Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 216/МА2016/00002

 

Д.Ө нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай   

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Лхагвамаа даргалж, шүүгч Н.Батчимэг, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар;

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 134/ШШ2016/00070 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: 19- онд төрсөн, 31 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймаг, С сум,  дугаар баг,  дүгээр байр,  тоотод оршин суух, Б овогт Д Ө /РД: , утас:/ нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг дахь П к РД:, улсын бүртгэлийн дугаар: , утас: /

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батжаргал, өмгөөлөгч Э.Сайханаа нарын  гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүх 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Э.Сайханаа,  нарийн бичгийн дарга А.Энхбаяр  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ :

 

Нэхэмжлэгч Д.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/79 тоот захирлын тушаалаар Уул уурхайн жишиг сургууль П к хяналт- шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын мэргэжилтэн, 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/63 тоот тушаалаар П к хяналт шинжилгээ, чанарын баталгаажилт хариуцсан ажилтан зэрэг албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Гэтэл П к захирлын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/08 дугаар захирлын тушаалаар ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагын чухал шаардлагыг хангахгүй байгаа гэж ажлаас халсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтыг үндэслэн ажлаас халах тухай тушаал гарчээ. Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2,-т заасан "ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" гэдгийг ажилтны талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно. Гэтэл тогтоосон зүйл байхгүй, хариуцагч талаас ямар нэгэн байгууллагын шийдвэр гараагүй гэж хариулсан. Ажилтны боловсрол нь мэргэжлийн ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэх, түүнчлэн хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болохгүй.

Санхүүтэй холбоотой баримт нь миний эрх мэдлийн хэмжээний зүйл биш, зарцуулах эрх надад байхгүй, анхан шатны нягтлан бодох бүртгэлийн материалыг би бүрдүүлдэггүй учраас хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Иймд Говьсүмбэр аймаг дахь П к захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоон, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олгуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт дээрх хугацааны шимтгэл хураамж төлсөн тухай холбогдох бичилт хийх үүргийг даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Говьсүмбэр аймаг дахь П к шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Д.Ө нь Уул уурхайн жишиг сургууль Говьсүмбэр аймаг дахь П к хяналт-шинжилгээ, чанарын баталгаажилт хариуцсан ажилтны ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагын чухал шаардлагыг хангахгүй байгаа нь ажлын байрны тодорхойлолт болон Д.Ө төрийн албан хаагчийн анкетаас шууд харагдана. Тэрээр хяналт- шинжилгээ, чанарын баталгаажилт хариуцсан ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил, туршлага байхгүй ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсний улмаас:

 

-2014-2016 оны 02 дугаар сар хүртэл Төсвийн тухай хуулийг мөрдлөг болгон ажиллаагүй, бэлэн мөнгөний касс буюу нэмэлт данс үүсгэн орлого, зарлага хийж байсныг мэдэж байсан ч хяналт, шалгалт хийж таслан зогсоогоогүй. Энэ нь Төсвийн тухай хуульд зааснаар төрийн байгууллагуудад байх ёсгүй данс юм. Бэлэн мөнгөний кассыг ажиллуулсаар 2015 оны байдлаар 27 000 000 төгрөгийг ямар нэгэн төрийн байгууллага, аудитын байгууллагад тайлагналгүйгээр байгууллага дотроо ашиглаж байсан. Үүний 26 000 000 төгрөгийг нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтгүйгээр зарцуулсан нь холбогдох нотлох баримтаар хавтаст хэрэгт авагдсан байгаа.

-Г о к” ХХК-тай хамтран ажиллах гэрээний биелэлтэд хяналт тавиагүйн улмаас 20 000 000 төгрөгийн хохирол учруулсан. Учир нь 20 000 000 төгрөгийн хашааны гэрээ байгуулсан боловч одоо болтол хашаа ирээгүй, авлага үүсгээд байна.

-Байгууллагын дансанд бүртгэлтэй эксковатороор ажил гүйцэтгүүлэх гэрээнд хяналт тавьж ажиллаагүйгээс үүдэн. 54 000 000 төгрөгийн хөрөнгө байгууллагын үндсэн хөрөнгөнд бодитоор байхгүй болсон байна. Харин үүнийг захирлын зөвлөлийн хурлаар шийдвэрлэж багш, ажилчдад үүрэг даалгавар өгч авчирсан.

-Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг их хэмжээгээр худалдан авсан явдалд хяналт тавиагүй гэх мэт дутагдал, ажлын хариуцлагагүй байдлын улмаас Говьсүмбэр аймаг дахь П к 2015 оны санхүүгийн тайланд сөрөг дүгнэлт авсан.

 

Ажлын байрны тодорхойлолтод түүний ажил үүргийг тодорхойлохдоо сургалтын байгууллагын худалдан авах ажиллагаа буюу байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан аудитыг стандартын дагуу хийж гүйцэтгэх, ажлын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулж, батлуулан мөрдөж ажиллах, төсвийн захирагчийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, гүйцэтгэлийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт, шалгалт хийж, мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, дотоод аудит явуулах, үнэлэлт, дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах тайлагнах гэж заасан байна. Үүнээс үзэхэд санхүү надад хамаагүй гэж ярьж болохгүй.

Хяналт-шинжилгээ чанарын баталгаажилт хариуцсан ажилтнаар санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засагч, статистик, эрх зүйч мэргэжилтэй, төрийн болон сургалтын байгууллагад 1-3, түүнээс дээш жил ажилласан хүнийг ажиллуулна гэж ажлын байрны тодорхойлолтод заасан байдаг. Гэтэл Д.Ө нь биологи, биотехнологич мэргэжилтэй, төрийн болон сургалтын байгууллагад ажиллаж байгаагүй. Тэр төрийн үйлчилгээний албан тушаалтан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан төрийн албан хаагчийн ерөнхий шаардлагад албан тушаал эрхлэх мэдлэг боловсрол, туршлага, ур чадвар, мэргэшсэн байх явдал юм гэжээ. Гэтэл Д.Ө мэргэжил нь энэ хуульд заасны дагуу эрхэлж буй албан тушаалд нь нийцэхгүй тул заавал ямар нэг байгууллагын мэргэжлийн комиссын дүгнэлт гарсан байх шаардлагагүй. Тухайн ажлын байрны тодорхойлолт Төрийн албаны тухай хуульд нийцэх ёстой. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоол хамаарахгүй.

 

Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42.1-д зааснаар Д.Ө 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Б/08 тоот захирлын тушаалаар үүрэгт ажлаас нь халсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Ө Говьсүмбэр аймаг дахь П к хяналт-шинжилгээ чанарын баталгаажилт хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоож, 

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Говьсүмбэр аймаг дахь П к нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 073 885 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Өнөржаргалд олгохоор,  

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Д.Өнөржаргалын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 118 332 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах, ... давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батжаргал болон өмгөөлөгч Э.Сайханаа нар  давж заалдах гомдолдоо : Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсоныг тогтоосон байх шаардлагатай юм гэжээ. УДШ-ийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.2-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг тайлбарлахдаа “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэдгийг салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин комиссын дүгнэлт гарсан байхыг ойлгоно. Ажилтан мэргэжилдээ тэнцэхгүй болсоныг тогтоох гэдэг нь ажлын байрны тодорхойлолт заасан мэргэжлээр ажиллаж байгаа тохиолдолд тухайн мэргэжилдээ тэнцэх эсэхийг тогтоохоос бус ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлээс өөр мэргэжил эзэмшсэн ажилтан тухайн ажлын байранд ажиллаж байсан тохиолдолд ажилтныг тухайн ажил мэргэжилд тэнцэх эсэхэд байгууллагын мэргэжлийн комиссын дүгнэлт гаргах боломжгүй, үндэслэлгүй. Нэхэмжлэгч Д.Ө боловсролыг гэрчлэх бичиг баримт, УУЖС Говьсүмбэр аймаг дахь П к 2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн Төрийн аудитын тайлан, дүгнэлт болон бусад баримтаар хяналт шинжилгээ чанарын баталгаажилт хариуцсан албан тушаалд биологи, биотехнологи мэргэжилтэй, ажлын зохих туршлагагүй ажилтан ажиллаж байсан нь нотлогдсон тул хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар цуцлах үндэслэл болсон.

 

2. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал юм. Нэхэмжлэгч Д.Ө Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалтан ба тус албан тушаалтан нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Ө хяналт шинжилгээ чанарын баталгаажилтын албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх ёстой. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ... уг шаардлагад мэргэжлийн талаар тодорхой тусгасан үг, өгүүлбэр байхгүйгээс гадна Д.Ө нь боловсролын хувьд бакалавр, мэргэшлийн хувьд дотоод аудиторч байх тул ажлын байрны тодорхойлолтод тусгасан шаардлагыг хангасан гэж үзэхээр байна гэсэн нь хуулийг илтэд гуйвуулан хэрэглэж мөн тус зүйл ангийн зарим заалтыг хэрэглэхгүй орхигдуулсан нь нэхэмжлэгчийн талыг барьсан дүгнэлт хийсэн гэж харагдахаар байна.

 

3. Нэхэмжлэгч Д.Ө нь ажлын байрны тодорхойлолтод тусгайлан заасан нягтлан бодогчийн мэргэжилгүй, ажлын туршлагагүйгээс ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж, хяналт тавих үүргээ биелүүлээгүйн улмаар Төрийн Аудитын шалгалтаар УУЖС Говьсүмбэр аймаг дахь П к санхүүгийн хувьд сөрөг үнэлгээг авсныг шүүх үндэслэх хэсэгтээ: хөдөлмөрийн сахилгын зөрчил байж болохоос биш ажилдаа тэнцэхгүйг илэрхийлж буй зүйл биш юм гэсэн нь ойлгомжгүй байна. Говьсүмбэр аймгийн Төрийн Аудитын дүгнэлт, тайланд санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, мөнгөн гүйлгээ, цэвэр хөрөнгө/өмчийн өөрчлөлтийн болон төсвийн гүйцэтгэлийн тайланд материаллаг алдаагүй, үнэн зөв илэрхийлээгүй тул сөрөг санал дүгнэлт өгсөн мөн дотоод аудит гэсэн хэсэгт: “Аймгийн П к дотоод хяналт эрсдэлийг төлөвлөлтийн үед “бага” гэж тооцсон ба дахин хяналтын явцад дотоод хяналт хангалтгүй гэж үнэллээ” гэсэн нь хяналт шинжилгээ чанарын баталгаажилт хариуцсан ажилтан нэхэмжлэгч Д.Өн ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэдгийг нотолсон үнэлгээ, дүгнэлт юм.

 

Иймд Иргэний хэргийн анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх158-159/

 

                                                     ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Д.Ө нь Говьсүмбэр аймаг дахь П к холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн  шаардлага гаргасныг хариуцагч тал ажлаас халсан тушаал үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй  гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаа “У у с ж сургууль Говьсүмбэр аймаг дахь П к захирлын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/08 тоот тушаал хх-2/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-4/, оршин суугаа хаягийн тодорхойлолт/хх-5/ зэрэгт үндэслэжээ.

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

Дээрх шийдвэрийг хариуцагч тал эс зөвшөөрч ... -ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлээр ажиллаж байгаа тохиолдолд уг мэргэжилдээ тэнцэх эсэхийг тогтоохоос бус өөр мэргэжлийн ажилтан тухайн ажлын байранд ажиллаж байгаа тохиолдолд уг мэргэжилд тэнцэх эсэхэд байгууллагын мэргэжлийн комиссын дүгнэлт гаргах боломжгүй, ..., мөн анхан шатны шүүх Д.Ө боловсролын талаар хуулийг илтэд гуйвуулан хэрэглэж нэг талыг барьсан дүгнэлт хийсэн, ... Говьсүмбэр аймгийн Төрийн Аудитын дүгнэлт, тайланд  ... сөрөг  санал дүгнэлт өгсөн зэргээс Д.Ө ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэдгийг нотолсон үнэлгээ, дүгнэлт тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүх нь хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаантай харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Учир нь хэргийн материалаас үзэхэд нэхэмжлэгч Д.Ө нь  Говьсүмбэр аймгийн У у ж с П к захирлын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/79 тоот тушаалаар хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын мэргэжилтнээр ажиллаж байгаад улмаар П к бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан тус коллежийн захирлын  “Батлагдсан бүтэц, орон тоонд ажилтанг томилох тухай”  2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/63 тоот тушаалаар хяналт шинжилгээ, чанарын баталгаажилт хариуцсан ажилтнаар томилогдон ажиллаж  байсан байна.

 

Тус коллежийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэн “Д.Ө  биологи, биотехнологич мэргэжил нь хяналт-шинжилгээ, чанарын баталгаажилт хариуцсан ажилтны ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагын чухал шаардлагыг хангахгүй” ...гэсэн үндэслэлээр Д.Ө ажлаас халсан  байна.   

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй.

 

Энэ зүйлийн “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт зэрэг эрх бүхий этгээдийн шийдвэр гарсан байхыг ойлгоно.

 

Гэтэл хариуцагч тал нь ажилтан Д.Ө мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж буй ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсныг тогтоосон  тухай комиссын дүгнэлт гаргаагүй, энэ тухай бичгийн баримт хэрэгт авагдаагүй, ийм дүгнэлт гараагүй гэдгийг ч хариуцагч тал тайлбарлаж байх бөгөөд энэ талаарх   анхан шатны шүүхийн  дүгнэлт үндэслэлтэй  байна.

 

Түүнчлэн хариуцагч тал нэхэмжлэгч Д.Ө нь ажлын байрны тодорхойлолтод тусгайлан заасан нягтлан бодогчийн мэргэжилгүй, ажлын туршлагагүйгээс ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж, хяналт тавих үүргээ биелүүлээгүйн улмаас төрийн аудитын шалгалтаар тус коллеж санхүүгийн хувьд сөрөг үнэлгээг авсан, энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэл гэж тайлбарласан  байх боловч  Аудитын дүгнэлт нь 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр буюу Д.Ө ажлаас халагдсаны дараа гарсан байгаагаас гадна Д.Ө мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж буй ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт биш байна.

 

 Дээрх  шалтгаан нөхцөл нь  ажил олгогчоос Д.Ө мэргэжил, ур чадварын хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэхгүй, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй юм.  

 

 Мөн ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд хуульд заасан хугацаанд мэдэгдэх үүрэгтэй байтал энэхүү үүргээ биелүүлээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтыг зөрчсөн байх ба энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Ө ажлаас халсан ажил олгогчийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/08  дугаар тушаалын хууль зүйн  үндэслэлийн талаар хуульд нийцсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 134/ШШ2016/00070 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Г.ЛХАГВАМАА

                    ШҮҮГЧ               Н.БАТЧИМЭГ

                      ШҮҮГЧ               Х.БАЙГАЛМАА