Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 1342

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,                           

улсын яллагч Д.Уянга,

шүүгдэгч С.Н /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас А овогт С.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706 0056 30084 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн А овогт С.Н, 1978 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин, төмрийн дархан мэргэжилтэй, ам бүл хоёр, Баянзүрх дүүрэг 21 дүгээр хороо Бага дарь эхийн 10-1949 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлтэй, 2000 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 573 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулан, уг ялыг 2 жилээр тэнссэн, хэрэг хариуцах чадвартай,  /РД:................../,

Шүүгдэгч С.Н нь 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 24-ний өдрүүдийн хооронд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо 37 дугаар гудамж 865 тоотод иргэн М.Хоролдуламыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч С.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч М.Хоролдулам мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2017.07.22-ны өдөр 09 цаг 30 минутын үед 1 дүгээр төрөхийн дэргэд сургууль  рүү гүйж ороод нуугдахад намайг сургууль дотроос олж намайг татаж аваад гарах гэхээр нь би хичээлдээ суугаад тараад явья гэхэд шууд миний хувцаснаас чирч сургуулиас гаргаад автомашиндаа суулгаж миний баруун нүд рүү гараа зангидаж байгаад цохиж, жижиг тонгорог хутга гаргаж ирээд чамайг би одоо ална гээд... хамт БЗД-ийн товчоо гарч уулын бэлд очиж нуруу гуя руу гараараа цохиж... сүрдүүлж… Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо 37 дугаар гудамж 865 тоотоп хаяганд 21:00 цагийн үед очиж гэр хорооллын байшинд оруулж хамт хоносон...маргааш нь буюу  2017,07,23 өглөө босоод гарч явахдаа мөн гаднаас цоожилж гараад төд удалгүй буцан ирж дахин намайг хэл амаар доромжилж...гурлын ганжин модоор зодсон...өдөржин зодоод ” гэх мэдүүлэг. /хх22-25, 121/,

Гэрч Ц.Баасан-Очир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017.07.22-ны өдөр... миний ойлгосноор Хорлоо өөр хүнтэй болчихсон чинь Билгээ ах уурлаад байх шиг байсан. Хорлоо кодоо хэлж өгөхгүй байсан чинь Билгээ ах Хорлоогийн бие рүү гараараа ганц хоёр удаа цохихоор нь би “болиочээ” гэсэн чинь за за чи утасаа ав гээд миний утсыг өгөөд “чи одоо харь харь гэсэн...” гэх мэдүүлэг. /хх-28/,

Гэрч Ц.Жаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...нүүр хавдсан, гар хөл нь хөхөрсөн, нүд нь улайсан байсан нэг гуяндаа жижиг зүсэгдсэн байсан...” гэх мэдүүлэг. /хх-32/,

Гэрч Б.Баттунгалаг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хоролдулам нь С.Нахтай хамт амьдарч байгаад нэг өдөр яваад холбоо барилгүй таг болоод энд ирэхээр нь С.Нах уулзаад маргаан үүсгээд машинд суугаад явж байхдаа гараараа цохичихсон чинь нүдний шил нь таараад нүүр цохигдсон...” гэх мэдүүлэг. /хх-127/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9473 дугаартай дүгнэлт:

  1. М.Хоролдулам-н биед тархи доргилт, баруун нүдний зовхи, хацар, уруул, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт, баруун бугалгалга, хоёр шуу, зүүн гуя, хоёр шилбэнд цус хуралт, баруун гуянд зулгаралт, цус хуралт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-44/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

                 Шүүгдэгч С.Н 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 24-ний өдрүүдийн хооронд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо 37 дугаар гудамж 865 тоотод иргэн М.Хоролдуламыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримтаар нотлогдлоо.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч С.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд прокуророос шүүгдэгч С.Н-ийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Н-ийн үйлдсэн гэмт хэрэг нь 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 24-ний өдрүүдэд үйлдэгдсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч М.Хоролдулам нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1,  36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. А овогт С.Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, С.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

3. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

4. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл С.Н-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР