Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00405

 

0МАГАДЛАЛ

2023.02.17 № 210/МА2023/00405

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/02994 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б-, В-, Г-, Д ХХК-д тус тус холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Е, Ё,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1,636,898,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Алтанбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэг, хариуцагч Б-, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Атарболд, гуравдагч этгээд нарын төлөөлөгч Л.Очбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б- болон Б.Алтангэрэл нар нь 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шар хад сүрлэн гудамж ** тоот 447 м.кв газар, 1070 м.кв 4 давхар үл хөдлөхийг барьцаалж 600,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Уг зээлийн гэрээний хугацааг 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болгосон.

2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Б- болон Б.Алтангэрэл нар нь дуусгавар болгосон зээлийг 2 сарын хүүгийн хамт 660,000,000 төгрөг болгон 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 2 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан.

2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр дахин иргэн Б- болон Б.Алтангэрэл нар нь 200,000,000 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 70 хоногийн хугацаатай сарын 5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан.

2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Б- нь А ХХК-тай Б.Алтангэрэлтэй байгуулсан дээрхи хоёр зээлийн гэрээг нэгтгэн 972,702,000 төгрөгөөр тооцоо нийлсэн. 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр буюу тооцоо нийлсэн өдрөө А ХХК-иас иргэн Б-д хүсэлт тавьж дээрхи тооцоо нийлсэн 972,702,000 төгрөг дээр нэмж 450,000,000 төгрөг, нийт 1,422,702 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй 10 сар 4 хоногийн хугацаатай зээлж 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл №2015/01 тоот зээлийн гэрээг байгуулсан.

2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний 6.1-т зээлдэгч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон худалдааны талбай худалдах, худалдан авах гэрээ байгуулна гэж заасныг үндэслэн 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн №15/57 тоот худалдааны талбай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

1.2. 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр албан бичгээр А ХХК нь нэмэлт санхүүжилт шаардлагатай болсны үндсэн дээр дахин 1,800,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэйгээр 9 сарын хугацаатай зээлэх тухай саналыг хариуцагчид цахим шуудангаар хүргүүлсэн бөгөөд энэхүү саналын дагуу уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам, Дүнжингаравын гудамжинд байрлалтай улсын бүртгэлийн Ү-2206046*** дугаартай 35/3 тоот хаус, Улсын бүртгэлийн Ү-2206046*** дугаартай 35/4 тоот хаус, Улсын бүртгэлийн Ү-2206046** дугаартай .... тоот хаус, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оранж таун 3 дугаар байрны .... тоотод байршилтай, Улсын бүртгэлийн Ү-2206046*** дугаартай хаусуудыг 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №DR02, DR05, DR06 эрх шилжүүлэх гэрээгээр, 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэх 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн огноотой №NCD2015/2 тоот орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр Б-ийн нэр дээр тус тус шилжүүлжээ.

Дээрх шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгөөр хариуцагч Б- нь 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн №2015/01 тоот зээлийн гэрээний 1,422,702,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулсан.

1.3. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам, Дүнжингаравын гудамжинд байрлалтай 35/3, 35/4, .... тоот хаусууд нь Д ХХК-тай байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн орон сууц захиалгын гэрээний үнээр тус бүр нь 670,000,000 төгрөгийн үнэлгээтэй. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оранж таун 3 дугаар байрны .... тоотод байршилтай хаус нь Д ХХК-тай байгуулсан NCDMG 2015 үйлчилгээний талбай захиалгын гэрээний дагуу 995,600,000 төгрөгийн үнэлгээтэй.

А ХХК нь дээрх 4 үл хөдлөх хөрөнгийг Д ХХК-иас нийт 3,005,600,000 төгрөгт тооцож шилжүүлэн авсан. А ХХК нь 3,005,600,000 төгрөгийн үнэлгээ бүхий дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг нэмж зээл авах зорилгоор шилжүүлснийг Б- нь өмнөх зээлийн гэрээний 1,422,702,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар авсан. Мөн үүн дээр 2 ширхэг гараашийг 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн гэрээгээр 54,000,000 төгрөгөөр тооцож шилжүүлсэн.

1.4. А ХХК болон Б- нарын хооронд 3,005,600,000 төгрөгийн үнэлгээ бүхий дээрх хөрөнгүүдийг шилжүүлэх ямар нэгэн үүрэг үүсээгүй бөгөөд тухайн хөрөнгөөр өмнө хийсэн зээлийн гэрээний үүрэгт тооцож Б- нь өөрөө дур мэдэн авсан, ийнхүү хөрөнгө гүйцэтгэх ёстой үүргээс 1,636,898,000 төгрөгөөр илүү хөрөнгө авсан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл болж байна. Б- нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлснээр буцаан өгөх боломжгүй болсон байх тул Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт зааснаар үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө гэж заасны дагуу 1,636,898,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.5. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчилсөнтэй холбоотойгоор хариуцагч В-, Г-, Д ХХК-д тус тус холбогдох хэсгээс татгалзаж байна.

 

2. Хариуцагч Б-ийн татгалзал, тайлбарын агуулга: А ХХК-ийн хөрөнгө оруулалтын захирал Б.Алтангэрэл нь тухайн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нарантуул захын урд 10 давхар үйлчилгээний зориулалттай барилга барьж байна. Тодорхой хэмжээний санхүүжилт хэрэгтэй байгаа учраас мөнгө зээлээч гэсэн хүсэлтийг Б-д тавьсны дагуу очиж үзэхэд барилгын ажил эхэлж байсан. Улмаар 2015 оны 06 дугаар сарын 31-ний өдөр 600,000,000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 200,000,000 төгрөг зээлсэн. Ингээд 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр тооцоо нийлж, 972,702,000 төгрөгөөр тооцоо нийлсэн акт үйлдсэн.

Үүний дараа А ХХК нь дахин мөнгө зээлээч гэсний дагуу нэмж 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 450,000,000 төгрөг зээлдүүлж, 10 сарын хугацаатай нийт 1,422,702,000 төгрөгийн дүнтэй зээлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчээс зээлийн хүү болон төлбөрийг төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч төлөх боломжгүй талаар тайлбар хэлдэг.

Нэхэмжлэгч зээлийн төлбөрийг бэлэн мөнгөөр төлөх боломжгүй байх тул 4 хаусыг төлбөртөө тооцоод өгөх санал гаргасан. Үүний дагуу нэхэмжлэгч нь 4 хаусыг зээл, хүү, алдангийн төлбөр 2 тэрбум орчим төгрөгт тооцож шилжүүлсэн. 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний харилцаа дууссан гэж үзсэн. Тухайн үед бидний зүгээс хаусыг шилжүүлж авахдаа ямар нэгэн үнэ тохироогүй.

Зээлийн гэрээний үүргээр хүлээсэн мөнгөн хөрөнгөд 4 хаусыг шилжүүлж өгөх хэлцэл хийж Д ХХК-тай тохиролцсоны үндсэн дээр эрх шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Улмаар зээлийн гэрээний төлбөрт авсан хаусыг аваад бусад этгээдэд шилжүүлсэн. Мөн тухайн 4 хаусыг зээлийн төлбөртөө тооцож авсан үнээсээ үнэтэй худалдаагүй. Иймд үндэслэлгүйгээр хөрөнгө авсан зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Гуравдагч этгээд нарын тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-ээс 542,313,340 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1,094,584,660 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч В-, Г-, Д ХХК нарт холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан шинжээчийн зардлын 50 хувийн төлбөрт 5,440,000 төгрөгийг нэхэмжлэгч А ХХК-иас гаргуулж Б-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 9,498,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-ээс улсын тэмдэгтийн хураамжинд 2,869,517 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх 1,965,015,340 төгрөгийн үнэлгээгээр тооцож маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шинжээч дүгнэлтдээ захирамжийн дагуу 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар болон захирамжинд заагдаагүй өнөөгийн үнэлгээ гаргасан хэдий ч тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг шилжүүлэх үеийн үнийн зөрүүг нэхэмжилсэн байгаа бөгөөд шилжүүлсэнээс хойш хариуцагчийн үйл ажиллагааны улмаас бий болсон элэгдэл гэмтэл зэрэг нь манай компанид хамааралгүй тухайн үеийн ханшаар тооцож нэхэмжлэлийг шийдвэрлэх нь зүйтэй юм.

Иймд захирамжид заагдаагүй асуудлаар гаргасан шинжээчийн дүгнэлтийн зарим хэсгийг үндэслэн маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

5.2. Хариуцагчаас 1,422,702,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгүүдийг авсан гэж тайлбарладаг бөгөөд ийнхүү шинжээчийн дүгнэлтийн үнэлгээний 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн үнэлгээгээр тооцож маргааныг шийдвэрлэх тохиолдолд 966,885,851 төгрөгийн зөрүү гарч байгаа бөгөөд энэхүү зөрүү үнийн дүнгээр шийдвэрлэх үндэслэлтэй.

5.3. Мөн шинжээчийн зардлын 50 хувийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн ба шинжээчийн зардалд яг хэдэн төгрөг төлөх нь эргэлзээтэй байдаг. Учир нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 104/022 тоот албан бичигт үнэлгээний төлбөрийг 6,220,000 төгрөг гэж дурдсан атлаа 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтад 10,880,000 төгрөг гэж авсан байх бөгөөд ямар үндэслэлээр шинжээчийн зардалд 4,660,000 төгрөгөөр илүү төлөгдсөн үндэслэл тодорхойгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 966,885,851 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

 

6. Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын үндсэн дээр болон хариуцагчийн хариу тайлбар, татгалзал тодорхой байхад түүнийг буруугаар тайлбарлаж, хэрэглэж шүүхийн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

6.1. Дээрх маргаан бүхий 4 үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхдээ 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2015/01 дугаар зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн бөгөөд уг зээлийн гэрээний үүрэг буюу төлбөрт тооцох үнэ тодорхой байна. Талууд хооронд маргаан бүхий 4 үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх өдрийн байдлаар гэрээний үүрэг нь 2,049,861,581.28 байсан.

Өөрөөр хэлбэл, 2015/01 тоот зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 282.3 дахь хэсэгт заасны дагуу хуулийн шаардлагад нийцсэн, зээлдүүлэгч Б- нь хүү авах эрхтэй байна. Мөн гэрээнд заасан алдангийн зохицуулалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэгт заасантай нийцэж байгаа тул алданги шаардах эрхтэй. Иймд 4 хаусыг шилжүүлэх өдрийн байдлаар зээлдэгч "А" ХХК нь үндсэн зээл 1,422,702,000 төгрөг, хүү 512,172,720 төгрөг, алданги 114,986,861 төгрөг, нийт 2,049,861,581.28 төгрөгийн төлбөртэй байсан.

6.2. Хэрэгт авагдсан баримтаар М Скүэр /M-SQUARE/ худалдаа үйлчилгээний талбай худалдахаар тохиролцсон 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн "Худалдаа үйлчилгээний талбай худалдах худалдан авах тухай гэрээ" цуцлагдсан, хүчингүй болсон талаар талууд маргаагүй байхад уг тохиролцоо хүчинтэй байсан гэж үзэхээр байна гэж шүүх дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

Хариуцагчийн зүгээс [email protected] гэсэн цахим шуудан ашигладаггүй, ийм цахим шуудан хүлээж авч байгаагүй. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын зүгээс олон удаа харилцаж, хөрөнгө шилжүүлэх, зээл авах, өгөх, хөрөнгө барьцаалах зэрэг харилцаанд орж байсан нэг ч удаа цахим шуудангаар харилцаж байгаагүй.

6.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11 дэх хэсгийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй. Шүүхээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-492.1.2-т заасан аль үндэслэл болохыг заагаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээт чөлөөт байдлыг зарчмын дагуу хуульд үл харшлах гэрээнүүдийг байгуулсан байна.

Маргаан бүхий 4 хаусыг Б- рүү шилжүүлсэн гэрээнүүд хүчин төгөлдөр, түүнчлэн нэхэмжлэгчээс уг гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсанаар уг гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаангүй болсон. Ийнхүү маргаан бүхий 4 хаусыг шилжүүлсэн буюу талуудын хооронд үүрэг үүсгэсэн гэрээнүүд хүчин төгөлдөр байхад Б- болон А ХХК-ийн хооронд үүрэг үүсээгүй гэсэн үндэлэлээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх хууль зүйн боломж байхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

7. Хариуцагч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гомдолд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн зүгээс 7 жилийн хугацаанд нэмэлт зээл олгох асуудал байгаагүй болохыг тогтвортой тайлбарлаж ирсэн. Нэхэмжлэгч нь өмнө 3 удаагийн зээлийн гэрээ байгуулж, удаа дараа шаардсан боловч хүү болон алдангийг төлөөгүй.

Дамно ХХК-ийн нэхэмжилсэн үнийн дүнгээр шинжээчийн дүгнэлтийн төлбөрийг төлсөн. Үнэлгээний хувьд шүүгчийн захирамжид дурдсанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чухал ач холбогдолтой үнэлгээ байсан тул Дамно ХХК-ийн зүгээс 2 үнэлгээ гаргасныг анхан шатны шүүх зөв тайлбарлаж хэрэглэсэн.

 

8. Нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн гомдолд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн гомдолд дурдсанаас өөр зээлийн гэрээний үүргийн хэмжээ, тооцоолол хэрэгт байгаагүй тул одоо гаргаж ирж буй зээл, хүү, алдангийн тооцоолол үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан баримтуудаас харахад шилжүүлсэн эд хөрөнгө, төлөх зээлийн хооронд зөрүү үүссэнийг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Шилжүүлсэн 4 хаусыг өөр зээлийн барьцаа болгосон нь хариуцагч руу илгээсэн цахим шууданд хийсэн үзлэгээр тогтоогдсон. Гэхдээ 1,800,000,000 төгрөгийн зээлийг хариуцагч нь нэмж олгоогүй.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

9. Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон хариуцагчийн гомдолд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн гаргасан гомдол, тайлбарыг дэмжиж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчийн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А ХХК-ийг хариуцагч В-, Г-, Д ХХК нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцсэн байна.

Харин шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг шийдвэрлэхдээ ямар нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсныг тодорхой дурдаагүйг залруулна.

 

3. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б-д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 1,636,898,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

4. А ХХК болон Б- нарын хооронд 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан, мөн өдөр өмнөх зээлийн үлдэгдэлийг тооцоо нийлж баталгаажуулсан, маргаж буй 4 үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчээс хариуцагч руу шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх нь 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдах болсон үндэслэл, тухайн зээлийн гэрээний үүргийн хэмжээ, зээлийн гэрээ дуусгавар болсон эсэх, мөн А ХХК болон Б- нарын хооронд нэмэлт зээлийн гэрээ байгуулах хэлцэл хийгдсэн эсэх, маргаж буй 4 үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн үндэслэл, тэдгээрийн үнэлгээний талаарх үйл баримтыг алдаатай дүгнэснийг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

5. Зээлдүүлэгч Б-, зээлдэгч Б.Алтангэрэл нар нь 2015 оны 03 дугаар сарын 03, 2015 оны 05 дугаар сарын 10, 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр тус тус зээлийн гэрээ байгуулжээ. Дээрх гэрээг 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Б-, А ХХК нар тооцоо нийлж дүгнэж акт үйлдсэн байна /1хх 239/.

Энэхүү тооцоо нийлсэн актын дагуу А ХХК нь Б.Алтангэрэлийн Б-д төлөх ёстой 972,702,000 төгрөгийн төлбөрийг төлөхөөр тохиролцож, улмаар мөн өдрөө актаар баталгаажуулсан 972,702,000 төгрөг дээр нэмж 450,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 1,422,702,000 төгрөгийг зээлж гэрээ байгуулсан талаар зохигч маргаагүй.

Талуудын хооронд байгуулсан уг гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаанд хамаарч байх бөгөөд гэрээ хүчин төгөлдөр байна /1хх 63/.

 

5.1. 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2015/01 дүгээр зээлийн гэрээгээр Б- нь 1,422,702,000 төгрөгийг 10 сар 4 хоногийн хугацаатай, нэг сарын 3%-ийн хүүтэйгээр А ХХК-нд шилжүүлжээ.

Уг гэрээнд заасан хүү, алданги тооцох зохицуулалт нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн тул Б- нь гэрээний дагуу үндсэн зээл, хүү, алдангийг А ХХК-иас шаардах эрхтэй. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн зүгээс тооцоо нийлсэн актад заасан 972,702,000 төгрөг нь өмнөх гэрээний хүү, алданги тооцсон үнэ тул дахин хүү, алданги тооцох ёсгүй гэж маргаж буй боловч Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт зааснаар зохигч нь Б- болон Б.Алтангэрэл нарын байгуулсан зээлийн гэрээний харилцааг өөр зээлийн гэрээний харилцаагаар сольж дуусгавар болгосон.

Иймд 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2015/01 дүгээр зээлийн гэрээний дагуу олгогдсон 1,422,702,000 төгрөгийн зээлд хүү, алданги тооцогдоно.

 

6. Нэхэмжлэгчээс хариуцагчид 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр DR02, DR05, DR06 тоот эрх шилжүүлэх гэрээгээр:

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам, Дүнжингаравын гудамж, 35/3 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2206046*** дугаартай, 167.5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

- Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам, Дүнжингаравын гудамж, 35/4 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2206046*** дугаартай, 167.5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

- Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам, Дүнжингаравын гудамж, .... тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2206046** дугаартай, 167.5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр:

- Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оранж таун, 3 дугаар байр, .... тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2206046*** дугаартай, 260.57 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус хариуцагч Б-д шилжүүлж өгсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон боловч ийнхүү шилжүүлэх болсон шалтгаан нөхцөлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүйг залруулна.

 

6.1. Дээрх 4 үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх үндэслэлийг нэхэмжлэгч нь 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Б-ээс дахин 1,800,000,000 төгрөгийн зээл авах үүднээс барьцаалсан гэх боловч энэ нь нотлогдоогүй. Тухайлбал, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр А ХХК-иас зээлийн гэрээний саналын талаар [email protected] гэх цахим хаяг руу явуулсан гэх цахим шууданг хариуцагч хүлээн авсан гэж үзэх үндэслэлгүй, уг хаяг нь хариуцагчийнх бөгөөд энэ хаягаар зохигч хоорондоо харилцаж байсан нь нотлогдоогүй. Мөн нэхэмжлэгчийн дахин зээлийн гэрээ байгуулах санал гаргаж байсан гэх 2016 оны 05 дугаар сараас өмнө буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам, Дүнжингаравын гудамж, 35/4 тоот хаягт байршилтай 3 үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч нь хариуцагчид 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэрээ байгуулж шилжүүлсэн болно.

 

6.2. Нэхэмжлэгчийн зүгээс 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Худалдааны талбай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр өөрийн барьж буй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Намянжүгийн гудамж №53 хаягт байрлах М Скүэр /M-SQUARE/ худалдаа үйлчилгээний төвийн 2 давхарт худалдаа үйлчилгээ хийх зориулалттай, нийт 1,206.551 м.кв талбайг гэрээнд заасан хугацаанд барьж ашиглалтад оруулан Б-д хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн гэж тайлбарласан.

Энэхүү гэрээг 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2015/01 дүгээр зээлийн гэрээний барьцааны зориулалтаар хийсэн болох нь нотлогдохгүйн зэрэгцээ Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт зааснаар тухайн хөрөнгө бий болж, барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүсээгүй, 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгэгдээгүй болно.

6.3. Иймд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийн үүргийн гүйцэтгэлийг оронд 4 үл хөдлөх хөрөнгийг хариуцагчид шилжүүлж өгсөн сүүлийн хугацаа буюу 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч гүйцэтгэж, үүргийг дуусгавар болгосон гэж үзэв.

Нэхэмжлэгчийн шилжүүлсэн 4 үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2015/01 дүгээр гэрээний зээлийн үүргийг хасаад илүү гарсан мөнгөн хөрөнгөтэй холбоотойгоор зохигчийн хооронд үүргийн харилцаа үүсээгүй байх тул уг илүү гарсан мөнгөн хөрөнгийн хэмжээгээр хариуцагч Б-ийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хуульд нийцсэн байна.

Харин анхан шатны шүүх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон хугацаа, хүү, алданги тооцох талаар үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгөөгүйг зөвтгөнө.

 

7. Шинжээчээр томилогдсон Дамно ХХК нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гаргасан дүгнэлтдээ маргааны зүйл болж буй 4 үл хөдлөх хөрөнгийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 2,389,587,851 төгрөгөөр, өнөөгийн зах зээлийн үнэлгээг 1,965,015,340 төгрөгөөр үнэлсэн байх ба анхан шатны шүүх 1,965,015,340 төгрөгийн үнэлгээг үндэслэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Зохигч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн оронд үл хөдлөх хөрөнгийг шилжүүлснээр 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэрээг дуусгавар болгосон, үүнээс хойших үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой элэгдэл хорогдол, аливаа эрсдлийг хариуцагч хариуцах учиртай тул энэхүү маргааныг шийдвэрлэхэд шинжээчийн гаргасан 4 үл хөдлөх хөрөнгийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 2,389,587,851 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг баримтлах нь зүйтэй. Мөн энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангана.

 

8. Нэхэмжлэгчийн зээлийн гэрээний дагуу хариуцагчид төлөх ёстой үүргийн хэмжээ, уг үүрэгт тооцож шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийн үнийн зөрүүг дараах байдлаар тооцож, анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан болон хэрэгсэхгүй болгосон хэмжээг өөрчилж байна.

 

8.1. 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр DR02, DR05, DR06 тоот эрх шилжүүлэх гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам, Дүнжингаравын гудамжид байршил бүхий, шинжээчийн үнэлгээгээр нэг бүр нь 516,872,531 төгрөг, нийт 1,550,617,593 төгрөгөөр үнэлэгдсэн 3 үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд тооцож хариуцагчид шилжүүлж өгчээ.

Уг өдрийн байдлаар 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2015/01 дүгээр зээлийн гэрээний үндсэн төлбөр 1,422,702,000 төгрөг, хүү 216,250,704 төгрөг, нийт 1,638,952,704 төгрөг байжээ /Гэрээний 2.2-т заасан 1 сарын 3%-иар тооцоход 1 сарын хүү 42,681,060 төгрөг, 1 өдрийн хүү 1,422,702 төгрөг байна. Үүнээс 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл буюу 5 сар 2 хоногийн хугацаанд хүүг тооцов/.

Ийнхүү 1,638,952,704 төгрөгийн зээлийн үүргээс 1,550,617,593 төгрөгийг нэхэмжлэгч нь төлж барагдуулснаар 88,335,111 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл үлджээ.

 

8.2. 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оранж таун, 3 дугаар байр, .... тоот хаягт байршил бүхий, шинжээчийн үнэлгээгээр 838,970,258 төгрөгөөр үнэлэгдсэн 1 үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд тооцож хариуцагчид шилжүүлж өгснөөр зохигчийн байгуулсан зээлийн гэрээ дуусгавар болжээ /Дамно ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ хамаарал бүхий 2 авто гражийг үнэлээгүй бөгөөд үүнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй/.

Уг өдрийн байдлаар 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2015/01 дүгээр зээлийн гэрээний үндсэн төлбөр 88,335,111 төгрөг, хүү 9,893,531 төгрөг, нийт 98,228,642 төгрөг байжээ /Гэрээний 2.2-т заасан 1 сарын 3%-иар тооцоход 1 сарын хүү 2,650,053 төгрөг, 1 өдрийн хүү 88,335.1 төгрөг байна. Үүнээс 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл буюу 3 сар 22 хоногийн хугацаанд хүүг тооцов/.

Мөн 2015/01 дүгээр зээлийн гэрээний 2.2-т зааснаар талууд 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 10 сар 4 хоногийн хугацаатай байгуулсан ба нэхэмжлэгч нь 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги тооцох үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 98,228,642 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 838,970,258 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчид шилжүүлж өгсөн тул зээлийн үүргээс илүү төлсөн 740,741,616 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

8.3. Хариуцагч нь 2015/01 дүгээр зээлийн гэрээний үндсэн төлбөр, хүү, алдангид маргаж буй 4 үл хөдлөх хөрөнгийг хүлээн авснаар гэрээг дуусгавар болгосон гэж байгаа боловч үндсэн зээлийн төлбөр, хүүгийн үүргээс илүү үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авсан, одоо дээрх үл хөдлөх хөрөнгө нь түүний өмчлөлд байхгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар 740,741,616 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, энэ хэмжээгээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

9. Мөн шийдвэрт улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа хэрэглэвэл зохих хуулийг баримтлаагүй, нөхөн төлүүлэх шүүхийн зардал болох шинжээчийн зардлыг зохигчдод нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд хуваарилаагүй нь хуульд нийцээгүйг залруулж, нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээнд тэмдэгтийн хураамжийг хуваарилна. Нэхэмжлэгч нь шинжээчийн зардал 10,880,000 төгрөг бодитоор гарсан эсэхэд гомдол гаргасан боловч уг зардал нь баримтаар нотлогдсон тул гомдлыг хангахгүй.

 

10. Нийт өгсөн дүгнэлтийн хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зохигчийн гомдлын зарим хэсгийг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/02994 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 542,313,340 төгрөгийг гэснийг 740,741,616 төгрөгийг гэж, илүү нэхэмжилсэн 1,094,584,660 төгрөгийг гэснийг нэхэмжлэлийн шаардлагаас 896,156,384 төгрөг гаргуулах хэсгийг гэж өөрчилж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч В-, Г-, Д ХХК нарт холбогдуулан гаргасан 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн DR02, DR05, DR06 дугаартай Эрх шилжүүлэх гэрээ, 2016 оны 5 дугаар сарын  20-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаасаа татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж

3 болон 4 дэх заалтыг нэгтгэн 3 гэж дугаарлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 9,498,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-ээс улсын тэмдэгтийн хураамжинд 3,861,658 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож,

шинжээчийн зардалд нэхэмжлэгч А ХХК-иас 5,962,240 төгрөг гаргуулж хариуцагч Б-д олгосугай гэж өөрчлөн найруулж,

5 дахь заалтыг 4 гэж дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,280,820 төгрөгийг, хариуцагч Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,869,520 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ