Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00522

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 10 210/МА2023/00522

 

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2023/00143 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б ХХК

Хариуцагч: Д.ДЛ, Б. нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 4,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 10,750,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галбадрах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Чойжилсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Батзоригт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Б. , Д.ДЛ нар нь Б ХХК-тай б аймгийн төвөөс нийслэлтэй холбосон авто замын й-ийн уулзвараас Ц сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай авто замын 0-20 км хэсэгт авто механизмуудыг оношлох ажил гүйцэтгэх гэрээг 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулж, 1 хоногийн дотор 13 авто техникт засвар үйлчилгээ хийсэн гэдэг.

Б ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй этгээд нь компанийн гүйцэтгэх захирал Г.а. Гэтэл кемп менежер Б. нь Б ХХК-ийг төлөөлөх эрхгүй атал иргэн Д.ДЛтой компанийг төлөөлж гэрээ байгуулсан нь үндэслэлгүй. Манай зүгээс гэрээг хүлээн зөвшөөрөх боломжгүй, компанид илтэд хохиролтой. 14,000,000 төгрөгийн ажил хийсэн мэтээр илтэд боломжгүй, бодит байдалд нийцэхгүй гэрээ хийж компанид хууль бус хохирол учруулсан.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.4 дэх хэсэгт зааснаар Б. болон Д.ДЛ нарын хооронд байгуулагдсан 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн авто механизмуудыг оношлох ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч Д.ДЛоос урьдчилгаа төлбөрт төлсөн 4,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Д.ДЛийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Б ХХК-аас автомашин механизмуудаа оношлуулж засвар хийлгэе гэж утсаар хэлсэн. Тухайн өдрөө буюу 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Д.ДЛийн эхнэр Ч. ы 000 тоот дансанд Б ХХК-аас засвар үйлчилгээний дуудлагын хөлс болох 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотоос тус компанийн дуудлагын дагуу б аймаг руу 5 хүний бүрэлдэхүүнтэй гарч 2020 оны 08 дугаар сарын 17-ны өглөөний 09.00 цагт очиж ажлаа эхэлсэн. Маргааш нь буюу 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Б ХХК-ийн менежер Б. тэй б аймгийг нийслэлтэй холбосон авто замын йийн уурхайгаас Ц сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай авто замын 0-20 км хэсэгт автомашин механизмыг оношилж засварлуулах ажил гүйцэтгэх гэрээг 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гэрээнд гарын үсэг зурсан.

2.2. Гэрээний 3.3-т ажлын гүйцэтгэлээс хамаарч, ажил хүлээлцсэн актаар 2 тал ажлыг хүлээн авсны дараа төлбөрийг Д.ДЛийн данс руу шилжүүлнэ гэж тохирсон. Д.ДЛ нь Б ХХК-ийн 13 төрлийн машин механизмуудад оношилгоо засвар үйлчилгээ хийж гүйцэтгэсэн. Б ХХК-д оношилгоо засвар үйлчилгээ хийсэн акт тайлангаар 14,750,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэснийг баталгаажуулан Б ХХК-ийг төлөөлж кемп менежер Б. , механик инженер Ө.М , механик инженер Н. болон би гарын үсэг зурсан. Ажил гүйцэтгэсэн тайлантай Б ХХК-ийн захирал Г.а танилцсаны дараа ажлын хөлс 3,000,000 төгрөг шилжүүлэн үлдэгдэл төлбөр болох 11,750,000 төгрөгийг төлөхгүй байсан тул Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Б ХХК-ийн ааас 11,750,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 182/Ш32020/10385 дугаар захирамжаар Б ХХК-ийг хариуцагчаар татаж иргэний хэрэг үүсгэсэн. Б. тай ямар нэгэн байдлаар хуйвалдаж хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд Б. гэдэг хүнийг таньж мэдэхгүй. Гэрээ байгуулсныг захирал Г.а нь мэдэж байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Б. ийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1 Би Б ХХК-ийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурах эрх бүхий этгээд биш бөгөөд Д.ДЛ нь тухайн үед ямар нэгэн үнийн дүн бичигдээгүй баримт дээр гарын үсэг зуруулсан. Ажлын тайлан гэх баримтад бичигдсэн машин механизмуудад тухайн засвар үйлчилгээг хийж гүйцэтгээгүй. Хамт ирсэн хүмүүс нь багаж төхөөрөмжгүй, манайд байсан зарим нэг зүйлийг ашиглаад техник, тоног төхөөрөмжийг үзсэн. Тухайн хүмүүсийг явсны маргааш бүх тоног төхөөрөмж асахгүй байсан. Би уг нь компьютер оношилгоо хийлгэх гэж дуудсан ч юу ч хийгээгүй байсан гэжээ.

4. Хариуцагч Д.ДЛийн сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

4.1 Гэрээг Б ХХК-аас боловсруулан, төлөөлж тус компанийн кемп менежер Б. гарын үсэг зурж баталгаажуулсан. Улмаар дуудлагаар очиж тус компанийн эзэмшлийн 13 тээврийн хэрэгсэлд үзлэг, оношилгоо, засварын үйлчилгээг үзүүлж, техник хэрэгслийг нь хэвийн ажиллагаанд оруулан, Б ХХК-ийн кемп менежер Б. , механик инженер Ө.М , Н. нараар актад гарын үсэг зуруулан баталгаажуулан, техник хэрэгслүүдийг хүлээлгэн өгсөн.

Ажлийн хөлсөд 4,000,000 төгрөг өгсөн боловч гэрээний үлдэгдэл төлбөр 10,750,000 төгрөгийг төлөөгүй. Иймд Б ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс үлдэгдэл 10,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

5.1 Манай компани Д.ДЛтой авто машин оношлох гэрээ байгуулаагүй, хариуцагч техник хэрэгслийг оношилгоо, засвар үйлчилгээ хийсэн болох нь нотлогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.4, 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК-ийн гаргасан хариуцагч Б. , Д.ДЛ нарт холбогдох гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулж, хариуцагч Д.ДЛоос 4,000,000 төгрөг гаргуулах үндсэн, хариуцагч Д.ДЛийн гаргасан гэрээний үүрэг буюу ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 10,750,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б ХХК-ийн төлсөн 306,200 төгрөг, хариуцагч Д.ДЛийн төлсөн 186,950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

7.1 Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хуулийг буруу тайлбарлан, үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ажлын үр дүнг гэрээ байгуулсан талд хүлээлгэн өгсөн, мөн төлбөрийн үлдэгдлийг тохиролцсон, ажил гүйцэтгэсэнтэй холбоотойгоор аливаа доголдол илрээгүй, түүнийг ямар нэг хэлбэрээр нэхэмжлэгч тал нотлоогүй, мөн төлбөрийн үлдэгдлийг шаардах эрхээ эдэлж шүүхэд нэхэмжлэл гаргасан хойно энэ нөхцөл байдал үүссэн зэрэгт дүгнэлт хийгээгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

7.2 Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дах хэсэгт заасан ажлын төслийн хэмжээг талуудын хооронд байгуулсан гэрээний үр дүнг хүлээлгэн өгөхдөө мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч талын байгууллага дотооддоо хэрхэн үйл ажиллагаагаа явуулдаг, захирал болоод ажилтан, нягтлан бодогч гэх мэт хүмүүс нь энэхүү маргаан бүхий гэрээний харилцаанд ямар байр суурьтай байсныг хариуцагч Д.ДЛ мэдэх боломжгүй.

7.3 Б ХХК-аас гэрээний урьдчилгаа төлбөрт 4,000,000 төгрөг шилжүүлэн, ажил гүйцэтгэсэн талаар талууд акт үйлдэж эрх бүхий албан тушаалтнууд зөвшөөрч гарын үсэг зурж ажлыг хүлээн авсан үйл баримт нь холбогдох нотлох баримт гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Нөгөө талаар гэрээний үүрэг, ажлын гүйцэтгэл бодитой хэрэгжсэн, ямар нэг доголдол байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн хувьд ямар доголдол үүссэн эсвэл ямар нөхцөл байдлаар энэ ажил гүйцэтгэх гэрээнээс өөрт нь эсвэл бусдад хохирол учирсан талаар нэхэмжлэгч нотолж, маргаагүй учир сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдах ёстой гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

8. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

8.1 Б ХХК-аас хариуцагч Д.ДЛ нарт 4,000,000 төгрөг шилжүүлсэн. Б ХХК нь зам засвар, замын бүтээн байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Зуны улиралд цаг хугацаа алдахгүй байх нь компанийн хувьд нэн чухал. Тухайн үед ажил гүйцэтгэх явцад техник хэрэгсэл эвдэрсэн. Шаардлагатай хүмүүсийг дуудахад Бид нар мэргэжлийн хүмүүс гэж хэлж ирээд гэрээ байгуулах санал гаргасан. Бид тэдгээр хүмүүсийг мэргэжлийн хүмүүс гэж ойлгосон учраас замын зардал болгож эхний ээлжинд 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд Ажил хийж гүйцэтгэсэн гэж тэдгээр хүмүүс хэлсэн боловч хийсэн ажил нь тодорхойгүй байж байгаад сүүлд явахад нь мөнгө өгөөгүй. Б. т компанийн захирлын зүгээс гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгоогүй. Гэрээнд талуудын эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, тамга дарснаар хүчин төгөлдөр болно. Гэтэл тухайн гэрээнд тийм зүйл байхгүй байхад сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.

8.2 Д.Дамдинсүрэн өөрөө ажил, үүрэг гүйцэтгэсэн гэдгээ нотолж чаддаггүй. Тухайн үед тэдгээр хүмүүс багаж, хэрэгсэлгүй ирсэн бөгөөд компанийн багаж, хэрэгсэл ашиглаж ажил хийсэн. Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээс харахад гэрчүүд бүгд өөр мэдүүлэг өгсөн байдаг. Төсвийн тайланд бусад зүйлсийг шивсэн байсан атлаа мөнгөн дүнг гараар бичсэн байгаа нь эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байгаа. Хариуцагч Б. Тухайн үед намайг гарын үсэг зурахад энэ мөнгөн дүн бичигдээгүй байсан гэж мэдүүлсэн. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.4 дэх хэсэгт Ажил гүйцэтгэгч төсөв зохиохдоо үндэслэлгүй өндөр үнэлгээ тогтоосон бол захиалагч хөлс төлөхөөс татгалзах эрхтэй гэж заасан байдаг учраас сөрөг нэхэмжлэлд заасан мөнгөн дүнг төлөхөөс татгалзаж байна гэжээ.

9. Хариуцагч Б. давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

3. Нэхэмжлэгч Б ХХК нь Д.ДЛ, Б. нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хариуцагч Д.ДЛоос 4,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, хариуцагч Д.ДЛ эс зөвшөөрч 10,750,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан.

4. Б ХХК болон Д.ДЛ нарын хооронд 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 2020/ дугаартай б аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын йийн уулзвараас Ц сумын төв хүртэлх 59,6 м.кв хатуу хучилттай авто замын 0-20 км хэсэгт авто механизмуудыг оношлох ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан үйл баримт тогтоогдсон.

Гэрээний 1.2, 3.3-т зааснаар хариуцагч Д.ДЛ нь нэхэмжлэгчийн б аймгийн Ц сумын төв хүртэлх 59,6 км хатуу хучилттай автозамын барилгын ажлын дагуу 0-20 км замын ажлын хэсэгт ажил гүйцэтгэж буй бүх машин механизмын оношилгоог хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч нь ажлын гүйцэтгэлээс хамаарч ажил хүлээлцсэн актаар 2 тал ажлыг хүлээн авсны дараа төлбөрийг хариуцагчид төлөхөөр харилцан тохиролцсон байна. /2хх 16-19/

Анхан шатны шүүх дээрх гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, талууд бодит үйлдлээр хэлцэл хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзэн үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байна. Энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.

4.1 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх бөгөөд мөн хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно.

Гэрээний 3.3-т зааснаар талууд ажлын хөлсийг ажлын гүйцэтгэлээс хамаарч ажил хүлээлцсэн актаар 2 тал ажлыг хүлээн авсны дараа төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон.

4.2 Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг ажлын үр дүнг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөөгүй гэж үзэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй байна.

Б ХХК-д оношилгоо, засвар үйлчилгээ хийсэн ажлын тайлангаар хариуцагч нь нийт 13 тээврийн хэрэгсэлд 14,750,000 төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн талаар талууд 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр акт үйлдэж, баталгаажуулсан байх тул уг ажлын тайлангаар хариуцагчийг ажлын үр дүнг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн, мөн талууд ажлын хөлсний талаар тохиролцсон гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэг талаас нэхэмжлэгчийг төлөөлж Б. ийн гарын үсэг зурсан ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн атлаа ажлын тайланд Б. гарын үсэг зурсан нь гэрээний талууд бүрэн тохиролцсон байдлыг илэрхийлэхгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэж заасантай нийцэхгүй.

Иймд нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар үгүйсгэж чадаагүй гэж үзнэ.

4.3 Ч. ы Хаан банкны данснаас Машин механизм засвар оношилгоо ажлын төлбөр гэх гүйлгээний утгатайгаар 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 3,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. /1хх 28/ Иймд хариуцагч Д.ДЛ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар үлдэгдэл төлбөр 10,750,000 төгрөгийг хариуцагч Б ХХК-аас шаардах эрхтэй. Энэ талаарх хариуцагч Д.ДЛийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангана.

5. Хариуцагч Б. нь ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг зөвшөөрсөн нь нэхэмжлэгч болон хариуцагч Д.ДЛ нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй тул анхан шатны шүүх хариуцагч нарт холбогдох уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

Дээрх үндэслэлээр хариуцагч Д.ДЛийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2023/00143 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б. , Д.ДЛ нарт холбогдох, гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулж, хариуцагч Д.ДЛоос 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б ХХК-аас 10,750,000 төгрөг гаргуулан хариуцагч Д.ДЛид олгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306,200 төгрөгийг, хариуцагч Д.ДЛоос төлсөн 186,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б ХХК-аас 186,950 төгрөг гаргуулан хариуцагч Д.ДЛид олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.ДЛоос төлсөн 186,950 төгрөгийг буцааж олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

М.БАЯСГАЛАН