Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00505

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00505

 

 

*********ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Н.Батзориг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2023/00099 дугаар шийдвэртэй,

*********ийн нэхэмжлэлтэй, **********т холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/01255 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1739 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2022/00305 дугаартай тогтоолоор *********, П.Ганзориг нараас 39,400,000 төгрөг гаргуулж, Д.Энхтайванд олгуулахаар шийдвэрлэсэн.

1.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгийг Сэлэнгэ-Эстимэйт ХХК-аар үнэлгээ хийлгэхэд доорх байдлаар тогтоогдсон байна. Үүнд: Улсын бүртгэлийн Ү-2206044031 дугаартай, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 89 дүгээр байр, 95 тоот хаягт байрлах, 57 м.кв хоёр өрөө орон сууцыг 166,552,471 төгрөгөөр үнэлсэн байна.

Уг үнэлгээгээр м.кв-ыг 2,921,973 төгрөгөөр үнэлсэн байна. Гэтэл Хан-Уул дүүрэг дэх ойролцоо байршлын сууцны м.кв нь 3,600,000 төгрөг буюу түүнээс дээш үнэлгээтэй байна.

Иймд дээрх үнэлгээ одоогийн зах зээлийн ханшаас хэт доогуур байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1255 дугаар шийдвэрээр *********, П.Ганзориг нараас 39,400,000 төгрөг гаргуулж Д.Энхтайванд олгохоор, ********* үүргээ сайн дураар биелүүлээгүй бол П.Ганзоригийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206044031 дугаартай, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 89 дүгээр байрны 95 тоот хаягт байрлах 57 м.кв 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шийдвэрлэсэн.

Мөн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 22300664 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн тогтоол гарсан. Төлбөр төлөгч П.Ганзоригийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 22300664/01-122 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 22300664/02-122 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хураах ажиллагаа явуулсан.

Төлбөр авагч Д.Энхтайван Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн саналаа 80,000,000 төгрөгөөр өгсөн бөгөөд төлбөр төлөгч П.Ганзоригт 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 4-122/19097 дугаартай албан бичгээр үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэнд үнийн санал ирүүлээгүй, ********* нь хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10/318 дугаартай шинжээч томилох тогтоолоор шинжээч Г.Отгонбаярыг томилсон.

2.2. Хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайланг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, мөн өдрөө төлбөр авагч Д.Энхтайванд 4-122/19791 дугаартай албан бичгээр мэдэгдэж Монгол шуудан ХК-ийн баталгаат шуудангаар хүргүүлж, тэмдэглэлээр баталгаажуулсан. Төлбөр төлөгч *********т 4-122/19789 дугаартай албан бичгээр үнэлгээ болон үнэлгээний тайланг биечлэн уулзаж гардуулсан.

Хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн шинжээч Г.Отгонбаяр нь төлбөр төлөгч П.Ганзоригийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206044031 дугаартай Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 89 дүгээр байрны 95 тоот хаягт байрлах 57 м.кв 2 өрөө орон сууцыг 166,552,471 төгрөгөөр үнэлсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүхэд гаргах хугацааг хэтрүүлж гаргасан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 89 дүгээр байрны 95 тоот хаягт байрлах, 57 м.кв, 2 өрөө орон сууц болох улсын бүртгэлийн Ү-2206044031 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 166,552,471 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *********ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шинжээч зах зээлийн хандлагын аргыг өнөөдрийн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулаагүйгээр, бодитой бус гаргасан тул дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүхээс хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Гэсэн атлаа Шинжилгээний тухай хуулийн шаардлагад нийцүүлэн үнэлгээ хийсэн гэсэн утгаар тайлбарласан нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.5, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлоогүй гэж дүгнэсэн нь мөн хуулийн 38.9 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд төлбөр төлөгч *********т бусад үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэж, харьцуулсан судалгаа байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн гэдгийг нотолж чадаагүй. Мөн нотлох үүрэг өөрсдөд нь байсан учраас анхан шатны шүүх хэргийг хуулийн дагуу шийдвэрлэсэн. Шинжээч Г.Отгонбаярын үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл нь хэрэгт авагдсан байдаг. Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дэлгэрбаярын тусгай зөвшөөрлийг шалгаж үзээгүй гэжээ. Д.Дэлгэрбаяр үнэлгээ хийгээгүй. Харин Г.Отгонбаяр гэх тусгай зөвшөөрөлтэй шинжээч үнэлгээ хийсэн. Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч ********* нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр газарт холбогдуулан П.Ганзоригийн өмчлөлийн Ү-2206044031 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 89 дүгээр байр, 95 тоот хаягт байршилтай 57 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 166,552,471 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

2.а. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/01255 дугаартай шийдвэрээр *********оос 39,400,000 төгрөг гаргуулан Д.Энхтайванд олгохоор шийдвэрлэсэн байх ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1739 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. /хх8-12, 13-17/

2.б. ********* нь дээрх шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргасан байх ба Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2022/00305 дугаартай тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1739 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/01255 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...П.Ганзоригоос 45,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг... гэснийг ...П.Ганзоригт холбогдох шаардлагыг... гэж, 2 дахь заалтын...хангуулсугай... гэснийг ...**********т даалгасугай гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх18-22/

2.в. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж заасан.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/01255 дугаартай шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, ********* нь уг шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн тус шүүхээс 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШЗ2022/05890 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж гарч, мөн өдөр 182/ГХ2022/00446 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. /хх86-87, 25/

Ийнхүү гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 22300664 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарч, 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 22300664/01-122 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг битүүмжилж, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 22300664/02-122 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг хураахаар шийдвэрлэжээ. /хх88, 91-92, 98-99/

2.г. Хариуцагчийн зүгээс 2022 оны 06 дугаар сарын 16, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрүүдэд төлбөр төлөгч *********т 22300664, 22300664/01 тоот шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлүүдийг хүргүүлж, төлбөр төлөгчид хугацаа олгосон байх боловч төлбөр төлөөгүй тул шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 22300664/01-122 дугаартай эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор П.Ганзоригийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр Туул голын гудамж, 89 дүгээр байрны 95 тоот хаягт байрлах 57 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжилж, 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 22300664/02-122 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг хурааж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч П.Ганзориг болон төлбөр төлөгч ********* нарт мэдэгджээ. /хх89, 93, 101/

2.д. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасан.

Үүний дагуу хариуцагч нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 4-122/19097 тоот үнийн санал өгөх тухай мэдэгдлийг талуудад хүргүүлж, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр Туул голын гудамж, 89 дүгээр байрны 95 тоот хаягт байрлах 57 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үнийн санал авахад төлбөр авагч Д.Энхтайван нь 80,000,000 төгрөг, төлбөр төлөгч ********* үнийн санал өгөх боломжгүй гэжээ. /хх102, 103, 104/

2.е. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцоогүй бол хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гэж заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10/318 дугаартай тогтоолоор шинжээч томилжээ./хх106/

Дээрх тогтоолын 1 дэх заалтаар Г.Отгонбаярыг шинжээчээр томилсон байх ба 2, 3 дахь заалтад шинжээч Г.Отгонбаярт Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9, 11, 13, 14, 16, 45 дугаар зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14, 15 дугаар зүйлийг танилцуулж, дүгнэлт өгөхөөс зайлсхийх, татгалзах, санаатайгаар худал дүгнэлт гаргах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг танилцуулахаар дурдаж, танилцсан хэсэгт шинжээч Г.Отгонбаяр гарын үсэг зуржээ. Мөн үнэлгээний тайланд үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл хавсаргагдсан байна. /хх107-108, 109/

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх тухай зохицуулсан бөгөөд Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн үнэлгээчийн Г.Отгонбаяраар үнэлгээ гаргуулах ажиллагаа нь уг зүйлд заасан урьдчилсан нөхцөлийг хангасан гэж дүгнэх үндэстэй байна. Тодруулбал:

9 дүгээр зүйлийн 9.1.-д шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна.

9.2-д.Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамжийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэж заасныг зөрчөөгүй байна.

2.ё. Хариуцагч нь хөрөнгийн үнэлгээний тайланг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 4-122/19789 дугаартай албан бичгээр *********т Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр Туул голын гудамж, 89 дүгээр байрны 95 тоот хаягт байрлах 57 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 166,552,471 төгрөгөөр үнэлснийг мэдэгджээ. /хх4/

Нэхэмжлэгч нь 166,552,471 төгрөгийн үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур гэж тайлбарласан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа байдлын талаарх тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд ...Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр Туул голын гудамж, 89 дүгээр байрны 95 тоот хаягт байрлах 57 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 166,552,471 төгрөгөөр үнэлж, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн, Хан-Уул дүүрэг дэх ойролцоо байршил дахь орон сууцны нэг м.кв нь 3,600,000 төгрөг буюу түүнээс дээш үнэлгээтэй байна... гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж анхан шатны шүүхээс үзсэнийг буруутгах боломжгүй.

 

3. Давж заалдах гомдлын талаар.

3.а. Нэхэмжлэгч ********* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.5, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлоогүй гэж дүгнэсэн мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх агуулгаар гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

Гомдлоор авч хэлэлцэх хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шинжээч томилох агуулгаар ажиллагаа хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэх боломжгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

4. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2023/00099 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ш.ОЮУНХАНД