Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/171

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0094/Э/Н

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхзул,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч Л.Оюунсувд,

Хохирогч Ш.М, түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б. овогт Н ын С-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918006120586 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 2ы өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б овогт Н-ын С /регистрийн дугаар: НЙ................../, ............. оны ............ дугаар сарын ........ -ний өдөр ............аймгийн ........... суманд төрсөн, ........... настай, эмэгтэй, дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй, ................ аймгийн .................. т ..................ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ............ аймгийн ............ сумын ........ дугаар баг .......... дугаар хороолол ..............  байрны ....... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ....  аймгийн сум дундын ....... дугаар шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 12ы өдрийн .......  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Н.С нь 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ....  аймгийн .....  сумын 14 дүгээр багт байрлах ...........-ийн тасгийн.....  дугаартай өрөөнд хамт ажилладаг сувилагч Ш.М-аас байшингаа барьж дуусгахад 7-14 хоногийн хугацаатай мөнгө хэрэгтэй байна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 20,000,000 /хорин сая/ төгрөгийг шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан,

2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ....  аймгийн ......  сумын ...  дүгээр баг .... дугаар байрны ......  тоотод оршин суух иргэн Ц.Т-аас цалингийн зээл хаачхаад 1 дэх өдөр буцаагаад шилжүүлье гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 3,400,000 /гурван сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг шилжүүлэн авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан “залилах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.С мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хамт ажилладаг Ш.М эгчээс 20,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй зээлж авсан. Үүнээс 12,000,000 төгрөгийг Франц Улсын “........ ” Банк бус санхүүгийн байгууллага руу шилжүүлсэн. Би найзынхаа хамт 500,000 еврог жилийн 3 хувийн хүүтэй зээл авахаар төлөвлөсөн бөгөөд үүний тулд үнийн дүнгийн 10 хувь буюу 150,000,000 төгрөг тушаах шаардлагатай гэсэн юм. Ийнхүү манай найз, түүний хүүхдийн амь даатгал 100,000,000 төгрөг, урьдчилгаа төлбөрийн хамт нийт 250,000,000 төгрөг байршуулсан. Тус мөнгөнд Ш.М , Ц.Т нараас авсан мөнгө орсон байгаа. Тус байгууллагаас бидний хурууны хээ, нүдний бүрхэвчийн мэдээллийг хуулж авсны дараа, Монгол Улсын иргэншлээсээ татгалзсан тохиолдолд зээлийг олгоно гэхээр нь залилуулснаа мэдэж цагдаагийн байгууллагад хандан шалгуулж байгаа. Манай ээжийн өмчлөлийн 10х8 харьцаатай хувийн байшинг худалдан хохирогч нарын хохирлыг төлнө. Улс орны хэмжээнд хөл хорио тогтоосонтой холбогдуулан банкнаас зээл өгөхгүй байгаа гэж байшинг худалдан авах хүн хэлсэн. Хохирогч Ш.М-с 28 дугаар хороололд барьж байгаа өөрийн өмчлөлийн байшингийн засварын зардалд хэрэглэнэ гэж хэлээд 4 хувийн хүүтэй мөнгө зээлсэн.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.М мэдүүлэхдээ: “...Би Н.С-эй нэг өрөөнд хамт ажилладаг байсан. Тухайн үед шүүгдэгч нь өөрийн гэсэн орон сууцтай, хувийн шүдний эмнэлэгтэй, хувийн орон сууцтай байсан тул мөнгийг маань буцааж өгөх боломжтой гэж бодоод мөнгө зээлсэн. Би мөнгө өгөхдөө миний байрны мөнгө шүү гэхэд асуудалгүй гэж хэлээд авсан. Надаас мөнгө зээлэхдээ хувийн орон сууцаа барьж дуусгахаар банкнаас зээл авах гэсэн юм. Тэгээд өмнөх зээлээ хаачхаад, дахиад зээл аваад 7-14 хоногийн дотор таны мөнгийг өгнө гэж хэлж авсан. Гэтэл надаас мөнгө авснаас хойш түүний байшинд ямар ч өөрчлөлт гараагүй. Харин миний мөнгийг цааш нь мөнгө хүүлэх зорилгоор ашигласан байсан. Хэрэв надад тухайн үед үнэнээ хэлсэн бол би мөнгө зээлэхгүй байсан. Би 1 өрөө байраа зараад 2 өрөө байр болгохоор мөнгөө хадгалж байсан. Намайг тухайн үед байраа зараад мөнгөтэй байгаа талаар Н.С нь мэдэж байсан. Би маш их гомдолтой байна. Би зээлийн хүү, алданги нэхэмжлэхгүй. Зээлийн үндсэн төлбөр 20,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 400,000 төгрөг, унааны зардал 40,000 төгрөг, нийт 20,440,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс нэхэмжилж байна. С надаас 20,000,000 төгрөгийг 7-14 хоногийн хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлээч. Байшиндаа хэрэглээд өгнө гэж хэлсэн. Хэрэв надад үнэнээ хэлсэн бол би мөнгө зээлэхгүй байсан. Би мөнгөө дансаар шилжүүлэх үү гэхэд бэлнээр нь аваад ир гэхээр нь би Н.С-д бэлнээр 20,000,000 төгрөг өгсөн. Тэгээд мөнгийг маань өгөхгүй болохоор зээлийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлье гэхэд Н.С нь зөвшөөрсөн ч 2-3 удаа зугтаж байсан. 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээг нөхөж байгуулсан.” гэв.

 

Эрүүгийн 1918006120586  дугаартай хэргээс:

 

Хохирогч Ш.М-ын хэрэг бүртгэлтэд 2019 оны 8 дугаар сарын 21, 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байраа 32,500,000 төгрөгөөр зарж 20,000,000 төгрөгийг Төрийн банканд хугацаатай хадгаламжид хийсэн бөгөөд энэ тухайгаа хамт нэг өрөөнд ажилладаг эмч С-д хэлсэн юм. Тэгээд түүнээс хойш надаас 7-14 хоногийн хугацаатай 20,000,000 төгрөг зээлээч 4 хувийн хүүтэй гэхээр нь би боломжгүй талаар хэлсэн чинь надад танаас өөр туслах хүн байхгүй надад туслаач гэхээр нь би 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Төрийн банкны хадгаламжийн дансаа хаалгаж мөнгөө аваад С-тэй .......  дугаарын утсаар яриад би данс руу чинь шилжүүлэх үү гэж асуухад надад бэлэн аваад ир гэхээр нь би өөрийн ажлын 6 тоот өрөөнд эмч С-д бэлэн 20.000.000 төгрөг өгсөн. Тэгээд мөнгө өгсний дараа 7-14 хоногийн дараа мөнгөө нэхэж эхэлсэн бөгөөд өгнө гэсээр байгаад 1 сарын хугацаа өнгөрсөн. Байшин сая барьж байгаа түүндээ зарцуулна яаралтай мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд зээлж авсан юм.” гэх мэдүүлэг[1],

 

Гэрч Б.А-ийн хэрэг бүртгэлтэд 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...одоогоос 3-4 долоо хоногийн өмнө М гэх сувилагч над дээр ирж уулзаад манай эхнэр С-ийг 20 сая төгрөгийг нь зээлж аваад өгөхгүй байна гэж байсан. Энэ асуудлын талаар М гэдэг хүнтэй анх уулзаад олж мэдсэн юм. Эхнэр С-д хэлэхэд хэрхэн юунд яаж зарцуулсан талаар яриагүй зүгээр л удахгүй буцааж төлнө л гэж байсан. Дархан сум 10 дугаар баг 23 дугаар хороололд 2018 онд барилгын ажлыг эхлүүлсэн юм. 2018 оны 10 дугаар сар хүртэл шахуу барилгын ажил явагдаж байгаад зогссон. Миний бодлоор уг байшингийн ажил хөрөнгө санхүүгийн асуудлаас болоод зогссон.” гэх мэдүүлэг[2],

 

Гэрч Х.М-ийн хэрэг бүртгэлтэд 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр мэдүүлсэн: ...2018 оны 7 дугаар сард манай найз С .........  сумын ......... дугаар багийн нутаг дэвсгэрт амины орон сууц барина гээд .......  сумын .....  дугаар баг ..  тоотод баригдсан амины орон сууцыг минь Хаан банканд барьцаалан 100 сая төгрөг гаргуулан аваад 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 480 гаран мкв хэмжээтэй хувийн амины орон сууцны барилгын ажлыг 7 дугаар сард эхлүүлсэн. Би 2018 оны 8 дугаар сард ах Э-ын 8 дугаар багийн .. дүгээр байрны ...  тоот ....  өрөө байрыг ........... гэсэн дугаартай Д гэх эмэгтэйд барьцаалж 13 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж аваад 2.5 сая төгрөгийг нь С аваад 8 дугаар баг 3-9 тоот байрны барьцааны мөнгө болгон Хаан банкинд эргэн төлөлт хийсэн. Үлдсэн мөнгийг нь би аваад 8 дугаар багийн 3-9 тоотод 138 мкв хэмжээтэй 1 давхар дэлгүүр барьсан. Тэгж байтал Н.С-ийн  барилгын ажил нь 2018 оны 10 дугаар сард хагас дутуу баригдаж зогссон юм. Би 2019 оны 10 дугаар сараас хойш би Н.С-с мөнгө нэхээд төлөхгүй явж байгаад 2019 оны 3-4 дүгээр сард машин дотор уулзаад Н.С-с 8 сая төгрөгийг бэлнээр авсан. Тэгээд би өөрийн Хаан банкны ......  тоот дансанд хийсэн. Тэгээд өөрийн данснаас бэр М-ын данс руу 6 сая төгрөгийг нь шилжүүлээд М эгч Д-д өгсөн гэсэн. Үлдэгдэл 2 сая төгрөгийг нь хүү Т-ийн визийг хөөцөлдөж байсан өөрийн данснаас шилжүүлж байсан. Дахин би С-с нэг ч төгрөг аваагүй. 2019 оны 6 дугаар сарын эхээр С-тэй тааралдахад С нь хүнээс арван сая төгрөг авчихлаа гэж байсан. Тэгээд дараа нь хэд хоногийн дараа таарахад С нь М эгч мөнгөө нэхээд байна гэхээр нь яагаад М эгч мөнгө нэхдэг юм бэ гэсэн чинь нөгөө 10 сая төгрөгийг чинь М эгчээс зээлсэн юм гэж хэлсэн. 2019 оны 6 дугаар сард С, М хоёр явж байхад нь таараад машин дотор суугаад байж байхад нотариат орж зээлийн гэрээ байгуулах гэж байгаа талаар сонсоод М эгчээс 10 сая төгрөг зээлж авсан. Тэгээд зээлийн гэрээ хийх гэж байгаа юм байна даа гэж бодсон чинь 20 сая төгрөгийн талаар ярихаар нь анх удаа сонсож мэдээд С-д уурласан. Энэ үед М эгч яг хажууд сонсоод байж байсан.  ...... сумын 8 дугаар баг 3-9 тоот үл хөдлөх дээрээ би итгэмжлэх Н.С-д хийж өгсөн. Түүгээр Н.С нь банкнаас 100 сая төгрөгийн зээл авсан. Уг 100 сая төгрөгийг Н.С нь авч зарцуулсан. Гэрээ байгуулалгүй зүгээр 2018 оны 10 сард барьцаа хөрөнгө чөлөөлж өгнө гэж тохирсон. Н.С-д хийж өгсөн итгэмжлэх надад байгаа. Ах Э-ын байрыг Д-д барьцаалсан байсан тул хүү алданги бодогдоод алдах гээд байсан тул Н.С-ээс авсан 8 сая төгрөгийн 6 саяыг тухайн зээлийн төлөлтөд зарцуулсан. Харин үлдсэн 2 сая төгрөгийг нь хүү Т-ийн визний материалд зарцуулсан. Хэзээ гэдгийг нь санахгүй байна. Нэг өдөр М эгч хүүтэйгээ явж байна хоёулаа уулзъя гэхээр нь Үйлчилгээний төв дээр уулзсан. Тэр үед хүү нь та хоёр манай ээжийн мөнгө төгрөгийг аваад луйвардсан гэж яриад байхаар нь би өөрөө үл хөдлөх хөрөнгөө тавьчхаад одоо өөрийнхөө компани дээр зээл хөөцөлдөж байгаа тэр зээл бүтчих юм бол ээжийн чинь мөнгийг өгнө гэж хэлээд цагдаад өгөөд мянга мянган төгрөг ч авч чадахгүй, түүний оронд шүүхээр эвлэрүүлэн зуучлахаар олж авсан нь дээр гэдгийг хэлж ярьсан. Н.С-тэй болон өөр бусад хүнтэй хамтраад Фэйсбүүк дээрээс 2019 оны 3 дугаар сарын сүүлээр “...... ” гэсэн хэрэглэгчийн чатаас та зээл хүсэж байна уу гэсэн юм байхаар нь сонирхоод холбогдоод үзсэн чинь бид нар 500,000 доллар зээлэхээр хүссэн. Тэгээд 2019 оны 4 дүгээр сарын 12-нд хамгийн эхний зээлийн файл үүсгэх хураамж 710 евро буюу 2,100,000 орчим төгрөг шаардсаныг Голомт банк дээр очоод овог нэрээр нь шилжүүлдэг байсан. Энэ асуудлаар Улаанбаатар хотод Б гэх мөрдөгч хэрэг шалгаж намайг хохирогчоор тогтоосон.[3] гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.Г-ийн хэрэг бүртгэлтэд 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр мэдүүлсэн:...2019 оны 3 дугаар сард манай ээж М өөрийн нэр дээр байдаг .....  сумын ...  дугаар баг ....  дугаар байрны .....  тоот 1 өрөө арктай байрыг 30 орчим сая төгрөгөөр зараад мөнгөө Төрийн банкны дансандаа хадгалсан байсан юм. Тэгээд 2019 оны 5 дугаар сард манай ээж хамт ажилладаг хүндээ мөнгө зээлчихсэн. Мөнгөө хүү бодож өсгөж авна гэж байсан. Тэгээд мөнгөө нэхээд өгөхгүй байгаа гэхээр нь анх Н.С гэж хүний ажил дээр 6 дугаар сарын 10-ны өдөр очиж уулзаад амласан хугацаандаа мөнгөө буцааж өгөхгүй тул нотлох баримттай нотариатаар гэрээ байгуулж өг гэж шаардсан. Тэгэхэд Н.С гэх эмэгтэй тэгье өнөөдөр шууд гараад байгуулъя банкны зээл өнөө маргаашгүй бүтнэ гэхээр нь ээжийг нотариатаар ороорой гэж хэлээд үлдээгээд ажилдаа явсан. Н.С тэгээд банкны зээлээ хөөцөлдлөө гээд гарч яваад гэрээ байгуулаагүй байсан тул 6 дугаар сарын 14-ний өдөр би дахин очиж шаардахад зээл гэж яриад дахиад гэрээ байгуулаагүй алга болсон. Тэгээд  6 дугаар сарын 17-ны өдөр ээж М-т утастаж гэрээгээ заавал байгуулаарай гэж хэлсэн. 6 дугаар сарын 17-ны өдөр гэрээ байгуулсан юм билээ. Н.С нь байнга өнөө маргаашгүй зээл бүтэх гэж байгаа мөнгийг чинь хүүтэй нь өгнө гэж хэлж аргацаадаг байсан. Тэгээд би ээж М-аас нарийн учрыг нь сонсоход Н.С нь зээлсэн 20 сая төгрөгийг Голомт банкны дансанд байршуулан гадаадаас их хэмжээний хөрөнгө оруулалт татах гэж найз М-ийн хамт түүний компанийн нэр дээр байршуулсан гэх яриа сонсож мэдээд М гэдэг хүнийг олж 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Үйлчилгээний төв дээр машин дотор уулзаад манай ээжээс найз чинь мөнгө зээлсэн байна. Зээлсэн мөнгөө өгөхгүй байна гэж хэлэхэд М гэх эмэгтэй банкны зээл бүтэх юм бол хамгийн түрүүнд 20 сая төгрөг буюу мөнгийг чинь өгнө. С бол надад хамаагүй. Цагдаад мэдэгдэх юм бол банкнаас зээлээ авч чадахгүй хэн хэн нь юу ч үгүй хоцорно гэж хэлсэн. Н.С нэг ч төгрөг буцааж өгөөгүй. Ээжид юу гэж хэлснийг нь мэдэхгүй байна. гэх мэдүүлэг[4],

 

Хохирогч Ш.М-ын Төрийн банкнаас 20.000.000 төгрөгийн гүйлгээ хийсэн зарлагын мэдүүлэг[5],

 

Ш.М-ын Н.С-тэй 2019 оны 6 сарын 17-ны өдөр нөхөж зээлийн гэрээний байгуулж нотариатаар гэрчлүүлсэн гэрээний хуулбар[6],

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гар утасны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл[7],

 

Хохирогч Ш.М-ын өмгөөлөгч Р.Атарцэцэгтэй байгуулсан эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ[8],

 

Хохирогч Ц.Т-ын мөрдөн байцаалтад 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр мэдүүлсэн: “...2019 оны 8 сарын 15-ны өдөр буюу дөрөв дэх өдөр байсан санаж байна. Би Австри улсаас Монгол улсад ирээд онгоцны буудал дээр буугаад утсаа асаагаад удаагүй байтал ..........  аймгийн ..........-ийн шүдний эмч ажилтай Н.С нь утсаар яриад “та надад 3,400,000 төгрөг түр зээлээч цалингийн зээлээ хаачхаад 1 өдөр цалингийн зээлээ аваад өгье” гээд гуйгаад байсан болохоор 8 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод Худалдаа хөгжлийн банкны нэг салбар дээр очоод өөрийн Худалдаа хөгжлийн банкны .......  тоот данснаасаа 3,400,000 төгрөг аваад Н.С-ийн  надад хэлж өгсөн Хаан банкны данс руу нь 3,400,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Надад мөнгө авч шилжүүлсэн баримт нь байгаа. Ингээд С-д 3,400,000 төгрөг шилжүүлээд С-ийн хэлсэн 1 дэх өдөр буюу мөнгийг маань эргүүлж өгөх хугацаа болоход Н.С-ийн утас нь холбогдох боломжгүй болж холбоо тасарсан.” гэх мэдүүлэг[9],

 

Гэрч Н.С-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр мэдүүлсэн: “...2019 оны 8 сарын 15-ны өдөр өөрийн Худалдаа хөгжлийн банкны .............  тоот дансаар 3,400,000 төгрөгийг шилжүүлэн авч байсан. Анх мөнгийг авахдаа зээл хаагаад дахин зээл аваад буцааж өгнө гэж хэлээд авсан юм. Тухайн мөнгийг аваад олон шатлалт маркетингийн тогтолцоонд олон улсын мөнгөн шилжүүлгээр шилжүүлсэн. Т эгчээс авсан 3,400,000 төгрөгийг 8 сарын 16-ны өдөр Голомт банкны салбар дээрээс гадаад улс руу шилжүүлсэн.” гэх мэдүүлэг[10],

 

Дансны хуулгад үзлэг хийсэн “............. овогтой ........... ийн 403166901 тоот дансны эхний үлдэгдэл нь 700 төгрөг байсан дээр 2019 оны 8 сарын 15-ны өдөр орлого гэх гүйлгээний утгатай 3,400,000 төгрөг нэмэгдсэнээр 3,400,700 төгрөг болоход 2019 оны 8 сарын 15-ны өдөр 3,400,000 төгрөг Н, С НЙ.......  гэсэн гүйлгээний утгатай хасагдаж уг дансны эцсийн үлдэгдэл 400 төгрөг үлдсэн байв.” гэх тэмдэглэл, зарлагын баримт[11],

 

Дансны хуулгад үзлэг хийсэн “............ овогтой ...........ын .......  тоот дансны эхний үлдэгдэл нь 19,667,725 төгрөг байснаас 2019 оны 8 сарын 15-ны өдөр Ц , Т /ТЗ....../-д ОЛ ...... гэх гүйлгээний утгатай 3,400,000 төгрөг хасагдснаар уг дансанд эцсийн байдлаар 16,267,725 төгрөг үлдсэн. гэх тэмдэглэл, зарлагын баримт[12],

 

Яллагдагч Н.С-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн: ...Би Ш.М гэдэг хүнээс мөнгө зээлж аваад миний мэдлийн мөнгө болсон болохоор юунд ч зарж зарцуулж болно гэж бодсон. Эхлээд би М гэх хүнээс ...... сумын .... дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа .....  сумын ....  дугаар баг ....  тоот 475 метр квадрат газар дээр 482 метр квадрат 2 айлын байшингийн барилгын ажлыг үргэлжлүүлэх талаар хэлж зээлж авсан боловч хүү бага эргэн төлөгдөх хугацаа урттай 500 мянган ам.долларын зээлийг Францын ...  банкнаас хүссэн. Энэхүү зээлийг гаргаж авахын тулд тухайн хүссэн зээлийнхээ 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийг тушаах ёстой байсан. 500 ам.доллар монгол төгрөгөөр 1 тэрбум 300 сая төгрөг болж байсан. Би энэхүү зээлийг өөрийн найз Х.М-ийн хамт 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс хөөцөлдөж эхэлсэн юм. Тэгээд М-аас авсан мөнгөнөөс 12 сая төгрөгийг үүнд зарцуулсан. Би М гэх хүнээс өөрөө энэ мөнгийг гуйж авсан. Анх бол М гэдэг хүнээс байшингийн ажилдаа зарцуулна гэж бодож зээлж авсан. Тэгж байтал мөнгөө богино хугацаанд өсгөж авч болох юм байна гэж бодоод мөнгийг дараа нь өөр зүйлд зарцуулсан.,

2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн: ....20 сая төгрөгийг Ш.М-аас би ажлын байран дээрээ буюу өөрийн ажилладаг .......... аймгийн ........ -ийн 6 дугаартай шүдний эмчийн өрөөнд 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр бэлнээр авахад М бид хоёр л байсан. Миний бие Дархан-Уул аймаг дахь Хаан банкны салбараас 2018 оны 12 дугаар сард 18 сая төгрөгийн цалингийн зээлийг авсан. Тухайн зээлд би сар бүр 437,000 төгрөгийг төлдөг. Тухайн зээлийн үлдэгдэл одоо 14 сая орчим төгрөг байгаа байх гэж тооцоолж байна. Хаан банкны кредит картын 1.1 сая төгрөгийн зээл байгаа. Энэ зээлийг 2019 оны 1 дүгээр сард авсан. Кредит картын зээлийн төлөх хугацаа хэтэрсэн төлөгдөөгүй байна. Мөн Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 4.6 сая төгрөг орчим төгрөгийн гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж миний цалингийн дансанд хаалт хийсэн. Цалин надад орлоо ороход 437,000 төгрөг сар бүр Хаан банкнаас авсан зээлд, үлдсэн мөнгө нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд өрөнд суутгагдаж байгаа. Тиймээс надад огт цалин ирдэггүй. 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хаан банкнаас өөрийн нэр дээр /хамтран зээлдэгч миний нөхөр Б-ын А./ найз Х-ийн М-ийн нэр дээрх түүний амины орон сууцыг барьцаалж 100 сая төгрөгийн зээлийг аваад тухайн зээлд сар бүр 2,3 сая орчим төгрөгийг Хаан банканд төлж байгаад 2019 оны 6 дугаар сараас тухайн зээлээ төлж чадахаа больсон. Энэ нь муу зээлдэгчийн тоонд багтсан. Энэ 100 сая төгрөгөөр ..  сумын .......  дугаар баг .....  дугаар хороолол 1-10 тоотод байрших амины орон сууцыг барихад зарцуулаад дууссан. 2006 оноос би Хээтэй хороололд ........ супер маркетийн үйл ажиллагаа явуулж байгаа байранд шүдний хувийн эмнэлэг нээж байсан. Ингэхдээ би өөрийнхөө мөнгөөр тухайн үед шүдний  эмнэлгийн тоног төхөөрөмж авсан. Тухайн үед би ямар нэгэн зээлгүй байсан ба нийтдээ үнэлбэл 10 сая орчим төгрөгийн тоног төхөөрөмж байгаа. Ингээд би “..... ” эмнэлэгт тухайн тоног төхөөрөмжөө 2017 онд зөөж авч ирэн байршуулж үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл би иргэн С.....-аас урьд нь зөндөө мөнгө цувуулж зээлээд тухайн мөнгө фэйсбүүкээр зээл олгоно гэсэн зарын дагуу шилжүүлж залилуулсан. Энэ хэрэг Мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Д дээр шалгагдаж байгаа. Тус хэрэгт би 126 сая төгрөгийн үнийн дүн дээр хохирогчоор тогтоогдсон. Г гэдэг хүнээс 2019 оны 4 дүгээр сард шиг санаж байна М эгчээс 20 сая төгрөг зээлснийхээ дараа нийт 33.4 сая төгрөгийг зээлсэн. Ингээд тухайн мөнгөө төлж чадахгүй 2019 оны 5 сар гарсан тул хүн нь мөнгөө нэхэхэд нь би өөрийн барьж байгаад дутуу орхисон ............ сумын .... дугаар баг .... дугаар хороолол ....  тоотод байрших амины орон сууцыг газрынх нь хамт тухайн хүнтэй худалдах худалдан авах гэрээг хийж өмчлөл болон эзэмшлийг шилжүүлсэн. Тухайн мөнгөндөө дээрх эд хөрөнгөө Гд өгсөн. Хэрэв Г намайг энэ газар байшинг үүнээс илүү өндөр үнээр та зарж чадвал надад өгөх ёстой мөнгөө хүүгийн хамтаар бодож 40 сая төгрөгийг өгөөд өмчлөл, эзэмшлийг эргүүлж өөрийн нэр дээр шилжүүлж аваарай гэж амаар ярьсан байсан боловч энэ байшинг газрын хамтаар авах хүн олдоогүй. Тэгээд ч Г 2019 оны 12 дугаар сард нас барсан.,

2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн: “...Ц.Т эгчээс зээл хаачаад эргүүлээд өгье гэж хэлээд мөнгө гуйж авсан. Тухайн үед би цалингийн зээлтэй байсан. Гэхдээ тухайн мөнгийг цалингийн зээлээ хаахад зарцуулаагүй. Харин Франц улсын банкнаас 500,000 еврогийн зээл хөөцөлдөж байсан тул тухайн зээлийн урьдчилгаа мөнгөнд зарцуулчихсан юм.” гэх мэдүүлгүүд[13],

 

Шүүгдэгч Н.С-ийн  урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд[14]  зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Н.С-ийн  холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар.

 

Шүүгдэгч Н.С нь 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр .......  аймгийн ...... сумын ...  дүгээр багт байрлах .........  .......-ийн амбулаторийн шүдний тасгийн 6 дугаартай өрөөнд хамт ажилладаг сувилагч Ш.М-аас байшингаа барьж дуусгахад 7-14 хоногийн хугацаатай мөнгө хэрэгтэй байна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 20,000,000 /хорин сая/ төгрөгийг шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан,

 

2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр .........  аймгийн ......  сумын ..... дүгээр баг ..... дугаар байрны ... тоотод оршин суух  иргэн Ц.Т-аас цалингийн зээл хаачхаад 1 дэх өдөр буцаагаад шилжүүлье гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 3,400,000 /гурван сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг шилжүүлэн авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан “залилах” гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Улсын яллагч: шүүгдэгч Н.С-г нь хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчээс нийт 20,440,000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.С-д, 3,400,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Т-д тус тус олгуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Хохирогчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг: “Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч нь хохирогчийг байраа зарсан мөнгөтэй байгааг нь мэдэж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан, байшингаа засахад ашиглана гэж хэлж мөнгө авч залилсан. 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 1 жилийн хугацаанд хохирол огт төлөөгүй, хохирол төлөхөөр шүүгдэгчийн зүгээс сайн дураараа ямар нэгэн идэвхтэй үйлдэл гаргаагүй. Иймд улсын яллагчтай санал нийлж байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд: “Шүүгдэгч С нь хохирогч Ц.Т-аас цалингийн зээлээ төлнө гэж хэлэн 3,400,000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрч, хохирол төлөх хугацааг хохирогчтой тохиролцон эвлэрсэн байгаа. Харин хохирогч Ш.М-аас мөнгө авахдаа залилсан бус зээлийн гэрээ байгуулан иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэж байна. Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчид 4 хувийн хүүтэйгээр 20,000,000 төгрөг зээлүүлсэн гэж мэдүүлдэг. Шүүгдэгч нь хохирогчоос 20,000,000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд буцааж өгөхгүй, хувьдаа ашиглах санаа зорилго огт байгаагүй. Н.С нь хохирогчоос авсан мөнгийг гадаадын банкнаас зээл авах урьдчилгаа төлбөрт ашиглаж, авсан зээлээсээ мөнгийг нь төлөх байсан боловч энэ нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсан тул Н.С нь тус хэрэгт хохирогчоор тогтоогдон мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Иймд Н.С-ийн үйлдэл нь гэмт хэрэг бус иргэний эрх зүйн гэрээний харилцаа байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргаж, мэтгэлцсэн болно.

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бол үйлдлийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах, худал амлах, хуурамч бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх замаар өмчлөгч, эзэмшигчийг эд хөрөнгөө өөрөө өгөхөд хүргэж, шилжүүлэн авах хэлбэрээр үйлдэгддэг.

Залилангийн гэмт хэргийн иргэний эрх зүйн харилцааны зээлийн гэрээнээс ялгагдах гол шинж нь өнгөн дээрээ гэрээ хэлцэлтэй байгаа мэт харагдавч хууль бусаар дүр үзүүлсэн хуурамч гэрээ хэлцэл хийж, бусдаас авсан эд хөрөнгийг буцааж өгөхгүй байх, хугацаа авахад чиглэсэн идэвхтэй үйлдэл байдаг.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Н.С нь байшингаа барьж дуусгахад 7-14 хоногийн хугацаатай мөнгө хэрэгтэй байна, цалингийн зээл хаачхаад 1 дэх өдөр буцаагаад шилжүүлье гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Ш.М, Ц.Т нарын хөрөнгийг шилжүүлэн авч залилсан нөхцөл байдал хангалттай тогтоогджээ.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Н.С-ийн  шунахай сэдэлт, амар хялбар аргаар мөнгө олох зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Н.С-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилжээ.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ш.М, Ц.Т нарт эд хөрөнгийн хохирол учирсан байх ба хохирогч Ш.М нь шүүгдэгч Н.С-ээс мөрдөн байцаалтад гэмт хэргийн улмаас учирсан хохирол 20,000,000 төгрөг[15], шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн зардал 400,000[16] төгрөг, тээврийн зардал 40,000 төгрөг[17], нийт 20,440,000 төгрөгийг, хохирогч Ц.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 3,400,000 төгрөгийг тус тус нэхэмжилжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтуудыг нэг бүрчлэн судалж, шүүгдэгч Н.С-ээс 20,440,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.М,  3,400,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Т-д тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Н.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг: “Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирол төлөөгүй, хохирол төлөхөөр сайн дураараа санаачилга гаргаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэв.

 

Хохирогч Ш.М: “Би эдийн засаг, бие махбод болон сэтгэл санааны хохирол амссан. Н.С нь 1 жил 1 сарын хугацаанд хохирол огт төлөөгүй, төлөхөөр сайн дураараа санаачилга гаргаагүй. Шүүх хуралдаан удаа дараа хойшлох болгонд хохирол төлөх байх гэж найдсан боловч нэг төгрөг ч өгөөгүй. Иймд Н.С-д Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамгийн хүнд ялыг оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд: “ Шүүгдэгч нь улсад 25 жил хүний эмчээр ажилласан, нийгэмд тодорхой байр суурьтай, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн байгаа. Н.С-ийн өмчлөлийн байшин нь 100,000,000 төгрөгийн үнэлгээтэй бөгөөд одоогоор н.Г гэх хүнд 30,000,000 төгрөгийн барьцаанд байгаа бөгөөд барьцаалагч нь нас барсан тул өв нээгдсэний дараа тус үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах боломжтой болно. Шүүгдэгч Н.С нь эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол цалин орлоготой зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Н.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Ял шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр шүүгдэгч Н.С нь урьд 1 удаа ял шийтгүүлсэн хувийн байдалтай байна.

Шүүхээс шүүгдэгч Н.С-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг бичлэгтэй CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Н-ын С-.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-ээс 20.440.000 төгрөгийг гаргуулж .......  аймгийн .......  сумын ...  дугаар баг .......  дүгээр хэсгийн ....  дүгээр гудамжны ......... тоотод түр оршин суух хохирогч Ш.М /утас-........ /-т, 3.400.000 төгрөгийг гаргуулж ...... аймгийн .....  сумын .....  дүгээр баг .....  дугаар байрны .......  тоотод оршин суух хохирогч Ц.Т /утас........../-д тус тус олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг бичлэгтэй CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР

 

 

 

 

[1] 1 дэх хавтаст хэргийн 12-13, 14 тал

[2] 1 дэх хавтаст хэргийн 15 тал

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 17 дугаар тал

[4] 1 дэх хавтаст хэргийн 18 дугаар тал

[5] 1 дэх хавтаст хэргийн 29 тал

[6] Хавтаст хэргийн 30-31 тал

[7] 1 дэх хавтаст хэргийн 182, 183-184 тал

[8] 1 дэх хавтаст хэргийн 8 тал

[9] 3 дахь хавтаст хэргийн 4-5 тал

[10] 3 дахь хавтаст хэргийн 6-7 тал

[11] 3 дахь хавтаст хэргийн 10, 14 тал

[12] 3 дахь хавтаст хэргийн 13, 15 тал

[13] 1 дэх хавтаст хэргийн 27, 2 дахь хавтаст хэргийн 21-23, 3 дахь хавтаст хэргийн 24 тал

[14] Хавтаст хэргийн 33-39 тал

[15] 1 дэх хавтаст хэргийн  29 тал

[16] 2 дахь хавтаст хэргийн 151 тал

[17] 2 дахь хавтаст хэргийн 152  тал