Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00471

 

Н. гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2022/02778 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Н.

Хариуцагч: А А,

Хариуцагч: А А-ын төлөөлөн удирдах зөвлөл

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 30,439,368 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ф, хариуцагч А А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч нарын өмгөөлөгч Г.Болорцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Нэхэмжлэгч Н. нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Нэгдүгээр эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргатай контрактын гэрээ байгуулж, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар томилогдон ажилласан. Гэтэл Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаар тогтоолоор Монгол Улсын Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.18 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10.5, 17.10.11, 17.11.4, 17.11.6 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Контрактын гэрээний 7.3.2, 7.4.4, 7.4.8, Эрүүл мэндийн яамны 2021 оны 02 сарын 05-ны өдрийн 1а/556 тоот албан бичиг, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны шийдвэр, Захирлын гүйцэтгэлийн үнэлгээний дүнг тус тус үндэслэн нэхэмжлэгчийг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй байна гэж үзэн Контрактын гэрээг цуцалж, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй.

1.2 Нэхэмжлэгчтэй байгуулсан контрактын гэрээний эцсийн үр дүн бодитой гараагүй, үүрэг биелэгдээгүй болох нь баримтаар тогтоогдоогүй, тогтоосон талаарх дүгнэлтийг мэдэгдэлгүйгээр шууд цуцалсан. Контрактын гэрээний 3.10.1-д зааснаар гэрээний хугацаа 5 жил буюу 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл боловч хагас жилийн хугацаа ч өнгөрөөгүй байхад ажлыг дүгнэсэн гэж үзэн үүрэгт ажлаас нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Дүгнэлтийг нэхэмжлэгчид танилцаагүй, мэдэгдэлгүйгээр шууд цуцалсан.

1.3 Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/22 тоот бичгээр албан шаардлагын хариуг хүргүүлсэн. Өр төлбөртэй гарсан асуудал контрактыг цуцлах үндэслэл болохгүй. Тодорхой хэмжээний өр төлбөрүүд гарсан нь ковидтой холбоотой худалдан авалтууд нэмэгдсэнтэй холбоотой. Энэ нь Н. гэдэг хүний буруутай үйл ажиллагаанаас болоогүй. Хэрэгт баримтаар ирүүлсэн үнэлгээний тайлан тодорхой бус, ойлгомжгүй. Тайланд эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын үзүүлэлт 2020 оны сүүлийн 6 сард өмнөх хагас жилээс муу үзүүлэлттэй гарсан гэж байна.

Иймд тус эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 30,439,368 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Ерөнхий захирлаар томилсон. Н. захирлын ажлыг хүлээн авч ажилласнаас хойш байгууллагын төлөө ажиллах хүсэл эрмэлзэл, сэтгэл зориг, идэвх санаачилга, хандлага чадвар байхгүй нь харагдаж, цаашид байгууллагын удирдлага, зохион байгуулалтын сул тогтолцооноос үүдэлтэй алдаа зөрчил гарах эрсдэл бий болсон. Ерөнхий захирлаар ажиллаж байх хугацаандаа ТУЗ-өөс өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг тусдаа өрөөтэй болго гэсэн үүрэг, Урологи-андорлогийн төвийг ариун цэврийн өрөөтэй болгох, Монгол Улсын Засгийн газар, Шадар сайд, Эрүүл мэндийн сайд нар эрүүл мэндийн байгууллагуудын захирал нарт Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний бэлэн байдал, нөөц бүрдүүлэлтийг байнгын хангах ажиллахыг удаа дараа үүрэг болгосон байдаг.

Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаас баталсан 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Коронавирус халдварын дэгдэлтийн үед эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдалд шалгалт хийх тухай 01/259 дугаартай удирдамжийн дагуу мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн үйл ажиллагаанд тус эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилчдыг байлцуулан хяналт шалгалт хийсэн. Тус хяналт шалгалтаар эмнэлгийн коронавируст халдварын хяналт, сэргийлэлт, нөөцийн бүрдүүлэлт, барилга байгууламжийн эрүүл ахуйн нөхцөлд хяналт шалгалт хийгдсэн.

Тус хяналт шалгалтаар Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 11 дүгээр зүйлийн 11.2.2, Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага MNS 5260:2015 стандарт-ын 10.4, 10.9, 12.6, 14.2.9-д заасныг, Эрүүл мэндийн сайдын А/269 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтын 3.6.11 дэх заалт, Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага MNS 6392:2013 стандарт-ын 4.4.4 дэх заалтыг, Эрүүл мэндийн сайдын 537 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 2.13-д заасныг, Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/269 тоот тушаалын нэгдүгээр хавсралтын 3.6.13 дахь заалтыг, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/505 дугаар тушаалын холбогдох заалтуудыг тус тус зөрчсөн нь илэрсэн.

2.2 Үндэсний аудитын газраас 2020 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайланд аудит хийхэд эмнэлэг тухайн онд 599,812,000 төгрөгний өртэй гарсан байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлт 2020 оны сүүлийн 6 сард өмнөх хагас жилээс муу үзүүлэлттэй гарсан байна.

Дээрх нөхцөл байдал үүссэн тус эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Эрүүл мэндийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/476 тушаалаар баталсан эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дүрмийн 5.2-т заасны дагуу эмнэлгийн захирлын ажлын гүйцэтгэлийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар эмнэлгийн захирлын ажиллах хугацаандаа хийж гүйцэтгэсэн ажил болон эмнэлгийн жилийн эцсийн тайланг Н. гаар өөрөөр тайлагнуулж зөвлөлийн гишүүдээр хэлэлцүүлсэн. Ажлын гүйцэтгэлийн контракт гэрээний хавсралтын дагуу үнэлж гишүүдийн саналыг нэгтгэхэд 38.7 оноо авч муу гэж үнэлэгдэж ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тул контрактад заасан хийвэл зохих ажлынхаа үр дүнг хүндэтгэх шалтгаангүйгээр хангаагүй буюу хангалттай ажиллаж чадаагүй, ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэгдсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Н. г А А-ийн ерөнхий захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 28.837.296 /хорин найман сая найман зуун гучин долоон мянга хоёр зуун ерэн зургаан/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.602.072 төгрөг болон А А-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 302.136 төгрөгийг гаргуулж, улсын орлогод нөхөн оруулж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

4.1 Нэхэмжлэгчийн ур чадвар бодит байдал, ажил дээр хангалтгүй болох нь эмнэлгийн удирдлагыг хэрэгжүүлэгч Төлөөлөн удирдах зөвлөлийн удирдлагыг багаар хэрэгжүүлж чаддаггүй, удирдлагыг хэрэгжүүлэхдээ хамтарч ажиллаж мэдээлэл өгөхгүй байна гэдэг үнэлгээ, тодруулбал, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын хуралдааны тэмдэглэлд Д.Нарантуяагийн хэлсэн үгээр нотлогдож байна. Түүнээс гадна Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дүрмийн 5.19-д зааснаар гүйцэтгэх удирдлагыг түүний удирдлага дор хамтран хэрэгжүүлдэг эрх бүхий албан тушаалтнууд багаар хамтарч ажилладаггүй, уулздаггүй, сонсдоггүй, мэдээлэл өгдөггүй гэсэн үнэлгээ, тайлбар, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тэмдэглэлээр Ерөнхий захирлын ур чадвар, ажлыг тодорхойлсноор нотлогдож байна.

Мөн эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл Төлөөлөн удирдах зөвлөлд хандан Ерөнхий захирал Н. н удирдах ур чадварыг шүүмжилж, асуудлыг шийдвэрлэхийг хүссэн байна. Эндээс дүгнэхэд, нэхэмжлэгчийн шууд дээд удирдлага болох Төлөөлөн удирдах зөвлөл, мөн гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтнууд, эмнэлгийн ажилтнууд нэхэмжлэгчийг удирдах, манлайлах, шийдвэр гаргах, харилцааны ур чадваргүй, эдгээр ур чадвар хангалтгүй гэж үнэлж дүгнэсэн.

4.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд нэр дурдсан албаны дарга нар болох Л.У, П.А, Б. О, С. Р, П. И нарыг гэрчээр дуудах хүсэлт гаргасан боловч, анхан шатны шүүх уг хүсэлтийг хангахгүй орхисон. Хэрэв гэрчээр дуудах хүсэлтийг хангаагүй бол Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлэх ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүх энэ хуралдааны тэмдэглэл болоод уг хуралдаан дээр хэлсэн албаны дарга нарын хэлсэн тайлбарыг үнэлсэнгүй. Үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

4.3 Төлөөлөн удирдах зөвлөл нь Ерөнхий захирлыг хангалттай ажиллаж чадаагүй, цаашид ажиллаж чадахгүй нь илэрхий гэж өөрөө үнэлсэн бол контрактыг цуцлах эрхтэй. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан зохицуулалтыг адилтган хэрэглэж захиргаа ажилтныг хангалттай ажиллаж чадаагүй, ажилдаа тэнцэхгүй байгааг баримтаар тогтоогдоогүй эрх бүхий байгууллагаас нэхэмжлэгчийг мэргэжлийн, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил үүргээ тэнцэхгүй болохыг тогтоосон эрх бүхий этгээдийн дүгнэлт, шийдвэр хэрэгт авагдаагүй гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг буруугаар хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Түүнээс гадна Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10.11-т заасны дагуу шүүхийн дүгнээд байгаа эрх бүхий этгээд нь нэхэмжлэгчийн ажлын үр дүнг үнэлсэн хариуцагч Төлөөлөн удирдах зөвлөл бөгөөд тус Төлөөлөн удирдах зөвлөлийн уг дүгнэлт үндэслэл бүхий болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно.

4.4 Монгол Улсын Засгийн газар, Шадар сайд, Эрүүл мэндийн сайд нар эрүүл мэндийн байгууллагын захирал нарт Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний бэлэн байдал, нөөц бүрдүүлэлтийг байнга хангаж ажиллахыг удаа дараа үүрэг болгосон нь цар тахал эхэлснээс хойш нийтэд илэрхий үйл баримт болно. Гэтэл нэхэмжлэгч энэ үүргийг биелүүлж ажиллаагүй болох нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдамжийн дагуу хийгдсэн хяналт шалгалтаар тогтоож, улсын байцаагчийн албан шаардлага гарснаар нотлогдож байна. Улсын байцаагчийн биелүүлэхийг шаардсан шаардлага эмнэлгийн байгууллагад өдөр тутамд хийгдэж байх ёстой хамгийн энгийн шаардлагыг тавьсан байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л. нь Эрүүл мэндийн сайдад хандаж А нь улсын ахлах байцаагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангалтгүй биелүүлсэн тул дээрх эмнэлгүүдийн удирдлагад сахилгын арга хэмжээ авч, хариуг ирүүлнэ уу гэсэн агуулгатай 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02-01/113 тоот албан бичиг явуулсан нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. Улсын байцаагчийн албан шаардлагын биелэлтийг хангуулах, биелэлтийг дүгнэх эрх бүхий захиргааны байгууллага нь албан шаардлагын биелэлт хангалтгүй гэснийг анхан шатны шүүх үнэлж, дүгнэсэнгүй.

Нэхэмжлэгч Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлсэн 2021 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 1/22 тоот албан бичиг нь албан шаардлагын хариуг хүргүүлж байна гээд Коронавируст халдварын болзошгүй эрсдэлээс сэргийлэх, НМХГ-ын шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээний төлөвлөгөө-г хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, 1-рт зөрчил гаргаснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн байна, 2-рт албан шаардлагыг биелүүлж, зөрчлийг арилгасан биш харин ирээдүйд арилгах талаар төлөвлөж байгаагаа илэрхийлсэн байна.

4.5 Байгууллагын орлого өсөж байгаа үзүүлэлт нь тухайн байгууллага өргүй, ашигтай гэсэн санхүүгийн үзүүлэлтийг шууд илэрхийлэхгүй. Төсвийн болон төрийн байгууллагын санхүүгийн тайланг шалгаж, дүгнэлт хийх хуулиар олгосон эрх бүхий байгууллага нь Үндэсний аудитын газар ба уг газраас Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2020 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудит хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. Уг аудитын тайланд 2020 оны санхүүгийн тайлангаар 599,812,000 төгрөгийн өртэй гарсан, уг өр үүссэн шалтгааныг дурдсан байна. Мөн 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар өртэй гарсныг Санхүү бүртгэлийн албаны дарга Б.Банзрагч Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаан дээр хүлээн зөвшөөрч тайлбарласан байна, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6.3, мөн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дүрмийн 5.6.4-т заасан Ерөнхий захирлын эрх, үүргийн хүрээнд Төлөөлөн удирдах зөвлөлд төсвийн хуваарь, түүний гүйцэтгэл болоод өр төлбөр зайлшгүй үүсгэх болсон шалтгаан нөхцөлийг тайлагнаж, Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрснөөр асуудлыг шийдвэрлэх ёстой байсан байна. Гэтэл нэхэмжлэгч нь энэ үүргээ биелүүлээгүй байхад Төлөөлөн удирдах зөвлөл түүнийг хангалттай ажиллаж чадаагүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүх Хөдөлмөрийн хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргасны улмаас анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул уг шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 Хариуцагч талаас анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан мэргэжил чиг үүрэг нь ажилдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон үндэслэлээр дүгнэж хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байгаа. Түүнтэй адилтгаж хэрэглэсэн гэх үндэслэл байхгүй. Гэтэл хариуцагч талаас зөрүүтэй байдлаар тайлбарлаж байна. Шүүхийн шийдвэрт 1999 оны хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан 2006 оны 33 тоот Улсын дээд шүүхийн тогтоолын 18 дугаар зүйлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар ажлаас чөлөөлж байгаа бол ямар шаардлагыг ажил олгогч биелүүлэх ёстой болохыг тодорхой тусгасан байгаа. Уг шаардлагыг шүүх яагаад шаардаж болохгүй вэ, хариуцагч хэрхэн биелүүлсэн гэдэгт өөрсдөө ямар нэгэн тайлбар гаргаагүй. Гэтэл анхан шатны шүүхэд яриад дурдагдаагүй маш их зүйлүүдийг өнөөдрийн шүүх хуралдаанд ярьж байна. Хариуцагч талын тайлбарлаж байгаа нэр бүхий албаны дарга нарын тайлбар нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн хариу тайлбар, түүнд бүрдүүлж өгсөн баримтанд ямар ч холбоогүй, энэ хэрэгт хамааралгүй.

2006 оны Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан 33 дугаар тогтоолоор ажилтныг контрактаар биелүүлсэн үүргийг дүгнэснээр өмчлөгч буюу түүний эрх бүхий этгээд контрактад тусгагдсан ажилтнаас хамаарсан уу, контрактыг эцсийн үр дүн биелэлт бодитоор гаргаагүй үүрэг биелэгдээгүй болох нь баримтаар тогтоогдсон байх, үүнийг ажилтанд танилцуулсан байх тухай тайлбарласан. Энэ Улсын дээд шүүхийн тогтоолоор зөрчил баримтаар тогтоогдсон байх, ажилтанд танилцуулж, гарын үсэг зуруулсан байх шаардлагыг шүүхээс баримтлан шийдвэрлэж байгаа. Түүнээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан асуудлыг дурдаагүй. 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Н. гийн ажлын тайланг танилцуулсан тэмдэглэл байгаа. Гэтэл гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан. Энэ хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлыг дүгнэх үү, эсвэл бүтэн жилийн ажлыг дүгнэх эсэх нь тодорхойгүй. Хариуцагч талаас Н. гийн бүтэн жилийн ажлыг дандаа зөрчилтэй байдлаар тайлбарласан. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд 2020 оны эхний хагас жил маш сайн байсан, 2020 оны сүүлийн жил унасан гээд тайлбарладаг. Гэтэл Аудитын газрын дүгнэлтээр 599,000,000 төгрөгийн өртэй гарсан нь тогтоогдсон гэж тайлбарладаг боловч хэзээ үүссэн өр төлбөр, гүйцэтгэх захирал нь хэн байсан талаар тогтоогоогүй байж муу болгоныг Н. д, сайн болгоныг өмнөх удирдлагуудад хамааруулж тайлбарласанд үнэхээр харамсаж байна. Өмнөх захирал нь байгууллагынхаа ажилчдын цалинг нэмсэнтэй холбоотой 2020 оны төсөвт тусаагдаагүй цалин нэмэгдсэн, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, татвар гэх зэрэгт төлөх ёстой төлбөрийг хэмжээ хүрэлцэхгүй, төсөвт тусгагдаагүй учраас 599,000,000 төгрөгийн өр төлбөр гарсан.

5.2 Нэхэмжлэгч Н. тус эмнэлгээр ажиллаж байх хугацаанд орлого хэд дахин нэмэгдсэн байна. Тэр талаар талууд маргахгүй байгаа. Контрактын гэрээний хавсралт 2 дахь хэсэгт хэрхэн үнэлсэн бэ гэдгийг хариуцагч талаас асуухад хариулж чадахгүй би үнэлээгүй мэдэхгүй гэж тайлбарладаг. Одоо 100 оноо авах ёстой байснаас 38.6 оноо авсан буюу хариуцагчийн өмгөөлөгчийн хэлснээр өмчлөгчийн асуудал үүнтэй холбоотой. Үүнд талууд юуг үндэслээд гэрээ байгуулахаар тохиролцоод гэрээ байгуулсан. Стратегийн удирдлагын шинэчлэлтэй холбоотой эмнэлгийн хөгжил бодлого байхгүй, хугацаа нь дууссан, чанар муу байх бол 0-30 хүртэл оноо олгоно, хүн амын эрүүл мэндийн хэрэгцээ амьдралд нийцээгүй бол 31-59 оноо, эмнэлгийн хөгжлийн бодлого хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд боловсруулахад ТУЗ-ын болон бусад оролцуулах талуудыг оролцуулсан бодлого хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад хүний эрх хэрэгжээгүй бол 60-89 оноо, маш тодорхой хэрэгцээтэй бол 90-100 оноо зэргийг хэрхэн үнэлсэн талаар анхан шатны шүүхээс дүгнэсэн.

Дээрх асуудалд хариуцагчийн гаргасан тайлбарын хувьд эмнэлгийн хөгжлийн бодлого байхгүй, хугацаа дууссан чанар муу бол 1 оноо байна. Гэтэл хөгжлийн бодлого Нарантуяа, энэ дүгнэлтийг гаргаад байгаа ТУЗ-ийн өөрийн баталсан дүгнэлт байгаад байхад яагаад 1 оноо өгсөн бэ. Энэ талаар өөрсдөө тайлбарлаж чадахгүй байж ТУЗ-ийн хурлын тэмдэглэлд дурдсан хүмүүсийн тайлбараар багаар ажиллаж чадахгүй хэмээн өгсөн тайлбар талуудын контрактын гэрээгээр тусгасан шалгуурт байхгүй. Мөн Н. гийн өгсөн тайланг нотлох баримтыг шаардлага хангуулж өгсөн, үүнийг шүүхээс үнэлж дүгнэлт хийсэн.

5.3 ТУЗ-ийг хэдэн удаа хуралдуулсан бүх тайлбар Н. гийн гаргаж өгсөн тайланд байгаа. Хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасныг баримтлан ТУЗ-ийн хуралдаанд оролцсон нэр бүхий хүмүүсийг гэрчээр асуугаагүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж тайлбарласан. Гэтэл юу асуух, ямар үйл баримтыг гэрчлүүлэх гэж байгаа тодорхойгүй тул хүсэлтийг хангахаас татгалзсан. Тухайн хүсэлтийг шийдвэрлэснээс хойш хэд хэдэн удаа хариуцагч талын хүсэлтээр хуралдааныг хойшлуулсан. Хэрэгт байгаа нотлох баримтыг шүүх бүрэн үнэлж дүгнэсэн. Мэргэжлийн хяналтаас ирсэн албан бичигтэй холбоотой баримтыг дүгнээгүй гэж дурдсан. Уг мэргэжлийн хяналтаас ирсэн албан бичигтэй холбоотой шүүхийн шийдвэрийн 10 дугаар тал, үндэслэл хэсгийн 6.2 дах хэсэгт түүнтэй холбоотой хангалттай дүгнэлт хийсэн байгаа. Гэтэл уг шаардлагыг биелүүлээгүй, зөвхөн ирээдүйд бид хэрэгжүүлнэ гэх тайлбараар өгсөн шаардлагыг биелүүлсэн гэж үзэхгүй гэдэг. Тухайн Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас ирсэн албан бичигт шалгалт хийсэн байгууллагаа, Ковидтой холбоотой асуудлаар эмнэлгийн үйл ажиллагаа бэлэн байдалтай байгаа эсэхийг шалгаж явсан. Ингэхдээ нэг удаагийн бээлий, малгай зэргийг хүртээмжтэй тараагаагүй нь тус эмнэлгийг хүртээмжтэй ажиллаж чадахгүй байгаа асуудалд хамаарахгүй. Эмнэлгийн өдөр тутмын хэрэгслийг тарааж өгөх дүрэм журамтай өдөр болгон шалгаад явах боломжгүй. Ерөнхий удирдлагаар хангаад зохион байгуулж, шалгалт явуулж байсан. Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг холбогдох дүрэм, журмын дагуу хийж хэрэгжүүлж байгаа, цаашид энэ нөхцөл байдлаа алдахгүй гэж хариу өгсөн. Харин энэ нь ажлаас гарсан контрактын гэрээний хавсралтад заасан шаардлагыг хангах асуудалд хамаарахгүй. Энэ зөвхөн цаг үеийн асуудал байсан.

5.4 Агааржуулалттай холбоотой албан бичигт ашиглалтад оруулна гэж бичсэн байгаа. Энэ нь Н. ажилд орохоос өмнө нэмэлт засвар үйлчилгээ хийхэд агааржуулалтын систем нэгдсэн байдлаар ажиллахгүй тасарсан, өвлийн улиралд ажиллах боломжгүй байсан учраас үүнийг хийж хэрэгжүүлнэ гэж тайлбарласан. Түүнээс гомдолд дурдсанаар ажлаас халсан асуудалд хамаарахгүй. Дараа нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирсэн албан бичгүүдэд эрүүл мэндийн байгууллага явуулсан гэх шаардлагатай зүйл байхгүй талаар анхан шатны шүүхээс яригдаад хариуцагч талаас гаргаж өгсөн зүйл байхгүй. Контрактын гэрээнд дүгнэх шалгуурт хамааралгүй зүйлийг гэрээгээр тохиролцсон зүйлүүдийг Улсын дээд шүүхээс тайлбарласан. Шүүх энэ асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Иймээс хариуцагчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Н. нь хариуцагч А А, А А-ын төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 30,439,368 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

2.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...нэхэмжлэгчийг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй, контрактын эцсийн үр дүн бодитой гараагүй, үүрэг биелэгдээгүй болох нь баримтаар тогтоогдоогүй гэж тодорхойлсон, хариуцагч дээрх шаардлагын үндэслэлийг ...Ерөнхий захирлаар ажиллаж байх хугацаандаа ТУЗ-өөс өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ажил мэргэжилдээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэж үгүйсгэн маргасан.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас 2020 оны тайлан гэх баримтыг /1хх 176-226/, хариуцагч талаас Үндэсний аудитын газрын 2021 оны санхүүгийн аудитын тайлан-г нотлох баримтаар тус тус гаргаж өгсөн байна. /1хх99-130/

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эмнэлгийн 2020 оны тайланг нотлох баримтаар гаргуулах хүсэлт ирүүлснийг анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШЗ2022/13448 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн. 3 дугаар хавтаст хэргийн 185-250 дугаар талд хүсэлтэд дурдсан тайлан авагдсан байна.

Дээрх тайланг А А-ын төлөөлөн удирдах зөвлөлөөс хэлэлцэж, үүний дагуу контрактын гэрээг дүгнэсэн гэж талууд маргасан.

4. Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10.10-т зааснаар Төлөөлөн удирдах зөвлөл нь эмнэлгийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, дүгнэлт гаргах, мөн зүйлийн 17.10.11-т зааснаар эмнэлгийн захиралтай байгуулсан гэрээг дүгнэх эрхтэй.

4.1 1 дүгээр хавтасны 178-226 дах талд авагдсан 2020 оны тайлан, шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэгчээс баримтаар ирүүлсэн 3 дугаар хавтасны 184-250 тал, 4 дүгээр хавтасны 1-30 тал, 57-153 талд авагдсан тайлан адилхан, тайлангийн хуралдаанд хэлэлцүүлсэн ажлын тайланд дурдагдсан тоон үзүүлэлтүүд хариуцагчийн татгалзалд дурдсан эмнэлгийн үйлчилгээний чанарын зарим үзүүлэлтүүд хоорондоо зөрүүтэй. Түүнээс гадна хариуцагчийн татгалзлын үндэслэл болгосон хэргийн 85-87 талд авагдсан 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлт дэх Орны фонт ашиглалт, сэтгэл ханамжийн судалгаа зэрэг нь шүүгчийн 2021 оны 181/ШЗ2021/11177, 181/ШЗ2021/11889, 181/ШЗ2021/11986 дугаар захирамжийн дагуу хариуцагчаас баримтаар гаргуулсан тоон үзүүлэлтээс зөрүүтэй талаар анхан шатны шүүх дүгнэсэн. Уг зөрүүтэй тайлан гэх баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх зөрүүтэй баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

4.2 Түүнчлэн, дээрх тайлан гэх баримтууд болон 1 дүгээр хавтаст хэргийн 80-82 дугаар талд авагдсан Улсын мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 01-03-038/410 дугаартай албан шаардлага гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичгийн нотлох баримтад тавигдах шаардлагад нийцээгүй байхад анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгож, уг баримтад тусгасан үйл баримтын талаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болжээ. Мөн, уг тайлан гэх баримтууд нь тус эмнэлгийн тайлангийн танилцуулга, эсхүл тайлан эсэх нь тодорхойгүй байна.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Л.У, П.А, Б.О, С.Р, П.И нарыг гэрчээс асуулгах хүсэлт гаргасныг шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШЗ2022/14450 дугаар захирамжаар ...гэрчээр хэрэгт ач холбогдол бүхий ямар нөхцөл байдлыг гэрчлүүлэхээр хүсч байгаа нь тодорхой бус, түүнчлэн маргааны үндэслэл болсон контрактын гэрээг цуцалсан үндэслэлд гэрчээр нотлуулахыг хүссэн нөхцөл байдал хамаарах эсэх тодорхой бус гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй. /4хх 41-43/

Өөрөөр хэлбэл, хариуцагч талын дээрх хүсэлт нь хэрэгт ач холбогдолтой байж болохоор байхад анхан шатны шүүх хүсэлтийг тодруулалгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг бүрдүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу хэрэгжүүлээгүй, дутуу бүрдүүлснийг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн бүрдүүлэх, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2022/02778 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

М.БАЯСГАЛАН