Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 36

 

 

Б.Аийн нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай   

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг түр орлох шүүгч Н.Болормаа даргалж,  шүүгч Х.Байгалмаа,  Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 136/ШШ2016/00166 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б.Аийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ц.Бд холбогдох

Зээлийн гэрээний үүрэг 17440000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мийн давж заалдсан гомдлыг үндэслэн шүүх 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Ц.Б, нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015.04.13-нд Б нь нөхрийн төслийн мөнгө дараа сард орж ирнэ, сарын хугацаатай мөнгө хэрэгтэй байна гэсний дагуу би өөрийн дүү Б.Ад хэлж түүний байрны урьдчилгаа гэх 6 сая төгрөгийг Бд хэлсэн. Ц.Б нь 2 сарын хугацаатай, 15 хувийн хүүтэй зээлэх хүсэлт тавьсан. Б.А би дүүг төлөөлж Бтой гэрэ байгуулж хүүг сар бүр тооцохоор тохиролцсон.  Б өөрийн нэр дээрх Замын-Үүд сум *** тоотод орших 3 өрөө байрны гэрчилгээний хуулбарыг 3 түлхүүрийн хамт өгсөн. 2015.05.13-нд хүүг дансаар төлсөн, 2015.06.12-нд хүү төлөлгүйгээр 1 сая төгрөг нэмээд, үндсэн мөнгийг 7 сая төгрөгөөр тооцож зээлийг цааш үргэлжлүүлэх хүсэлт тавьсан. Өнөөдрийн байдлаар уг зээл нь Бйн хүсэлтээр сунгасаар 1 жил гаран болж байна. Жилийн хугацаанд 5 сар, 7 сараас бусад бүх сард сар бүр хүү төлөх боломжгүй байна, сар бүр төлөөгүй хүүний мөнгөө үндсэн мөнгө рүү шилжүүлэн тооцож барагдуулна гэсэн Бйн хүсэлтээр үргэлжлүүлж явсан. Жилийн хугацаанд Б нь ердөө 3 сая төгрөгийг цувуулж хүүнд төлсөн.  Жич: 2015.05.13-нд 900 000 төгрөг дансаар, 2015.07.13-нд 1 050 000 төгрөг дансаар, 2015.8.13-нд 50 000 шилжүүлж, хүүний үлдэгдэл 1 сая төгрөгийг үндсэн мөнгө рүү шилжүүлж 8 сая болгосон. 2016.01.12-нд 500 000, 2016.03.31-нд 500 000. Эдгээр мөнгийг шилжиж ирсэн тухай бүрт нь үндсэн мөнгөнөөс хасаж тооцож явсан. Өнгөрсөн жилийн хугацаанд дүү өөрөө банкны зээлтэй, сар бүр банкинд мөнгө төлдөг, Б нь гэрээнд зааснаар сар бүр хүүгээ төлөхгүй байсан учир хүндрэл гарч Бос мөнгөө авч өгөхийг надаас шаарддаг байсан.  2015 оны 12 сард би Бд зээлийг үргэлжлүүлэх хэрэггүй гэдгийг хэлсэн.  Б нь би ажилдаа орсон, удахгүй цалингийн зээл авна, мөн 1 байраа зарах бодолтой байна. Тэгээд ч нөхрийн төслийн 200 сая төгрөг удахгүй ирнэ гэсээр өнөөдрийг хүрсэн. Дүүгийн нөхөр нь ажилтай ч хямрал гээд цалингаа өгдөггүй, тэд банкны зээлээ төлж чадахгүйд хүрч би 2 удаа өөрийн машины тээвэрлэлтийн зардлыг дараа нь 2,2 сая төгрөгийн зээл өөрийн нэрээр авч өгсөн. ...2015.09.13-нд зээлийн хүү болох 1,2 сая төгрөгийг Б өгөлгүйгээр үндсэн мөнгө рүү шилжүүлж үндсэн зээл 9,2 сая төгрөг болгох хүсэлт тавьсан.  2015.09.16-нд Б нь үндсэн зээлийг 9,2 сая төгрөгөөр тооцож зээлийг сунгах хүсэлт бичгээр гаргасан. Уг зээлэнд Б нь өөрийн ээж Оюунчимэгийг батлан даагчаар оруулсан. 10 сарын 13-ны өдөр 1380000, 11 сарын 13-нд 1587000, 12 сарын 13-нд 1825000 төгрөг, нийт 13 992 000 төгрөгийг төлж дуусгах болно гэж бичгээр хүсэлт тавьсан. Б 2015.12.13-нд надад мөнгө арай орж ирээгүй байна, зээлийг дахин сунгах хүсэлт тавьсан. 2016.01.13-нд 13992000 х15=2098000,     13992000+2098000=16100000, 2016.01.12-нд Бйн шилжүүлсэн 500 000 төгрөгийг хасаж, үндсэн мөнгийг 15600000 гэж тохиролцсон. 2016.02.13-нд 15600000х15=2340000, 15600000+2340000=17940000 төгрөг. Үүнээс 2016.03.13-нд өгсөн 500 000 төгрөгийг хасаж 17 440 000 төгрөгийг төлж дуусгах болно гэж Б хэлсэн.  2016.03.31-ний өдөр зээлийг бүтэн жилээр бус 2016.02.13-наар дуусгавар болгож нийт 17 440 000 төгрөгийг төлж барагдуулна гэж бид харилцан тохиролцсон. Уг 17 440000 төгрөгөнд Бос жилийн хугацаанд авсан 3 сая төгрөгийг хасаж тооцсон болно.  Гэрээнд зааснаар алданги тооцохгүйгээр сар бүр хүү төлөх боломжгүй, сар бүр төлөгдөөгүй хүүг үндсэн мөнгөнд шилжүүлэн тооцож явахыг Б зээл авсан эхний өдрөөс хүсэлт тавьсны дагуу явсан. Уг нь гэрээнд зааснаар ядахдаа хүүгээ сар бүр тооцож явна гэж бид бодож байсан гэвч 5 сар, 7 сард л хүүг сард нь өгсөн. Хүүг сар бүр тооцож явсан бол надад болон банкны зээлтэй дүүгийн гэр бүлд ч хүндрэл гарахгүй байх байсан. Б нь 142-р байранд 3 өрөө, ШНБ-60 айлд 3 өрөө байртай, тус бүрийг бусдад түрээсэлж төлбөр авдаг. нөхөртэйгээ хоёулаа ажилтай, орлоготой байж яагаад сар бүр хүүгээ төлж яваагүйд гайхаж байна.  2015 оны 12 сард би Бд зээлийг зогсоох санал олон удаа тавьж байсан боловч Б нь учирласаар сунгаж явсан. Ц.Б нь бидний энэхүү зээлийн асуудлыг мөн 2016.03.31-нд бидний харилцан тохиролцсоноор нийт 17 440 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ. /хх 2-4/

            Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан тайлбартаа: 17440000 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Учир нь: 1. Би Б.Атай 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нотариатч дээр зээлийн гэрээ байгуулж 6 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй зээлсэн. 2. Уг зээлийн гэрээний дагуу нэг сарын хүүнд 900 000  төгрөгийг 2015 оны 05 сарын 13-ны өдөр төлсөн. 3. Зээлийн хүүг хугацаанд нь төлсөн боловч үндсэн зээлээ төлж чадаагүй тул 2015 оны 06 сарын 13-нд сарын хүү нэмж тооцон 7 000 000 төгрөгөөр зээлийн гэрээг дүү Мандхайтайгаа /Б.Аийн өөрийн цахим үнэмлэхний хугацаа дууссан байсан учир/ хийлгэж 6 сарын хугацаатай сарын 15 хувийн хүүтэй болгосон юм.  Би тухайн өдөр Мандхайгаас  7 000 000 төгрөг огт зээлж аваагүй юм. 4. Уг зээлийн гэрээний дараа 2015 оны 04 сарын 13-нд 1 050 000 төгрөг, 2015 оны 08 сарын 13-нд 50 000 төгрөг, 2016 оны 01 сарын 12-нд 500 000 төгрөг, 2016 оны 04 сарын 15-нд 165 000 төгрөгийг зээлдүүлэгч Б.Ат төлж барагдуулсан. 5. Зээлийн хүүг зээлдүүлэгч өөртөө ашигтайгаар тооцож сард 15 хувийн хүү авна гэж байгаа нь зээлдэгч надад хэт өндөр, илтэд хохиролтой нөхцөл байдлаар хийгдсэн бөгөөд сард 800 000 төгрөгийн цалин 2015 оны 09 сарын 04-нөөс эхэлж авч байгаа. Амьдралын ахуйн хэрэгцээнээс илүү гарахгүй болохоор 1 050 000 сар бүр төлж чадахгүй байна. Нөхөр маань Сүхбаатар аймагт хөл бөмбөгийн талбай барих тендерт шалгарч ажилласан боловч төсөл тендерийн дагуу олгогдсон мөнгө нь одоо ч хүртэл олгогдоогүй тул туйлын хүнд байдалд орж ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй хууль шүүхийн байгууллагад дуудагдан явж байна. 6. Зээлийн хүүг нь хүртэл төлж чадахгүй байхад зээлдүүлэгч Б.А нь байнга дарамт шахалт үзүүлж /барьцаа хөрөнгөө нэмж өг, машины гэрчилгээгээ өөрийн нэр дээр шилжүүл, орж амжаагүй байранд маань өөрийн жолоочийн эхнэр, хүүхдийг үнэ төлбөргүй удаан хугацаагаар амьдруулахыг шаардсан. Ээжид минь хүртэл утсаар дарамт шахалт үзүүлсэн. Бичиг баримт үйлдүүлэн гарын үсэг зуруулж, цаг заан цахилгаан шуудангаар явуулахыг шаардсан. Зээлийн хэмжээг үндэслэлгүйгээр хэт өсгөж хүүгээ үндсэн зээл рүү оруулж хүүнээс хүү тооцож ирсэн болно.

            Иймд би анх хийсэн 2015 оны 04 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 6000 000  төгрөгийг 1 сарын 15 хувийн хүүгийн хамт 6 900 000 төгрөгийг төлнө. Уг мөнгөнөөсөө өөрийн төлсөн 3 165 000 төгрөгийг хасуулж 3 735 000 төгрөгийг төлнө гэжээ. /хх 25-27/

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хариуцагч Ц.Бос зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох үндсэн зээл 2200000 төгрөг, зээлийн хүү 900000 төгрөг, нийт 3100000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 14340000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 569.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 245150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 64550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ат олгож,

Хариуцагч Ц.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдэж,

Шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах эрхийг дурдаж шийдвэрлэжээ. /хх 64-67/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдсан гомдолдоо: ...шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. 1. Нэхэмжлэгч Б.А 2015.04.13-нд иргэн Ц.Бтой 2 сарын хугацаатай зээлийн гэрээг бичгээр байгуулж, хүү авахаар харилцан тохиролцон 6000000 төгрөг зээлдүүлсэн  бөгөөд уг зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд заасан нөхцөл, журмын дагуу хийгдсэн.

2. Хариуцагч Ц.Б нь дээрх зээлийн гэрээнд заасан нөхцлийн дагуу эхний сарын хүү болох 900000 төгрөгийг 2015.05.13-нд төлж барагдуулсан. Энэ талаар нэхэмжлэгч маргаагүй.

3. Хариуцагч Ц.Б нь дээрх зээлийн гэрээний үндсэн мөнгөнөөс 3800000 төгрөгийг төлж барагдуулсан, үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаа. Төлөх  ёстой төлбөрийн нийт дүн 3100000 төгрөг болно.

4. Нэхэмжлэгч Б.А хариуцагч Ц.Б нар зээлийн гэрээ байгуулахдаа үүрэг хүлээгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байхад шүүх зээлийн гэрээний талаар дүгнэлт хийхдээ үүрэг хүлээгч, үүрэг гүйцэтгүүлэгч нарын тохиролцсон үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга болох алдангийн асуудлыг авч үзээгүйд гомдолтой байна.

5. Нэхэмжлэгч Б.А, хариуцагч Ц.Б нарын хооронд байгуулагдсан 2015.04.13-ны өдрийн зээлийн гэрээ, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасны дагуу хариуцагч Ц.Бос гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 3100000 төгрөгний 50 хувь буюу 1550000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016.06.10-ны өдрийн 137/ШШ2016/00166 тоот шийдвэрт хариуцагч Ц.Бос зээлийн гэрээний гүйцэтгээгүй үнийн дүн 3100000 төгрөгөнд тооцогдох алданги болох 1550000 төгрөгийг гаргуулах гэсэн өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. /хх-70/

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Ц.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17440000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, нэхэмжлэлээ 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ /хх-8/, 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээнд /хх-9/ тус тус үндэслэжээ.

            Хариуцагч Ц.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч зээлийн хүүг сард 15 хувь байхаар тогтоосон нь хэт өндөр, зээлийн хэмжээг үндэслэлгүйгээр хэт өсгөж хүүгээс хүү тооцсон гэж маргажээ.

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хариуцагчаас 3100000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс 14340000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М эс зөвшөөрч “... алдангийн асуудлыг авч үзээгүй ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргасан байна.

            Хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар  хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлсэн, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Тодруулбал талууд 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 6000000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сард 15 хувийн хүү төлөх нөхцөлтэйгээр зээлийн гэрээг бичгээр байгуулсан, хариуцагч Ц.Б нь зээлийн хүү болон зээлд нийт 4700000 төгрөг төлсөн тухай хэргийн үйл баримт тогтоогдсон талууд энэ талаар маргаагүй, дээрх зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна.

Анхан шатны шүүх хариуцагчийг дээрх гэрээнд заасны дагуу 2 сарын хугацааны хүүг төлөх үндэслэлтэй, хүүгийн хэмжээг зээлдэгчийн эрх ашиг, сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон нь нотлох баримтаар тогтоогдоогүй гэж үзэж төлбөрт нийт 3100000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 282.3-т тус тус нийцжээ.

Түүнчлэн анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 06 дугаар  сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж зээлдүүлэгчийн хүсэл зоригийг М төлөөлсөн эсэх нь тодорхойгүй, зээлдэгч буюу хариуцагч Ц.Бйн өмчлөлд мөнгөн хөрөнгийг бодитоор шилжүүлээгүй гэж үзсэн нь маргаанд холбогдох Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн болно.

Талууд гэрээндээ алдангийн нөхцлийн талаар тохиролцсон хэдий ч нэхэмжлэгч Б.Аийн нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд дээрх 2 гэрээг үндэслэн зээл, зээлийн хүүд нийт 17440000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд түүний нэхэмжлэлд алдангийн талаарх шаардлага тусгагдаагүй, алданги нэхэмжлээгүй байна.

Нэгэнт нэхэмжлэгчийн нэхэмжлээгүй, шаардаагүй асуудлыг шүүх шийдвэрлэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч хэзээ, хэнээс, юу шаардахыг өөрөө шийдвэрлэдэг ба үүнд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын агуулга оршдог тул анхан шатны шүүхийг алдангийн асуудлыг шийдвэрлээгүй гэж буруутгах үндэслэлгүй юм.

Энэхүү диспозитив зарчим нь хэргийг бүхэлд нь хянах давж заалдах шатны шүүхийн үүрэгт ч мөн хамааралтай тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдсан гомдол үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 06 сарын 10-ны өдрийн 136/ШШ2016/00166 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 39750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.БОЛОРМАА

                   ШҮҮГЧИД                                              Х.БАЙГАЛМАА

                                                                                  Н.БАТЧИМЭГ