Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 625

 

Ц.Туулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/01349 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Туулын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Альшаахайрхан” ХХК-д холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны олговорт 54 040 000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлж, 9911-тэй дугаарын сим картыг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

                    

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ц.Туул

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Пүрэвхүү

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ганболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1708 дугаар шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй. Шийдвэр биелүүлэхийг удаа дараа шаардсан. Өөрсдөө намайг оффис руугаа оруулж ажиллах нөхцөлийг олгохгүй байсан. Намайг ажилдаа дуудахаас нааш битгий ирээрэй гэсэн.

Хариуцагч 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгчийн дансанд шүүхийн шийдвэрийн дагуу төлөх мөнгийг шилжүүлсэн. Гэвч ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг одоо хүртэл хариуцагч биелүүлээгүй.

Иймд 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1708 тоот шийдвэрээр тогтоосон олговроос гадна ажилгүй байсан хугацаа болох 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх 47 сар 18 хоногийн олговорт 54 040 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү.

2005 онд “Альшаахайрхан” ХХК-ийг байгуулахад 99116808 дугаарын утсыг авсан. Гэрээгээр талууд тохирч дугаарыг компанийн нэр дээр гаргах, төлбөрийг компани төлөх компани уг дугаарыг гуравдагч этгээдэд худалдан борлуулахгүй байх үүрэг хүлээлгэн талууд 2005 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч уг дугаарыг хэрэглэж байсан. АНУ руу явахдаа уг дугаарыг дүү н.Энхбаярт үлдээсэн. н.Энхбаяр нь дугаарыг 8 000 000 төгрөгөөр бусдад худалдахдаа компанийн тамга тэмдэг ашигласан.

Иймд 99116808 дугаарын сим картыг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Ц.Туулыг 2012 онд ажлаас халсан. Гэвч үндэслэлгүй халагдсан гэж Чингэлтэй дүүргийн шүүхээс эргүүлж ажилд нь тогтоож, 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шийдвэр гарсан боловч цаасан дээр буугаагүй нэлээд хугацаа өнгөрч 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр цаасан дээр буулгаж, бид нэхэмжлэгчийг ажлаас буруу халсан байна гэж үзэж тухайн өдрөө буюу 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 04 тоот тушаал гаргаж Ц.Туулыг эргүүлж ажилд нь авсан. Мөн ажилгүй байсан хугацааны цалин 2 651 988 төгрөгийг тушаалаар олгохоор шийдвэрлэсэн.

 Ингээд Ц.Туул ажилдаа ирж орохыг мэдсэн боловч ирж уулзахгүй байсаар 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр ирж уулзсан.

Бид гарсан тушаалыг танилцуулж ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын дансаар өгсөн. Бид гарсан тушаал болон холбогдох баримтууд дээр гарын үсэг зуруулсан.

Гэтэл Ц.Туул 2 хоног ажилдаа явж эргэж ажилдаа ирээгүй. Хөдөлмөрийн тухай хуульд хүндэтгэх шалтгаангүй 3 хоногоос дээш хугацаагаар ажилдаа ирээгүй тохиолдолд ажлаас халах хүртэл арга хэмжээ авна гэдгийг Ц.Туул мэдэж байсан. Үүний дагуу ажлаа тасалсан гэж үзэж 2014 оны 12 дугаар сард ажлаас халах тушаал гарч 2 хоног ажилласан мөнгийг шилжүүлж өгсөн. Ц.Туул нь 9911-тэй дугаар авах үндэслэл байхгүй. Харин албан хэрэгцээндээ 99116806 дугаарыг ашиглаж байсан. Энэ дугаар нь анхнаасаа Мобиком корпорацийн өмчлөлийн, “Альшаахайрхан” ХХК-ийн эзэмшлийн дугаар байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа.

Ц.Туул дугаарыг өмнө нь болон дараа нь ч эзэмшээгүй. Тийм учраас бусдад шилжүүлж ашиглуулах нь компанийн эрхийн асуудал. Уг дугаар манай компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний ард бичигдсэн байдаг. Анх үүсгэн байгуулагдахдаа тухай дугаарыг авч гэрчилгээн дээрээ бичсэн. Компанийн захирал гадаад явахдаа компанийн менежер байсан н.Энхбаярт итгэмжлэл олгож нэр дээр нь шилжүүлсэн. Иймд ижил төстэй дугаар өгөх үндэслэл байхгүй гэв. 

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 341 дүгээр зүйлийн 341.1 дэх хэсгийг тус тус баримтлан хариуцагч “Альшаахайрхан” ХХК-аас 24 622 004 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Туулд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 29 417 996 төгрөгийг гаргуулах болон 9911 дугаартай сим гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгтзаасны дагуу нэхэмжлэгчийн төлсөн 900 632 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 305 040 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Энэхүү маргаанаас өмнө Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1708 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ц.Туулыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн томилохоор шийдвэрлэж байсан бөгөөд уг шийдвэр цаасан дээр ёсчлогдон буулгүй удаж манай компанид 2013 оны 04 дүгээр сарын 30-ны гардуулж өгсөн байдаг билээ.

Ийнхүү гардаж авсан өдрөө буюу 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 04 тоот ерөнхий захирлын тушаал гарч Ц.Туулыг үүрэгт ажилд нь эгүүлэн томилж ажилгүй байсан хугацааны цалин 2 651 988 төгрөгийг олгох болсон.

Нэхэмжлэгч Ц.Туул нь шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилдаа орохоор компани дээр нэг ч удаа ирээгүй, санал хүсэлт гаргаагүй, үүнийгээ ч шүүх хурлын үед өөрөө хүлээн зөвшөөрсөн бөгеөд бүтэн хоёр жилийн дараа бүюу 2014 оны 11 дүгээр сард шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан ажилдаа орно хэмээн ирж уулзсан юм.

Ц.Туул 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ирж ажилдаа орсон бөгөөд 2 хоног ажилдаа бүртгүүлсэн болоод дахин ажлаа орхиж явсан юм.

Манай компани Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлж 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсон, энэ талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн, мөн үүнийг гэрч баталж мэдүүлсэн байхад эдгээр баримтыг хэрэгт ач холбогдолгүй гэж үзсэн нь шүүх хэт нэг талыг барин хуулийг буруу хэрэглэж хариуцагчаас ямар ч үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө гаргуулахаар шийдвэрлэлээ гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө өөр ажил хийж байсан ба энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байгаа. Гэтэл шүүх үүнийг ажилгүй байсан хэмээн үзэж хасч тооцохгүй гэсэн нь ойлгомжгүй байна.

Иймд хариуцагчийн гомдолыг хянан үзэж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж чадаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны болоод үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Туул нь хариуцагч “Альшаахайрхан” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 54 040 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 9911-тэй дугаарын сим карт гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн 1708 тоот шийдвэрээр Ц.Туулыг “Альшаахайрхан” ХХК-ийн ерөнхий менежерийн ажилд эгүүлэн тогтоож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 651 988 төгрөгийг гаргуулж Ц.Туулд олгохоор шийдвэрлэсэн байна.  

 

“Альшаахайрхан” ХХК-ийн ерөнхий захирлын 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 04 тоот тушаалаар Ц.Туулыг шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилд нь эгүүлэн томилсон байх боловч уг тушаалыг гарсан өдөр ажилтанд танилцуулаагүй, уг тушаалтай 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Ц.Туул танилцсан талаар тэмдэглэл үйлдэгдсэн байх тул тушаал бодитоор хэрэгжээгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэнтэй нийцжээ.

 

Түүнчлэн шүүхийн шийдвэрт заасан олговрыг “Альшаахайрхан” ХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дансаар шилжүүлсэн байна.

 

Иймд 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс Ц.Туул нь 3 сарын дотор шүүхийн шийдвэрийн дагуу ажилд аваагүй буруутай этгээдээс ажилгүй байсан хугацааны олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй юм.

 

Нэхэмжлэгч Ц.Туул нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор, хохирол болон тушаал гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 6181 дүгээр захирамжаар хариуцагчийн оршин байгаа газар тодорхойгүй гэх үндэслэлээр түүний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

 

Мөн тэрээр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр мөн агуулгатай нэхэмжлэл дахин гаргасан боловч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэх үндэслэлээр тухайн шүүхийн шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Уг захирамжид гомдол гаргасан талаар хэрэгт баримт авагдаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах хугацааг сүүлийн захирамж гаргах өдрөөс тоолбол 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр болж байна.

 

Гэтэл тэрээр 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар нь хуульд заасан хугацааг 2 сар 23 хоног хэтрүүлсэн байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 08 удгаар сарын 20-ны өдрөөс тасалдсан, түр зогссон гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүйгээс гадна хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэх үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн уг хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч гаргаагүй байна.

 

            Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар “Альшаахайрхан” ХХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 54 040 000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

           

            Харин 9911-тэй дугаарын сим картыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ уг эд зүйлийн эзэмшигч болохоо нэхэмжлэгч нотлоогүй гэж шүүх зөв дүгнэжээ.

 

            Учир нь тухайн эд зүйл нь хариуцагч байгууллагын эзэмшилд байсан учир Ц.Туул нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй юм

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/01349 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул “Альшаахайрхан” ХХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 54 040 000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 9911-тэй дугаарын сим картыг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Туулын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Альшаахайрхан” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧИД                                                       С.ЭНХТӨР

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА