Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2019/0120

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 27 өдөр

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2019/0120

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

Н.Ч, Б.Б нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийг

 хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Н.Ч, нэхэмжлэгч Б.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Л.А, “Э” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З, М.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, Т.Ц нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0006 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Л.А нарын давж заалдах гомдлоор, Н.Ч, Б.Б нарын нэхэмжлэлтэй, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Э” ХК-ийн Үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Нэхэмжлэгч Н.Ч, Б.Б нар 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/6421 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах, дээрх дүгнэлтийг үндэслэн гарсан “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/261 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны ЭТТ/2018/02221 дугаар тендер шалгаруулалтыг дахин явуулах шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0006 дугаар шийдвэрээр:

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6.б, 35 дугаар зүйлийн 35.1, 35.3, 55 дугаар зүйлийн 55.1, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2-т заасныг тус тус баримтлан Н.Ч, Б.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/6421 дугаар албан бичиг, “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/261 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №3 дугаар хуралдааны тэмдэглэлээр “Татварын харилцаатай үүссэн маргаанд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох” ЭТТ/2018/02221 дугаар тендер шалгаруулалтыг дахин явуулахаар зарласан шийдвэрийг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав: Хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Л.А нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...“Э” ХК-иас зарласан “Татварын харилцаатай үүссэн маргаанд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер”-ийн жишиг баримт бичгийн 9 дүгээр зүйлийн 9.6-д “Түншлэл хэлбэрээр оролцохыг зөвшөөрсөн, мөн захиалагчийн нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичигт зөвлөх үйлчилгээнд багаар оролцож болох” тухай анх зарласантай холбогдуулан нэхэмжлэгч нар 4 гишүүн бүхий баг бүрдүүлэн уг тендерт оролцож, сонгон шалгаруулалтад өрсөлдсөн байхад дээрх байдлыг буруутган “багаар оролцох ёсгүй байсан” гэж хариуцагчаас тайлбарласан нь үндэслэлгүй гэсэн зүйлийг дурджээ.

Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/6421 дүгээр албан бичгээр “Э” ХК-ийн “Татварын харилцаатай үүссэн маргаанд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер”-ийн зарлалын 1-т “Хувь хүнийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна” гэсэн боловч 3-т “Зөвлөх багийн танилцуулга, багийн ахлагч нь хууль зүйн чиглэлээр, багийн 1 гишүүн татвар, санхүү, нягтлан бодогчийн чиглэлээр” гэж багийн шаардлага тавьсан нь хоорондоо зөрчилтэй болохыг захиалагчид мэдэгдсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Зөвлөх үйлчилгээг хуулийн этгээд, хувь хүн гүйцэтгэж болно” гэж тодорхой заасан бөгөөд 35.2-т “Тухайн зөвлөх үйлчилгээ нь олон салбарын мэдлэг, нарийн мэргэжлийн боловсон хүчин шаардахаар бол хуулийн этгээдийг сонгоно”, 35.3-т “Тухайн зөвлөх үйлчилгээг шаардлагатай мэргэжил, туршлага бүхий зөвлөх хувь хүн илүү сайн гүйцэтгэж чадахаар бол түүнийг сонгоно” гэж заасан бөгөөд хуулиар тодорхойлоогүй “Баг” гэсэн хуульд байхгүй зүйлийг сонгохоор хувь хүнтэй хольж зарласан нь үндэслэлгүй тул дээрх тендер шалгаруулалтыг хууль, журамд нийцүүлэхийг мөн мэдэгдсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...“Татварын харилцаатай үүссэн маргаанд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер”-ийн жишиг баримт бичгийн 9 дүгээр зүйлийн 9.6-д түншлэл хэлбэрээр оролцохыг зөвшөөрсөн” гэжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-36.7-т дэлгэрэнгүй жагсаалтаас хураангуй жагсаалт үүсгэх ажиллагаанд хамаарч байгаа тул шийдвэрийн үндэслэх болох тендерийн баримт бичгийн 9 дүгээр зүйлийн 9.6-д энэ хэсэг тус маргаанд хамаарахгүй юм.

Учир нь хураангуй жагсаалтад орсон этгээдэд захиалагч тендерийн баримт бичгийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.8-т “Захиалагч саналын урилга болон ажлын даалгаврыг хураангуй жагсаалтад нэр нь орсон зөвлөхөд хүргүүлнэ” гэж заасны дагуу олгодог.

Гэтэл хураангуй жагсаалтад орсон этгээдэд олгогдоогүй, энэ маргаанд хамааралгүй баримт бичгийг үндэслэн хуульд нийцээгүй шийдвэрийг гаргасан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-т “тендерт оролцогч” гэж захиалагчаас хараат бус дараах этгээдийг ойлгоно”, 5.1.6.6-д “хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлсэн хэд хэдэн этгээд”, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ”, 476.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно” гэж тус тус зааснаас үзэхэд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр 4 хувь хүн хамтарч тендер шалгаруулалтад орсныг буруутгах үндэслэлгүй бөгөөд хамтран ажиллах гэрээг байгуулах шаардлагагүй гэжээ.

Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/6421 дугаар албан бичгээр хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр 4 хувь хүн хамтарч тендер шалгаруулалт орсныг буруутгаагүй.

Харин захиалагч тендерийн урилгад хувь хүн болон баг хоёул оролцохоор зааж өгснийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлд заасантай нийцэхгүй тул дахин зарлахыг мэдэгдсэн.

Түүнчлэн Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2-т заасныг үндэслэн “тендерт багаар оролцохдоо хамтран ажиллах гэрээг заавал бичгээр байгуулах шаардлагагүй” гэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гарсан журам, жишиг баримт бичигт түншлэл, хамтран ажиллах этгээд нь гэрээг бичгээр хийж, эх хувиар ирүүлэхээр заасан байдаг тул Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно” гэж заасны дагуу холбогдох хууль тогтоомжид заасныг харгалзан үзэх ёстой атал хэт нэг талыг барьсан, сөрөг үр дагавар бүхий, үндэслэлгүй шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Иймд бидний гаргасан давж заалдах гомдлыг хянан үзэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0006 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаав.

1.Нотлох баримт дутуу бүрдүүлсэн тухайд:

Шүүхийн шийдвэрт “Э” ХК-иас зарласан “Татварын харилцаанаас үүссэн маргаанд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер”-ийн жишиг баримт бичгийг үндэслэл болгон дүгнэсэн ч, энэ нь хэрэгт авагдаагүйгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байх” шаардлага хангагдаагүй, өөрөөр хэлбэл энэхүү жишиг баримт бичиг нь хэрэгт авагдсан эсэхээс үл хамааран дүгнэж болохуйц нийтэд илэрхий үйл баримт биш.

Дээрх нөхцөл байдлаас шалтгаалж “…тендерт түншлэл хэлбэрээр оролцохыг зөвшөөрсөн жишиг баримт бичгийн 9.6 дахь зохицуулалт дэлгэрэнгүй жагсаалтаас хураангуй жагсаалт үүсгэх зөвлөх үйлчилгээ сонгох тендерийн маргаанд хамаарахгүй…” гэх хариуцагчийн давж заалдах гомдлын үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан тайлбараас үзэхэд Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Гомдлыг хянасан тухай” 6-1/6421 дүгээр албан бичгээр хуульд нийцүүлэн дахин тендер шалгаруулалт зохион байгуулахыг “Э” ХК-д мэдэгдсэний дагуу зөвлөх үйлчилгээний зарыг хуулийн этгээдийн хүрээнд гаргаж, улмаар хэд хэдэн хуулийн этгээд шалгарч хураангуй жагсаалтад бүртгэгдсэн байх тул холбогдох нотлох баримтыг цуглуулах шаардлагатайгаас гадна энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг ч шүүхээс тодруулах нь зүйтэй.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:

Анх шүүгчийн захирамжаар “…тендер шалгаруулалтыг дахин явуулахаар зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаар “Эрдэнэс таван толгой” ХК-д холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тендерийн Үнэлгээний хороог жинхэнэ хариуцагч гэж үзэн сольсон атлаа гуравдагч этгээдээр хариуцагчаар оролцож байсан “Эрдэнэс таван толгой” ХК-ийг татсан нь ойлгомжгүй болжээ.

Өөрөөр хэлбэл “Э” ХК нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар энэхүү зөвлөх үйлчилгээний тендерийн захиалагч болоос бус эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй гуравдагч этгээд байх учиргүй.

Угтаа тус компаниас илүүтэй дахин зарласан тендерт шалгарч, хураангуй жагсаалтад бүртгэгдсэн гэх хуулийн этгээдүүд болон Сангийн яаманд гомдол гаргасан О.Ч ахлагчтай баг энэ маргааны хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гуравдагч этгээдийн шаардлагыг хангахаар байна.

Нэгэнт хэргийг дахин хянан шийдвэрлэх тохиолдолд давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон “Э” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан “…2018 оны төсөвт хууль зүйн зөвлөгөө авах үйлчилгээний зардал тусгагдсан боловч он дууссанаар санхүүжилтгүй болсон, мөн компанийн зүгээс шүүхийн маргаанд эрх зүйн туслалцаа авахаа больсон…” гэх өөрсдийн зарласан тендерээс татгалзсан агуулгатай тайлбар гаргасныг тодруулах нь зүйтэй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу заавал тендер зарлалгүйгээр шүүхийн маргаанд өмгөөллийн болон хууль зүйн туслалцаа авах боломж нэхэмжлэгчийн хувьд нээлттэй тул дээрх тайлбарыг нэг мөр болголгүйгээр хэргийг шийдвэрлэснээс, магадгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангах тохиолдолд шүүхийн шийдвэр хэрэгжихгүй нөхцөл байдалд хүрэхийг ч үгүйсгэхгүй.

Нэгэнт хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул давж заалдах гомдлын үндэслэлүүдэд дүгнэлт өгөөгүй болгохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0006 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН