Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 258

 

 

 

 

 

 

 

 

 

С.Нт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Уянга,

шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар,

хохирогч М.Х,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Батболдын бичсэн 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 20 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэлд үндэслэн С.Нт холбогдох 1706005630084 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

.......... овгийн ..........ын .........., 1978 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин, төмрийн дархан мэргэжилтэй, ам бүл 2, .......... тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: ........../,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 573 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулан, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

С.Н нь 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 24-ний өдрүүдийн хооронд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 37 дугаар гудамж 865 тоотод иргэн М.Хыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх Прокурорын газраас: С.Нийн үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: .......... овогт ..........ын ..........ийг бусдыг хүчиндэх гэмт хэрэг, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Нийг 450 нэгжээр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Нийг 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2 дахь хэсгийн 2.1-д заасныг тус тус журамлан С.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжээр торгох ялыг хорих ялд дүйцүүлж 1 сарын хорих ялаар тооцож нэмж нэгтгэн С.Нийн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар С.Нт оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгаж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, С.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Хд 500.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж,

Хохирогч М.Х нь гэм буруутай этгээдээс өөрт учирсан гэм хорын хохирол болон сэтгэл санааны хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Нт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Батболд бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “1. Шүүгдэгч С.Нийн гэм буруугийн талаар: ...шүүгдэгч С.Н нь хөнгөн гэмтэл учруулсан гэм бурууд маргахгүй, харин хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэх хэргийн зүйлчлэлийг зөвшөөрөхгүй байна гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцсэн болно” гэж дурдсан атлаа “Шүүх шүүгдэгч С.Нт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хохирогч М.Хд учруулсан хохирлоос заримыг өөрийн сайн дураар нөхөн төлсөн, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзсэн” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамласан нь буруу байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Нт оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүгдэгчид оногдуулсан ялыг нэмж нэгтгэсний дараа, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэх талаар зохицуулалт шинээр мөрдөгдөж буй 2015 оны Эрүүгийн хуульд байхгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан хорих яльг тэнссэн нь буруу байна.

Шүүх шүүгдэгч С.Нт оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгажээ. Шинээр батлагдан мөрдөгдөж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу хорих болон хорихоос өөр төрлийн ял оногдуулсан шүүхийн шийдвэр, тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтанд тавих хяналтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлэхээр хуульчилсан болно. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Прокурор Д.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Дээд шатны прокурорын эсэргүүцэл нь гурван үндэслэлтэй. С.Н нь хүчиндэх гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцсэн байхад шүүх “гэм буруугаа хүлээсэн гэж ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байна” гэж дүгнэсэн нь буруу байна гэсэн. Шүүх шүүгдэгч С.Нт оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн байсан. Шүүх С.Нт хорих ял оногдуулж тэнссэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Түүнд оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгасан нь буруу. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага эдгээр ялыг хэрэгжүүлнэ” гэж хуульчилсан. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүх хорих ял оногдуулах ёстой.” гэв.

Шүүгдэгч С.Нийн өмгөөлөгч Ж.Болдбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ёстой байсан, хорих ял оногдуулаад тэнссэн нь буруу байна гэдгийг шүүх өөрийн хэмжээнд шийдвэрлэх байх. Анхан шатны шүүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг С.Н үйлдээгүй гэдэг байдлаар өмгөөлөгч мэтгэлцэж оролцсон. Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн асуудалд шүүх гэм буруутай гэсэн шийдвэр гаргасан. Үүний дараа шүүгдэгч С.Н нэгэнт шүүх гэм буруутай гэж үзэж байгаа тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ. Тийм учраас би гэм буруугаа ойлгоод хүлээн зөвшөөрч байна гээд уучлалт гуйж байна. Цаашид гарах зардлыг нөхөн төлнө. Одоогоор гарсан байгаа бодит зардлыг нөхөн төлсөн гэдэг байдлаар тайлбар тавиад үүнд нь шүүх өөрийн үнэлэлт, дүгнэлтээ өгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх дүгнэлтийг хийсэн байх гэж ойлгож байгаа. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянадаг учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг С.Н үйлдсэн эсэх асуудал өмгөөлөгчийн зүгээс эргэлзээтэй, тодорхой асуудлыг тавьсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан. Тус эрүүгийн хэрэгт зөвхөн хохирогчийн мэдүүлэгт хүчиндсэн гэж байдаг. Гэтэл нотлох баримтын шаардлага хангаад, нотлох баримтуудыг цуглуулаад үнэхээр С.Н нь хохирогчийг хүчиндсэн эсэх үйл баримт, объектив талын шинж чанарыг бүрэн хангалттай тогтоож чадаагүй. М.Х цагдаад өгсөн өргөдөл болон хууль сануулаад албан ёсоор хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “2017 оны 7 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд 1, 1 удаа бэлгийн харьцаанд орсон” гэж мэдүүлдэг. Шүүх хуралдаанд бэлгийн харьцаанд орохдоо хамгаалалт буюу бэлгэвч хэрэглээгүй орсон. Шинжээчийн дүгнэлтийн 5, 6, 7 дахь заалтуудад ямар нэгэн байдлаар бэлгийн харьцаанд орсон эсэхийг тогтоох боломж байхгүй. Мөн үтрээнээс авсан арчдас, наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй. Гэтэл энэ шинжилгээг 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр буюу гэмт хэрэг болсоны маргааш нь өгсөн. Шинжлэх ухааны талаас хэрэв ямар нэгэн байдлаар хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон бол үтрээ дэх эр бэлгийн эс 72 цаг хүртэл хугацаагаар тогтоох боломжтой гэсэн. Гэтэл тухайн шинжилгээгээр эр бэлгийн эс илрээгүй. Хохирогч өөрөө хамгаалалт хэрэглээгүй гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн. 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 4020  тоот шинжээчийн дүгнэлтээр шинжилгээнд ирүүлсэн дотоожинд ямар нэгэн урагдал байхгүй гэсэн. Өөрөөр хэлбэл анхны мэдүүлэгтээ 7 дугаар сарын 22-ны өдөр нэг удаа хүчиндсэн. Харин 23-ны өдөр бэлгийн харьцаанд орсон гэсэн зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Тэгэхээр анхны өдөр хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл явагдсан юм бол 2 дахь өдөр нь яагаад хохирогч зүгээс энгийн бэлгийн харьцаанд орсон гэж мэдүүлсэн бэ. Хүчингийн гэмт хэргийн хамгийн гол объектив шинж нь биеэ хамгаалах чадваргүй тохиолдолд хүчиндсэн бол эсэргүүцлийн асуудал яригдахгүй. Бусад бүх тохиолдолд ямар нэгэн байдлаар эсэргүүцэл үзүүлэх, хохирогчийн биед гэмтэл, эсэргүүцэж байгаа С.Нийн нүүр, ам нуруу нь шарх сорви болох ёстой гэсэн асуудал яригдах ёстой. Гэтэл энэ талаар мөрдөн байцаалтын шатанд шалгаагүй, тогтоогдсон зүйл байхгүй. Хэрэгт шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулсан боловч дээрх байдлаар С.Н хүчингийн гэмт хэрэг үйлдсэн эсэх нь тогтоогдохгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан ганц мэдүүлэг бол Жаргал гэх хохирогчийг байшингаас очиж авсан эгчийнх нь мэдүүлэг байдаг. Хохирогч болон эгчийнх нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг эрс зөрүүтэй байдаг. Анх очиход хүчиндүүлсэн байсан талаар огт яриагүй гэсэн мэдүүлэг өсгөн байдаг бол шүүх хуралдаанд очиход хүчиндүүлсэн гэдгийг хэлсэн гэж мэдүүлдэг. Мөрдөн байцаалтын шатанд өсгөн мэдүүлэг, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй. Тэгэхээр эргэлзээ бүхий нотлох баримт үүсэж байна гэж үзэж байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрх хүчингийн гэмт хэргийг үйлдсэн талаар бүхий л нотлох баримтыг шалгасан боловч С.Н нь тухайн гэмт хэргийг үйлдсэн эсэх нь эргэлзээ төрж байна. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан М.Хыг хүчиндсэн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Энэ талаар баримтаар авагдсан хохирлыг барагдуулсан.” гэв.

Хохирогч М.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй.” гэв.

Шүүгдэгч С.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хохирогчтой бэлгийн харьцаанд огт ороогүй. Надад ямар нэгэн сэдэлт төрөөгүй. М.Х надтай хамт амьдарна гээд 9 жил ханилсан эхнэрээ хаяад түүнийг сонгож амьдарсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Түүнээс биш бид хоёрын хооронд бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй. Өмнө хашаа байшин хөлслөөд хамт амьдарч байсан. 7 дугаар сард гэрийнхэнтэйгээ Архангай явна гээд утсаа салгаад алга болсон.” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд:

“1. Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.

2.Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн... бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж заажээ. Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзэхэд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнд тодорхой нөхцөлтэйгээр хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болох бөгөөд харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн хоёр, түүнээс дээш гэмт хэрэг үйлдсэн бол тэнсэх заалтыг хэрэглэж болохгүй гэдэг нь тодорхой тусгагджээ. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч С.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хоёр гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, улмаар хорих ял оногдуулан, уг хорих ялыг тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч С.Н нь хохирогч М.Хыг 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 24-ний өдрүүдийн хооронд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 37 дугаар гудамжны 865 тоотод гар хөлийг нь хүлж, гарч явахдаа гаднаас нь түгжих зэргээр хорьсон болох нь хохирогч М.Х, гэрч Ц.Жаргал нарын мэдүүлэгт тодорхой тусгагджээ. Тухайлбал:

хохирогч М.Х мөрдөн байцаалтын шатанд “...гэр хорооллын байшинд оруулж хаалгаа цоожлоод, намайг хүчиндээд, шөнө гаднаас түгжээд одоо ирнэ гээд гараад явахдаа цонх хагалж зугтаана гэж бодож байвал ална шүү гээд гарсан. ...маргааш өглөө нь 2017 оны 7 дугаар сарын 24-ний өглөө 05 цагийн үед Булган аймаг руу яваад ирнэ гэж хэлээд намайг гаднаас цоожилж гар хөлийн хүлээг тайлж өгөөд гарч зугтвал ална шүү гэж хэлээд яваад өгсөн.” гэж, /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,

гэрч Ц.Жаргал мөрдөн байцаалтын шатанд “...2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 19 цагийн үед би эгчийн хүүхэд М.Хын утас нь холбогдохоор нь залгаад хаана байгааг нь асуухад “би Дарь-Эхэд байна, намайг хурдан ирээд аваадхаач, ирэхээр чинь учрыг нь тайлбарлаж өгье” гэхээр нь би найзын хамт байгаа газрыг нь заалгаад очиход М.Хын байсан байшин нь цоожтой, цонхнууд нь тортой байсан. Тэгээд байшингийн 2 давхарын цонхоор М.Хыг гаргаж авсан.” гэж /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/ тус тус мэдүүлсэн байхад С.Нийн үйлдэлд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг хууль бусаар хорьсон” гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг нарийвчлан шалгаж, хэргийг зөв зүйлчлэх нь зүйтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Нт холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Нт холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч С.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД                                                       Т.ӨСӨХБАЯР

 

                                                                                    Ц.ОЧ