Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2017/00696

 

 

Д.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа,  Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/00083 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 653 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Д.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Оюуномин, Л.Эрдэнэбулган нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 60 000 000 төгрөг, түрээсийн гэрээний үүрэгт 1 524 690 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй  иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Д.Мөнхжаргалын гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Мөнхжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагч Л.Эрдэнэбулган, хариуцагч нарын өмгөөлөгч С.Одгариг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие болон Л.Эрдэнэбулган, түүний эхнэр Г.Оюунномин нарын 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хийсэн зээлийн гэрээ болон 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хийсэн зээлийн гэрээнүүдийн нийт төлбөр болох 40 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлснээс хойш одоог хүртэл төлөөгүй бөгөөд зээлийн гэрээний үүрэгт хугацаа дууссан учир гэрээнд заасны дагуу Иргэний хуулийн 232 дугаар 232.6 дахь заалтыг үндэслэн төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож, үндсэн зээл болон хүү алданги оруулан нийт 60 000 000 төгрөгийг, Л.Эрдэнэбулганд надаас түрээслүүлсэн ажлын байрны түрээсийн төлбөр болох 1 200 000 төгрөг ба цахилгааны төлбөр 324 690 төгрөгийг оролцуулан нийт 61 524 690 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Мөнхжаргалаас 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 15 000 000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 25 000 000 төгрөгийг тус тус 1 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулан зээлж авсан бөгөөд зээлийн хүүг 5 сарын турш төлж, нийт 6 000 000 төгрөгийг Д.Мөнхжаргалын ХААН банкны 5015030590 тоот дансанд шилжүүлж төлсөн. Улмаар миний бие Д.Мөнхжаргалын хүсэлтээр түүнтэй ярилцаж тохирон, нэхэмжлэлд дурдсан зээлийн төлбөрт Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газрын Орог ямаатын аманд жуулчны баазын барилга байгууламж барьж өгөхөөр болсон. 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс би өөрийн “Юник вүүд” ХХК-ийн 20 ажилчинтай дээрх ажлыг эхлүүлсэн бөгөөд ажлын явцад нийт 9 гэрийн суурийг машин механизмаар ухаж, далан босгон бэлдэн, зуурмагийн машины тусламжтайгаар суурийг цутган, гэрүүдийг барьсан. Үүний дараа рестораны зориулалтаар 201.6 м.кв талбай бүхий 2 давхар барилга барьж, гадна бүжгийн талбай, галын наадам хийх талбай зэргийг хийж тохижуулсан.

Мөн уг талбайгаас дараагийн талбай руу явахад шаардлагатай, төмөр бетонон тулгууртай, 200 м.кв талбайтай модон гүүр, 36 м.кв талбайтай боловсон жорлон, душ, караоке барилга, элсний гар бөмбөг, сагсан бөмбөгийн талбай, баазын гаднах төмөр хашаа зэргийг барьсан. Уг ажлыг гүйцэтгэхэд газрын талбай нь их налуу, уулын хажуу байсан учраас газар шорооны ажил маш их хийгдэж, нийт 8 ширхэг машин механизм ажиллуулсан ба баазын доторх цахилгааны монтаж, төмөр бетон цутгамал бүхий бохирын цооног бохир болон цэвэр усны шугам татах, бохирын шингэлтийн нүх ухах, гал тогооны бохирын цооног барих, авто зогсоол байгуулах, замын хөрс хуулалт хийж хайрга асган тэгшлэх, гадан жорлон барих, гүний худагт хаалт, хамгаалалт хийх, хөшөөний суурь бэлдэх, эко хавтан өрөх зэрэг ажлуудыг хийсэн. Мөн жуулчны баазад 75 тооны модон тавилгыг хийж тохижуулж өгсөн бөгөөд дээрх ажпуудын тээвэрлэлтийг өөрийн хөрөнгөөр, унаагаар хийж гүйцэтгэсэн. Жуулчны баазын ажлыг гүйцэтгэх явцад Д.Мөнхжаргал нь манай эхнэр Г.Оюунномингийн нэр дээрх ХААН банкны 5072046569 тоот дансаар ажлын хөлс гэж нийт 61 964 000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үүнээс 24 519 500 төгрөгөөр нь материал авсан. Баримтуудыг нь түүнд өөрт нь тухайн үед нь өгсөн. Дээрх жуулчны баазын ажлын нийт зардал нь 140 519 000 төгрөг болсон бөгөөд би энэ хүнд мөнгө өгөх биш харин ч авлагатай гарч байгаа. Харин би тухайн үед энэ хүнд итгээд ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, ажил хийсэн акт, төлбөр тоцооны талаар санхүүгийн баримт үйлдээгүй бөгөөд энэ бүхнийг хийсэн ажилчдын мэдүүлэг, барьсан барилга зэргээр нотлогдоно. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэжээ.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/00083 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Эрдэнэбулганаас 60 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Мөнхжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 524 960 төгрөг, хариуцагч Г.Оюунноминд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 465 780 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Эрдэнэбулганаас 457 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 653 дугаар магадлалаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/00083 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 465 780 төгрөгийг буцаан олгохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Д.Мөнхжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч ИХШХШТХуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбар зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх үүргээ шударгаар биелүүлээгүй гэж үзэж байна. Шүүх мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-т заасныг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Миний бие давж заалдах шатны шүүхийн дүгнэсэн түрээсийн гэрээний үүргийн биелэлтийг тусд нь хариуцагч нараас шаардсан бөгөөд тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлийг шүүх 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 223 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх тухайн хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн талаар нэхэмжлэгчийн зүгээс гомдол, санал байхгүй бөгөөд энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй байхад нэхэмжлэгчийн өмнөөс дүгнэлт хийсэн нь буруу ба анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэх боломжтой юм.

Хариуцагч Л.Эрдэнэбулганы хувьд ИХШХШТХуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу сөрөг нэхэмжлэл гаргах эрх нь байх боловч тухайн сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай байх хуулийн зохицуулалттай. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Хариуцагч нарын тайлбарын үндэслэлийг няцаасан, тэдний өөрсдийнх нь зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар бичиж өгч байсан баримтууд хэрэгт хангалттай авагдсан тул зээлийн гэрээний үүргийг ажил гүйцэтгэх гэрээний үүргээр хангасан гэх дүгнэлт үндэслэлгүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасан шаардлагад нийцжээ.

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.Мөнхжаргал нь хариуцагч Г.Оюуномин, Л.Эрдэнэбулган нарт холбогдуулан 2014 оны 01 дүгээр сарын 29, мөн оны 02 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 60 000 000 төгрөг, түрээсийн гэрээний үүрэгт 1 524 690 төгрөг тус тус гаргуулах  нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түрээсийн гэрээнд хамаарах нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч шүүх хүлээн авахаас татгалзсан, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй.

Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийн үндэслэл хуульд нийцээгүйг дүгнэсэн нь зөв боловч энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул шийдвэрийг хүчингүй болгох зөрчил гэж үзэхгүй юм. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчим аль ч шатанд хэрэгжинэ.

Харин сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 73 дугаар зүйлийн 73.2-т нийцээгүй талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

Хариуцагч Л.Эрдэнэбулган нь нэхэмжлэлийг хүлээн авч, хариу тайлбар гаргахдаа зээлийн гэрээний дагуу мөнгийг хүлээж авснаа маргаагүй, харин зээлийн гэрээний үүрэгт тооцож нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээр амралтын барилга, байгууламж барьж өгөхөөр тохиролцсон талаар дурджээ.

Тэрээр 140 519 000 төгрөгийн ажил хийсэн тул зээлийн гэрээний үүрэг 60 000 000 төгрөг, материалын зардал 37 444 500 төгрөгийг тус тус хасч, зөрүү 43 074 500 төгрөг гаргуулах тухай  сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзсан нь шүүх маргааны үйл баримтын талаар мэтгэлцэх боломжийг талуудад олгоогүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй боловч сөрөг нэхэмжлэлд мөнгөн төлбөрийн үүргийг харилцан тооцуулах агуулга тусгагдсан, хариуцагч зээлийн үүрэгтээ тооцож ажлын үр дүн өгөхөөр тохирсон гэж маргасан тохиолдолд сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамтруулан шийдвэрлэх нь зохистой байжээ.     

Иймд  давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 653 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457 950  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Х.СОНИНБАЯР

         ШҮҮГЧ                                                               П.ЗОЛЗАЯА