Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 1040

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч Х.Цэвээнжав, хохирогч А.Б, шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Р.Батцогт, гэрч Х.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Ц.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 1808 00938 0261 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Ц.Т, Монгол Улсын иргэн, .... өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, эцэг, эхийн хамт .... тоотод оршин суудаг, регистрийн дугаар ....., урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ц.Т нь 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 25-14 тоот хашааны гадна иргэн А.Б-ын 300,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung J7” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэж, дээрэмдэн авсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Б овогт Ц.Т нь 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 25-14 тоот хашааны үүдэнд 24 настай, эмэгтэй А.Б-ны 300,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung J7” загварын гар утсыг авахаар түүнийг түлхэж, хавирч унаган хүч хэрэглэж довтолсон” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Ц.Т шүүх хуралдаанд өгсөн: “...Би 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Б-г ажлаас нь очиж авсан. Таксинд суугаад гэр лүү нь явах замдаа би гар утсыг нь гуйж авч ярьсан. Тухайн үед миний утас ярьж болохгүй зурвас л бичиж болж байсан. Тэгээд би өөрийн утаснаас Б-ын гар утас руу нэгж шилжүүлж байгаад утсаар ярьсан юм. Б замдаа таксигаа зогсоогоод найзынх руугаа орсон. Би “таксигаа хүлээлгэж байх уу” гэтэл тэр “таксигаа явуулчих манайх ойрхон” гэж хэлсэн. Тэгээд би Б-г найзынхаасаа гарч ирэхэээр нь хамт яваад гэрийнх нь үүдэнд очоод ”гар утсаа өгч бай” гэхэд “цэнэггүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би найзууд юм чинь юм бодохгүй байх гэж бодоод гар утсыг нь булааж аваад, юм устгачихаад нэг зурвас биччихээд буцаагаад өгсөн...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч А.Б шүүх хуралдаанд өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 7-нд ажил дээрээ байж байтал Т залгаад би гэрт чинь хүргээд өгье гээд байсан. Тэгээд хүн ихтэй байсан тул дуудлагыг нь аваагүй тул Т зурвас илгээсэн байсан. Тэгээд “Саппоро дээр ирсэн байна, хүргээд өгье” гэсэн. Түүний нүд нь сонин болчихсон байсан бөгөөд би түүнээс “уучихсан юм уу” гэж асуухад “үгүй” гэж байсан. Т “утсаар чинь ярьчихаад өгье” гээд өөрийнхөө утаснаас над руу 1,000 нэгж шилжүүлээд ярьсан. Өөрөө нэгжтэй байж над руу нэгж шилжүүлж яриад байсан болохоор сонин санагдааад би утсаа аваад ээж рүүгээ залгасан. Тэгээд би Д руу залгаад гараад ир гэж хэлсэн тул найз маань хашааныхаа үүнэнд зогсож байсан. Т бид хоёр тэнд буугаад, Т 5,000 төгрөгийн тооцоо төлсөн. Би Т-өөс холдож байгаад Д-д “энэ намайг дагаад байна, сонин санагдаад байна” гэхэд “яав л гэж” гэчихээд орчихсон. Т-ийг яв гэхэд явахгүй байсан. Тэгээд манай хашаа руу алхах замд Т “утсаа өгчих” гээд байхаар нь би “цэнэг дууссан” гэж хэлсэн. Гэтэл Т хашааны хаалга алдалж зогсчихоод “танайх нохойтой юу” гэхээр нь би “нохойтой” гэж хэлээд холдуулах гээд гар луу нь түлхтэл Т-ийн царай сонин болоод намайг түлхэж хавираад унагаасан. Тэгээд миний халаасыг ухсан бөгөөд би “цагдаад хэлнэ” гэхэд Т “хохь чинь” гэж хэлсэн. Би уначихаад арай гэж босоход найз Д гарч ирсэн, миний утсыг авчихлаа гэхэд тэрээр Т-ийг зам тосоод бариад авсан юм. Мөн Д-ын ах, эхнэртэйгээ гараад ирсэн байсан. Уг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байсан. Гэтэл Т-ийн ээж нь байн байн гуйгаад байхаар нь би худал мэдүүлэг өгөх шахсан бөгөөд худал мэдүүлэг өгвөл би өөрөө хариуцлага хүлээдэг учир болсон явдлыг үнэн зөвөөр нь мэдүүллээ. Харин ээж нь ажил дээр ирчихээд, ажил хийлгэхгүй уйлаад “худал мэдүүлэг өгүүлэх” гээд ятгаад байсан. Мөн Т сая шүүх хуралдаанд худал мэдүүлэг өгч, түүний өмгөөлөгч намайг мөрдөж мөшгисөн байгаа учир гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг;

3. Гэрч Х.Д-ын шүүх хуралдаанд: “...Би тэр өдөр гэрийнхээ хашаанд мод хагалаад байж байсан бөгөөд намайг гэртээ орох гэж байхад Б “туслаарай, бариад аваарай” гэсэн дуу сонсогдсон. Тэгэхээр нь би хашааны үүдэнд гүйж гарахад Т гэх энэ залуу зугтааж байхаар нь би тосож барьж авсан. Гэтэл Т “май” гээд Б-ны гар утсыг гаргаж өгсөн. Би Т гэх энэ залууг огт танихгүй, ямар нэгэн өс хонзон, өр авлагагүй бөгөөд надад худал мэдүүлэх ямар ч шаардлага байхгүй. Б-ны гэрээс төв зам руу гарахад манай хашааны хажуугаар дайран гардаг тул би Т гэх энэ залууг зугтаах үед нь тосож барьсан юм. Б-ын гэрийн гудамж гэрэлгүй, харин манай гэрийн гудамжнаас эхлээд гэрэлтүүлэг байдаг. Намайг Т гэх залууг барьж авах үед Б хашааныхаа үүдэнд унасан байгаа нь харагдаж байсан. Т-ийг барьчихаад цагдаа дуудах хооронд тэрээр дахин зугтаах гэж оролдсон...” гэсэн мэдүүлэг;

4. Хохирогч А.Б мөрдөн байцаалтад өгсөн: "...2018 оны 02 дугаар сарын 07-ны орой намайг ажил дээр байхад Т “уулзъя, гэрт чинь хүргээд өгье” гээд утсаар зурвас бичээд “би машинтай явж байна, шинэ машин авсан, чамайг хүргээд өгье, саппоро дээр хүлээж байя” гэсэн. Би тэр орой 23 цагийн үед ажлаасаа гараад саппоро дээр очиход Т ирсэн байсан. Бид 2 уулзахад Т машингүй байсан бөгөөд “машинаа тавьчихлаа” гээд худлаа хэлээд байсан. Тэгээд Т такси бариад манай гэрийн гадаа ирсэн. Би найз Д руу утсаар залгаад “гараад ирээч” гэсэн. Т такси дотор явж байхдаа өөрийнхөө утсаар ярихгүй мөртлөө намайг утсаа өгөөч гэсэн. Би тэгээд нэгжгүй ш дээ гэхэд өөрийнхөө утаснаас 1000 нэгж явуулаад миний утсаар 99657120 гэсэн дугаар луу залгаад ээж нь бололтой хүнтэй яриад байсан. Т их сонин санагдсан. Өөрийнх нь утас нэгжтэй, цэнэгтэй мөртлөө өөрийнхөө утсаар залгаагүй миний утсаар залгасан. Тэгээд миний утсыг л авах гээд байгаа юм шиг санагдаад найз Д руу залгаад “гараад ирээч” гэж хэлсэн. Д гарч ирэхээр би “энэ Т өөрийнх нь утас нэгжтэй, цэнэгтэй мөртлөө заавал миний утсаар ярина гээд байна, Т нь намайг дагаад явахгүй байна“ гэхэд Д “чиний найз чинь юм бол яав л гэж дээ” гээд тоохгүй буцаад гэр лүүгээ орсон. Тэр үед Т явахгүй хүлээгээд байсан би өөрийнхөө утсыг унтраагаад пальтоныхоо халаасанд хийгээд цахилгаанаа татсан. Тэгээд би Т-т “чи одоо яв, манай энд танихгүй хүмүүсийг зодчихдог юм ш дээ” гэхэд явахгүй намайг дагаад байсан. Тэгснээ Т дахиад “утсаа өгөөч, утсаар чинь ээж рүүгээ залгая” гэсэн. Би “миний утас цэнэггүй болоод унтарсан” гэхэд “тэгвэл би өөрийнхөө утсанд чиний симийг хийгээд ярьчихъя” гээд байсан. Би гар утсаа гаргаж өгөөгүй гэр лүүгээ орох гээд хашааны үүдэнд ирэхэд Т намайг хашаанд оруулахгүй хашааны хаалга тээгэлж зогсчихоод “танайх нохойтой юу” гэж асуугаад байхаар нь “нохойтой ш дээ” гэж хэлээд хашаа руугаа орох гэтэл Т намайг түлхэж, хөлөөрөө хавирч унагасан. Тэгээд миний халаас руу гараа хийж, гар утсыг минь хүчээр авсан. Би өгөхгүй гээд нэлээд зууралдсан. Би тэр үед айгаад “туслаарай” гэж орилоход хүн сонсохгүй байсан. Манай ээж чих хатуу юм. Тэгтэл манай найз Д гарч ирсэн. Д,  Т-ийн араас гүйсэн. Би “наадах чинь миний утсыг аваад зугтчихлаа” гэж хэлсэн. Д араас нь барьж авсан. Д, Т-ийг барьж авахад 3 удаа зугтаасан. Д миний гар утсыг авч өгөхөөр нь би өөрийнхөө утсаар 102 дугаар луу залгаж, дуудлага өгсөн. Цагдаа нар удалгүй ирээд Т-ийг авч явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 12-13 дугаар хуудас),

5. Гэрч Х.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр орой 00 цагийн үед Б миний 88019354 дугаарын утас руу 95250833 дугаараас залгаад “гараад ирээч найзаа” гэсэн. Тэгээд гараад очиход нэг залуутай хамт зогсож байсан. Тэгснээ “энэ залуу намайг дагаад байх юм” гэж хэлсэн. Би “найз чинь юм биш үү” гээд нээх тоогоогүй гэртээ буцаж орсон. Гэртээ ороод удаагүй байж байхад Б “Даавкаа” гээд дуудах сонсогдсон. Гараад ирэхэд гудамжинд нөгөө хамт зогсож байсан залуу Б-г түлхээд, газар унагаагаад, гар утсыг нь булааж аваад зугтаагаад гүйсэн. Би араас нь хөөгөөд малгайтай цамцных нь малгайнаас татаж унагаад Б-ын утсыг авах гэхэд тэр залуу эхлээд “май утсаа ав” гэж хэлээд гарт бариулснаа дахиж булаагаад зугтаасан. Би дахиж хөөгөөд барьж авч гар утсыг нь авсан юм. Тэр залууг би ерөөс зодож цохиогүй. Харин би Б-ны гар утсыг авах гэж л тэр залууг нэг удаа татаж унагасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20-21 дүгээр хуудас),

6. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хх-ийн 5 дугаар хуудас),

7. Тэнцвэр эстимэйт ХХК-ийн “Samsung J7 загварын гар утсыг 300,000 төгрөгөөр үнэлж, нийт хохирлын дүнг тогтоосон” хөрөнгийн үнэлгээ бүхий шинжээчийн дүгнэлт (хх-ийн 27-28 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийн хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар батлагдсан хэсгийг яллах үндэслэл болголоо.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж довтолсноор төгсөх буюу гэмт хэрэгт тооцогдох тул материаллаг хохирол, хор уршиг шаардахгүй.

Өмгөөлөгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтэд: “...Шүүгдэгч гэм буруу дээр маргаагүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа болно. Иймд өмгөөлөгчийн хувьд цагаатгах байр сууриа өөрчилж, зүйлчлэл хөнгөрүүлэх байр суурьтай мэтгэлцэнэ. Хүч хэрэглэсэн гэдэг дээр эргэлзэж байна. Учир нь хохирогчийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Хохирогч Б-ын хувийн байдал нь үнэн зөв мэдүүлсэн гэдэгт эргэлзээ төрүүлж байна. Тэрээр удаа дараа зөрчил, гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан болох нь цагдаагийн байгууллагын АСАП сангаас харагдаж байсан. Мөрдөгч Ц.Баасанжаргалд лавлагаа гаргуулахаар хандахад шүүхээс бичиг ирүүлсэн тохиолдолд АСАП сангийн мэдээллийг хэвлэж өгөх боломжтой гэж хариу өгсөн. Хохирогчийн хувийн мэдээллийг мөрдөгч надад харуулаагүй, харин би хажуунаас нь харчихсан юм. Б-ын гэр нь Д-ын гэрээс 131 метрийн зайтай бөгөөд өвлийн адаг сарын шинийн 22-ны сартай шөнө Д, Т-ийг, Б-ын гар утсыг булаагаад зугтааж байхыг харсан гэж хэлж байгаа нь эргэлзээтэй байна. Мөрдөн байцаалтын шатанд Д гэртээ байсан, шүүхийн хэлэлцүүлэгт түлээ хагалж байсан, дараа нь түлээ хагалаад гэртээ орох гэж байсан гэж 3 өөрөөр мэдүүлж байна. Үүнээс үзэхэд Б, Д хоёрын мэдүүлэг зөрсөн байна. Тухайн гудамжинд гэрэл байхгүй. Хохирогч А.Б “ээжийн чих хатуу учир сонсоогүй” гэж хэлсэн байдаг. Иймд мөрдөн байцаалтын шатанд ээжийнх нь чих хатуу байсан эсэхийг тогтоох шаардлагатай байсан. Шүүгдэгч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн нь үнэн гэхдээ хүч хэрэглээгүй. Хэрэв хавсарч унагаасан бол Б-ын биед зурлгаралт, няцралт үүсэх боломжтой. Шүүгдэгч Ц.Т нь хохирогч А.Б-ны гар утсыг хүч хэрэглэхгүй авсан гэж үзэж байна. Иймд хэргийн зүйлслэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй хэмээн шүүх дүгнэлээ.

Хууль тогтоогч 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид “булаах” гэмт хэргийг хуульчлаагүй бөгөөд “дээрэмдэх” гэмт хэргийг тодорхойлохдоо булаах, дээрэмдэх гэсэн хууль зүйн урьдын ойлголтыг нэг зүйлд багтаан зэрэгцээ байдлаар хоёр төрлийн үндсэн бүрэлдэхүүнтэйгээр хуульчилсан болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэж зэрэгцээ хэлбэрээр хуульчилсныг өмгөөлөгч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “булаах”, “дээрэмдэх” гэмт хэрэгтэй шууд адилтгах байдлаар тайлбарлаж буй нь буруу юм.

Учир нь, урьд булаах, дээрэмдэх гэмт хэргийн зүйлчлэлд онолын болон практикийн маргаан дагуулдаг байсан гэмт этгээдийн хэрэглэсэн хүчний хэр хэмжээг шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль нэг талд нь гаргасан. Тодруулбал, урьд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор “амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж” гэж хуульчилсан байсан нь бодит байдал дээр амь биед аюултайгаар хүч хэрэглэсэн болон хүч хэрэглээгүй хоёр үйлдлийн шинжийн хооронд тодорхойгүй зааг үүсгэж, хуульчид “булаасан”, “дээрэмдсэн” гэсэн үгээр нь хэл зүйн хувьд маргаж, гэмт этгээдийн хэрэглэсэн хүчний хэр хэмжээг аюултай, эсхүл аюулгүй эсэхийг тодорхойлоход мэтгэлцээний цөм оршиж байсныг хууль тогтоогч халсан гэж ойлгож болно.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид дээрэмдэх гэмт хэргийн хүрээнд гэмт этгээд “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон”, эсхүл “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан” гэсэн агуулгаар хуульчилсан тул довтолгооны хэр хэмжээний талаар нь маргах нь үндэслэлгүй юм.

Шүүгдэгч Ц.Т нь хохирогч А.Б-ны эд хөрөнгийг авах зорилгоор түүнд хүч хэрэглэн довтолсон болох нь хохирогч А.Б-ны “Т түлхэж, хавирч унагаад, халааснаас нь гар утас аваад зугтаасан” талаарх мэдүүлэг болон гэрч Х.Д-ын “хохирогч А.Б газар унасан байсныг харсан, Т-г зугтаж байх үед нь зам тосож барьж авсан” талаарх мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Гэмт этгээд хохирогчийн эсрэг их, бага алин боловч хүч хэрэглэсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэх нь хууль ёсны бөгөөд энэ хэргийн улмаас хохирогчид гэмтэл учрах хэмжээний хүч хэрэглэсэн байхыг хууль шаардахгүй байна. Харин бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл нь хохирогчийн биеийн хориглолт, эсэргүүцэлтэй огт тулгараагүй байх учиртай.

Дашрамд дурдахад, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Батцогт нь хохирогч А.Б-ны хувийн байдлыг судлах, цагдаагийн байгууллагын АСАП сангаас мэдээлэл олж харсан гэх, харин мөрдөгч Ц.Баасанжаргал нь шүүхийн шатанд байгаа эрүүгийн хэрэгт ажиллагаа (хүсэлт хүлээн авч шийдвэрлэсэн) явуулж, хохирогчийн хувийн мэдээллийг өмгөөлөгчид харуулсан гэх нөхцөл байдлаас үзвэл Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулийн Арван гуравдугаар бүлэгт хамгаалагдсан хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх зөрчигдсөн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг ... хууль сахиулагч ... үйлдсэн бол ... нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн бол ... зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус хуульчилсан байх тул прокурорын байгууллага мөрдөгч, өмгөөлөгч нарын үйлдлийг эрх хэмжээнийхээ хүрээнд шалгуулбал зохино. Харин энэхүү нөхцөл байдал нь шүүгдэгч Ц.Т-т холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд саад учруулахгүй, шүүхээс хууль ёсны үндэслэлтэй шийдвэр гаргахад нөлөөлөхгүй болно.

Шүүгдэгч Ц.Т-ийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж довтолсон байх тул түүнийг дээрэмдэх гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Ц.Т-г “дээрэмдэх” гэмт хэргийг хүч хэрэглэн довтолж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч А.Б нь “Samsung J7” загварын гар утсаа буцаан авсан бөгөөд нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ц.Т-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Т нь бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт: “...Шүүгдэгч Ц.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдах саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт: “...Шүүгдэгч Ц.Т нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд зөвхөн хүч хэрэглэсэн эсэх дээр маргасан юм. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөх гэдэг нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирол, хор уршгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх хууль зүйн ойлголт тул өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, улсын яллагчийн саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-т хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Т-ийн цагдан хоригдсон нийт 136 (нэг зуун гучин зургаа) хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтлоо.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт Ц.Т-ийг “дээрэмдэх” гэмт хэргийг хүч хэрэглэн довтолж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-т хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Т-ийн цагдан хоригдсон нийт 136 (нэг зуун гучин зургаа) хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Т нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шүүхийн тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ц.Т-т урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Т-т авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 ШҮҮГЧ                                    Б.БАТАА