аав цус алдчихсан өрөөнөөсөө гарч ирсэн. Тэр үед ээж унтлагын өрөөнд байсан ... гал тогооны өрөөнөөс хэн орж хэрхэн хутга авсныг хараагүй...”  /1хх-45, 48/,

- насанд хүрээгүй гэрч Б.Пүрэвдуламын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2016 оны 1 дүгээр сарын 1-нээс 2-нд шилжих шөнө аав гэрээс гарсан. Орой 23 цагийн үед орж ирсэн. Аавыг орж ирэхэд ээж орон дээр унтаж байсан. Аав согтуу орж ирээд ээжийг зодоод сэрээсэн ... ээж рүү сандал авч шидсэн. Сүүлд нь аав, ээж рүү хутга аваад дайрсан. Аав хутга аваад явахыг би харсан...” гэж зөрүүтэй мэдүүлсэн,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Нямаацэрэн шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй гэрч Б.Пүрэвдуламаас “Ахыг хутга аваад явж байсныг чи яг харсан юм уу” гэж асуухад “Нүдээрээ хараагүй” гэж тус тус мөн адил зөрүүтэй мэдүүлсэн.

Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй гэрч Б.Пүрэвдуламаас “Аавыгаа хутга авсныг харсан уу, чи өөрөө хаана байсан бэ” гэж асуухад “Би гал зууханд буруу хараад зогсож байсан, аав цаашаа хараад явж байсан” гэж, “Хутгаа хаанаа барьж явсан юм бэ” гэхэд хариулаагүй болно.

Шүүгч Л.Баатараас “Аав чинь ямар өнгийн иштэй хутга барьж явсан бэ” гэж асуухад насанд хүрээгүй гэрч Б.Пүрэвдулам “Шар өнгийн иштэй хутга араас нь харагдаж байсан” гэж тус тус хариулж байсан нь мөн адил зөрүүтэй байдаг.                              

Дээрх нөхцөл байдлууд нь шүүх бүрэлдэхүүн хэрэг учралын газарт байсан насанд хүрээгүй гэрч Б.Пүрэвдулам, Г.Саруул-Од нарын илтэд зөрүүтэй байдлаар өгсөн мэдүүлэг болон өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэн хэрэгт авагдсан бичгийн баримтад дүгнэлт хийлгүй, таамаглалд тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн нь харагдаж байна. Энэ нь “Шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

4. Хэрэв шүүхээс насанд хүрээгүй гэрч Б.Пүрэвдулам, Г.Саруул-Од нарын мэдүүлгийг үндэслэн хэргийг шийдвэрлэж байгаа юм бол хэрэгт авагдсан гэрч Б.Оюунгэрэлийн мэдүүлгийг яагаад үнэлээгүй болох талаар дурдаагүй бөгөөд хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Тухайлбал:

- Гэрч Б.Оюунгэрэл нь “...Тунгаа гал тогооны өрөөний шургуулганаас нэлээн том хутга аваад гартаа бариад унтлагын өрөө рүү буцаад орж харагдсан. Тэгэхлээр нь би сандраад “Хүүе миний бие муудаад байна аавыгаа энэ өрөөнд ороод ир, би үхэх гээд байна амьсгал давчдаад байна” гэж Саруул-Одод хэлэхэд Саруул-Од аав ээжийнхээ өрөө рүү орж амжаагүй байхад талийгаачийн хүзүүнээс цус гараад хүзүүгээ баруун гараараа бариад “Миний хань яаж байгаа юм бэ” гээд унтлагынхаа өрөөнөөс гарч ирсэн...” /1хх-44, 70-72/ гэж 2 удаа тогтвортой мэдүүлдэг бөгөөд Э.Тунгалаг нь унтлагын өрөөнд талийгаачтай муудалцсаныхаа дараа гал тогооны өрөөнөөс хутга авч унтлагын өрөө рүү орж талийгаачийг хутгалсан болох нь энэ мэдүүлгээр тогтоогддог.

Энэ талаар насанд хүрээгүй гэрч нар “Тодорхой харж үзсэн зүйлгүй” гэх байдлаар мэдүүлсэн  байдаг.

Мөн гэрч Б.Оюунгэрэлийн дээрх мэдүүлгийг үнэн болохыг нотолж байгаа нэг баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Тунгалаг нь өөрийн өмгөөлөгчийн “Гал тогооны тавилга хаана байдаг вэ, гал тогооны тавилгаас хутга авч байгаа хүн зочны өрөөнд байгаа хүнд харагдах уу” гэсэн асуултад хариулахдаа “Хаалганы наад талд байдаг, харагдана” гэж тодорхой хариулсан хариулт болно.

5. Шүүгдэгч Э.Тунгалаг нь гэртээ нөхөр Х.Галбадрахыг хүзүүн тус газарт нь нэг удаа хутгалж санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог. Үүнд:

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Нямаацэрэнгийн “...намайг 2015 оны 1-2 дугаар сарын хооронд гэрт нь хоноход Тунгалаг эгч гаднаас согтуу орж ирээд охиноосоо болоод хэрүүл хийгээд Галбадрах ах ганц нэг үг хэлсэн чинь салаавч гаргаад, өөрийгөө ална гээд хутга аваад амиа хорлоно гэхэд нь би хутгыг нь аваад салгаж байсан... 00 цаг өнгөрч байхад эгч Мөнхцэцэг над руу яриад Тунгаа эгч Галаа ахыг хутгалчихсан” гэх мэдүүлэг /1хх-38-40/,

- шинжээчийн 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн дүгнэлтэд Х.Галбадрахын гэсэн хумсны дээжүүд дээр цус илрээгүй. Э.Тунгалагийн гэх хумсны дээжүүд дээр цус илэрсэн. Энэ нь В /III/ бүлгийн харъяалалтай хүний цус байна...” гэх дүгнэлт /1хх-85/,

- гэрч Н.Бямбажаргалын “...2016 оны 1 дүгээр сарын 1-ний орой талийгаачийн охин Пүрэвдулам манай гэрт орж ирээд “ээж аавыг хутгалчихлаа” гэж хэлсэн. Талийгаач гал тогооныхоо өрөөнд хүзүү орчмоос нь цус нь олгойдоод байж байсан. Эхнэр нь үүднийхээ хажууд зогсож байсан. Талийгаачийн гэрт талийгаачийн эх Оюунгэрэл, хүү Саруул-Од, охин Пүрэвдулам нар байсан. Хоёулаа нэлээд согтуу байх шиг байсан. Тунгалаг Пүрэвдуламаас үсний боолтыг нь авч үсээ боогоод Саруул-Одод гар утсаа өгөөд чихэнд нь ямар нэгэн зүйл хэлэх шиг болсон ... цагдаа ирэхээр нь би Тунгалаг руу заагаад тэр хүн хутгалсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-41-43, 59-60/,

- Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүгийн төлөөлөгч Э.Бямба-Эрдэнийн илтгэх хуудсанд “...талийгаачийг хутгалагдах үед хамт байсан охин Пүрэвдуламтай уулзаж ярилцахад ... гал тогооны өрөөнд ээж аавын хүзүүг хутгалчихсан байсан би айсандаа хажуу айлын Бямбаа эгчид тэр тухайгаа хэлсэн... Бямбажаргалтай уулзахад “талийгаачийн охин уйлсан орж ирээд ээж аавыг хутгалчихлаа гэхээр нь гэрт нь гүйгээд орсон гэж хэлсэн ... хэргийн газарт очиход талийгаач дээшээ харсан нас барсан байдалтай байсан бөгөөд түүний эхнэр Тунгалаг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай би нөхрөө алчихлаа гээд гэртээ уйлаад сууж байсан...” гэх тэмдэглэл /1хх-18-19/,

- гэрч Б.Оюунгэрэлийн “...2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр 19 цагийн орчим Галаа гаднаас орж ирсэн. “Ээжээ та эм тангаа уусан уу” гэж асуугаад миний эм танг өгчихөөд намайг хэвтэж байхад миний баруун хацар дээр үнсээд “Ээжээ хүү нь гарчихаад Тунгааг олоод ирье” гэж хэлээд гарсан. Оройн 23 цаг дөнгөж өнгөрч байхад гаднаас Галаа Тунгаа 2 хоёулаа хамт орж ирсэн ба гэрт орж ирээд Галаа Тунгаад “Чи ээжийн бие муу байхад гарч орж архи дарс уугаад” гэж хэлсэн чинь Тунгаа урдаас нь хэрэлдэж маргалдаад нэг харсан чинь Тунгаа гал тогооны өрөөний тавилгын шургуулганаас нэлээн том хутга аваад гартаа бариад унтлагын өрөө рүү буцаад орж харагдсан. Тэр 2 миний байсан үүдний гал тогооны өрөөний өөдөөс харсан өрөөнд байсан юм. Тэгэхлээр нь би сандраад “Хүүе миний бие муудаад байна аавыгаа энэ өрөөнд ороод ир би үхэх гээд байна амьсгал давчдаад байна” гэж Саруул-Одод хэлэхэд Саруул-Од аав ээжийнхээ өрөө рүү орж амжаагүй байхад талийгаачийн хүзүүнээс цус гараад хүзүүгээ баруун гараараа бариад “Миний хань яаж байгаа юм бэ” гээд унтлагынхаа өрөөнөөс гарч ирээд гал тогооны өрөөний ширээний арын сандал дээр суугаад 2 гараараа хүзүүгээ бариад “Энэ судсыг бариад өгөөч энийг хардаа” гэж хэлэхэд нь би өвчтэй орон дээрээсээ босож чадахгүй уйлаад орилох гээд хоолой гарахгүй байж байхад Тунгалаг унтлагынхаа өрөөнөөс гараад миний талийгаач хүү дээр очиж цусыг нь тогтоох арга хэмжээ аваагүй. Тунгалагт хандаж “Ханиа чи энийг яаж байгаан бэ, энийг гараараа бариад өгөөч” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1хх-44, 70-72/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, цугларсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Тунгалагийн бие махбодид ямар нэгэн гэмтэл, шарх учраагүй, энэ нь талийгаачийн зүгээс довтолгоон эхлэх гэж байсан, тодорхой болсон гэх нөхцөл байдлыг үгүйсгэж байгаа бөгөөд халдлага бодитой хийгдээгүй байхад зөвхөн шүүгдэгчийн мэдүүлэгт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн ба уг эсэргүүцлээ дэмжиж байна...” гэв.

Цагаатгагдсан этгээд Э.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...цагаатгах тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Надад гал тогооны өрөө рүү орох боломж байгаагүй. Талийгаач над руу сандал авч шидээд, гартаа хутга бариад өөдөөс ирсэн. Түүний хутга барьсан гартай нь ноцолдож байх үед хутга хүзүүнд нь хатгагдсан...” гэв.

Цагаатгагдсан этгээд Э.Тунгалагийн өмгөөлөгч Т.Баасанжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гэрч Б.Оюунгэрэлийн мэдүүлэг үнэн зөв эсэхэд эргэлзээ төрсөн учраас мөрдөн байцаагч, прокуророос түүний сэтгэцийн байдлыг тодруулж, дүгнэлт гаргуулсан гэж үзэж байна. Хэрэг гарах үед хамт байсан охин Б.Пүрэвдулам, хүү Г.Саруул-Од, мөн талийгаачийн зэрлэг, балмад зан араншин, үйлдлүүдийн талаар мэдүүлсэн гэрч П.Отгончулуун, С.Эрдэнэцогт, С.Өлзийбаяр, Д.Агиймаа, С.Эрдэнэцэцэг болон Э.Тунгалагийн мэдүүлэг зэргээс үзэхэд талийгаач нь өөрөөсөө хүч чадал дорой, эдийн засгийн хувьд хараат эхнэр, хүүхдүүдээ байнгын бие махбодь болон сэтгэл санааны хүнд дарамтанд байлгаж байсан нь нотлогддог. Үүнээс гадна талийгаачийн хувийн байдлыг тогтоосон цагдаагийн цахим сангийн мэдээллээс тэрээр амьдралынхаа туршид ямар этгээд байсан нь харагддаг. Эдгээрээс үндэслэн тухайн хэрэг болох цаг хугацаанд урьд байнгын хүчирхийлэлд амьдарсан эмэгтэйд, ахиад нөхөр нь согтуугаар хутга барин дайрах үед түүний өмнөөс гар хоосон эмэгтэй амиа хамгаалан хутгатай гартай нь ноцолдохоос өөр арга байгаагүйг харгалзан үзэхийг хүсье. Мөн прокурорын яллах дүгнэлт болон улсын яллагчийн эсэргүүцэлд “... “Архи уулаа гэж толгой руу гараараа цохисон, түшлэгтэй сандалыг авч шидсэн” гэх шалтгаанаар хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй байгааг нь мэдсээр байж хүзүүн тус газарт нь нэг удаа хутгалж санаатай алсан...” гэж эргэлзээ бүхий байдлаар бичсэн байна. Учир нь хүнийг гараараа цохих, сандал авч шидэх зэрэг идэвхитэй үйлдлийг хийж буй этгээдийг биеэ хамгаалах чадваргүй гэж үзэхэд учир дутагдалтай. Дээрх нөхцөл байдлууд, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Э.Тунгалаг нь талийгаач Х.Галбадрахыг биеэ хамгаалж чадахгүй хэмжээний согтолттой байхад нь санаатайгаар хутгалж алсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдохгүй байх тул анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасны дагуу эргэлзээтэй нотлох баримтад тулгуурлан, гэм буруутайд тооцож, ял шийтгэх хууль зүйн боломжгүй учир энэ үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Э.Тунгалагт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 208 дугаар цагаатгах тогтоолын дүгнэлт нь хэргийн үйл баримттай нийцээгүй, шүүхийн хэлэлцүүлгийг явуулж тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг мөрдөн байцаалтаар тодруулалгүй орхигдуулсан, мөрдөн байцаалт гүйцэт биш хийгдсэн байна.

Прокуророос Э.Тунгалагийг согтуурсан үедээ 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс 2-ны өдөрт шилжих шөнө, … өөрийн гэртээ нөхөр Х.Галбадрахтай “Архи уулаа гэж толгой руу гараараа цохисон, сандал авч шидсэн” гэх шалтгаанаар түүнийг хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүзүүн тус газарт нь нэг удаа хутгалж санаатай алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, түүнийг шүүхэд шилжүүлжээ.

Хавтаст хэргийн материалыг судлахад, шинжээч М.Золжаргалын “...талийгаачийн эрүүний баруун доод хэсэгт 3.0х0.2 см-ийн шарх гэмтэл үүссэн нь зүүн дээрээс баруун доош чиглэсэн урдаас арагшаа чиглэлтэй хатгагдаж зүсэгдсэн байсан. Уг шархны дээд ирмэг мохоо доод төгсгөл нь хурц төгсгөлтэй байна...” гэсэн тайлбар мэдүүлэг байх ба Э.Тунгалаг нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “...талийгаач нөхөр Х.Галбадрах нь над руу хутга бариад дайрсан ... хутга булааж авах гэж ноцолдож байх үед түүний хүзүүнээс цус гарсан...” гэж мэдүүлсэн байна. Энэ мэдүүлэгт дурдсан  үйлдлээр амь хохирогчийн хоолойд хутганы ир нэвтрэх үр дагавар үүсэх эсэхийг шалгаж тогтоох,

Мөн насанд хүрээгүй гэрч Г.Саруул-Од нь шүүхийн хэлэлцүүлэгт “...хутга гал тогооны өрөөнд байсныг аав авсан ... юм хэрчих гэж байгаа юм шиг баруун гартаа бариад унтлагын өрөөнд ороод ээжтэй маргалдаад, зодолдоод байсан. Ээжийг зугтаах гэхэд аав урдаас нь сандал авч шидсэн. Аав хутга аваад явахыг би харсан... ” гэж, насанд хүрээгүй гэрч Б.Пүрэвдулам нь шүүхийн хэлэлцүүлэгт “...аав согтуу орж ирээд ээжийг зодоод сэрээсэн. Би “Боль” гэхэд над руу “Ална” гээд дайрсан. Тэгээд ээж рүү сандал авч шидсэн. Ээжийг зугтаах гэхэд ханан пийшингийн ард зодсон ... сүүлд нь аав ээж рүү хутга аваад дайрсан ба “Чамайг ална шүү” гээд орилоод байсан. Аав ээж хоёр ноцолдоод аав өөрөө хутгандаа орсон байх. Би сайн хараагүй...” /2хх-210-215/  гэж, гэрч Б.Оюунгэрэл нь мөрдөн байцаалтад “...Галаа, Тунгаа хоёр гэрт хамт орж ирээд ... хэрэлдэж маргалдаад байх шиг байсан. Нэг харсан чинь Тунгаа гал тогооны өрөөнөөс нэлээн том хутга аваад гартаа барьчихсан байсан ... тэгтэл Галаагийн хүзүүнээс цус гараад хүзүүгээ баруун гараараа барьчихсан “Миний ханиа яаж байгаа юм бэ” гээд унтлаганыхаа өрөөнөөс гарч ирсэн...” /1хх-44, 70-72/ гэж тус бүрдээ хэрэг болсон үйл явдлын талаар өөр өөрөөр мэдүүлжээ.

Иймд дээрх мэдүүлгүүдийн аль нь үндэслэлтэй болох, мөн гэмт хэргийн газарт байсан эдгээр гэрч нар нь бүгд амь хохирогч болон шүүгдэгчийн төрүүлсэн хүүхэд, төрсөн эх нь бөгөөд тус бүрдээ хохирогч болох нөхцөл байдлыг харгалзан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд болох уг гэмт хэргийг хэн хэрхэн яаж үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг хуульд заасан бусад арга хэрэгслээр, шинжээчийн дүгнэлт, тайлбарт нийцүүлэн үйлдлийн туршилт хийх, эд мөрийн баримт болох хутганд хэний гарын мөр үлдсэн зэргээр шалгаж тогтоох  шаардлагатай байна.

 Анхан шатны шүүх нотлох баримтуудыг бүрэн дүүрэн үнэлж дүгнэж чадаагүй, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийх шаардлагатай байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тул шүүхийн тогтоол үндэслэлгүй болсон гэж үзлээ.

 Мөн шүүгдэгч бусдын үхэлд миний үйлдэл хамааралгүй гэж удаа дараа мэдүүлсэн байхад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан   заалтыг хэрэглэсэн байгаа нь хуулийг буруу ойлгож хэрэглэсэн байна. Иймээс шүүхийн тогтоол хууль ёсны бус болсон гэж үзлээ.

Улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийн гэм буруугийн талаар бичсэн хэсгийг хэлэлцэхгүй орхиж, цагаатгах тогтоолын үндэслэл хуульд нийцээгүй гэсэн заалтыг хүлээн авав.

Давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгон, хэрэгт  нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг прокурорт буцаав.

Хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасантай холбогдуулан Э.Тунгалагт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 208 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Э.Тунгалагт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр, хэргийг мөн дүүргийн шүүхээр дамжуулан, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

2. Прокурор П.Болормаагийн бичсэн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 18 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийн гэм буруугийн талаар бичсэн хэсгийг хэлэлцэхгүй орхиж, цагаатгах тогтоолын үндэслэл хуульд нийцээгүй гэсэн заалтыг хүлээн авсныг дурдсугай.

3. Хэрэг Прокурорын газарт очтол Э.Тунгалагт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЮУНЧУЛУУН

                                ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                         Д.МӨНХТУУЛ