Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00481

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 06 210/МА2023/00481

 

 

Б.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2023/00036 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б.Б

Хариуцагч: Б.Й

Нэхэмжлэлийн шаардлага: 6,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 12,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.Й, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Талууд 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр УБД улсын дугаартай, Hyundai Mightyii маркийн автомашиныг 18,000,000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулсан. Гэрээний дагуу нэхэмжлэгч нь автомашиныг Б.Йт хүлээлгэж өгсөн. Хариуцагч нь урьдчилгаа 12,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэх 6,000,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлнө гэсэн боловч төлөөгүй.

Иймд хариуцагчаас 6,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Нэхэмжлэгчээс машин худалдан авахаар тохиролцож машины үнэд 2 ширхэг автомашинаа өгсөн. Гэтэл нэхэмжлэгч үнээ нэмж 18,000,000 төгрөг болгосон. 18,000,000 төгрөгөөр тооцоод 6,000,000 төгрөгийг дараа төлөхөөр тохиролцож автомашиныг хүлээн авсан. Тухайн автомашинаар 300 км явж Дорнодод очоод автомашин эвдэрсэн. Улмаар сэлбэгийг нь хотоос захиж тавиад 100 км гаруй яваад буруу талын урд талын дугуй салж унасан. Машины эд ангиудыг нь шинээр солиход 4,000,000 төгрөгийн зардал гарсан. Хэрвээ гарсан зардал 3,000,000 төгрөгийг хасвал үлдэх 3,000,000 төгрөг төлөхөд татгалзахгүй гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 Нэхэмжлэгчээс худалдаж авсан автомашин нь 300 км явахгүй эвдэрсэн. Би автомашины гадна талын өгнө үзэмжинд хууртагдаж худалдаж авсан. Иймд автомашиныг нэхэмжлэгчид буцаан өгч, төлсөн төлбөрөөс 12,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1 Талууд гэрээ байгуулснаас хойш 1 жил өнгөрсөн. Хариуцагчийн худалдсан авсан автомашин доголдолтой, асуудалтай байсан бол 6 сарын хугацаанд гомдол гаргах эрхтэй байсан. Гэтэл нэхэмжлэл гаргаагүй, хуульд заасан хугацаа өнгөрсөн тул 12,000,000 төгрөг шаардах эрхгүй.

4.2 Мөн тухайн үед автомашины бүрэн бүтэн байдлыг хариуцагч худалдан авахдаа шалгах үүрэгтэй. Иймд сөрөг нэхэмжлэлийн зөвшөөрөхгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 254 дүгээр зүйлийн 254.6, 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1, 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Йоос зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг 6,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бод олгож үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Б.Йын нэхэмжлэгч Б.Боос 12,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206,950 төгрөгийг төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 110,950 гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоож шийдвэрлэсэн байна.

6. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Талууд 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зээлээр автомашиныг худалдан авахаар тохиролцсон. Миний бие 2021 оны 11 дүгээр сарын эхээр худалдаж авсан тухайн автомашинаар Дорнод аймаг руу явж байхад автомашин эвдэрч зогссон. Гэмтлүүдийг тухайн үед Б.Бод хэлэхэд ...та засуул, би мэдэхгүй гэж гэсэн. Машины урд тэнхлэг, торомз зэрэг эвдрэлттэй, урд дугуй салж унасан, турбины гол нь тасарч унасан зэрэг эвдрэлүүд гарсан. Мэргэжлийн хүмүүст үзүүлэхэд турбин бол хугацааны элэгдлээс болж эвдэрдэг, бусад эд анги ч мөн адил их элэгдэлд орсноос болж эвдэрсэн байна гэсэн.

Иймд хэрэв автомашиныг засан сайжруулахад надаас гарсан зардал 3,000,000 төгрөгийг хасаад, үлдэх 3,000,000 төгрөгийг авна гэвэл төлөхийг зөвшөөрч байна.

6.2 Анхан шатны шүүх хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэлээгүй, мөн нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан тайлбарыг үнэн зөв гэж үзэх байдлаар хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

7.1 Би хариуцагчид зээлээр тус автомашиныг зарсан. Уг автомашин Дорнод аймагт очоод Улаанбаатар хотод ирэхдээ эвдэрсэн гэж хариуцагч хэлж ...сэлбэг байна уу гэсэн боловч надад тухайн сэлбэг нь байгаагүй. Тус автомашин Дорнод аймаг руу 1 удаа явж ирээд хариуцагчийн хашаанд зогсож байгаа гэж тайлбарласан боловч би автомашины эзэмшигч нь учир smart.car апплэйкшнээс шалгаж үзэхэд торгууль тавигдсан буюу автомашин хөдөлгөөнд оролцож байсан. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Йд холбогдуулан 6,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ...машиныг засуулахад гарсан зардал 3,000,000 төгрөгийг хасаад 3,000,000 төгрөгийг төлнө гэж тайлбарлан маргасан.

3. Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан ...худалдан авсан автомашин эвдрэлтэй тул нэхэмжлэгчид буцаан өгч, гэрээний дагуу урьдчилгаанд төлсөн 12,000,000 төгрөг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргасан.

4. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

4.1 Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 2.1, 3.1, 3.2-т нэхэмжлэгч нь УБД улсын дугаартай, Hyundai Mightyii маркийн автомашиныг 18,800,000 төгрөгөөр хариуцагчид худалдах, хариуцагч нь автомашины үнийн урьдчилгаа төлбөр 12,000,000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр, үлдэх 6,800,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчид төлөхөөр заасан. /хх43/ Хэдийгээр гэрээнд автомашины үнийг 18,800,000 төгрөг гэж заасан байх боловч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ...автомашины үнийг 18,000,000 төгрөг гэж, хариуцагч үлдэх 6,000,000 төгрөг төлөөгүй гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй байх тул талууд гэрээний үнийг 18,000,000 төгрөгөөр тохиролцсон гэж үзнэ.

4.2 Хариуцагч нь автомашиныг хүлээн авч, урьдчилгаа төлбөр 12,000,000 төгрөгт 2 ширхэг автомашиныг тооцон нэхэмжлэгчид шилжүүлсэн, үлдэх 6,000,000 төгрөг төлөөгүй үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

4.3 Гэрээний дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх мөн хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь, гэрээний 3.2-т төлбөрийг хувааж төлөхөөр заасан, мөн хариуцагч нь гэрээний үнийг бүрэн төлөөгүй байхад нэхэмжлэгчээс автомашиныг хариуцагчид шилжүүлсэн нь зээлээр худалдах-худалдан авах гэрээний шинжийг бүрэн агуулахгүй. Иймд шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулна.

4.4 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

4.5 Хариуцагч нь гэрээний зүйл болох УБД улсын дугаартай, Hyundai Mightyii маркийн автомашиныг хүлээн авсан атлаа үнэ 18,000,000 төгрөгөөс 12,000,000 төгрөгийг төлж, үлдэх 6,000,000 төгрөгийг төлөөгүй. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар 6,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв.

5. Хариуцагч нь автомашин эд хөрөнгийн доголдолтой байсан, доголдлыг буюу эвдэрсэн эд ангиудыг засан сайжруулахад гарсан зардал 3,000,000 төгрөгийг үлдэх төлбөр 6,000,000 төгрөгөөс хасаж тооцуулах татгалзал үндэслэлгүй. Учир нь, хэргийн 37-40 дүгээр талд авагдсан зарлагын баримт гэх баримт нь гэрээний зүйл болох автомашин доголдолтой байснаас хариуцагчаас дээрх хэмжээний зардал гаргасан гэж үзэх үндэслэлийг нотолж чадаагүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй байна. Иймд хариуцагчийн ...хэрэв миний гаргасан зардал 3,000,000 төгрөгийг хасаад 3,000,000 төгрөгийг авна гэвэл би 3,000,000 төгрөгийг төлнө, ...хариуцагч талаас гаргасан нотлох баримтыг анхан шатны шүүх үнэлээгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

6.1 Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.

Хэрэгт авагдсан баримтаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд хариуцагчийн ...автомашиныг буцааж, 12,000,000 төгрөг гаргуулах гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 254 дүгээр зүйлийн 254.6, 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь оновчгүй болсон байх тул залруулж, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэг болгон өөрчилнө.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2023/00036 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Йоос 6,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бод олгож, нэхэмжлэгч Б.Бод холбогдох 12,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Йийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 62,957 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гом дол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

М.БАЯСГАЛАН