Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 132

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Н.А

Шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах үйлдэж ирүүлсэн Ц овогт Г.Т-д холбогдох эрүүгийн 1820002080104 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн харъяат, эрэгтэй,  яс үндэс халх, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, хувиараа машин засварын үйлчилгээ эрхэлдэг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, бие эрүүл Ц овогт Г.Т,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч нь Г.Т нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт байрлах Петровис шатахуун түгээх станцын хажууд согтуугаар иргэн Т.Г-г ямар нэгэн шалтгаангүйгээр гараараа нүүрэн тус газар цохисны улмаас шүдийг нь хугалж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд авагдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр найзуудтайгаа явж байгаад найз нараасаа салаад явж байгаад танихгүй залуугийн нүүр тус газарт цохиж шүдийг нь хугалсан хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Өөрийнхөө гаргасан энэ үйлдэлдээ  дүгнэлт хийсэн. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөн үү гэв.

Хохирогч Т.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: ... Намайг Замын-Үүд сумын Сүлд багт байрлах Петровис шатахуун түгээх станцын хажууд явж байтал өөдөөс 3 залуу ирж яваа харагдсан. Тэр 3 залуугийн 2 нь түрүүлээд, 1 нь араас нь явж байсан. Би тухайн үед найзтайгаа утсаар яриад явж байтал ар талд нь ганцаараа явж байсан залуу /Т/ нь миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон. Тэр залуу ямар ч шалтгаангүйгээр миний хажуугаар гарахдаа намайг цохичихоод цаашаа явсан. Би урд талд нь явж байсан 2 залууд нь хандаж “Та хоёртой хамт явж байсан залуу сая миний хажуугаар гарахдаа намайг цохичихлоо” гэж хэлтэл тэр хоёр залуу над руу дөхөж ирсэн. Энэ үед нь би тэр хоёрыг намайг зодох гэж байна гэж бодоод Д зочид буудлын зүг рүү зугтсан. Тэгээд байж байтал цагдаагийн Пургон маркийн автомашин 4 зам руу явж байхаар нь хашгирч байгаад машиныг зогсоосон. Машин дотор байсан цагдаа нарт “Хажуугаар явж байсан 3 залуугийн нэг нь намайг цохичихлоо. Яг цохисон залуу нь алга болчихлоо. 2 найз нь энэ байна” гэж хэлээд 2 найзыг нь зааж өгч бариулсан. Би цагдаа дээр ирж уулзчихаад, цагдаагийн автомашинтай эмнэлэг рүү явсан. Намайг эмнэлэг дээр дөнгөж очтол цагдаа нар “Нөгөө залуу чинь Петровис шатахуун түгээх станцын тэнд явж байна гэнэ. Очоод баръя” гэж хэлээд явсан. Би эмчид үзүүлчихээд цагдаа дээр ирэхэд намайг цохисон залууг барьчихсан байсан. Тэр залуу маргааш нь надаас уучлалт гуйгаад “Би чамайг хүнтэй андуурчихсан байна” гэж хэлсэн. Намайг Улаанбаатар хот руу дагуулж яваад эмчилгээ хийлгэсэн. Надад эмчилгээний мөнгө 1.400.000 төгрөг, түүнээс гадна 1.100.000 төгрөгийг буюу нийтдээ 2.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн...Миний биеийн байдал сайн байгаа. Эмчилгээгээ хийлгэж байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй  гэжээ. /хх-ийн 18-19/

Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: ...Тэгээд замын эсрэг талд гараад эргээд хартал маргалдсан хүмүүс алга болчихсон Т тэнд үлдчихсэн “та нар бөөрөлхөөд байна уу” гээд замаар зүгээр алхаж явсан нэг залууг тэр маргалдсан хүмүүсийн нэг нь байх бодсон уу шууд цохиод авсан. Тэгэхээр нь би гүйж очоод тэр залуугаас зүгээр үү гээд асуусан чинь тэр залуу та хар даа гээд надад хугарчихсан шүдээ харуулсан. Тэр хооронд Т алга болчихсон байсан гэжээ. /хх-ийн 07/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 02/0296 тоот дүгнэлт

 1.Эмнэлгийн бичиг баримтыг үзэхэд Т.Г-н биед дээд баруун 1, зүүн 1 дүгээр шүдний хугарал, дээд уруулын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 20/

Шүүгдэгч Г.Т-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/

Пазурит дент шүдний эмнэлгийн тодорхойлолт  /хх-ийн 11/

Яаралтай тусламжийн хуудас / хх-ийн 12-13/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц овогт Г.Т нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт байрлах Петровис шатахуун түгээх станцын хажууд явж байхдаа согтуугаар иргэн Т.Г-г ямар нэгэн шалтгаангүйгээр гараараа нүүрэн тус газар цохисны улмаас эрүүл мэндэд нь  дээд баруун нэгдүгээр шүд, зүүн нэгдүгээр шүдний хугарал бүхий хөнгөн хохирол учруулжээ.

Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Г.Т-н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг Замын-Үүд сумын Сүлд багт байрлах Петровис шатахуун түгээх станцын хажууд явж байтал өөдөөс 3 залуу ирж яваа харагдсан. Тэр 3 залуугийн 2 нь түрүүлээд, 1 нь араас нь явж байсан. Би тухайн үед найзтайгаа утсаар яриад явж байтал ар талд нь ганцаараа явж байсан залуу /Т/ нь миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон. Тэр залуу ямар ч шалтгаангүйгээр миний хажуугаар гарахдаа намайг цохичихоод цаашаа явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/, гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд замын эсрэг талд гараад эргээд хартал маргалдсан хүмүүс алга болчихсон Т тэнд үлдчихсэн “та нар бөөрөлхөөд байна уу” гээд замаар зүгээр алхаж явсан нэг залууг тэр маргалдсан хүмүүсийн нэг нь байх бодсон уу шууд цохиод авсан. Тэгэхээр нь би гүйж очоод тэр залуугаас зүгээр үү гээд асуусан чинь тэр залуу та хар даа гээд надад хугарчихсан шүдээ харуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 07/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 сарын 17-ны өдрийн 02/0296  дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20/, Пазурит дент шүдний эмнэлгийн тодорхойлолт  /хх-ийн 11/, яаралтай тусламжийн хуудас / хх-ийн 12-13/  зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдож байна.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Г.Т нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т нь үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Хохирогч Т.Г нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Надад эмчилгээний мөнгө 1.400.000 төгрөг, түүнээс гадна 1.100.000 төгрөгийг буюу нийтдээ 2.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн...Миний биеийн байдал сайн байгаа. Эмчилгээгээ хийлгэж байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзвэл зохино.

Шүүгдэгч Г.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 Шүүгдэгч Г.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Прокуророос шүүгдэгч Г.Т-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг санал болгосон ба шүүгдэгч Г.Т-н дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн зан төлөв байдлууд болон хувиараа машин засварын үйлчилгээ эрхэлж тогтмол орлоготой зэргийг харгалзан торгуулийн ялыг оногдуулах боломжтой гэж шүүх үзлээ

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8,9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ц овогт Г.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч  Г.Т-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Г.Т нь 500.000 төгрөгийн торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг  мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Г.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.Ц