Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2017/00736

 

 

Б.Мядагмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/00059 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 657 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Мядагмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд холбогдох,

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны 8 дугаар хэсгийн ахлагчаар ажиллуулах, хөлсөөр ажиллах гэрээг биелүүлэхийг даалгах, 2016 оны 06 дугаар сарын ажлын хөлс 70 000 төгрөг, 7, 8 дугаар сарын ажлын хөлс 580 000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй  иргэний хэргийг,

Хариуцагч нарын өмгөөлөгч Л.Жавзмаагийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булган, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булган шүүх хуралд аанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 оноос Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны хэсгийн ахлагчаар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 1 жилийн хугацаатай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байсан ба 2016 оны 06 дугаар сарын эхээр Засаг дарга Н.Оюунгэрэл намайг ажилдаа битгий ир, хамтарч ажиллах боломжгүй гэсэн бөгөөд би ямар үндэслэлээр ийм шаардлага гаргаад байгааг ойлгоогүй тул өдөр бүр ирж цагаа бүртгүүлээд явж байсан төдийгүй түүний заавраар МАН-ын сонгуулиин ажилд бас хааяа явж байсан юм. Гэтэл Н.Оюунгэрэл миний 6, 7 дугаар сарын цалинг өгөөгүй, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дуудаж ажлаас халлаа, чи Ардчилсан намын сонгуульд явсан хэмээн гүтгэж, улмаар хамт олны хурал хийж зарим хэсгийн ахлагч нарыг дарамталж миний эсрэг тайлбар хэлүүлсэн төдийгүй тэдгээр хэсгийн ахлагч нарыг мөн хална, нясална хэмээн дарамталсан талаар тэр хүмүүс надад хэлсэн. Надтай 1 жилийн хугацаатай хөлсөөр ажиллах гэрээг байгуулахдаа уг гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т заасан үндэслэлээр гэрээг цуцлахаар тохиролцсон боловч Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний Б/156 дугаартай тушаалаар хөлсөөр ажиллах гэрээнд дурдаагүй үндэслэлээр гэрээг цуцалсан нь үндэслэлгүй тул дээрх гэрээг үндэслэлгүй цуцалсан гэж үзэн уг гэрээний үүргийг биелүүлэхийг хариуцагч нарт даалгаж, миний 2016 оны 06 дугаар сарын хөлс 70 000 төгрөг, 7, 8 дугаар сарын хөлс 580 000 төгрөгийг гаргуулах, 2016 оны 6, 7, 8 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өнөржаргал, өмгөөлөгч Л.Жавзмаа нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Мядагмаатай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/156 дугаартай тушаалаар цуцалсан. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны 2016 оны 06 дугаар сарын 02, 06 дугаар сарын 17-ны өдөр, 07 дугаар сарын 01, 07 дугаар сарын 25-ны өдөр тус тус зөвлөлийн хурлаар Б.Мядагмаагийн талаар 19 дүгээр хорооны Засаг дарга удаа дараа зөрчил дутагдал гаргасан, цаг ашиглалт, ёс зүйн зөрчил, өгсөн үүрэг даалгавар хангалтгүй биелүүлсэн тул 06 дугаар сарын урамшууллын мөнгөнөөс хасах тухай саналыг хүргүүлсний дагуу ЗДТГ-аас урамшууллын мөнгийг хасаж тооцсон. 19 дүгээр хорооны Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэрээр хамт олны шийдвэрээр 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 75 дугаартай албан бичгээр 19 дүгээр хорооны Засаг даргаас Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт Б.Мядагмааг чөлөөлөх санал хүргүүлж ЗДТГ-аас 08 дугаар сарын 01-ний өдөр чөлөөлсөн тушаал гарсан.

Б.Мядагмаа нь 7 дугаар сард ажиллаагүй тул түүнд цалин өгөөгүй. Б.Мядагмаа нь сарын урамшуулал цалин 288 000 төгрөгийг авдаг байсан. Удаа дараа зөрчил дутагдал гаргасан хэсгийн ахлагч Б.Мядагмаагийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тул Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 30/24 дүгээр тоггоол, гэрээний холбогдох хэсгийг үндэслэн ажлаас чөлөөлөх тушаал гарсан байна. Б.Мядагмаагийн нэхэмжлэлд дурдагдсан 6 дугаар сарын хасагдсан 7, 8 дугаар сарын урамшуулал, гэрээг үргэлжлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/00059 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн гэрээний дагуу Б.Мядагмааг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны 8 дугаар хэсгийн ахлагчаар ажиллуулах үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Засаг дарга нарт даалгаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас 576 000 төгрөг гаргуулж Б.Мядагмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 70 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Мядагмаагийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18 050 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, уг данснаас 18 050 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 17 930 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 657 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/00059 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “359 дүгээр зүйлийн 359.1” гэсний дараа “219 дүгээр зүйлийн 219.1” гэж нэмж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д“ гэснийг ”Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-д” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нарын өмгөөлөгч Л.Жавзмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Б.Мядагмаагийн нэхэмжлэлтэй Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, дүүргийн 19 хороонд холбогдох иргэний хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гаргасан 182/ШШ2017/00059 дүгээр шийдвэртэй хэргийг давж заалдах шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд гаргасан 657 дугаар магадлалыг эс зөвшөөрч ИХШХШТХуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар хяналтын гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх “Зохигчдын хооронд 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 1 жилийн хугацаатай байгуулагдсан “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, харин гэрээ цуцлах үндэслэл бүрдээгүй байхад талуудын харилцан тохиролцсоныг зөрчиж гэрээг нэг талын санаачилгаар дуусгавар болгосны улмаас авах ёстой ажлын хөлсөөр хохирсон гэж нэхэмжлэгч маргажээ” гэж дүгнэжээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний 2.18-д зааснаар хэсгийн ахлагч нь “Хорооны засаг даргыг үнэн зөв мэдээ, мэдээллээр хангах” үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч Б.Мядагмаа нь гэрээний дээрх үүргээ зөрчин ...бурхан болоод 3 жил болсон хүнийг амьд сэрүүн байгаа мэтээр мэдээ гаргаж, нэр дээр нь бэлэг гаргуулсан асуудлыг 2016 оны 03 дугаар сарын 11-ний зөвлөлийн хурлаар хэлэлцээд сануулах арга хэмжээ авсан. Тус хурал дээр Б.Мядагмаа нь “Одоо л сүрхий болж бүгдээрээ тэгж гаргаад өгөөд л байдаг биз дээ” гэж хэлсэн байдаг. Мөн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн зөвлөлийн хурлаар “...ирц, хоцролтоор Б.Мядагмаа цаг ашиглалт муу, ажил их тасалдаг...” асуудлыг хэлэлцээд дахин сануулсан. 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн зөвлөлийн хурлаар “хэсгийн ахлагч нарын ажил дүгнээд Б.Мядагмаагийн 6 сарын цалинг 30 хувиар хасах арга хэмжээ авсан. Нэхэмжпэгч Б.Мядагмаагийн дээрх гаргасан зөрчил нь гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой ба зөрчил гаргасан тохиолдолд сануулах, түүний цалингаас тодорхой мөнгөн дүнгээр хасалт хийж байгаа үйл баримт нь зохигчдын хооронд байгуулсан “Хөлсөөр ажиллах гэрээ”-г цуцлах үндэслэл болж, Хорооны засаг дарга нь гэрээний 3.5-д заасны дагуу түүнийг ажлаас чөлөөлөх саналаа Тамгын газрын даргад хүргүүлж улмаар гэрээний 5.2-д зааснаар буюу гэрээний дагуу хугацаанаас өмнө “Хөлсөөр ажиллах гэрээ”-г цуцалж ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гзж үзэж байна.

Шүүх “Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, болон Чингэлтэй дүүргийн 19 хорооны засаг даргаас гэрээг цуцлах үндэслэл буюу Б.Мядагмаагийн удаа дараа цаг ашиглалт, ёс зүйн зөрчил дутагдал гаргасан болон өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлснийг шалгаж тогтоосон баримтыг гаргаагүй байна” гэжээ. Хавтаст хэрэгт хариуцагч талаас гаргасан 19 хорооны зөвлөлийн удаа дараагийн хурлын тэмдэглэл, холбогдох баримтуудыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг зөрчсөн ба хариуцагчийн гаргасан нотлох баримтуудыг нэхэмжлэгч талаас татгалзаж няцаасан баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй гаргаагүй үгүйсгэсэн баримт хэрэгт байхгүй, шүүх хариуцагчийн гаргасан баримтуудыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнэж чадаагүй гэж үзэж байна. Шүүх “Хариуцагчаас татгалзлаа нотлохоор Чингэлтэй дүүргийн 19 хорооны засаг даргын зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 11, 2016 оны 6 сарын 2, 2016 оны 06 дугаар сарын 17, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэлийг шүүхэд ирүүлсэн нь нэхэмжлэгчийг хэзээ ямар зөрчил гаргасныг хэн, хэрхэн шалгаж тогторсон талаарх баримт болохгүй тул хариуцагч татгалзлаа ИХШХШТХуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлож чадаагүй гэж үзнэ” гэж дүгнэжээ.

Чингэлтэй дүүргийн 19-р хорооны зөвлөлийн удаа дараагийн хурлаар тухайн хорооны ажил хариуцсан ажилтангууд хэсгийн ахлагч нар хурлаараа хэлэлцэн шийдвэрлэж байгаа асуудлаар Зөвлөлийн хуралдаж, хурлын тэмдэглэл хөтөлж гаргасан зөрчлийг хэлэлцсэн тухай хурлын тэмдэглэл нь нотолгооны баримт төдийгүй нэхэмжлэгч няцааж буюу нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг ИХШХШТХуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар гаргах үүргээ биелүүлээгүй. Шүүх “Хөлсөөр ажиллах гэрээний 5.2-т заасан гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх үндэслэл бүрдсэн гэж үзэхээргүй байх тул гэрээг нэг талын санаачлагаар үндэслэлгүйгээр цуцалснаас 7,8 дугаар сарын ажлын хөлсөөр хохирсон гэж нэхэмжлэгч 576 000 төгрөг шаардсаныг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хангах нь зүйтэй” гэж дүгнэжээ. Хөлсөөр ажиллах гэрээ”-ний 6.1, 6.2-т “хийж гүйцэтгэх ажлын хөлсний хэмжээг тогтоож, тохиролцож, зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн тул тухайн гэрээний онцлог зохицуулалтаар ажиллаагүй хугацааны буюу хийж гүйцэтгээгүй ажпын ажлын хөлс шаардах эрх нэхэмжпэгчид үүсэхгүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэр, магадлал хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн үндэслэлтэй байна. 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагч нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч Б.Мядагмаа нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргад холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээг үргэлжлүүлэхийг даалгаж, 2016 оны 06 дугаар сард олгоогүй хөлс 70 000 төгрөгийг гаргуулах, гэрээг үндэслэлгүйгээр цуцалснаас хөлсөөр хохирсон гэж үзэж 576 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж, “Б.Мядагмаа нь удаа дараа цаг ашиглалт, ёс зүйн зөрчил гаргасан, өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн тул гэрээг цуцалж, хэсгийн ахлагчаас чөлөөлсөн” гэсэн үндэслэлээр маргасан байна.

Зохигчдын хооронд 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 1 жилийн хугацаатай байгуулагдсан гэрээг хөлсөөр ажиллах гэрээ гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д нийцжээ. Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохирсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд нэхэмжлэгч Б.Мядагмаа нь “Хэсгийн ахлагчийн ажиллах журам”-д заасан үүргийг биелүүлэх, хариуцагч нь хөлс олгох үүрэгтэй байна.

Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал нь гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхтэй болохыг Иргэний хуулий 225 дугаар зүйлийн 225.1-д заасан. 

Хариуцагч нар хөлсөөр ажиллах гэрээг цуцлахдаа нэхэмжлэгч Б.Мядагмааг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзсэн боловч энэ байдлыг нотлоогүйгээс гадна гэрээг цуцлах талаар мэдэгдсэн, нэмэлт хугацаа тогтоосон, Иргэний хуулийн 365 дугаар зүйлийн 365.1-д заасан гэрээг цуцлах хугацааг баримтлаагүй нь хууль зөрчсөн, улмаар гэрээг цуцалсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/156 дугаар тушаал үндэслэлгүй байна.

Хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусаагүй тул шүүх “...хөлсөөр ажиллах гэрээг үргэлжүүлэх” шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв. Харин Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээнд заасан хугацаа дууссанаар гэрээ дуусгавар болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигчид хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг зохигчид хүлээхийг тус тус зохицуулсан ба үүний дагуу нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримтуудыг шүүхэд ирүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүй байв.

Анхан шатны шүүх хөлсөөр ажиллах гэрээний маргаанд хамаарахгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг хэрэглэсэн алдааг зөвтгөж, хэрэглэвэл зохих хууль буюу Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн 1, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1 дэх заалтыг баримталж шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн тул магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 657 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

 

                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Х.СОНИНБАЯР

                                   ШҮҮГЧ                                                      П.ЗОЛЗАЯА