Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00430

 

 

 

 

 

 

 

 

 

2023 02 27 210/МА2023/00430

 

 

Ч. ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2022/03097 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ч. э

Хариуцагч: Ч. д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: орон сууцнаас албадан чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй, 28 м.кв талбайтай нэг өрөө байр эсхүл байр худалдан авахад дүйцэх хэмжээний мөнгө буюу 60,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч. э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баясгалан, Г.Халиунаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Хэрлэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаяр, Х.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Ч. э нь Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, 00 дугаар байр, 00 тоот хаягт байрлах орон сууцны хууль ёсны өмчлөгч. Миний бие 2014 оноос 2017 оныг хүртэл Э. тай гэр бүл болон хамтран амьдарч байсан. Энэ хугацаанд Э. нь Би өөрийн ээжийн төрсөн эгч Ч. ээс мөнгө зээлээд чиний байранд түр амьдруулъя, би бизнесийн үйл ажиллагаа эрхэлье гэх санал гаргаад Ч. ээс 2016 оны 8 дугаар сарын үед 00,000,000 төгрөг зээлж авсан. Улмаар Ч. ийг миний өмчлөлийн дээрх орон сууцанд оруулж амьдруулсан.

1.2 Э. бид хоёр 2017 оны эхээр хамтран амьдрахаа больсон боловч тэрээр Ч. ээс зээлсэн мөнгөө өгөөгүй тул Ч. нь одоог хүртэл миний өмчлөлийн орон сууцанд амьдарч байна.

Иймд Ч. ийг Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, 00 дугаар байр, 00 тоот хаягт байрлах миний өмчлөлийн орон сууцнаас албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Миний эзэмшлийн Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 10 дугаар хороолол, цогцолбор, 000 дугаар байр, 00 тоот орон сууцыг Ч. э нь захиран зарцуулсан ба үүний оронд түүний байранд амьдрах, хэсэг хугацааны дараа мөнгөө буцаан авахаар тохиролцсон.

Улмаар Ч. э нь 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр уг орон сууцыг бусдад худалдах бүхий л үйл ажиллагааг өөрөө бие даан зохион байгуулж, худалдах- худалдан авах гэрээнд надаар гарын үсэг зуруулсан ба худалдсан мөнгийг надад өгөөгүй.

Иймд миний өмчлөлийн дээрх орон сууцыг надад буцаан худалдан авч өгөх, эсхүл ийм байрыг худалдан авах мөнгийг надад төлсөн тохиолдолд байрнаас нь гарахад татгалзах зүйлгүй гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 Миний өмчлөлийн Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 10 дугаар хороолол, цогцолбор, 000 дугаар байр, 00 тоот орон сууцыг Ч. э нь 2016 онд бусдад худалдан борлуулсан ба үнэ 35,000,000 төгрөгийг өөрөө авч хэрэглээд мөнгийг надад өгөөгүй, намайг орон сууцгүй болгосон.

Өнөөдөр тухайн орон сууцыг худалдан авахад ойролцоогоор 60,000,000 төгрөг болж байна. Иймд нэхэмжлэгчээс 28 м.кв талбайтай нэг өрөө орон сууц, эсхүл 60,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1 Ч. ийн өмчлөлийн орон сууцыг бусдад худалдсан 00,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг Э. авсан. Үлдэх 14,000,000 төгрөгийг би авсан. Өөрийн авсан мөнгийг буцаан төлөхөд татгалзахгүй. Харин уг орон сууцын үнийг бүхэлд нь надаас нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-д зааснаар нэхэмжлэгч Ч. ийн хариуцагч Ч. д холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хариуцагч Ч. ийн нэхэмжлэгч Ч. эд холбогдуулан гаргасан 28 м.кв байр эсхүл байр худалдан авахад хүрэлцэхүйц хэмжээний буюу 60 000 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 457 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг агуулга:

6.1 Шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хариуцагчийг миний орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашиглаагүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хариуцагч нь ямар хуулийн, ямар зүйл заалтын дагуу миний өмчлөлийн хөрөнгийг эзэмших эрхтэй байгаа нь ойлгомжгүй.

Миний бие хариуцагчийг 2016 оны 8 дугаар сард өөрийн өмчлөлийн орон сууцанд оруулж амьдруулсан. Үүнээс хойш би хариуцагчийн авга дүүгээс 2017 онд гэр бүлийн харилцаагаа дуусгаж, тэдний гэр бүлээс харилцаагаа тасалсан. Гэтэл одоог хүртэл хариуцагч нь миний өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэхгүй байхад шүүх мөн тодорхойгүй хугацаагаар хариуцагчийг миний өмчлөлийн орон сууцыг эзэмших эрхтэй хэмээн дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч нь хууль бусаар миний өмчлөлийн орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа.

6.2 Шүүх шийдвэрийн агуулгыг талуудад танилцуулахдаа ...Ч. э нь хариуцагчаас зээлсэн гэх 35,000,000 төгрөгийн 20,000,000 төгрөгийг гэрч Э. авч ашигласан нь тогтоогдож байна гэж дүгнэсэн атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ ...гэрч Э. нь орон сууцны үнэ болох 35,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг авч мөнгийг өөрийн бизнес хийхэд ашигласан гэх үндэслэлгүй, баримтаар тогтоогдохгүй байна гэж зөрүүтэй дүгнэсэн. Анхан шатны шүүх хурлын явцад хариуцагч Ч. , итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Хэрлэн, гэрч Э. , мөн түүний дүү, гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан Э.Түвшин нар гэр бүлээрээ үгсэн хуйвалдаж, худал мэдүүлэг өгч, намайг хариуцагчийн толгойг эргүүлэн байрыг нь зарж, мөнгийг нь хэрэглэсэн гэдэг нь нотлох баримтаар няцаагдсан.

Иймд шүүхийн шийдвэрийн үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсэг болон 8 дугаар хуудаст буй гэрч Э. тай холбогдох 20,000,000 төгрөгийг авч ашигласан нь нотлогдохгүй гэж дүгнэсэн хэсгийг өөрчилж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

7.1 Ч. ийг хууль бусаар орон сууцанд амьдраагүй гэдгийг гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогддог. Өөрөөр хэлбэл, энэ байрыг худалдаж мөнгөөр нь ахуй амьдралаа сайжруулах, эсвэл мөнгөө төлөх хүртэл хугацаанд байранд нь амьдрахаар тохиролцсон байдаг. Энэ нөхцөл байдал өөрчлөгдсөн шалтгаанаа Э. тай гэр бүлийн харилцаагаа дуусгавар болгосон тул Ч. ийг байраа чөлөөлж өгөхийг шаардсан. Гэтэл гэр бүлийн харилцаа дуусгавар болсон нь уг маргаантай хамааралгүй юм. Ч. хуулийн дагуу байранд амьдарч байх атал хууль бус өмчлөлөөс албадан чөлөөлүүлэх асуудал яригдах боломжгүй юм. Мөн Э. д 20,000,000 төгрөг өгсөн нь энэ эрх зүйн харилцаанд хамааралгүй. Тийм учраас давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

8.1 Нэхэмжлэгч Ч. э нь хариуцагч Ч. ийн өмчлөлийн орон сууцыг худалдаж, худалдсан мөнгийг Ч. ээс зээлэх, Ч. нь өөрийн өмчлөлийн орон сууцыг худалдсан мөнгийг Ч. эд зээлж, илүү сайн нөхцөлтэй орон сууц авч өгөх хүртэл Ч. ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, 00 дугаар байр, 00 тоот хаягт байрлах орон сууцанд амьдрах, талуудын хооронд 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр буюу Ч. ийн орон сууцыг худалдахаас өмнө дээрх нөхцлөөр хэлцэл хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог.

Нэхэмжлэгч нь хариуцагч Ч. ийн орон сууцыг худалдсан болохоо нэхэмжлэлдээ тодорхой дурдсанаас гадна хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, гэрчийн мэдүүлгээр хариуцагч Ч. ийн орон сууцыг худалдсан мөнгийг бүхэлд нь нэхэмжлэгч авсан болох тогтоогдсон байтал мөнгө эсхүл байр шаардсан нь тодорхойгүй гэж дүгнэжээ. Хариуцагчийн төлөөлөгч орон сууц худалдан, борлуулсан мөнгийг нэхэмжлэгч ашиглаад хэсэг хугацааны дараа буцааж төлөхөөр тохирсон гэж сөрөг нэхэмжлэлээсээ өөр зүйл огт яриагүй. Нэхэмжлэгч Ч. э нь хариуцагч Ч. ийн орон сууцыг худалдаж, мөнгийг нь өөртөө зарцуулж, эцэстээ амлалтаасаа буцаж орон сууцыг өгөхгүй хариуцагчийн эд хөрөнгөд хохирол учруулсан.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ч. э нь хариуцагчийн эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх эсхүл хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүхээс мөнгө эсхүл байр шаардсан нь тодорхойгүй байна гэж хуульд тодорхой заасан нөхцлийг буруу дүгнэж хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн

8.2 Нэхэмжлэгч Ч. э нь хариуцагчийн өмнөх 28 м.кв талбайтай орон сууц, эсхүл иймэрхүү хэмжээтэй орон сууц худалдан авахад хүрэлцэх 60,000,000 төгрөгийг хариуцагчид төлөх үүргүүдээс сонгож хэрэглэх боломжтой. Иргэний хуулийг төсөөтэй хэрэглэх зарчмын дагуу Ч. э нь Иргэний хуулийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт заасныг дээрх нөхцөлд төсөөтэй хэрэглэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй. Учир нь, нэхэмжлэгч Ч. э анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед хариуцагч Ч. ийн орон сууцыг худалдсан мөнгийг авсан болохоо мөн өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгээгүй болохоо илэрхийлсэн. Түүний тайлбараас үүргийг сонгож гүйцэтгэх хуулийн зохицуулалтын дагуу хариуцагчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлөхийг сонгосон гэж үзэхээр байна.

8.3 Хариуцагч Ч. ийг орон сууцыг зарах үнийг зөвшилцөөгүй, 2016 оны зах зээлийн ханшаар 40-55 сая төгрөгийн орон сууцыг 35 сая төгрөгөөр зарж байгаагаа өөртөө ашигтай, харин ч хурдан зарчихлаа гэсэн Э. тай харилцсан цахим зурвас авагдсан. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хариуцагч нь мөнгө эсхүл шаардсан нь тодорхойгүй гэж дүгнэж хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг буюу хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

9.1 Э. , Ч. э нар гэр бүлийн харилцаатай байх үедээ илүү сайн нөхцөлтэй байр авч өгөх, эсвэл мөнгийг нь өгөх 2 нөхцлөөр хэлцэл хийсэн баримт хэрэгт авагдаагүй. Гэрчийн мэдүүлгийг үндэслэж, шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу учирсан хохирол болох 60,000,000 төгрөг гаргуулахыг шаардаж байна гэж тайлбарладаг. Талуудын хооронд ямар ч гэрээ, хэлцэл байгуулагдаагүй байх бөгөөд энэ талаар баримт хэрэгт байхгүй. Иргэний хуулийн 212 дугаар зүйлд заасны дагуу Ч. ийг мөнгө өгөхгүй, байр өг гэдэг асуудлыг ярьдаг. Төсөөтэй хэрэглэх хуулийн заалтыг иш татаж тайлбарлаж байгаа нь ямар эрх зүйн харилцаанд төсөөтэй хэрэглэж байгаа нь тодорхойгүй юм. Иймд үүргийг сонгож биелүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Үүнтэй холбоотой Ч. ийн байрыг худалдаж авсан н.ийн мэдүүлэг хэрэгт авагдсан. Мөн Ч. , н. нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ хэрэгт авагдсан ба уг гэрээнээс Ч. байраа худалдах хүсэл зоригоо илэрхийлсэн асуудал нь нотлогдоно. Хариуцагч талаас 60,000,000 төгрөгийн үнэтэй байр авах гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба орон сууцны үнэлгээг unegui.mn сайтаас авсан байдаг. Харин зээлүүлсэн 35,000,000 төгрөгөө авна гэсэн асуудал яригдаагүй юм. Мөн Ч. э ганцаараа үүрэг гүйцэтгэгч биш, хамтран үүрэг гүйцэтгэгч юм. Ч. э, Э. нарын хооронд гэр бүлийн харилцаа байсан учраас хамтран тухайн мөнгийг зарцуулсан учраас ганцаараа үүрэг гүйцэтгэх эрх зүйн үндэслэлгүй юм. Иймд гомдол хууль зүйн үндэслэлгүй.

Тухайн үед Э. тай гэр бүлийн харилцаатай байсан учраас ганцаараа амжиргаагаа сайжруулна гэсэн ойлголт байхгүй. Түүнчлэн 20,000,000 төгрөгийг Э. өөрийнхөө апплейкэшны бизнест ашиглаж авснаа хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан. Уг хариу тайлбар хуульд заасны дагуу нотлох баримтаар тооцогдох ёстой байтал шүүхээс уг тайлбарыг үнэлээгүй. Тиймээс Ч. э үүргийг ганцаараа биелүүлэх үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Ч. э нь хариуцагч Ч. д холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч 28 м.кв талбайтай нэг өрөө орон сууц, эсхүл орон сууц худалдан авахад дүйцэх хэмжээний мөнгө буюу 60,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гарган маргажээ.

2.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Ч. э нь Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, 00 дугаар байр, 00 тоот хаягт байрлах орон сууцны хууль ёсны өмчлөгч. 2014 оноос 2017 оныг хүртэл Э. тай гэр бүл болон хамтран амьдарч байсан. Э. нь Ч. ээс 2016 оны 8 дугаар сарын үед 00,000,000 төгрөг зээлсэн ба Ч. ийг миний өмчлөлийн уг орон сууцанд оруулж амьдруулсан. Иймд орон сууцнаас албадан чөлөөлүүлнэ гэж, хариуцагч дээрх шаардлагын үндэслэлийг ...Миний эзэмшлийн орон сууцыг Ч. э захиран зарцуулсан. Оронд нь түүний байранд амьдрах ба хэсэг хугацааны дараа мөнгөө буцаан авахаар тохиролцсон. Иймд миний өмчлөлд байсан орон сууцыг надад буцаан худалдан авч өгөх, эсхүл орон сууц худалдан авахад дүйцэх хэмжээний мөнгө буюу 60,000,000 төгрөг гаргуулах гэж сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгч Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 10 хороолол, хотхон, 101 дүгээр байр, 35 тоот хаягт байрлалтай, 28 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШЗ2022/09164 дугаар захирамжаар ...хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч орон сууцны үнэлгээтэй холбоотой маргаагүй, мөн орон сууцны зах зээлийн үнэлгээтэй холбоотой баримтыг хариуцагч, түүний өмгөөлөгч нар шүүхэд өөрсдөө гаргаж ирүүлэх боломжтой гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. /1хх 105-106/

3.1. Мөн хариуцагчийн өмгөөлөгчийн ...Ч. э орон сууц худалдсан мөнгөнөөс 20,000,000 төгрөгийг хариуцагч Ч. ийн зээ дүү Э. гийн Mama нэртэй гар утасны аппликейшний төлбөрт төлсөн гэх нөхцөл байдлыг нотлох зорилгоор ...Э. гийн и-мэйл хаягт үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШЗ2022/17235 дугаар захирамжаар ...энэ талаар Э. гэрчийн мэдүүлэг өгсөн, мөн хэрэгт нотлох баримтаар дансны хуулга ирүүлсэн гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт тус тус нийцээгүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч талын дээрх хүсэлт нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын нотолгоо болон үндсэн нэхэмжлэлийн татгалзалтай холбоотой байна.

4. Хариуцагч Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 10 дугаар хороолол, 28 м.кв талбайтай нэг өрөө орон сууц, эсхүл тийм хэмжээний орон сууц худалдан авахад дүйцэх хэмжээний мөнгө буюу 60,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Тодруулбал, хариуцагч нь гэрээний үүрэг, эсхүл гэрээний бус гэм хорын хохирол шаардаж байгаа эсэх нь тодорхой бус, энэ талаарх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдоогүй, анхан шатны шүүх үүнийг тодруулж, мэтгэлцүүлэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

5. Түүнчлэн, хэрэгт Ч. ийн өмчлөлийн гэх, Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, 00 дугаар байр, 00 тоот хаягт байрлах орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /1хх 4/ авагдсан байх боловч зөвхөн уг баримтаар нэхэмжлэгчийн шаардах эрхийг шууд тодорхойлох нь учир дутагдалтай байх бөгөөд тухайн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа холбогдох баримтуудыг эрх бүхий газрын баримтаар тодруулсны эцэст хэргийг шийдвэрлэх байсныг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Иймд анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг бүрдүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу хэрэгжүүлээгүй, дутуу бүрдүүлснийг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн бүрдүүлэх, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул зохигчдын давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2022/03097 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн 457,950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

М.БАЯСГАЛАН