Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00450

 

 

 

 

 

 

 

2023 03 03 210/МА2023/00450

 

 

Д.А ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Бадрах, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/05319 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.А ын нэхэмжлэлтэй, хариуцагч Т ХХК-д холбогдох, *** хаягт байршилтай 134.8 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийг Д.А од хүлээлгэн өгөхийг хариуцагч Т ХХК-д даалгах, алданги 134,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О, Б.Б, Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, гуравдагч этгээд Д.О ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Нэхэмжлэгч Д.А нь 2012 оны 06 сарын 23-ны өдөр Т ХХК-тай *** дугаартай Орон сууц, үйлчилгээ захиалгаар барих гэрээ-г байгуулж, тус гэрээний дагуу *** давхрын үйлчилгээний зориулалттай 134.8 м.кв талбайтай байрыг 269,600,000 төгрөгөөр худалдан авах, Т ХХК нь уг байрыг 2013 оны 2-р улиралд хүлээлгэн өгөхөөр тус тус тохиролцсон. Захиалагч Д.А 2012 оны 06 сарын 23-ны өдөр 80,880,000 төгрөг, 2012 оны 08 сарын 14-ний өдөр 43,920,000 төгрөг, 2012 оны 08 сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2013 оны 01 сарын 22-ны өдөр 53,980,000 төгрөг, 2013 оны 06 сарын 23-ны өдөр 53,920,000 төгрөг, нийт 242,640,000 төгрөгийг Т ХХК-д төлсөн. Харин үлдэгдэл 26,300,000 төгрөгийг гэрээний 2.5-д заасны дагуу захиалсан байраа хүлээн авахдаа төлөхөөр тохиролцсон. Гэрээнд заасны дагуу байрыг 2013 оны 2-р улиралд хүлээн авах байсан боловч хариуцагч тал барилгын зураг төсөлд өөрчлөлт орж байгаа, барилга нэмэгдэн баригдах болсон талаар мэдэгдсэн бөгөөд үүнтэй холбогдуулж талбай нэмэгдүүлэн авах санал тавьж хөнгөлөлт эдлүүлнэ хэмээн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Гэхдээ гэрээний нэмэлт, өөрчлөлтөд байрыг хүлээлгэж өгөх хугацааг сунгаагүй. Гэвч өнөөдрийг хүртэл Д.А байраа хүлээж аваагүй, өмчлөгч болоогүй, эзэмшиж ашиглаагүй байна. Д.А гэрээнд заасны дагуу байраа хүлээн авахдаа үлдэгдэл төлбөр болох 26,300,000 төгрөгийг төлөхөд бэлэн байгаа. Гэтэл 2017 оны 03 сарын 29-ний өдөр Т ХХК-аас гэрээнээс татгалзах агуулга бүхий 02/309 тоот албан бичгийг ирүүлсэн ба тус албан бичигт Д.А ыг дээрх гэрээнээс татгалзах хүсэлтийг гаргасан мэтээр тайлбарлаж, татгалзах санал, хүсэлтийг хүлээж авлаа гэх агуулга бүхий албан бичиг ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний хувьд ийм хүсэлтийг тус компанид хандан гаргаж байгаагүй болно. Үүний дараа хариуцагч Т" ХХК нь Орон сууц, үйлчилгээ захиалгаар барих гэрээ-ний дагуу миний өмчлөлд шилжүүлэх ёстой *** давхрын үйлчилгээний зориулалттай 134.8 м.кв талбайтай байрыг бусдад түрээслүүлэн ашиглуулж эхэлсэн ба тус байрыг бусдын өмчлөлд шилжүүлсэн байж ч болзошгүй байна. Талуудын хооронд 2012 оны 06 сарын 23-ны өдөр байгуулагдсан *** дугаартай Орон сууц, үйлчилгээ захиалгаар барих гэрээ-ний дагуу дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг Д.А өмчлөх бүрэн эрхтэй. Гэрээний 3.3-т ...байр ашиглалтад орох хугацаа 45 хоногоос илүү хугацаагаар хойшилсон тохиолдолд хэтэрсэн хоног тутамд нийт дүнгийн 0,5 хувийн торгууль тооцож захиалагчид олгоно... гэж заасны дагуу байрыг хүлээлгэх өгөх хугацаа болох 2013 оны 06 сарын 30-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх 4,798 хоногийн алдангийг тооцоход 645,187,060 төгрөг болж байгаа хэдий ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан гэрээний нийт дүнгийн 50 хувиар тооцон 134,800,000 төгрөгийн алданги нэхэмжилж байна. Дээрх гэрээний дагуу Д.А од шилжүүлэх ёстой үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нь Б.Э д шилжүүлсэн байх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн албан ёсны хаяг, хэмжээ нь гэрээнд зааснаас өөрчлөгдсөн. Иймд *** хаягт байршилтай 134.8 м.кв тайлбарйш үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгийг Д.А од хүлээлгэн өгөхийг хариуцагч Т ХХК-д даалгаж, алданги 134,800,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Д.А нь Т ХХК-тай 2012 оны 06 сарын 23-ны өдөр **** тоот Орон сууц үйлчилгээ захилгаар барих гэрээ байгуулж, *** давхрын үйлчилгээний зориулалттай 134.8 м.кв талбайг захиалж, үнийн дүнгийн 90 хувийг төлсөн. Тус барилга 2014 оны 07 сарын 04-ний өдөр ашиглалтад орсон ба Д.А ын зүгээс тус талбайн тааз хэт намхан, олон тооны баганатай, бохирын шугам ил явсан гэх зэргээр гэрээ цуцлах асуудлаар ханддаг байсан. Мөн гэрээнээс татгалзсан агуулгаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, өгсөн мөнгөө буцааж, торгууль нэхсэн шаардлагыг 2016 оны 06 сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Улмаар иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээ татаж авсныг баталж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 102/Ш32016/03000 дугаар захирамж гарснаар хаасан. Үүний дараа Т ХХК нь Д.А од хандан таны зүгээс гэрээнээс татгалзах талаар удаа дараа гаргасан саналыг хүлээн авсан болохоо үүгээр мэдэгдэж байна гэх агуулга бүхий албан бичгийг өгснөөр гэрээ албан ёсоор цуцлагдсан. Ингээд маргаан бүхий хөрөнгө 2017 оны 04 сарын 19-ний өдөр иргэн Б.Э ын өмчлөлд шилжсэн. Иймд тус хөрөнгийг Т ХХК нь Д.А од хүлээлгэж өгөх боломжгүй бодит нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн байрыг ашиглалтад оруулах хугацаа хэтрүүлсний торгууль нэхэмжилсэн шаардлагыг нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан ба тухайн нэхэмжлэлээ татан авсан явдал нь түүнийг дахин гаргах үндэслэл болохгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Гуравдагч этгээд Б.Э хариу тайлбартаа: Би үл хөдлөх эд хөрөнгийг Д.О д худалдсан тул надад хамааралгүй. Иймд гуравдагч этгээдээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

4.   Гуравдагч этгээд Д.О шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.

 

5.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 206 дугаар зүйлийн 206.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар *** тоот хаягт байрлах 203.2 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн *** дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн замын хажуугийн нүүрэн талын 134.8 м.кв талбайн өмчлөгчөөр Д.А ыг тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгийг Д.А од хүлээлгэж өгөхийг Т ХХК-д даалгаж, алданги 134,800,000 төгрөгийг хариуцагч Т ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Д.А од олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,337,900 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т ХХК-аас 2,337,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.А од олгож шийдвэрлэсэн.

 

6.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

6.а. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10.1-т Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 23-ны өдрийн 3999 дугаартай Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг батлах тухай" захирамжаас үзэхэд нэхэмжлэгчийн 2012 оны *** тоот гэрээний талаар хариуцагчтай зөвшилцөх, шийдэл хайхаар нэхэмжлэлээ татан авах санал гаргасныг хариуцагч шүүх хуралдаанд дэмжиж байсан нь нэхэмжлэгчийг *** тоот гэрээнээс татгалзсан гэх тайлбарыг үгүйсгэнэ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч тухайн үед гэрээнээс татгалзах эсэх асуудлаар бус гэрээнээс татгалзсаны үр дагаварт буцаан авах төлбөрийн хэмжээний асуудлаар ярилцан тохиролцох агуулгатай байсныг дурдах нь зүйтэй. Түүнчлэн, Т ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан гэрээний татгалзлыг хүлээн авсан тухайгаа мэдэгдсэн цаг хугацаанаас хойш 30 хоног өнгөрөөсөн.

6.б. Алдангид 134,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан орон сууц захиалгаар барих гэрээнээс татгалзаж, урьдчилан төлсөн 242,640,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний торгуульд 134,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ татан авсан тул дээрх хугацаа хэтрүүлсний торгууль, алдангийн алиныг ч дахин шаардахаар нэхэмжлэл гаргах эрхгүй юм.

6.в. Бусдын өмчлөлийн эд хөрөнгийн талаарх эрхийг баталгаажуулсан улсын бүртгэл, түүнтэй холбогдох гэрээ, хэлцэл хүчинтэй бөгөөд уг 203.2 м.кв талбай бүхий хөрөнгө нь Төрийн банкны эзэмшилд бодитоор байгаа. Мөн дээрх 203.2 м.кв талбай бүхий хөрөнгөөс нүүрэн талын 134.8 м.кв талбайн өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоожээ. Гэтэл нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс томилогдсон 2019 оны 05 сарын 09-ний өдрийн 02/2019 тоот шинжээчийн дүгнэлтээр "...Д.А , Т ХХК-ийн хооронд 2016 оны 06 сарын 23-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгаар барих тухай *** тоот гэрээнд заасан 134.8 м.кв үйлчилгээний зориулалттай талбайн зураг нь Б.Э ын өмчлөлийн *** дугаартай 203.2 м.кв талбайн зургийн 94.65 м.кв-тай тэнцэх талбайд давхцалтай байна" гэжээ. Тэгвэл 203.2 м.кв талбай дотор 134.8 м.кв талбайн 94,65 м.кв нь давхцаж байгаа юм бол зөрүү болох 40.15 м.кв талбай нь хаана хэний эзэмшил, өмчлөлд байгаа нөхцөл тодорхойгүй байгааг дурдах нь зүйтэй. Уг хөрөнгө нь Х ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө байх ба түүний өмчлөлд 2022 оны 12 сарын 05-ны өдөр шилжсэн нь гуравдагч этгээд Д.О ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд тодорхой байна.

6.г. Хэдийгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн Б.Э , Д.О нар оролцсон боловч гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд дурдсан тодорхой шалтгаанаар хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчдын эрхийг шүүх хангаагүйгээс дээрх нөхцөл байдлын талаар гуравдагч этгээд шүүхэд мэдүүлэх эрхээ эдэлж чадаагүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй дээрх ажиллагааг гүйцэтгүүлэх шаардлагатай тул хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

7.   Гуравдагч этгээд Д.О ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

7.а. 2021 оны 10 сарын 06-ны өдөр Д.О нь Б.Э тай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр *** тоот 203.2 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай байрыг 406,400,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, худалдан авсан. Улмаар 2021 оны 10 сарын 11-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Д.О улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар Д.О нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахдаа үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахтай холбоотой татварыг улсад төлж, улсын бүртгэлийн газарт бүртгүүлж шилжүүлэн авснаар Б.Э ын өмчлөх эрх дуусгавар болсон. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасны дагуу бусдад шилжүүлэх, захиран зарцуулах хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд Д.О нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Х ХХК-д шилжүүлж, уг компанийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** тоот гэрчилгээ 2022 оны 12 сарын 05-ны өдөр гарсан. Иймд Х ХХК-ийн эрх ашиг хөндөгдөх тул анхан шатны шүүхээс үл хөдлөх эд хөрөнгийг Д.А од хүлээлгэж өгөхийг Т ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

7.б. Анхан шатны шүүх хурал 2022 оны 11 сарын 04-ний өдөр хариуцагчаас нотлох баримт гаргуулахаар хойшлохдоо шүүх хурлын товыг товлолгүйгээр хойшлуулсан. 2022 оны 12 сарын 16-ны өдрийн 13:30 цагт шүүхээс тус иргэний хэргийн шүүх хурлыг товлосныг хэргийн оролцогчоос 2022 оны 12 сарын 15-ны өдөр мэдсэн. Тэгээд шүүгчийн туслах н.Ж руу 2022 оны 12 сарын 15-ны өдрийн 16:00 цагт залгаж Д.А ын нэхэмжлэлтэй, Т ХХК-д холбогдох иргэний хэргийн шүүх хурал 2022 оны 12 сарын 16-ны өдрийн 13.30 цагт зарласан гэж байна, яагаад шүүх хурлын товыг надад мэдэгддэггүй юм бэ, би 2022 оны 12 сарын 16-ны өдрийн 13:30 цагт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд н.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй, Т ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцоно... гэхэд ...яанаа танд мэдэгдээгүй байна... гэж хэлсэн. Ингээд маргааш нь буюу 2022 оны 12 сарын 16-ны өдрийн 12:26 цагт шүүх хурлыг хойшлуулах тухай хүсэлт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн мэдэгдэх хуудас зэрэг баримтуудыг [email protected] и-мэйлээр явуулж, энэ талаар шүүгчийн туслахад мэдэгдсэн. Ингээд хурал болдог өдөр ...2 хуудас баримт и-мэйлээр явуулсан, шүүхдээ гаргаж өгсөн үү... гэж асуухад ...тийм байна, 2 хуудас баримт ирсэн байна... гэхээр нь ...шүүхдээ яагаад гаргаж өгөөгүй юм бэ, шүүх хурал эхэлсэн гэж байна... гэхэд ...уучлаарай... гэж хэлсэн. Шүүгчийн туслах н.Ж нь шүүх хурлын товыг гуравдагч этгээд Д.О ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А надад албан ёсоор мэдэгдээгүйн улмаас шүүх хуралд оролцож мэтгэлцэх, шүүхэд нотлох баримт гарган өгөх боломжийг хязгаарлан, шүүх хурлыг миний эзгүйд хийж шүүхийн шийдвэр гарсанд, мөн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтэд хавсаргасан баримтуудыг хэргийн материалд хавсаргаагүйд гомдолтой байна.

7.в. Нэхэмжлэгч Д.А нь 2016 оны 06 сарын 02-ны өдөр гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн төлбөр, хугацаа хэтрүүлсний торгууль нийт 377,140,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, улмаар 2017 оны 03 сарын 22-ны өдөр нэхэмжлэлээ татан авсан. Нэхэмжлэгч Д.А нь гэрээнээс татгалзах тухай санал хүсэлтийг Т ХХК-д удаа дараа гаргасныг Т ХХК хүлээн авч 2017 оны 03 сарын 29-ний өдөр 02/309 тоот албан бичгээр саналыг хүлээн авсан талаар хариу хүргүүлснээр 2012 оны 06 сарын 23-ны өдрийн *** тоот Орон сууц, үйлчилгээ захиалгаар барих гэрээ дуусгавар болсон. Шинжээчийн дүгнэлтээр Д.А Т ХХК нарын хооронд 2016 оны 06 сарын 23-ны өдөр байгуулсан Орон сууц, үйлчилгээ захиалгаар барих тухай *** тоот гэрээнд заасан 134.8 м.кв үйлчилгээний зориулалттай талбайн зураг нь Б.Э ын өмчлөлийн *** дугаартай 203.2 м.кв талбайн зургийн 94.65 м.кв-тай тэнцэх талбайд давхцалтай байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн албан ёсны хаяг, хэмжээ нь Д.О , Т ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээнд заагдсанаас өөр байгаа.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

8.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагч хурал хойшилно гэж бодоод хоцорч ирсэн гэж тайлбарлаж байна. Шүүх хурал 13 цаг 30 минутад зарлагдаж хийгдсэн. Өмнөх өдөр нь гуравдагч этгээдийн талаас хүсэлт өгч магадгүй гэх мэдээллийг өгсөн болохоос биш шүүгчийн өмнөөс шүүх хуралдааныг хойшилно гэх үгийг шүүгчийн туслах хэлэх эрхгүй. Хойшлох тухай мэдээ байсан ч цагтаа ирээд оролцох үүрэгтэй. Шүүх хуралдааны дундуур хүсэлт нь орж ирсэн тул шүүх процессын алдаа гаргаагүй, нэгэнт шүүх хуралдаан эхэлсэн байсан тул үргэлжлүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй. Хариуцагч болон гуравдагч этгээдийн төлөөлөгч нар нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзах хүсэлтийг удаа дараа гаргасан гэж тайлбарладаг. Гэтэл хэрэгт авагдсан баримт болон бодит үйл явдлаар нэхэмжлэгч талаас гэрээнээс татгалзах хүсэлт гаргаагүй. Харин эсрэгээрээ хэдийгээр доголдолтой хэдий ч байраа хүлээн авах хүсэлт гаргаж байсан. Баянгол дүүргийн шүүхэд гэрээнээс татгалзах асуудлыг шүүхээр шийдвэрлүүлж мөнгөө авна гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл хариуцагч талтай харилцан тохиролцож байраа авч, нэмэлт талбай хөнгөлөлттэй нөхцөлөөр авах яриа хэлэлцээр хийгдсэн тул харилцан тохиролцож нэхэмжлэлээ татсан. Гэвч энэ татаж авсантай холбоотой гэрээнээс татгалзах хүсэлт удаа дараа гаргасан тул албан бичгийг явуулсан. Талууд хооронд байгуулсан гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа. Иймд хүчин төгөлдөр гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардаж байна. Гэрээний үүрэгтэй холбоотой шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч болон гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын хэлж байгаагаар уг байрыг өөр хүнд шилжүүлсэн гэж хэлж байна. Энэ талаар давж заалдах гомдлоос нь мэдэж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараагаар 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамж гарсан. Энэ захирамжид маргаан бүхий эд хөрөнгийг бусдад шилжүүлэхгүй байхыг хариуцагчид даалгаж, алдангитай холбоотой хариуцагчийн эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа хийгдсэн байсан. Маргаан бүхий эд хөрөнгийн талаар гуравдагч этгээд мэдэж байгаа. Гэтэл санаатайгаар бусдад шилжүүлсэн байна. Тухайн байрны зураг төсөл гэрээнд зааснаас яаж өөрчлөгдсөн талаар тодруулахаар шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Байрыг хөндлөн болгож өөрчилснөөр захиалсан байрны талбай яаж өөрчлөлт орсныг тодруулахаас биш нэхэмжлэгчийн шаардаж байгаа байр мөн эсэхийг тогтоолгоогүй. Учир нь, хариуцагч өөрөө гэрээнд заасан байрыг гуравдагч этгээд Б.Э д шилжүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Иймд шинжээчийн дүгнэлттэй холбоотой хэлж байгаа тайлбар нь бүхэлдээ үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

9.   Гуравдагч этгээд Д.О ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх талуудыг шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх боломжоор хангаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

10.   Гуравдагч этгээд Б.Э ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: 2020 оны 12 сарын 15-ны өдөр шүүх хурал хойшилно гэж хэлсэн бөгөөд шүүхэд ирж гарын үсэг зур гэж хэлсэн. Ингээд 2022 оны 12 сарын 16-ны өдөр очиход хариуцагчийн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар байсан ба нэхэмжлэгчийн өмгөөлөгч рүү хурал хойшилно гэж залгаж, хурлын тов дээр гарын үсэг зурах гэж ирсэн талаар ярилцаж байсан. Гэтэл зөвхөн нэхэмжлэгч талыг байлцуулан бусад оролцогчдыг оролцуулалгүйгээр, улмаар мэтгэлцэх зарчмаар хангалгүйгээр нэхэмжлэгч талд шийдсэн шийдвэрийг дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай давж заалдах гомдлыг дэмжиж байна. Талуудыг шүүх хуралдаанд оролцуулж, шударгаар шийдвэрлэх ёстой гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасан үндэслэл тогтоогдсон тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2.   Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан *** хаягт байршилтай 134.8 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийг Д.А од хүлээлгэн өгөхийг хариуцагч Т ХХК-д даалгах, алданги 134,800,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Гуравдагч этгээд Б.Э нь ...маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Д.О д худалдсан тул надад хамааралгүй... гэсэн тайлбарыг гаргадаг бол гуравдагч этгээд Д.О нь шүүхэд хариу тайлбар гаргаагүй байна.

 

3.   Хэрэгт авагдсан 2022 оны 11 сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамжаас үзэхэд шүүх тус өдрийн шүүх хуралдааныг ...захирамжийн биелэлтийг хангуулах... үндэслэлээр хойшлуулж, жич товлон хуралдуулахаар шийдвэрлэсэн байна. /2хх 148-150, 151-153/

Шүүхийн зүгээс 2022 оны 12 сарын 16-ны өдрийн 13:30 цагт болох шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О, Б.Б, Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, гуравдагч этгээд Б.Э нарт боломжит хугацаанд буюу 2022 оны 12 сарын 02-ны өдөр мэдэгдсэн боловч мөн өдөр гуравдагч этгээд Д.О ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А т мэдэгдээгүй орхигдуулсан байна. /2хх 167/

Улмаар, шүүх 2022 оны 12 сарын 15-ны өдрийн 15:59 цагт гуравдагч этгээд Д.О ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А т 2022 оны 12 сарын 16-ны өдрийн 13:30 цагт болох шүүх хуралдааны товыг мэдэгдсэн талаар утсаар ярьсан тэмдэглэл хэрэгт авагдсан байх боловч үүнийг хэргийн оролцогчид шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгдсэн гэж үзэх боломжгүй. /2хх 171/ Шүүхийн зүгээс шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгдэх явдал нь хэргийн оролцогч ажлаа зохицуулах, шүүх хуралдаанд оролцох боломж нөхцөлөө бүрдүүлэх, бэлтгэлээ хангахад ач холбогдолтой.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчид шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгдээгүй атлаа ...гуравдагч этгээдэд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй... үндэслэлээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан ...тайлбар өгөх, 25.1.2-т заасан ...шүүх хуралдаанд оролцох хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ.

 

4.   Нэхэмжлэгч Д.А нь хариуцагчаар Т ХХК-ийг тодорхойлж, түүнд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Хэргийн баримт, зохигчдын тайлбараар маргааны зүйл болсон үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь бусдад хэд хэд дамжин шилжсэн үйл баримт тогтоогдсон.

Нэгэнт маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгө нь бусдад шилжсэн тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг Т ХХК хариуцах эсэх, үл хөдлөх эд хөрөнгийг Д.А од хүлээлгэн өгөхийг хариуцагч Т ХХК-д даалгаж шийдвэрлэсэн шийдэл биелэгдэх боломжтой эсэхэд шүүх эрх зүйн дүгнэлт өгөх учиртай.

Мөн маргаан бүхий үл хөддлөх эд хөрөнгө Т ХХК-аас Б.Э ын өмчлөлд, Б.Э аас Д.О ын өмчлөлд шилжсэн үйл баримт, мөн Д.О аас Х ХХК-ийн өмчлөлд шилжсэн гэх үйл баримтын талаар тус тус эрх зүйн дүгнэлт өгсний үндсэн дээр маргааныг хянан шийдвэрлэх нь зөв.

 

5.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан арга хэмжээг хариуцагчид холбогдуулан авдаг.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 сарын 01-ний өдрийн 101/ШЗ2021/16363 дугаар захирамжаар ...134.8 м.кв талбай бүхий байрны өмчлөх эрхтэй холбоотой үйлдэл хийхгүй байхыг хариуцагчид даалгаж... шийдвэрлэсэн байна. /1хх 26-27/

Гэтэл дээрх захирамж гарах үед маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх гуравдагч этгээд Б.Э ын нэр дээр бүртгэлтэй байсан тул шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ ач холбогдолгүй болсон байна. /2хх 17/

 

6.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/05319 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид Т ХХК-аас 2023 оны 01 сарын 17-ны өдөр урьдчилан төлсөн 2,337,900 төгрөг, гуравдагч этгээд Д.О аас 2023 оны 01 оны 17-ны өдөр урьдчилан төлсөн 1,505,950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

 

Д.НЯМБАЗАР