Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 123/2020/0008/З |
Дугаар | 001/ХТ2021/0011 |
Огноо | 2021-01-11 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 001/ХТ2021/0011
“М м п” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Төв аймгийн Алтанбулаг сумын
Засаг даргад холбогдох захиргааны
хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: Х.Батсүрэн
М.Батсуурь
Б.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “М м п” ХХК-ийн 2019 оны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзаж буй Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, 2019 оны байгаль орчин менежментийн төлөвлөгөөг батлахыг Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад даалгуулах”
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 123/ШШ2020/0022 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 523 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Э.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, өмгөөлөгч Д.Б, Б.Х нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 123/ШШ2020/0022 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 401 дүгээр зүйлийн 401.2, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн /2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр/ 3 дугаар зүйл, Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.5, 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.1, 38.1.2, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын “М м п” ХХК-ийн 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, 2019 оны байгаль орчин менежментийн төлөвлөгөөг батлахыг Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 523 дугаар магадлалаар: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 123/ШШ2020/0022 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.2, 38.2, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 7 дугаар зүйлийн 7.2, 9 дүгээр зүйлийн 9.5, 9.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг баримтлан Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын “М м п” ХХК-ийн XV-019909 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, батлахыг даалгах” шаардлага бүхий “М м п” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. ...Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлүүдээр хуульд нийцээгүй бөгөөд үндэслэлгүй гэж үзэж байна. Хууль хэрэглээний алдаа гаргасан тухай: ...Шүүхээс хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь 2 тусдаа төлөвлөгөө байна гэж дүгнэсэн атлаа төлөвлөгөө тус бүрийн эрх зүйн үр дагавар, ялгааг нь гаргалгүй нэхэмжлэгч “М м п” ХХК-ийг байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй учраас манай компанийн Байгаль орчныг хамгаалах /менежментийн/ төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариуцагчийн татгалзлыг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний алдаатай дүгнэлт болсон гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч “М м п” ХХК-иас Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргаар батлуулахаар хүргүүлсэн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3-д заасны дагуу тухайн сум, дүүргийн Засаг даргаар батлагддаг төлөвлөгөө бөгөөд уг төлөвлөгөөг батлуулахад байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг заавал хийлгэсэн байхыг хууль тогтоомжоор шаарддаггүй.
4. Өөрөөр хэлбэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй байгаа нь уг төлөвлөгөө батлахаас татгалзах эрх зүйн үндэслэлгүй болох боломжгүй. Харин Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь заавал байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дараагаар хийгддэг, түүний салшгүй нэгэн хэсэг болж Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлагддаг төлөвлөгөө юм. Гэтэл шүүх уг ялгаа, заагийг гаргалгүй манай компанийг Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан шаардлагыг биелүүлээгүй гэдэг үндэслэлээр хариуцагчийн татгалзлыг зөвтгөсөн нь эрх зүйн үндэслэлгүй байна.
5. ...Ашигт малтмалын тухай хуулийн 401 дүгээр зүйлийн 401.2-т “Ашигт малтмалын хайгуул хийхдээ палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авахгүйгээр ашигт малтмал эрэх, хайх ашиглахыг хориглоно” гэж заасан хэдий ч тухайн палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэх ажлыг Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3-д заасны дагуу тухайн сум, дүүргийн Засаг даргаар батлуулдаг. Байгаль орчныг хамгаалах /менежмент/ төлөвлөгөөний өмнө, эсхүл хойно хэзээ хийлгэх эсэхийг хуульд нарийвчлан тусгаагүй буюу Байгаль орчныг хамгаалах /менежмент/ төлөвлөгөөг палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар хайгуул, судалгаа хийлгэхээс өмнө батлуулахыг хориглоогүй байна. Гэтэл шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 401 дүгээр зүйлийн 401.2-т заасан хууль зүйн шаардлагыг хангахгүй байх тул байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь эрх зүйн үндэслэлгүй.
6. Үнэлэх ёсгүй нотлох баримтыг үнэлсэн тухай: Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн 2019 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас эрх зүйн үндэслэлгүйгээр татгалзаж буй Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулж, төлөвлөгөөг батлуулахыг даалгуулах нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Гэтэл Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга нь манай компанид 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 05/222 дугаар албан бичиг ирүүлсэн. Уг албан бичиг нь урьд манай компанид ирүүлж байсан манай компанийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзсан 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 05/234 дүгээр албан бичгийн эрх зүйн үндэслэлийг нэмж дэлгэрүүлсэн тайлбар байсан. Захиргааны ерөнхий хуульд захиргааны актыг нөхөж гаргах, нэгэнт гарсан захиргааны актын эрх зүйн үндэслэлийг дахин захиргааны акт гаргах замаар засаж залруулах, нэмж дэлгэрүүлэх тухай зохицуулалт тусгагдаагүй буюу түүнийг захиргааны байгууллагад зөвшөөрөөгүй.
7. Гэтэл шүүх Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 05/222 дугаар албан бичгийг нэмэлтээр дахин гаргасан захиргааны акт гэж үзэн нотлох баримтаар үнэлж уг албан бичигт тусгагдсан эрх зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн татгалзлыг зөвтгөсөн нь хууль хэрэглээний ноцтой алдаа болсон гэж үзэж байна. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “хэдийгээр анхан шатны шүүх дээрх байдлаар хуулийг буруу тайлбарласан боловч нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбай тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсэд хамаарсантай холбоотой Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуулиар тусгайлан “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ”-г хийлгэх үүрэгтэй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Мөн хариуцагч Засаг дарга нь төлөвлөгөө батлахаас татгалзсан үндэслэлээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн, уг үндэслэлүүдийг үгүйсгэж нэхэмжлэгч нь хангалттай мэтгэлцсэн, Засаг дарга нь шүүхийн шийдвэрээр хууль бус болох нь тогтоогдоогүй, өөр үндэслэлээр татгалзах боломжийг хязгаарлаагүй тул уг албан бичигт заасан татгалзсан үндэслэлийг хуульд нийцсэн эсэхийг үнэлж, хэрэг шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул гомдлыг хангахгүй орхилоо” гэжээ.
8. Энэ нь давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзсэн боловч хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлээгүй нь үндэслэлгүй. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
9. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв боловч шийдвэр, магадлалын тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах шаардлагатай.
10. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ:” 38.1.1.“тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах; 38.1.2.энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөнд хүрээлэн байгаа орчны бохирдолтыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, эвдэгдсэн газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болох нөхөн сэргээх арга хэмжээг тусгах; 38.1.3.энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах; 38.1.4.энэ хуулийн 38.1.3-т заасны дагуу батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хувийг хайгуулын талбай байршиж байгаа орон нутгийн байгаль орчны хяналтын албанд хүргүүлэх; 38.1.6.энэ хуулийн 38.1.5-д заасан тайланд байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хайгуулын ажилд ашигласан шинэ техник, технологи, байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай саналыг тусгаж уг өөрчлөлтийг сум, дүүргийн Засаг даргаар батлуулах”, 38.2.“Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ;” гэж тус тус зааснаас үзвэл уг хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.4-т заасан “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө нь мөн зүйлийн 38.1.2-т заасан арга хэмжээг тусгасан, 38.1.1-д заасан “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө” байна.
11. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.“Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ”, 39.1.1.“энэ хуулийн 24.1-д заасан этгээд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын өмнө, сонгон шалгаруулалтын журмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан этгээд уг зөвшөөрөл авсны дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах; 39.1.2.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тухайн уурхайн ажиллагааны явцад хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй хортой нөлөөллийг урьдчилан тодорхойлж, түүнийг багасгах, арилгах арга хэмжээг тодорхойлох; 39.1.3.байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд уурхайн ажиллагааг байгаль орчинд хохирол багатай явуулах, агаар мандал болон усны бохирдолт, хүн, амьтан, ургамалд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх цогц арга хэмжээг тусгах; 39.1.4.байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд энэ хуулийн 39.1.3-т зааснаас гадна дараахь зүйлийг тусгах: 39.1.4.1.хортой болон хор хөнөөл учруулж болзошгүй бодис, материалыг хадгалах, хяналт тавих;... 39.1.5.энэ хуулийн 39.1.1-д заасны дагуу боловсруулсан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх” гэж тус тус зааснаас үзвэл уг хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасан “байгаль орчны менежментийн төлөвлөгөө” нь 38 дугаар зүйлийн 38.2, 38.1.3, 38.1.1-д заасан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнөөс өөр буюу агуулга, процедурын хувьд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.“Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, стратегийн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэсэн байгууллага боловсруулна”, 9.2.“Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг байна” гэсэн зохицуулалтад хамаарах “байгаль орчны нөлөөллийн үнэлгээний хамт хийгдэх байгаль орчны менежментийн төлөвлөгөө” гэж үзэхээр байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
12. Тодруулбал, дээрх хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-ийн дагуу “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь...” 38.1.1. “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах” гэж тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөө боловсруулахаар заасан бол 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “...сонгон шалгаруулалтын журмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан этгээд уг зөвшөөрөл авсны дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах” гэж бусдаар /тусгай зөвшөөрөл бүхий этгээдээр/ хийлгүүлэхээр заасан, мөн Байгаль орчны үнэлгээний тухай хуульд зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь дангаар хийгдэх боломжгүй буюу зайлшгүй байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний хамт хийгдэхээр байна. Ийм ч учир Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулж, Засаг даргаар батлуулахаар, харин ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний үндсэн дээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж /хуульд зааснаар үүнийг нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэсэн байгууллага боловсруулна/ байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, батлуулахаар /Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.3, 9.3/ ялгаатай зохицуулсан байна.
13. Харин давж заалдах шатны шүүх “...Эдгээр хуулийн заалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэсний үндсэн дээр ...менежментийн төлөвлөгөөнд тусгаж батлуулах үүрэгтэй байна. Харин хуулиар тусгайлан шаардсан, эсхүл ерөнхий үнэлгээгээр шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ гаргах үүрэгтэй... Өөрөөр хэлбэл Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд зааснаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг эрх бүхий этгээдээр хийлгээгүй байхад Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “...” гэж заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээ нь үндэслэлтэй эсэхийг хянах боломжгүй...” гэж хуулийг буруу тайлбарласан, иймээс энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол /Тодорхойлох хэсгийн 3, 4-д заасан/ үндэслэлтэй.
14. Гэвч аль аль шатны шүүхийн дүгнэсэнчлэн, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбай нь тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсэд хамаарч байх тул энэ тохиолдолд нарийвчилсан зохицуулалт буюу Тусгай хамгаалалттай орчны бүсийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1. “Орчны бүсэд... ашигт малтмал эрж хайх, ... зэрэг үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллага нь зохих хууль тогтоомжийн дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэнэ” гэсэн зохицуулалт үйлчилнэ, өөрөөр хэлбэл Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд заасан журам үйлчилнэ.
15. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв тул “хуулийн уг заалтыг хэрэглэх ёсгүй” гэсэн утгатай нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.
16. Хариуцагч шийдвэрийн үндэслэлээ нэмэгдүүлэн тайлбарласныг шүүх хүлээн авч, дүгнэсэн тухайд, захиргааны процесст хариуцагч нэгэнт гаргасан шийдвэрийнхээ эрх зүйн үндэслэлийг солих юмуу огт байхгүй эрх зүйн үндэслэлийг нөхөж заахыг зарчмын хувьд зөвшөөрдөггүй, гэхдээ маргаан бүхий актыг гаргах анхны үндэслэлд тодорхой дурдаагүй ч тухайн актыг гаргахад харгалзан үзсэн бодит нөхцөл байдал болон хууль зүйн үндэслэлийн талаар хариуцагчаас шүүхийн шатанд нөхөн тодруулах ойлголт бий. Гагцхүү ийнхүү нөхөн тодруулах нь захиргааны актын үндсэн агуулга, мөн чанар, нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалтад сөргөөр нөлөөлөх ёсгүй гэж үздэг.
17. Энэхүү хэргийн хувьд хариуцагч анхнаасаа маргаан бүхий актын үндэслэлийг “...тус хайгуулын талбай нь Хустайн байгалийн цогцолборт газрын орчны бүсэд 100 хувь багтаж байгаа тул Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т зааснаар байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг заавал хийх ёстой...” гэж тайлбарласан байдаг /1 дэх хавтаст хэргийн 96 дахь тал/ ба энэ бодит байдалд нийцсэн, нэгэнт нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбай нь орчны бүсэд хамаарч байгаа тохиолдолд дээр дурдсанаар тусгай зохицуулалт үйлчлэх буюу нэхэмжлэгч нь байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийлгэх үүргээс чөлөөлөгдөхгүй, хариуцагчаас энэ үндэслэлээр хэзээд татгалзах /дахин акт гаргах/ боломжтой, энэ утгаараа энэхүү нөхөн тодруулсан тайлбар нь маргаан бүхий актын мөн чанар болоод нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалтад сөргөөр нөлөөлсөн гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн энэ талаарх гомдлыг хангахгүй /Тодорхойлох хэсгийн 6-8/.
18. Хэдийгээр шүүхүүдийн шийдэл зөв боловч анхан шатны шүүх “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн” гэж буруу бичсэн, мөн хэрэгт хамааралгүй Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг үндэслэсэн, харин давж заалдах шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарласнаас хэрэглэх шаардлагагүй хуулийг хэрэглэсэн тул хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
19. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 123/ШШ2020/0022 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 523 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М м п” ХХК-ийн “ “М м п” ХХК-ийн /XV-019909 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх/ 2019 оны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзаж буй Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, 2019 оны байгаль орчин менежментийн төлөвлөгөөг батлахыг Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ