Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 562

 

Л.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч Л.М- болон түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 477 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1011 дүгээр магадлалтай, Л.М-д холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаанчин, системийн инженер мэргэжилтэй, ***, ял шийтгэлгүй, Х овогт Л-н М-.

Л.М- нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын Үндэсний их сургуулийн гадна тус сургуулийн газрын маргаантай асуудлын улмаас иргэн Н.У-тэй маргалдаж хоолойг нь боож хойш нь түлхэн дагзаар нь төмөр хашаа мөргүүлж, зүүн хацарт нь гараараа цохиж зүүн хацар, дагзны хуйх, хоолойд цус хуралт буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Л.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-г торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-гээс 350,000 төгрөг гаргуулж, хохирогч Н.У-т олгуулахаар шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.М-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Л.М- гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь анхан болон давж заалдах шатны шүүхээс намайг иргэн У-ийг зодож хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний бие тухайн үед хохирогч У-ийн биед халдаж зодсон зүйл байхгүй, үүнийг тухайн үед цуг байсан гэрч Болормаа, Отгонбямба нар гэрчилдэг.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс намайг хохирогч У-ийн хоолойг боож хойш нь түлхэн дагзаар нь төмөр хашаа мөргүүлж, зүүн хацарт нь гараар цохиж, зүүн хацар дагзны хуйх хоолойд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Гэрч Отгонбаатар У- нарыг нүүрэлдүүлэн байцаахад У- нь гарын үсэг зураагүй. Өмнө нь бусадтай зодолдсон болохоо хүлээн зөвшөөрдөг.

Мөн шинжээчийн дүгнэлтээр У-т учирсан гэмтэл нь өмнөх өдөр нь учирсан байх боломжтой гэдэг. Эдгээр нотлох баримтанд анхан болон давж заалдах шатны шүүх нь хууль зүйн дүгнэлт хийлгүй нотлох баримтаар хангалттай нотлон тогтоогдоогүй үйл баримтыг намайг гэмтэл учруулсан гэж үзэж гэм буруутайд тооцсонд гомдолтой байна.

Шүүхээс зөвхөн хохирогч У-ийн мэдүүлгийг үндэслэн намайг гэм буруутайд тооцсонд гомдолтой байна.

Тухайн үед хохирогч гэх У-ийн нүүр нь улаан хүрэндүү царайтай болчихсон цээжин хэсэг нь зулгаралт улайлт үүссэн байсан, урд өдөр нь бусадтай зодолдсон байсан. Энэ талаар Отгонбаатар, Болормаа нар гэрчээр мэдүүлсэн байдаг.

Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн мэдүүлгээр тухайн гэмтэл нь 2019.06.17-ны өдөр авсан байх боломжтой гэж мэдүүлдэг. Иймд хохирогч У-ийн биед намайг гэмтэл учруулсан гэдэг нь хангалттай нотлогдоогүй гэрчүүд намайг цохиж зодсон талаар хэлдэггүй, харин ч намайг цохиогүй, хохирогчийг тухайн үед танхайрсан талаар мэдүүлдэг. Гэтэл шүүхээс намайг хохирогч У-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэсэн нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй юм. Миний бие хохирогч гэх У-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулж зодож цохисон зүйл байхгүй тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан хэлсэн саналдаа “Миний бие анхан шатны шүүхээс өмгөөлөгчөөр оролцсон бөгөөд хэрэг өмнө нь нэг удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг нотлох ёстой. Гэтэл хохирогч гэх этгээд нь хэрэг гарахын урьд өдөр бусадтай зодолдсон талаар гэрчүүд мэдүүлсэн. Мөн гэрч н.Болормаа шүүгдэгч нь хохирогчийг зодоогүй болохыг мэдүүлсэн. Гэтэл дээрх мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн баримт байхгүй байхад зөвхөн хохирогчийн мэдүүлэгт үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Эргэлзээтэй нөхцөл байдал үүсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Л.М- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн үйл баримт болон цугларсан нотлох баримтуудыг үнэлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь хуулийг зөв хэрэглэсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон. Мөн хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсвэл бусад хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг бүрэн нотлогдсон. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Л.М-гийн гаргасан гомдлыг үндэслэн 1905030281035 дугаар бүхий эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 Прокуророос Л.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлж, анхан болон давж заалдах шатны шүүх түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаас дүгнэхэд Л.М- нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын Үндэсний их сургуулийн гадна тус сургуулийн газрын маргаантай асуудлын улмаас иргэн Н.У-тэй маргалдсан үйл баримт тогтоогдсон байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэхдээ уг гэмт хэргийн шинжийн зайлшгүй бүрдэл буюу Л.М-гийн зүгээс дээрх үйлдлийг хийхдээ гаргаж буй сэтгэл зүйн дотоод хандлага болох субъектив талын бодит байдлыг агуулгын хувьд буруу тайлбарлан, эрх зүйн буруу дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.        

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно.  Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай. Дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллагааг хийх нь Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглогддог.

Харин гэмт хэргийн субъектив талын зайлшгүй байх шинж чанар бол гэм буруу бөгөөд гэм буруугүй бол гэмт хэрэг байхгүй гэж тооцогдоно. Энэ нь гэмт хэргийг, гэмт хэрэг биш үйлдлээс ялгах үндсэн шинж болдог. Гэм буруу нь сэдэл болон санаа зорилго гэсэн дотоод элементүүдээс бүрдэх тул эдгээрийг бодитой тогтоох шаардлагатай төдийгүй, ингэснээр тодорхой хүний үйлдэлд хууль зүйн зөв дүгнэлт хийх боломж бүрдэнэ. 

Хавтаст хэргийн материалыг дүгнэж үзэхэд хэргийн үйл баримтууд болон Л.М-гийн “хохирогчийг цохиж, зодоогүй” талаарх удаа дараагийн тогтвортой мэдүүлэг, мөн гэрч Д.Болормаагийн /хх-н 23-24/, гэрч Ц.Отгонбямбын /хх-н 73-74/, гэрч С.Отгонбаатарын /хх-н 75-76/, шинжээчийн дүгнэлт /хх-н 79-80/, хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 128/, зэргээс Н.У-ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл нь Л.М-гийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болохыг хөдөлбөргүй тогтоож чадаагүй, хохирогч маргаан гарсан өдрийн өмнөх өдөр бусадтай маргалдан зодолдсон байж болзошгүй талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нь тухайн гэмтлийг гарцаагүй Л.М-гийн үйлдлээс учирсан гэж дүгнэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрүүлэх нөхцөл байдал үүссэн байхад анхан болон давж заалдах шатны шүүх түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байгаа нь Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчим болон хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх болсон үйл баримт, үйлдэл, үр дагаврын шалтгаант холбооны талаарх нөхцөл байдлыг тогтоож, түүнд эрх зүйн дүгнэлт хийхдээ хэрэгт холбогдсон хүн, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйн дээр тухайн үйлдэл, үр дагаврын үндсэн шинж, шалтгаант холбоо, тэдгээрийн талаарх нотлох баримтыг харьцуулан судалж, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар сэргээн тогтоож, гэм буруугийн дүгнэлт, гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлж чадаагүй байна гэж дүгнэлээ.

Тодруулбал, хэрэгт гэрч С.Отгонбаатарын “...Н.У-ийг маргаан болдог өдрийн өмнөх өдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “...Үндэсний их сургуулийн орчим өөр хүнтэй зодолдож байсан, цус болчихсон ус бариад цэвэрлэж байсан, ...манай гэрээс 50-60 метрийн зайд, би гэр дотроосоо цонхоор харсан” гэсэн, мөн хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд “...Н.У-ийг маргаан гарсан өдрийн өмнөх өдөр бусадтай зодолдсон” талаар нотолж мэдүүлсэн мэдүүлэг, мөн шинжээч эмч С.Одончимэгийн “...үзүүлэгч Н.У-ийн биед учирсан гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй, ...1 хоногийн дотор бол ялгах боломжгүй шинэ гэмтэл” гэсэн мэдүүлэг бүхий баримтат мэдээлэл хэрэгт авагдсан байгаа зэрэг шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц ач холбогдолтой нөхцөл байдлуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй буюу шүүх хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, харилцан хамаарал, хууль ёсны байдлыг харьцуулан дүгнэхдээ хэргийн үйл баримтын талаар шууд гэрчлэх гэрчүүдийн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан баримт бүрийг үнэлэн дүгнэлт хийвэл зохих хууль ёсны шаардлагыг хангаагүй, мөн тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга, эх сурвалжаа заасан байдал зэргийг зөв үнэлж чадаагүй байна.

Түүнчлэн шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.                     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүхэлд нь бүрэлдүүлж байдаг тулгуур болсон үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой үйл ажиллагаа бүр Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуур үзүүлэлтийн нэг байдаг.

Дээр дурдсан үндэслүүдэд тулгуурлан дүгнэлт хийвэл, Л.М-гийн үйлдлийн улмаас Н.У-ийн эрүүл мэндэд гэмтэл учирсан болох нь хөдөлбөргүй нотлогдоогүй, түүнийг гэм буруутай гэж дүгнэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүсч байх тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод нийцнэ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Л.М-г цагаатгаж, түүний хяналтын шатны шүүхэд гаргасан “...Н.У-ийг цохиж, зодоогүй, үүнийг нотолж тогтоогүй, шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байх тул намайг цагаатгаж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 477 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1011 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Л.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Л.М-гийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсүгэй.

 

                                      ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН