Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 640

 

Д.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 182 дугаар цагаатгах тогтоол, Орхон аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 70 дугаар магадлалтай, Б.М-д холбогдох 1925003410472 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1975 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал суманд төрсөн, 45 настай. эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер, эдийн засагч, нягтлан бодогч, бизнесийн менежер мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Ө овогт Б-ы М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Орхон аймгийн Прокуророос Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, эрүүгийн 1925003410472 дугаартай хэргийг Орхон аймгийн прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Т, Р.Ц нар хамтран гаргасан гомдолдоо “... Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2020 оны 08 сарын 19-ний өдрийн 70 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй гэж үзэж анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө гэж заасантай нийцэхгүй байх ба цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт заасан шийдвэрийн агуулга, гардуулсан шийдвэрийн агуулгатай ноцтой зөрүүгүй ба техникийн шинжтэй хуулийн зүйл хэсгийг андуурч бичсэн байх ба түүнийг давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг гэж бичигдсэн нь техникийн шинжтэй алдаа бөгөөд хэргийн шийдэл буюу хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан шийдвэрээс зөрүүгүй тул ноцтой алдаа гэж үзэхгүй байна.

Хоёр. Дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурьдагдсан “Яллах үндэслэл болж байсан нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл болон үүнийг баталж байгаа нотлох баримтыг дурьдаж чадаагүй” гэх хэсгийг хүлээн авсан нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүх Б.Мд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэхдээ шүүгдэгч “Б.М Орхон аймгийн Хот байгуулалт, барилга захиалагчийн алба орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын ТУЗ-ийн  2016, 2017, 2018, 2019 онуудын баталсан байгууллагын бүтэц орон тоонд байхгүй “Захирлын зөвлөх” гэсэн орон тоонд С.Даваасүрэнг томилж 2016 оны 11 дүгээр сарын 01-нээс 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ажиллуулан цалин олгож, түүнд давуу байдал бий болгосон” гэм буруутай нь нотлогдон тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хийсэн.

Дээрх дүгнэлтдээ үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэснийг удирдлага болгон хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасныг буруутгах боломжгүй.

Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтаар Б.М Орхон аймгийн Хот байгуулалт, барилга захиалагчийн алба орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын ТУЗ-ийн 2016, 2017, 2018, 2019 онуудын баталсан байгууллагын бүтэц орон тоонд байхгүй “Захирлын зөвлөх” гэсэн орон тоонд С.Даваасүрэнг томилж 2016 оны  11 дүгээр сарын 01-нээс 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ажиллуулан цалин олгож, түүнд давуу байдал бий болгосон гэх үйл баримт тогтоогдоогүй. Нэгэнт хэрэгт байгаа нотлох баримтаар шүүгдэгчийн гэм буруутай нь нотлогдоогүй тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан анхан шатны шүүхийн тогтоол хуульд нийцсэн гэж үзнэ.

Мөн дээр дурьдсан үндэслэлээр цагаатгах тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй болно.

Иймд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн  2020 оны 08 сарын 19-ний өдрийн 70 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 14-ний өдрийн 182 дугаартай цагаатгах тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй гэж үзэж анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй ба цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт заасан шийдвэрийн агуулга, гардуулсан шийдвэрийн агуулгатай ноцтой зөрүүгүй. Харин техникийн шинжтэй алдаа буюу хуулийн зүйл, хэсгийг андуурч бичсэн байх ба түүнийг давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг гэж бичигдсэн нь техникийн шинжтэй алдаа бөгөөд хэргийн шийдэл буюу хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан шийдвэрээс зөрүүгүй тул ноцтой алдаа гэж үзэхгүй. Дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдагдсан “Яллах үндэслэл болж байсан нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл болон үүнийг баталж байгаа нотлох баримтыг дурдаж чадаагүй” гэх хэсгийг хүлээж авах үндэслэлгүй. Анхан шатны шүүх Б.Мд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэхдээ шүүгдэгч “Б.М Орхон аймгийн Хот байгуулалт, барилга захиалагчийн алба орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын ТУЗ-ийн 2016, 2017, 2018, 2019 онуудын баталсан байгууллагын бүтэц орон тоонд байхгүй “Захирлын зөвлөх” гэсэн орон тоонд С.Даваасүрэнг томилж 2016 оны 11 дүгээр сарын 01-нээс 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ажиллуулан цалин олгож, түүнд давуу байдал бий болгосон гэм буруутай нь нотлогдон тогтоогдоогүй” гэсэн дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Дээрх дүгнэлтээ үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасныг буруутгах боломжгүй. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 182 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 70 дугаар магадлалыг хүчингүй болгуулах саналтай байна” гэв.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Мд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл цагаатгагдсан этгээд, түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулсан цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож бичсэн нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 70 дугаар магадлал хууль зүйн үндэслэлтэй. Мөн анхан шатны шүүхээс яллах дүгнэлтэд дурдагдсан нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн дүгнэлтийг хангалттай хийж чадаагүй байна” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц, Э.Т нарын гомдлыг үндэслэн Б.М-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Б.М-г нийтийн албан тушаалд буюу Орхон аймгийн Хот байгуулалт, барилга захиалагчийн алба орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар ажиллахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж мөн газрын төлөөлөн удирдах зөвлөлийн 2016, 2017, 2018, 2019 онуудын баталсан байгууллагын бүтэц, орон тоонд байхгүй “Захирлын зөвлөх” гэсэн орон тоонд Саригийн Д-г томилж 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ажиллуулан цалин олгож түүнд давуу байдал бий болгож, тус газарт 44.248.903 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.М-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тус тус зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит байдал болон тухайн хэрэгт холбогдсон хүний гэм бурууг эргэлзээгүй тогтоох үүргийг мөрдөгч, прокурор хүлээдэг бөгөөд хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг хянан хэлэлцэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь нотлогдоогүй, түүнчлэн шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан учир эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, тухайн хэрэгт холбогдсон хүнийг цагаатгах зарчмыг баримтлан анхан шатны шүүх шийдвэрээ гаргасныг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.

Харин давж заалдах шатны шүүх “шүүгдэгчийг цагаатгах болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой тусгаагүй байна” гэж үзэн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон билээ.

2006 онд батлагдсан Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дах хэсэгт “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, “давуу байдал” гэдгийг 3.1.4 дэх хэсэгт “...албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгохоор тус тус заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Хот байгуулалт, барилга захиалагчийн алба” ОНӨҮГ-ын захирлын 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн С.Даваасүрэнг захирлын зөвлөхийн албан тушаалд томилсугай” /1хх 17-18 хуудас/, мөн “Хот байгуулалт, барилга захиалагчийн алба” ОНӨҮГ-ын захирлын 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар /1хх 68 хуудас/ 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн С.Даваасүрэнг хяналтын инженерийн албан тушаалд томилсугай” гэсэн тушаалууд, гэрч Б.Д-ын “... С.Д нь хяналтын инженерээр ажилладаг” гэх мэдүүлэг, хяналтын инженер С.Даваасүрэнгийн амралтын тооцоо, цалингийн фонд /4хх 2, 5, 6 хуудас/, Орхон аймгийн Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨҮГ-ын архивын баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 36-42 хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт болон бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М-г албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлгүй ба албаны эрх ашгийн эсрэг үйлдсэн шинжгүй, мөн хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх сэдэлт, зорилго тогтоогдоогүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь шүүгдэгч Б.М нь албаны эрх ашгийн эсрэг өөртөө хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн гэж үзэх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байх бөгөөд харин 2016 оны Төлөөлөн удирдах зөвлөлөөр баталсан бизнес төлөвлөгөөнд орсон орон тооны бүтцийн дагуу С.Даваасүрэнг ажлын байраар хангаж, хяналтын инженерээр томилж, өөрт нь хуулиар олгогдсон эрхийн хүрээнд С.Д-гийн ажлын туршлага, мэдлэг боловсрол зэргийг харгалзан цалинг нь тогтоожээ. Ингэхдээ 2017, 2018, 2019 онуудад Төлөөлөн удирдах зөвлөлийн баталсан орон тоо бүтэц, цалингийн бүдүүвч сангийн хэмжээнд багтаан мөн зөвлөлөөс өгсөн үүргийн дагуу ажилласныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх цагаатгах тогтоолын тогтоох хэсгийг уншиж сонсгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “... 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг ...” гэж сонсгож, цагаатгах тогтоолд “1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг” гэж бичигдсэн нь техникийн шинжтэй алдаа бөгөөд хэргийн шийдэлд нөлөөлөхгүй тул үүнийг зөвтгөн залруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц, Э.Т нарын хамтран гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 70 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  05 дугаар сарын 14-ний өдрийн 182 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангасугай.

 

ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                     ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                  С.БАТДЭЛГЭР

                                                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН