Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2017/00735

 

 

Ц.Туулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/01349 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 625 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Ц.Туулын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Альшаахайрхан” ХХК-нд холбогдох,

Ажилгүй байсан хугацааны олговорт 54 040 000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлж, 9911-тэй дугаарын сим картыг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Ц.Туулын гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Туул, түүний өмгөөлөгч Б.Пүрэвхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганболд, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1708 дугаар шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй. Шийдвэр биелүүлэхийг удаа дараа шаардсан. Өөрсдөө намайг оффис руугаа оруулж ажиллах нөхцөлийг олгохгүй байсан. Намайг ажилдаа дуудахаас нааш битгий ирээрэй гэсэн. Хариуцагч 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгчийн дансанд шүүхийн шийдвэрийн дагуу төлөх мөнгийг шилжүүлсэн. Гэвч ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг одоо хүртэл хариуцагч биелүүлээгүй. Иймд 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1708 тоот шийдвэрээр тогтоосон олговроос гадна ажилгүй байсан хугацаа болох 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх 47 сар 18 хоногийн олговорт 54 040 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү. 2005 онд “Альшаахайрхан” ХХК-ийг байгуулахад 99116808 дугаарын утсыг авсан. Гэрээгээр талууд тохирч дугаарыг компанийн нэр дээр гаргах, төлбөрийг компани төлөх компани уг дугаарыг гуравдагч этгээдэд худалдан борлуулахгүй байх үүрэг хүлээлгэн талууд 2005 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч уг дугаарыг хэрэглэж байсан. АНУ руу явахдаа уг дугаарыг дүү н.Энхбаярт үлдээсэн. н.Энхбаяр нь дугаарыг 8 000 000 төгрөгөөр бусдад худалдахдаа компанийн тамга тэмдэг ашигласан. Иймд 99116808 дугаарын сим картыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Ц.Туулыг 2012 онд ажлаас халсан. Гэвч үндэслэлгүй халагдсан гэж Чингэлтэй дүүргийн шүүхээс эргүүлж ажилд нь тогтоож, 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шийдвэр гарсан боловч цаасан дээр буугаагүй нэлээд хугацаа өнгөрч 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр цаасан дээр буулгаж, бид нэхэмжлэгчийг ажлаас буруу халсан байна гэж үзэж тухайн өдрөө буюу 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 04 тоот тушаал гаргаж Ц.Туулыг эргүүлж ажилд нь авсан. Мөн ажилгүй байсан хугацааны цалин 2 651 988 төгрөгийг тушаалаар олгохоор шийдвэрлэсэн. Ингээд Ц.Туул ажилдаа ирж орохыг мэдсэн боловч ирж уулзахгүй байсаар 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр ирж уулзсан. Бид гарсан тушаалыг танилцуулж ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын дансаар өгсөн.

Бид гарсан тушаал болон холбогдох баримтууд дээр гарын үсэг зуруулсан. Гэтэл Ц.Туул 2 хоног ажилдаа явж эргэж ажилдаа ирээгүй. Хөдөлмөрийн тухай хуульд хүндэтгэх шалтгаангүй 3 хоногоос дээш хугацаагаар ажилдаа ирээгүй тохиолдолд ажлаас халах хүртэл арга хэмжээ авна гэдгийг Ц.Туул мэдэж байсан. Үүний дагуу ажлаа тасалсан гэж үзэж 2014 оны 12 дугаар сард ажлаас халах тушаал гарч 2 хоног ажилласан мөнгийг шилжүүлж өгсөн. Ц.Туул нь 9911-тэй дугаар авах үндэслэл байхгүй. Харин албан хэрэгцээндээ 99116806 дугаарыг ашиглаж байсан. Энэ дугаар нь анхнаасаа Мобиком корпорацийн өмчлөлийн, “Альшаахайрхан” ХХК-ийн эзэмшлийн дугаар байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Ц.Туул дугаарыг өмнө нь болон дараа нь ч эзэмшээгүй. Тийм учраас бусдад шилжүүлж ашиглуулах нь компанийн эрхийн асуудал. Уг дугаар манай компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний ард бичигдсэн байдаг. Анх үүсгэн байгуулагдахдаа тухай дугаарыг авч гэрчилгээн дээрээ бичсэн. Компанийн захирал гадаад явахдаа компанийн менежер байсан н.Энхбаярт итгэмжлэл олгож нэр дээр нь шилжүүлсэн. Иймд ижил төстэй дугаар өгөх үндэслэл байхгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/01349 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 341 дүгээр зүйлийн 341.1 дэх хэсгийг тус тус баримтлан хариуцагч “Альшаахайрхан” ХХК-иас 24 622 004 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Туулд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 29 417 996 төгрөгийг гаргуулах болон 9911 дугаартай сим гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгтзаасны дагуу нэхэмжлэгчийн төлсөн 900 632 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 305 040 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 625 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/01349 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул “Альшаахайрхан” ХХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 54 040 000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 9911-тэй дугаарын сим картыг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Туулын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Альшаахайрхан” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ц.Туул хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 625 дугаартай магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн байх тул эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд тус шүүхийн магадлалд “...2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар нь хуульд заасан хугацааг 2 сар 23 хоног хэтрүүлсэн ба шүүх нэхэмжлэлийг хүлээн авч зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс тасалдсан, түр зогссон гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүйгээс гадна хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн уг хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч гаргаагүй байна.” гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1708 дугаартай шийдвэрээр Ц.Туулыг “Альшаахайрхан” ХХК-ийн ерөнхий менежерийн ажилд эгүүлэн тогтоож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 651 988 төгрөгийг аргуулж Ц.Туулд олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр одоо ч хүчин төгөлдөр байгаа юм. Хариуцагч нь уг шүүхийн шийдвэрт заасан олговрыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дансаар шилжүүлсэн боловч нэхэмжлэгчийг ерөнхий менежерийн ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг одоог хүртэл биелүүлээгүй байгаа бөгөөд үүнтэй холбоотой маргаан өнөөдрийг хүртэл шүүхээр шийдвэрлэгдэхгүй удаж байна. Нэхэмжлэгч Ц.Туул нь дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор, хохирол болон тушаал гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 25683 дугаар захирамжаар тэмдэгтийн хураамж төлөөгүй гэх үндэслэлээр түүний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд уг захирамжийг 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гардаж авсан. Нэхэмжлэгч нь ЧД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1708 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр байгаа, мөн шүүхийн захирамжийг гардаж авснаас хойш хуулийн хугацаанд шүүхэд 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон уг магадлалын хууль зүйн үндэслэл нь үндэслэлгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн шийдвэрлээгүй алдаа гаргаснаас гадна хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж чадаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй тул шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэв. 

Нэхэмжлэгч Ц.Туул нь хариуцагч “Альшаахайрхан” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, 99116806 дугаар бүхий сим картыг гаргуулах нэхэмжлэлийг анх гаргасан /хх-2 / ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “ажлын байраар хангах үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны олговор 54 040 000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 99116806 дугаарын сим карт гаргуулах” гэж тодорхойлжээ. Анх гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, нэмэгдүүлэхдээ ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага агуулгаараа байсан байх ба шүүх уг шаардлагыг шийдвэрлээгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т нийцээгүй байна.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1708 дугаар шийдвэрээр Ц.Туулыг “Альшаахайрхан” ХХК-ийн ерөнхий менежерийн ажилд эгүүлэн тогтоож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 651 988 төгрөгийг гаргуулж  Ц.Туулд олгохоор шийдвэрлэжээ.

 Шүүхийн шийдвэрийн дагуу Ц.Туулыг ажилд нь эгүүлэн томилсон “Альшаахайрхан” ХХК-ийн ерөнхий захирлын 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 04 тоот тушаал байх боловч уг тушаалыг тухайн үед нь бус 1 жил 7 сарын дараа буюу 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгчид танилцуулсан байна. Түүнчлэн шүүхийн шийдвэрт заасан олговрыг “Альшаахайрхан” ХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дансаар шилжүүлжээ.

Иймд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх шүүхийн шийдвэр гарсан 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс ажил олгогчийн тушаалыг хүлээж авсан 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл зөрчигдсөн хэвээр байсан тул нэхэмжлэгч Ц.Туул нь энэ хугацааны олговор 24 622 004 төгрөгийг авах эрхтэй бөгөөд анхан шатны шүүх уг шаардлагад  хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр эхэлж 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон тухай баримтууд, нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандаж байсан, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан  2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 6181, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 13890 дүгээр шүүгчийн захирамжаас үзвэл шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс ажил олгогчийн тушаалыг хүлээж авсан 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлд нэхэмжлэгч нь дахин нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан ...эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэснийг зөрчөөгүй байна. Давж заалдах шатны шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэж чадаагүй байв.

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.” гэж заасан тул нэхэмжлэгч нь ажил олгогчийн зүгээс тушаал гаргасан боловч ажилд нь аваагүй 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш, мөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээж авсан үеэс эрх нь зөрчигдсөн байхад хуулиар тогтоосон дээрх хугацаанд гомдол гаргаагүй тул ажилд эгүүлэн тогтоолгох, 2014 оны 11 дүгээр сарын 20-ноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны олговрыг гаргуулах үндэслэлгүй, давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэлийн нэг шаардлага болох 99116806 дугаарын сим картыг гаргуулах нэхэмжлэлийн талаарх хоёр шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт нийцжээ. Тухайн сим картыг нэхэмжлэгч хууль ёсоор эзэмших эрхтэй байсан нь тогтоогдоогүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуульд нийцүүлэн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/01349 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 625 дугаар магадлалын 1 дэх заалтыг “ Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “Альшаахайрхан” ХХКомпаниас 24 622 004 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Туулд олгож, нэхэмжлэлээс 29 417 996 төгрөгийн шаардлагыг болон 99116806 дугаартай утасны сим картыг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Х.СОНИНБАЯР

                            ШҮҮГЧ                                                       П.ЗОЛЗАЯА