Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 215/МА2023/00003

 

 

П.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Э даргалж, шүүгч Б.А, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 133/ШШ2022/00479 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 31-р хороо, Алтай 11 дүгээр гудамж, ... тоотод оршин суух, Х овогт П.Н,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн Жаргалант 2 гудамж, ... тоотод оршин суух, Б овогт Б.Б-т холбогдох

Алданги 31,354,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,  орон сууцны үнэд илүү төлсөн 991,000 төгрөг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Хүүшийн ам, Наадамчдын гудамж, 1205 дугаар байрны ... тоотод байрлах, улсын бүртгэлийн 22............... дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө, 54.98 метр квадрат талбайтай, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Б-ын нэр дээр гаргахад шаардлагатай П.Н иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /эх хувь/, Ү-22.............. дугаартай бүртгэлтэй эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /эх хувь/, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст орлогын албан татвар /2 хувиар/ төлсөн баримт /эх хувь/, батлагдсан загварын дагуу үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэх тухай мэдүүлэг бөглөж Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Б /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Т.М /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Х нар оролцов.

 

1. Нэхэмжлэлийн шаардлага: Талуудын хооронд байгуулсан 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1974 дүгээр худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу алданги 20,929,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжилээд, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж алданги 31,354,500 төгрөг гаргуулах тухай болгосон.

 

1.2 Нэхэмжлэлийн үндэслэл: Нэхэмжлэгч П.Н нь хариуцагч Б.Б-тай 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4-р хороо, Хүүшийн ам /17080/ Наадамчдын Зам гудамж, 1205 байр, ... тоот хаягт байрлах Ү-22................ улсын бүртгэлийн дугаартай, 2 өрөө, 54.98 м2 орон сууцыг нийт 112,709,000 төгрөгөөр худалдсан болно.

 

1.3   Худалдан авагч Б.Б нь “Худалдах, худалдан авах гэрээ”-ний 3.1, 3.2-т заасны дагуу гэрээний урьдчилгаа 50,000,000 төгрөгийг төлж, орон сууцыг хүлээлгэн өгсөн бөгөөд үлдэгдэл 62,709,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 32,709,000 төгрөгийг тус тус төлөхөөр, мөн гэрээний 3.5-д гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж тус тус тохиролцсон.

1.4  Хариуцагч Б.Б нь гэрээний үлдэгдэл 62,709,000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд 3 хуваан төлж, дуусгахаар тохиролцсон боловч төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тул гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д заасны дагуу нийт 41,261,530 төгрөгийн алданги бодогдсон.

1.5 Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасныг баримтлан 41,261,530 төгрөгийн алдангийг хуульд нийцүүлэн багасгаж, 62,709,000 төгрөгийн 50 хувь болох 31,354,500 төгрөгийн алдангийг нэхэмжилж байна.

 

2. Хариуцагчийн татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах. Б.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1974 бүртгэлийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4-р хороонд байрлах Наадамчдын Зам гудамж, 1205 байрнаас 2 өрөө 54,98 м2 орон сууцыг 112,709,000 төгрөгөөр худалдан авч, 2020 оны 09 дүгээр сарын 14-ний 50,000,000 төгрөг, хамгийн сүүлд 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг хийж, тооцоог дуусгасан болно.

 

Б.Б-ын хувьд ковид-19 цар тахлын улмаас ажил сул зогсолт хийж, төлбөр хийх боломжгүй нөхцөл байдалд орж байсан. Нэхэмжлэгч П.Н нь байрны төлбөр бүрэн хийж дууссан байхад хууль зүйн үндэслэлгүйгээр алдангийн аргачлал тооцоолж, гэрээний алданги 31,354,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.  Б.Б-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлага:

3.1 Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Хүүшийн ам, Наадамчдын гудамж, 1205 дугаар байрны ... тоотод байрлах, улсын бүртгэлийн 22............... дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө, 54.98 метр квадрат талбайтай, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Б-ын нэр дээр гаргахад шаардлагатай П.Н иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /эх хувь/, Ү-22............. дугаартай бүртгэлтэй эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /эх хувь/, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст орлогын албан татвар /2 хувиар/ төлсөн баримт /эх хувь/, батлагдсан загварын дагуу үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэх тухай мэдүүлэг бөглөж Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг даалгуулах тухай, орон сууцны үнэд илүү төлсөн 991,000 төгрөг гаргуулах тухай

 

Гэрээний үүргээ биелүүлэх явцад хариуцагч Б.Б-ын ажилладаг Гашуун сухайт-Ганц модны боомтын чиглэл нүүрс тээвэрлэж байсан МБ ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд дэлхий нийтэд тархсан Ковид-19 цар тахлын хорио цээр тавигдаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлалт тогтоосны улмаас гэрээнд заасан графикийн дагуу гэрээний төлбөрийг хийж чадаагүй болно. Түүний энэ ажил мөнгө олох, гэрээний үүргээ биелүүлэх ганц боломж байсан.

 

3.2 Хэдийгээр хорио цээрийн дэглэмтэй байсан ч өөрийн боломжийг дайчлан 2021 оны 03 сарын 23-ны өдөр 2,000,000 төгрөг, 04 дүгээр сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөг, 06 дугаар сарын 10-ны өдөр 10,500,000 төгрөг, 08 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 30-ны өдөр 12,700,000 төгрөгийг тус тус төлсөн. Б.Б 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мөнгө шилжүүлэхдээ андуурч 991,000 төгрөгийг илүү төлсөн байна.

 

4. Нэхэмжлэгчийн тайлбарын үндэслэл: Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар худалдан авагч нь төлбөр тооцоогоо дуусгаснаар түүний орон сууцыг өөрийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгүүлэх эрх үүсэхээр заасан байдаг.

Гэрээний 3.2, 3.3-т зааснаар нэхэмжлэгч гэрээний хүрээнд үүссэн төлбөрийг бүрэн төлснөөр хариуцагчаас өмчлөх эрхээ шилжүүлэхийг шаардах эрхтэй. Хариуцагч төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхэд бэлэн болно. Иргэний хуулийн 112 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөнөөр өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд гэрээний дагуу үүссэн төлбөрийг бүрэн төлөөгүй атлаа өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрхгүй.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Б.Б-аас алданги 23,209,255 /хорин гурван сая хоёр зуун есөн мянга хоёр зуун тавин тав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Н-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 7,145,245 /долоон сая нэг зуун дөчин таван мянга хоёр зуун дөчин тав/ төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 65.1.11 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Б-ын нэхэмжлэгч Б.Б-т холбогдох Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Хүүшийн ам, Наадамчдын гудамж, 1205 дугаар байрны ... тоотод байрлах, улсын бүртгэлийн 22............ дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө, 54.98 метр квадрат талбайтай, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Б-ын нэр дээр гаргахад шаардлагатай П.Н иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /эх хувь/, Ү-22........... дугаартай бүртгэлтэй эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /эх хувь/, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст орлогын албан татвар /2 хувиар/ төлсөн баримт /эх хувь/, батлагдсан загварын дагуу үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэх тухай мэдүүлэг бөглөж Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч П.Н-аас орон сууцны үнэд илүү төлсөн 991,000 /есөн зуун ерөн нэгэн мянга/ төгрөг гаргуулан хариуцагч Б.Б-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзсантай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогоос гаргуулан хариуцагч Б.Б-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 444,348 /дөрвөн зуун дөчин дөрвөн мянга гурван зуун дөчин найм/ төгрөг, сөрөг нэхэмжлэлд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,334 /хорин найман мянга гурван зуун гучин дөрөв/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 273,996 /хоёр зуун далан гурван мянга есөн зуун ерөн зургаа/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Н-т, нэхэмжлэгч П.Н-аас улсын тэмдэгтийн хураамжид 28,334 /хорин найман мянга гурван зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Б-т тус тус олгож ..... шийдвэрлэжээ.

 

 5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Алданги 23,209,255 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.  “МБ” ХХК-ийн 2022.09.12-ны өдрийн 22/251 дүгээр албан бичиг болон Өмнөговь аймгийн Засаг дарга, тус аймгийн Онцгой байдлын газар, Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга, Говь-Алтай аймгийн Засаг дарга, Улсын онцгой комисс, Говь-Алтай аймаг, Өмнөговь аймаг, Нийслэлиин онцгой комисс, шуурхай штабуудаас гаргасан тогтоол, шийдвэр, захирамжуудыг шүүх хэрэгт хамааралтай байдлаар үнэлээгүй нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нэг үндэслэл болно.

Дээрх баримтуудаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэг буюу төлбөрийг гүйцэтгэх хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байсан бөгөөд энэ нь хариуцагч Б.Б-аас үл шалтгаалсан гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл юм. Дэлхий нийтэд аюулт цар тахал бий болж Монгол улсад хатуу дэглэмтэй хөл хорио тогтоосон ч хариуцагчийн зүгээс гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан нь хэрэгт авагдсан дансны хуулгуудаар нотлогддог. Иргэний хуулийн 222.2-т хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчиин буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байхаар хуульчилжээ.

Хариуцагч нь гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг давагдашгүй хүчин зүйлийн улмаас хожимдуулсан ч үүргээ зохих ёсоор гүйцэтгээд явж байсныг шүүхийн зүгээс гэрээний үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлэх боломж байсан байна шүү дээ гэж үзэх үндэслэл болохгүй. Хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас гэрээний хугацааг хожимдуулсан гэж үзэх үндэслэл байхгүй, энэ нь нийтэд илэрхий үйл баримт буюу давагдашгүи хүчин зүйл мөн учир шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой байсан билээ.

Б.Б нь “МБ” ХХК-д нүүрс тээврийн жолоочоор ажиллаж, нүүрсийг БНХАУ-ын хилийн боомтоор нэвтрүүлэх ажил хийдэг нь тогтоогдож, мөн цар тахалтай холбоотойгоор улсын хилээр нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хаасан нь нийтэд илэрхий үйл баримт болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байхад түүнийг дахин нотлох ёстой байсан гэж дүгнэсэн нь буруу юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүи болгох үндэслэлтэй байжээ.

 

Хоёр. Гэрээний алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд шүүх хуулийг буруутай тайлбарлаж хэрэглэсэн тухай.

Анхан шатны шүүх “...дээрх хүснэгтээс үзэхэд хариуцагч Б.Б нь орон сууцны үнийн үлдэгдэл 62,709,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд нэхэмжлэгч П.Н-т төлөөгүй тул гүйцэтгээгүй үнийн дүн 62,709,000 төгрөг болно. Уг үнийн дүнгийн 50 хувь нь 31,354,500 төгрөг болох тул хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосон алданги 23,209,255 төгрөг нь хуулийн дээрх заалтад нийцэж байна” гэж үндэслэлгүй дүгнэсэн. Мөн нэхэмжлэлийн шаардлагаас 7,145,245 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ч тодорхой бус байна.

Тодруулбал: Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.2-т заасныг харвал гэрээний төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бүрэн төлж дуусгахаар заажээ. Тус гэрээнд заасан хугацаа дуусах үеийн байдлаар буюу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч П.Н-т нийтдээ 78.500.000 төгрөгийг шилжүүлсэн нь хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдож байна. Тухайн үед гэрээний үлдэгдэл төлбөр 34,209,000 төгрөг байсан болохыг шүүх тооцоолж үзээгүй нь учир дутагдалтай болжээ. Мөн гэрээний гүйцэтгээгүй үнийн дүнг 62.709.000 төгрөг гэж тооцоолсон нь буруу бөгөөд гэрээнд заасан хамгийн сүүлийн хугацаа дуусах үеийн байдлаар үлдэгдэл төлбөрийг тооцоолох учиртай билээ.

Иргэний хуулийн 208.4-т “үүрэг гүйцэтгэх хугацааг хууль буюу гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй” гэж заасан. Гэвч нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаа буюу 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болоогүй байхад алданги тооцож, мөн алдангиас алданги тооцоолж нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн зөвшөөрөх байдлаар дүгнэн шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн хэрэг болно. Иймд дээрх байдлаар шүүх алдангийн хэмжээг буруу тооцоолсон нь Иргэний хуулийн 232.4-т заасныг ноцтой зөрчсөн хэрэг болно.

Гурав. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэгэнт эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй явдлаас болж бидний гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь мөн л үндэслэлгүй юм.

Тодруулбал, шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг “эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл” гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэн бидний нэхэмжлэл гаргах эрхийг ноцтой зөрчжээ.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73.2-т зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх учиртай юм. Бидний зүгээс гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн учраас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн газарт хүргүүлэхийг даалгах тухай шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох бөгөөд бидэнд хуульд заасан шаардах эрх байгаа билээ. Нөгөөтэйгүүр бидний хүсэл зоригоос үл хамааран П.Н нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авахад шаардагдах баримт бичгийг бидэнд өгөхгүй байгаа нь бидний хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг зөрчсөн хэрэг бөгөөд шүүх үүнийг хамтад нь шийдвэрлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Н нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Б.Б-аас алданги 23,209,255 /хорин гурван сая хоёр зуун есөн мянга хоёр зуун тавин тав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Н-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 7,145,245 /долоон сая нэг зуун дөчин таван мянга хоёр зуун дөчин тав/ төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Талууд төлбөр төлөх нөхцөл, хугацаагаа харилцан тохирч хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр гэрээнд заажээ.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4-т хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна гэж заажээ.

 

Талуудын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”-ний 3.5-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж тохирсон байна.  

 

Нэхэмжлэгч П.Н нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэг үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргийг гүйцэтгэхийг шаардах эрхтэй байна.

 

Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэжээ. Нэхэмжлэгч П.Н Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги нэхэмжлэх эрхтэй байна.

 

7. Хариуцагч Б.Б нь нэхэмжилсэн алдангийг Иргэний хуульд  зааснаар гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл нөлөөлсний улмаас гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлэх боломжгүй байсан гэж маргажээ.

 

П.Н Б.Б нар үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан байх бөгөөд гэрээ байгуулахаас өмнө 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хууль батлагдсан, гэрээ байгуулснаас хойш байжээ. Цар тахлын нөхцөл байдал тодорхой байхад талууд  эрсдлийг хуваарилах талаар гэрээнд тодорхой заалт оруулж тохиролцоогүй байна.

 

Гэрээ байгуулагдах үед цар тахал бүх нийтийг хамарсан, ил тодорхой байхад гэнэтийн, давагдашгүй хүчин зүйл гэж үзэж гэрээний нэг талд эдийн засгийн хөнгөлөлт үзүүлэх нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний чөлөөт байдал, тэгш эрх бүхий талуудын зарчимд нийцэхгүй байна.

Харин гэрээний үүрэг биелэгдэхгүй бодит нөхцөл байдал үүссэн тохиолдолд талууд гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах талаар санал гаргах боломжтой байсан ч гэрээнээс татггалзах хүсэл зоригийг талууд гаргаагүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 7.145.245 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй байна.

Анхан шатны шүүх Б.Б-ын үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхэд шаардлагатай гэж үзсэн нэр бүхий 5 төрлийн баримт бичгийг бүрдүүлж, Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг даалгах агуулгатай сөрөг нэхэмжлэлийг иргэний эрх зүйн хамгаалалтын аргад хамаарахгүй, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгод нийцэхгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгожээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар хариуцагч үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд сөрөг нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй байна. Нэхэмжлэгч өөрийн эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоод сөрөг нэхэмжлэл гаргасан байдал нь түүний хувийн эрхийн асуудал бөгөөд шүүхээс уг үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж үзэж хангаж шийдвэрлэлээ.

 

Хариуцагч Б.Б-ын Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Хүүшийн ам, Наадамчдын гудамж, 1205 дугаар байрны ... тоотод байрлах, улсын бүртгэлийн 22........... дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө, 54.98 метр квадрат талбайтай, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Б-ын нэр дээр гаргахад шаардлагатай П.Н иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /эх хувь/, Ү-22............ дугаартай бүртгэлтэй эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /эх хувь/, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст орлогын албан татвар /2 хувиар/ төлсөн баримт /эх хувь/, батлагдсан загварын дагуу үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэх тухай мэдүүлэг бөглөж Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 133/ШШ2022/00479 дугаар шийдвэрийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.Б-ын нэхэмжлэгч П.Н-т холбогдох “Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Хүүшийн ам, Наадамчдын гудамж, 1205 дугаар байрны ... тоотод байрлах, улсын бүртгэлийн 22............... дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө, 54.98 метр квадрат талбайтай, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Б-ын нэр дээр гаргахад шаардлагатай П.Н иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /эх хувь/, Ү-2206068817 дугаартай бүртгэлтэй эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /эх хувь/, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст орлогын албан татвар /2 хувиар/ төлсөн баримт /эх хувь/, батлагдсан загварын дагуу үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэх тухай мэдүүлэг бөглөж Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай” гэж өөрчилж,

 

шийдвэрийн 4 дэх заалтыг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасантай холбогдуулан “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан  Б.Б-аас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, П.Н-аас 70200 төгрөгийг гаргуулж Б.Б-т олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х-аас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273996 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.Э

                                  ШҮҮГЧИД                            Б.А

                                                                                Ш.Б