Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 561

 

Н.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогч Ш.М- /цахимаар/, түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг /цахимаар/, шүүгдэгч Н.С-, түүний өмгөөлөгч Л.Оюунсувд /цахимаар/, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 171 дүгээр шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 58 дугаар магадлалтай, Н.С-д холбогдох хэргийг хохирогч Ш.М- болон түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1971 оны 06 дугаар сарын 09-ний өдөр С- аймгийн Ерөө суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй, ***,

Төв аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, 2000 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, Б овогт Н-н С-.

Н.С- нь 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр иргэн Ш.М-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 7-14 хоногийн хугацаатай мөнгө хэрэгтэй байна гэж 20,000,000 төгрөгийг залилан авч үлэмж хэмжээний хохирол учруулсан, мөн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэн Ц.Т-аас 3,400,000 төгрөгийг хуурч, мэхлэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.С-г залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-эс 20,440,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.М-т, 3,400,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Т-д тус тус олгуулахаар шийдвэрлэжээ. 

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлд заасныг журамлан шүүгдэгч Н.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д заасан хорих ял оногдуулахгүйгээр түүнийг 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй... гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3., 7.3 дугаар зүйлийн 2.5.д зааснаар шүүгдэгч Н.С-д оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4., 5.д зааснаар шүүгдэгч шүүгдэгч Н.С- нь тэнссэн хугацаанд шийтгэх тогтоолоор хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8., 6.9. дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж, шүүгдэгч Н.С-д тэнссэн 1 жил 6 сарын хугацаанд хяналт тавихыг Дархан- Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай., гэсэн заалт тус тус нэмж, тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, Н.С-д 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.С-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, нэн даруй суллаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Ш.М- болон түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нар хамтран гаргасан гомдолдоо “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. ...Анхан шатны шүүх Н.С-г залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан. Тус хуралдаан дээр Н.С- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, хохирол төлбөр төлөөгүй байсан.

Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо хохирол төлбөрийг хурлаас өмнө төлж барагдуулна гэсэн боловч шүүх хурлаас гарч ирсэнээс хойшхи хугацаанд хохиролоо төлөх санаачилга гаргахгүй байгаа төдийгүй мөнгө олдохгүй байна хүлээж бай гэсэн аястай ууцаарлангүй зандрангуй байдал гаргаж байгаад хохирогч миний бие гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид ононгдуулсан ял түүний гэм бурууд тохирчээ гэсэн дүгнэлтийг хийсэн боловч үндэслэлгүйгээр түүнд ял оногдуулахгүйгээр тэнссэнд гомдолтой байх ба шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй буюу шүүгдэгч Н.С-н хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, тэр мөнгийг гадаад руу шилжүүлсэн би өөрөө хохирсон мэтээр ярьдаг, хохирлоо төлөх санаачилга гаргадаггүй, давж заалдах шатны шүүх хуралдааны үед 2 сая төгрөг өгснөөс өөр мөнгө төлөөгүй байхад энэ зүйл заалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй юм. Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн бол.... энэ зүйлийн 1 дэхь хэсэг хамаарахгүй гэж заасан заалтыг шүүх зөрчиж Н.С-д ял оногдуулахгүйгээр тэнссэн нь хуулийг буруу хэрэглэсний нотолгоо юм.

Учир нь анхан шатны шүүхэд Ш.М-ыг залилсан гэмт хэрэг шилжин ирсний дараа хохирогч Ц.Т-ыг залилсан гэмт хэрэг шилжин ирж хэрэг нэгтгэгдсэн. Тиймээс залилах гэмт хэрэг нь 2 болж байгаа тул Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх боломжгүй үндэслэл тогтоогдож байна.

Ер нь хэргийн нөхцөл байдлаас харахад эрүүгийн журмаар шийдвэрлэгдэж байгаа хохирогч нь Ш.М-, Ц.Т- нар юм. Үүнээс гадна 8 хүний 70 гаруй сая төгрөгийг ийм хэлбэрээр авч хохирлыг төлөхөөр Иргэний шүүх хуралдааны шийдвэрүүд гарсан байдаг.

Магадлалын тодорхойлох хэсэгт ....Н.С- нь үйлдсэн хэргээ үнэн, зөв хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож гэмжшиж байгаа, хохирлоо төлж барагдуулахыг илэрхийлсэн гэж дурдсан байдаг. Анхан болон давж заалдах шатны аль шүүх хуралдаан дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэм буруугийн болон зүйлчлийн хувьд маргаж хэрэгсэхгүй болгох санал тайлбар өгдөг. Тиймээс шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэтээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Н.С-д Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалтыг хохирол барагдуулж дуустал хэвээр үлдээхээр өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд хохирогч Ш.М- гаргасан гомдолдоо “...Магадлалыг эс зөвшөөрч байна. Гомдлыг минь хүлээн авч шударга үнэний талд шийдвэрлэж учирсан хохирлыг минь барагдуулж өгнө үү.

Давж заалдах шатны шүүхийн тодорхойлох нь хэсэгт (5-р хуудас 17-р мөр)

“Мөн шүүгдэгч нь өөрөө мөнгөө бусдад залилуулсан нөхцөл байдлыг харгалзан үзээд” гэсэн нь Н.С- өөрийнхөө мөнгийг бусдад залилуулаагүй, надаас авсан миний мөнгийг болон бусдын мөнгөн хөрөнгийг аваад цааш нь угаах гэсэн сувдаг шунахай сэтгэлээс үүдэлтэй бас нэг мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн байхад энэ нь ялыг хөнгөлөх шалтгаан биш харин ч хүндрүүлэх шалтгаан гэж үзэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүний шийдвэрийг эсэргүүцэж байна.

Цаашлаад Н.С- нь бүлэг хамсаатнуудтай хамтарч Монгол улсад залилж авсан мөнгөө гадаад улс орон руу гуйвуулж мөнгө угаах гэмт хэрэг үйлдэн Монгол улсын шүүх, цагдаагийн байгууллагуудад “Цахим сүлжээгээр гадаадын иргэнд залилуулсан” хэмээн худал мэдүүлэг өгч төөрөгдөлд учруулж байж болзошгүй хэмээн миний бие үзэж байгаа.

Н.С- давж заалдах шатны шүүхэд өөрийн гэм буруутайг ойлгож, төлөхөөр хичээж буй мэтээр бичсэн гомдлыг үзэхдээ 2019.03.28-ны өдөр 20,000,000 төгрөгийг минь хуурч авсан өдрөөс хойш 2020.06.25-нд болсон давж заалдах шүүх хуралдааны өдрийг хүртэл гэм буруутайгаа эс хүлээн зөвшөөрч нэг төгрөг ч надад буцааж төлөлгүй худал хэлж төөрөгдөлд оруулсаар байсныг харахад хохирлыг минь хурдан шуурхай барагдуулах чин хүсэл эрмэлзэлгүй хэмээн үзэж байна.

Мөн давж заалдах шүүх хуралдааны үеэр надад учруулсан хохирлын хэмжээтэй харьцуулахад маш бага хэмжээний мөнгө төлж байгаа нь хууль шүүхийн байгууллагын өмнө учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулахаар оролдлого хийж буй мэт харагдаж ял завших гэсэн үйлдэл болсон хэмээн үзэж байна.

Учир нь уг өдрөөс өмнө бүтэн 1 жил 3 сар буюу 455 хоногийн турш хохирлыг минь барагдуулах оролдлого огтхон ч хийгээгүй, хийх боломж олон байсан (энэ талаар анхан шатны шүүх хурлын үеэр дурдагдсан, хохирлыг минь бүрэн барагдуулах боломжтой байсан) боловч намайг хууран мэхэлсээр байсан. Энэ хугацаанд миний бие болон үр хүүхэд минь эрүүл мэнд болоод сэтгэл санааны асар их хямралд байгаа. Мөн надад учруулсан хохирол болон бусад хохирогч нарт давхар учруулсан хохирлын хэмжээтэй харьцуулахад анхан шатны шүүх хурлаар 1 жил 6 сарын хугацаатай хорих шийтгэл гарсан нь миний бодлоор хөнгөн шийтгэл болсон гэж бодож байгаагийн зэрэгцээ өөрийн хохирсон 20,000,000 төгрөгийн хүү болон алдангыг хүртэл авахгүй байхаар өршөөж гагцхүү үндсэн төлбөрөө л нэхэмжилсэн. Давж заалдах хуралдааны үеэр 2020.07.09-ны өдөр гэхэд үндсэн төлбөр болон өмгөөлөгчийн зардал нийт 20,440,000 төгрөгийг хурдан хугацаанд төлж барагдуулахаа шүүх хурал дээр амласан боловч амлалтдаа хүрч чадахгүй надад худал хэлсээр байгаад маш их гомдолтой байна.

Шүүгдэгчийн талыг хэт барьж, шүүгдэгч нь хохирогчдод учруулсан хохирлоо бүрэн хэмжээгээр төлж барагдуулаагүй, хохирогч нь удаан хугацаагаар гэр оронгүй байсаар байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг өөрчилсөн давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь бодит байдалтай нийцэхгүй шударга бус зүйл гэж үзэж байна” гэв.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг хэлсэн саналдаа “Магадлал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан, шүүх хууль хэрэглээний хувьд алдаатай дүгнэлт хийсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Н.С- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, гэмт хэрэг үйлдээгүй гэдэг. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна, миний хувьд бусдад тодорхой хэмжээний мөнгө өгч өөрөө хохирсон байна гэдэг бөгөөд давж заалдах шатны шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг үйлдсэн бол 1 дэх заалт хамаарахгүй гэж хуульчилсан. Уг хэргийн хувьд хохирогч Мэндбаяр, Түвшинжаргал нарыг залилсан буюу хоёр бие даасан санаатай үйлдэл нэгдэж орж ирсэн. Давж заалдах шатны шүүх хууль зүйн талаас нь дүгнэлт хийхгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь буруу юм. Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа байдал, хохирол төлөгдөөгүй, хохирлоо сайн дураараа төлөх  санаачлага гаргаагүй зэрэг нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт өгч хорих ял оногдуулсан.

Давж заалдах шатны шүүх магадлалд гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, учруулсан хохирлоо түргэн хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлсэн, шүүгдэгч бусдад залилуулсан нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэсэн дүгнэлт хийсэн. Энэ байдал нь давж заалдах шатны шүүхийн “анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн, гэм бурууд нь тохирсон ял шийтгэл оногдуулсан байна” гэсэн хууль зүйн дүгнэлттэй зөрчилдөж байгаа юм. Шүүгдэгч нь өнөөдрийг болтол хохирлоо нөхөн төлнө гэдэг боловч эдийн засгийн хувьд ямар баталгаа байгаа талаар нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй. Шүүгдэгч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд хохирогчийг эдийн засгийн болон  сэтгэл санааны хувьд хохироож байгаа. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн гомдлоо дэмжиж байна” гэжээ.

Шүүгдэгч Н.С-н өмгөөлөгч Л.Оюунсувд хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх Н.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн үндэслэлээр хэргийг шийдвэрлэж шийтгэх тогтоол гаргасан. Хохирогч Ш.М-ыг 20,000,000 төгрөгөөр хохироосон үйлдлийг тус зүйл ангиар зүйлчилж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна. Учир нь Ш.М-тай Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаанд оролцож, Н.С- нь 20 сая төгрөгийг 14 хоногийн хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлж авсан асуудал байхад “залилах” гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд энэ агуулгаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байсан. Н.С- нь Ш.М-аас 20,000,000 төгрөг, н.Түвшинжаргалаас 3,400,000 төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд төлж барагдуулахаа илэрхийлдэг. н.Түвшинжаргалд давж заалдах шатны шүүх хуралдаанаас хойш 700,000 төгрөг, Ш.М-т нийт 5,000,000 төгрөг өгсөн. Хохирлыг төлөх талаар санаачлага гаргахгүй байна гэсэн гомдол нь хуульд нийцэхгүй байна. Н.С- нь Ш.М-, н.Түвшинжаргал нарын үлдсэн хохирол төлбөрийг төлнө гэдгээ илэрхийлж байгаа. Харин Ш.М-тай холбоотой асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. н.Түвшинжаргалд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээг оногдуулж, оногдуулсан ялыг тэнсэх хууль зүйн боломжтой гэж үзэж байна” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Н.С- нь бусдыг хуурч бодит байдлын нуух замаар эд хөрөнгийг нь залилах гэмт хэрэг үйлдсэн болсон нь мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж ял шийтгэлийг нь оногдуулсан нь үндэслэл бүхий болсон байна. Давж заалдах шатны шүүх хохирол бүрэн төлөгдөөгүй, хэргийн зүйлчлэлийн талаар маргасан, бусдад учруулсан хор уршиг арилаагүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч Ш.М- болон түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн Н.С-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Н.С- нь 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр иргэн Ш.М-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 7-14 хоногийн хугацаатай мөнгө хэрэгтэй байна гэж 20,000,000 төгрөгийг залилан авч үлэмж хэмжээний хохирол учруулсан, мөн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэн Ц.Т-аас 3,400,000 төгрөгийг хуурч, мэхлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо тухайн хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх Н.С-д холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчүүдийн мэдүүлэг, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж хэргийг шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.С-н гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-д 1 жил 6 сар хорих ял  оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.С-г үйлдсэн хэргээ үнэн, зөв хүлээн мэдүүлж гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа хохирогч нар учруулсан хохирлыг хурдан хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлсэн, мөн шүүгдэгч өөрөө бусдад залилуулсан гэх нөхцөл байдлыг дурдан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцээгүй.

Давж заалдах шатны шүүхээс Н.С-г гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж дүгнэхдээ ямар баримтад үндэслэснээ магадлалд огт тусгаагүй, өөрөөр хэлбэл, ирээдүйд хохирлыг төлөх ямар боломжит, үндэслэл бүхий нөхцөл байдалд тулгуурлаж хохирлоо нөхөн төлөх бололцоотой гэж үзсэн талаарх дүгнэлт хийгээгүйгээс гадна магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлага, журамд нийцээгүй байгаа тул давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Эрүүгийн хуулинд заасан ял шийтгэлийг заавал биечлэн эдлүүлэлгүй тэнсэн харгалзах буюу эрүүгийн хариуцлагыг хэрэгжүүлэх онцлог зохицуулалт болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг шүүхүүд хэрэглэх тохиолдолд уг зохицуулалтыг сонгон хэрэглэх хууль зүйн үндэслэл, шалгуур, нөхцөлийг хэрхэн хангаж байгаа талаар тодорхой, бодитой дүгнэлт хийх нь тухайн шийдвэр хууль ёсны байх болон Эрүүгийн хуулийн зорилгыг хангахад чухал ач холбогдолтой байдаг болно.

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан магадлалыг хүчингүй болгож, хохирогч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан “...Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байхад шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 171 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, түүнд өөрчлөлт оруулсан Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 58 дугаар магадлалыг хүчингүй болгон, хохирогч Ш.М- болон түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсүгэй.

                                      ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН