Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 657

 

Б.Мядагмаагийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/00059 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Мядагмаа,

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд холбогдох,

 

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны 8 дугаар хэсгийн ахлагчаар ажиллуулах, хөлсөөр ажиллах гэрээг биелүүлэхийг даалгах, 2016 оны 06 дугаар сарын ажлын хөлс 70 000 төгрөг, 7, 8 дугаар сарын ажлын хөлс 580 000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Жавзмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булган,

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Жавзмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булган шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 оноос Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны хэсгийн ахлагчаар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 1 жилийн хугацаатай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байсан ба 2016 оны 6 дугаар сарын эхээр Засаг дарга Н.Оюунгэрэл намайг ажилдаа битгий ир, хамтарч ажиллах боломжгүй гэсэн бөгөөд би ямар үндэслэлээр ийм шаардлага гаргаад байгааг ойлгоогүй тул өдөр бүр ирж цагаа бүртгүүлээд явж байсан төдийгүй түүний заавраар МАН-ын сонгуулиин ажилд бас хааяа явж байсан юм.

Гэтэл Н.Оюунгэрэл миний 6, 7 дугаар сарын цалинг өгөөгүй, 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дуудаж ажлаас халлаа, чи Ардчилсан намын сонгуульд явсан хэмээн гүтгэж, улмаар хамт олны хурал хийж зарим хэсгийн ахлагч нарыг дарамталж миний эсрэг тайлбар хэлүүлсэн төдийгүй тэдгээр хэсгийн ахлагч нарыг мөн хална, нясална хэмээн дарамталсан талаар тэр хүмүүс надад хэлсэн. Надтай 1 жилийн хугацаатай хөлсөөр ажиллах гэрээг байгуулахдаа уг гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т заасан үндэслэлээр гэрээг цуцлахаар тохиролцсон боловч Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 01-ний Б/156 дугаартай тушаалаар хөлсөөр ажиллах гэрээнд дурдаагүй үндэслэлээр гэрээг цуцалсан нь үндэслэлгүй тул дээрх гэрээг үндэслэлгүй цуцалсан гэж үзэн уг гэрээний үүргийг биелүүлэхийг хариуцагч нарт даалгаж, миний 2016 оны 6 дугаар сарын хөлс 70 000 төгрөг, 7, 8 дугаар сарын хөлс 580 000 төгрөгийг гаргуулах, 2016 оны 6, 7, 8 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өнөржаргал, өмгөөлөгч Л.Жавзмаа нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Мядагмаатай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/156 дугаартай тушаалаар цуцалсан. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны 2016 оны 06 дугаар сарын 02, 06 дугаар сарын 17-ны өдөр, 07 дугаар сарын 01, 07 дугаар сарын 25-ны өдөр тус тус зөвлөлийн хурлаар Б.Мядагмаагийн талаар 19 дүгээр хорооны Засаг дарга удаа дараа зөрчил дутагдал гаргасан, цаг ашиглалт, ёс зүйн зөрчил, өгсөн үүрэг даалгавар хангалтгүй биелүүлсэн тул 06 дугаар сарын урамшууллын мөнгөнөөс хасах тухай саналыг хүргүүлсний дагуу ЗДТГ-аас урамшууллын мөнгийг хасаж тооцсон.

19 дүгээр хорооны Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэрээр хамт олны шийдвэрээр 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 75 дугаартай албан бичгээр 19 дүгээр хорооны Засаг даргаас Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт Б.Мядагмааг чөлөөлөх санал хүргүүлж ЗДТГ-аас 08 дугаар сарын 01-ний өдөр чөлөөлсөн тушаал гарсан. Б.Мядагмаа нь 7 дугаар сард ажиллаагүй тул түүнд цалин өгөөгүй.

Б.Мядагмаа нь сарын урамшуулал цалин 288 000 төгрөгийг авдаг байсан. Удаа дараа зөрчил дутагдал гаргасан хэсгийн ахлагч Б.Мядагмаагийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тул Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 30/24 дүгээр тоггоол, гэрээний холбогдох хэсгийг үндэслэн ажлаас чөлөөлөх тушаал гарсан байна. Б.Мядагмаагийн нэхэмжлэлд дурдагдсан 6 дугаар сарын хасагдсан 7, 8 дугаар сарын урамшуулал, гэрээг үргэлжлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн гэрээний дагуу Б.Мядагмааг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны 8 дугаар хэсгийн ахлагчаар ажиллуулах үүргийг үргэлжлүүлэн
гүйцэтгэхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, Чингэлтэй дүүргийн
19 дүгээр хорооны Засаг дарга нарт даалгаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын
тамгын газраас 576 000 төгрөг гаргуулж Б.Мядагмаад олгож, нэхэмжлэлийн
шаардлагаас 70 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Мядагмаагийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18 050 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, уг данснаас 18 050 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 17 930 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Жавзмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Б.Мядагмаа нь өндөр насны тэтгэвэртэй, 3 талт “Хөлсөөр ажиллах гэрээ”-гээр тохиролцсон ажлыг ЧД-ийн ИТХ-ын 2010 оны 27 дугаар тогтоол, НИТХ-ын 2015 оны 30\24 дүгээр тогтоолоор батлагдсан "Хэсгийн ахлагчийн ажиллах журам"-ын дагуу гүйцэтгэдэг, ажлын байр нь бүтэц орон тоо байнгын ажлын байрны орон тоонд хамаарагддаггүй, ажлын хөлс урамшууллаар олгогддог болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Мөн нэхэмжлэгч хэсгийн ахлагчаар ажиллах хугацаандаа хорооны Засаг даргын зөвлөлийн хурлаар удаа дараа сануулах, цалин хөлс бууруулах арга хэмжээ авагдаж байсан нь хурлын тэмдэглэлд хэлэлцсэн асуудал, шийдвэрлэсэн байдлаар тодорхой тусгагдсан байдаг. Үүнд:

2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар “цаг ажилдаа эмх цэгцгүй, олон хүн гомдол гаргасан, бурхан болоод 3 жил болсон хүний нэрээр бэлэг /ахмадын/ гаргуулсан асуудалд өөрт нь сануулсан. Уг хуралд Б.Мядагмаа нь “Одоо л сүрхий болж бүгдээрээ өгөөд л байдаг биздээ” гэж хэлжээ. 2016 оны 6 дугаар сарын 02-ны хурлаар “ирц, хоцролт, судалгаа Б.Мядагмаа цаг ашиглалт муу, ажил их тасалдаг...” асуудалд нь сануулсан 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар хэсгийн ахлагч нарын ажлыг дүгнээд Б.Мядагмаад 6 сарын урамшууллыг нь 30 хувиар хасах арга хэмжээ авсан. 2016 оны 07 дугаар сарын 01-ний хурлаар “...хэсгийн ахлагч Б.Мядагмаа, Г.Нэргүй, Н.Батбаяр,
Г.Отгонбаяр нарын талаар хэлэлцээд ажлаас чөлөөлөх саналыг “Хөлсөөр ажиллах
гэрээ”-ний 3.5-д заасны дагуу Тамгын газрын даргад уламжилснаар уг хурал дээр
Б.Мядагмаа “хамтарч ажиллаж байсан баярлалаа” гэж хэлжээ. Иймд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б\256 дугаар тушаал гарч 8 дугаар хэсгийн ахлагч Б.Мядагмааг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

НИТХ-ын 2015 оны 30\24 дүгээр тогтоолоор батлагдсан “Хэсгийн ахлагчийн ажиллах журам”-ын 1.4-д зааснаар 3 талт “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулж, гэрээний 6.2-д зааснаар урамшууллыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож олгох, гэрээний 5.2, журмын 8.3-д зааснаар гэрээг цуцлахаар гэрээний талууд харилцан тохиролцсон байна. Шүүх 7, 8 дугаар сарын цалин хөлс 576 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэжээ. Б.Мядагмаа нь 19 хорооны Засаг даргын зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуралд оролцоод “Хамтарч ажиллаж байсанд баярлалаа” гэж хэлээд гарснаас хойш ажилдаа ирээгүй, ажлаа тасалсан байхад шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, ямар хуулийн зүйл заалтаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаа нь тодорхойгүй байна.

Шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар “Хөлсөөр ажиллах гэрээний эрх зүй гэж дүгнэсэн атлаа 7, 8 дугаар сард огт ажил үйлчилгээ хийгээгүй хүнд цалин хөлс 576 000 төгрөг гаргаж шийдвэрлэсэн нь мөн хуулийн 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт заасныг зөрчиж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж чадаагүй, мөн Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн, алдаа гаргасан гэж үзэж байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул уг шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүх хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь зөв боловч зохигчдын маргаж буй үндэслэл, шаардах эрхийн үндэслэлийг тогтоосон хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглээгүйг зөвтгөж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Мядагмаа нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар болон Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргад холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээг үргэлжлүүлэхийг даалгаж, гэрээг үндэслэлгүйгээр цуцалснаас үүдсэн хохиролд 576 000 төгрөг, 6 дугаар сард олгогдоогүй урамшууллын 70 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч марган, татгалзлаа “Б.Мядагмаа нь удаа дараа цаг ашиглалт, ёс зүйн зөрчил дутагдал гаргасан, өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсний улмаас сануулах, цалин бууруулах арга хэмжээ авч байсан тул гэрээг цуцалж, хэсгийн ахлагчаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн” гэсэн үндэслэлээр гаргасан байна. 

Зохигчдын хооронд 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 1 жилийн хугацаатай байгуулагдсан, “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, харин гэрээ цуцлах үндэслэл бүрдээгүй байхад талуудын харилцан тохиролцсоныг зөрчиж гэрээг нэг талын санаачилгаар дуусгавар болгосны  улмаас авах ёстой ажлын хөлсөөр хохирсон гэж нэхэмжлэгч маргажээ.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар болон Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргаас гэрээг цуцлах үндэслэл буюу Б.Мядагмаагийн удаа дараа цаг ашиглалт, ёс зүйн зөрчил дутагдал гаргасан болон өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлснийг шалгаж тогтоосон баримтыг гаргаагүй байна. Хариуцагчаас татгалзлаа нотлохоор Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 11, 2016 оны 6 дугаар сарын 2, 2016 оны 6 дугаар сарын 17, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэлийг шүүхэд ирүүлсэн нь нэхэмжлэгчийн хэзээ, ямар зөрчил гаргасныг хэн, хэрхэн шалгаж тогтоосон талаарх баримт болохгүй тул хариуцагч татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлолж чадаагүй гэж үзнэ.

Дээрхээс хөлсөөр ажиллах гэрээний 5.2-т заасан гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх үндэслэл бүрдсэн гэж үзэхээргүй байх тул гэрээг нэг талын санаачилгаар үндэслэлгүйгээр цуцалснаас 7, 8 дугаар сарын ажлын хөлсөөр хохирсон гэж нэхэмжлэгч 576 000 төгрөг шаардсаныг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хангах нь зүйтэй.

Шүүх талуудын маргаантай эрх зүйн харилцааг хөлсөөр ажиллах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлсон боловч гэрээг үндэслэлгүйгээр цуцалснаас хохирол шаардах эрхийн үндэслэлтэй холбоотой хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хохирол шаардах эрхийн үндэслэл болох Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг баримталсан нэмэлт өөрчлөлтийг оруулна.

Мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад хөлсөөр ажиллах гэрээний талуудад тус хөдөлмөрийн гэрээний талуудад хамааралтай Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг баримталсан алдааг зөвтгөж, хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлогоос ажилтанд нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэл төлөх ажил олгогчийн үүргийг тодорхойлсон Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн 1, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1 дэх заалтыг баримталсан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/00059 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “359 дүгээр зүйлийн 359.1” гэсний дараа “219 дүгээр зүйлийн 219.1” гэж нэмж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д“ гэснийг ”Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-д”  гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                           Б.НАРМАНДАХ

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ