Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00437

 

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00437

 

 

А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2022/04315 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б-, В-, Г- нарт холбогдох,

Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 22 дугаар гудамж, 5***.1, 5***.2, 5***.3, 5***.4, 5***.5, 5***.6, 5***.7, 5***.8 тоот хаягт байрлах 5,547 м.кв талбай бүхий 8 айлын газрын өмчлөх эрхийг буцаан шаардах, уг газарт А-ыг 2001 оноос хойш бизнесийн буюу аж ахуйн ажиллагаа явуулж байсан болохыг тогтоолгох үндсэн,

өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгах, үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В-, Г.Халиунаа, хариуцагч Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цогт-Эрдэнэ, хариуцагч нарын өмгөөлөгч Н.Тайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар:

1.1. 1997 оноос эхлэн Да хүрээ зах дээр чингэлэг эзэмшиж, автомашины нумны засвар, худалдааны үйл ажиллагааг эрхэлдэг Нум хоршоог байгуулан ажиллуулж эхэлсэн. 1998 онд Б-ийг тооцоо бүртгэл хариуцуулах зорилгоор худалдагчаар ажилд авсан. Б-тэй гэр бүлийн дотно харилцаатай байсан тул түүний гэр бүл, хамаатан садан болон хүү В-, Г- нарын амьдралд тодорхой хувь нэмэр байнга оруулж, 2007-2008 оны үед Б-т Да хүрээ зах дээрх чингэлгийг эзэмшүүлж Нум хоршооны үйл ажиллагааг явуулах эрхийг шилжүүлж өгсөн.

Гэвч 2001 оноос хойш Нум хоршоон болон миний дүү Д-гийн япон автомашины худалдаа, засварын үйл ажиллагаа явуулдаг Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 22 дугаар гудамжны 5*** тоот хаягт байрлах 7,744 м.кв талбай бүхий 9 айлын газрыг мэдэгдэлгүйгээр Б- нь өөртөө болон хүү В-, Б.Жочидай нарын нэр дээр шилжүүлэн авч бусдад худалдах гэж байгааг олж мэдлээ.

Уг газрыг 2001 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн өмч хувьчлалын комиссын 2001 оны 37 дугаар тогтоолоор агуулахын барилгын хамт 8,921,600 төгрөгөөр Б-ийн нэр дээр миний бие дуудлага худалдаагаар худалдан авсан. Тухайн үед дуудлага худалдаанд оролцох бичиг баримт болон санхүүгийн бүхий л нөхцөл байдлыг Д- болон А- нь Б-т бэлдэж өгсөн. Ингээд тус газрыг өнөөдрийг хүртэл миний бие бодитойгоор эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд газрын төлбөр, цахилгааны төлбөр, засварын үйлчилгээ, хашаа хороо барих зэрэг бусад бүхий л зардлуудыг өөрөөсөө санхүүжүүлж байна.

Өөрөөр хэлбэл, энэ газар нь хариуцагч нарт огт хамааралгүй бөгөөд тэд энэ газарт оршин суудаггүй, сууж байгаагүй ба өмчлөх эрхийг олж авах ямар ч үндэслэлгүй байсан юм. Тухайн үед буюу 2001 оноос хойш би Б-т найдаад итгэж дээрх газрын бичиг баримтын асуудлыг зохицуулж байхыг даалгаж, өөрөө оролцдоггүй байсан. Гэтэл Б- нь ойлгомжгүй байдлаар 7,744 м.кв талбай бүхий 9 айлын газрыг хувааж өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр эзэмшүүлж, өмчлүүлсэн байх ба одоо газрын өмчлөлийг буцаан авч өөрийн хүүхдүүд болох В-, Г- нар луу шилжүүлж байна. Би одоог хүртэл дээрх хаягт бүртгэлтэй бөгөөд энэ хаягт гэр бүлийн зориулалтаар нэг ч айл амьдардаггүй болно.

1.2. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 22 дугаар гудамж, 5***-1, 5***-2, 5***-3, 5***-4, 5***-5, 5***-6, 5***-7, 5***-8 тоот хаягт байрлах 5,547 м.кв талбай бүхий 8 айлын газрын өмчлөх эрхийг үндэслэлгүйгээр олж авч хөрөнгөжсөн байх тул тус газрын өмчлөх эрхийг хариуцагч нараас буцаан гаргуулж өгнө үү. Мөн маргаан бүхий газарт А-ыг 2001 оноос хойш бизнесийн буюу аж ахуйн ажиллагаа явуулж байсан болохыг тогтоож өгнө үү.

1.3. Хариуцагч Б- нь маргаан бүхий хашаанд 2001 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгааг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх атлаа одоо хүртэл энэ хашааг А- эзэмшээд байна гэдэг агуулга бүхий сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь өөрөө зөрчилдөөнтэй, логикийн алдаатай байна. Өөрөөр хэлбэл А- энэ хашааг хууль ёсны дагуу эзэмшилдээ байлгаж байгаа гэх асуудал дээр хариуцагч маргаангүй юм байна. А-ын эзэмшил хууль бус юм бол ямар нэгэн байдлаар өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр тэнд үйл ажиллагаа явуулсан, нэвтэрч орсон байх хууль зүйн шаардлага байгаа. Энэ үндэслэл нотогдохгүй учир сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

 

2. Хариуцагч Б-ийн татгалзал, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2.1. Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 22 дугаар гудамж, 5*** тоот хаягт байрлах Гэгээрэл ач НӨҮГ-ын 8 авто машиний гарааш болон 2 агуулах бүхий 995.5 м.кв талбай бүхий барилгыг 8,921,600 төгрөгөөр 2001 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дуудлага худалдаагаар авсан. Барилгын доорх 7,744 м.кв газрыг надад эзэмшүүлэхээр Нийслэлийн Засаг даргаас 2001 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр 518 дугаартай шийдвэр гарч, улмаар 2001 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн газрын албатай гэрээг байгуулж, тус газрыг 4 жилийн хугацаагаар эзэмшиж байсан ба дараа нь уг газрыг өөрийн ах дүү, дотно хүмүүстээ өмчлүүлсэн.

А- нь 2001 оноос эхлэн миний худалдаж авсан объектод автомашины нумын үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Энэ хугацаа нь 2001-2004 он хүртэл байсан. Уг хугацааны цахилгааны мөнгийг төлж байснаас биш газрын төлбөр болон дуудлага худалдааны төлбөрийг төлсөн зүйл байхгүй.

Энэхүү газрыг А- буцаан шаардах ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээс гадна Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаагаар мөн тэрээр шаардах эрхгүй этгээд юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.2. Дуудлага худалдаагаар өмчлөх болсон барилга, гараашийн 7,744 м.кв талбайтай газарт хамаарах хэсгээс өөрийн ах, дүү, дотно хүмүүстээ газрыг өгч өмчлүүлэх болсон бөгөөд одоо 8 айлын нийт 5,547 м.кв газрыг эдгээр хүмүүсээс буцаан авч хууль ёсны өмчлөгч болсон. Гэтэл А- нь газар дээрх гараашийн заримд нь дур мэдэн цоож хийж ашиглаж байсан бөгөөд улмаар газар болон түүний дээрх үл хөдлөх хөрөнгийг өөрийн өмч мэтээр үзэж маргаан үүсгэж байгаа тул өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг хариуцагчид даалгаж, үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлж өгнө үү.

 

3. Хариуцагч В-, Г- нарын татгалзал, тайлбарын агуулга: Б- нь 2001 онд Нийслэлийн өмч хувьчлах комиссын тогтоолоор Гэгээрэл-Ач улсын үйлдвэрийн газрын харъяа ашиглалтгүй байсан гарааш, агуулахын зориулалттай нийслэлийн өмчийн нийт 995.5 мкв талбай бүхий барилгыг хувьчилж авсан. Хувьчилж авсан агуулахын барилгын 7,744 м.кв газрыг 2001 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн хот байгуулалт, газрын харилцааны газартай байгуулсан гэрээний үндсэн дээр газрын төлбөрийг төлж эзэмшиж байгаад сүрдүүлэг, дарамтнаас болж А-, түүний дүү Д-д алдах нь гэж айж өөрийн эзэмшлийн газраа буцаан авах нөхцөлтэйгөөр зохих төлбөрийг төлж ах, дүү, найз, танил, үр хүүхдүүдийнхээ нэр дээр өмчлүүлсэн. Иймд А-ын нэхэмжпэл үндэслэлгүй, нотлох баримтгүй, бусдыг дарамталсан гүтгэсэн шинжтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч А-ын хариуцагч Б-, Г-, В- нарт холбогдуулан гаргасан үндсэн нэхэмжлэлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох гэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан нэхэмжлэгч А-ыг Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 22 дугаар гудамжны 5***-1, 5***-2, 5***-3, 5***-4, 5***-5, 5***-6, 5***-7, 5***-8 тоот хаягт нэхэмжлэгч А-ыг 2001 оноос 2010 оныг хүртэлх хугацаанд аж ахуйн үйл ажиллагаа буюу автомашины нум үйлдвэрлэх, засварлах үйл ажиллагаа явуулж байсныг тогтоож,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б-ийн нэхэмжлэгч А-т холбогдуулан гаргасан өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгах, хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцээгүй.

5.1. Шүүх шийдвэрийнхээ тодорхойлох хэсэгт дараах алдааг гаргасан байна. Үүнд:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өмчлөгчөөр тогтоолгох хэмээн шүүхийн шийдвэрт удаа дараа буруу тодорхойлсон. Нэхэмжлэгч өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй ба 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 22 гудамж, 5***-1, 5***-2, 5***-3, 5***-4, 5***-5, 5***-6, 5***-7, 5***-8 тоот хаягт байрлах 5,547 мкв 8 айлын газрын өмчлөх эрхийг тус тус үндэслэлгүйгээр олж авч хөрөнгөжсөн байх тул газрын өмчлөх эрхийг Б-, Г-, В- нараас буцаан шаардах хэмээн өөрчилж, тодруулсан.

Шийдвэрийн 5 дугаар хуудаст байх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан хэсгийг Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа хэмээн алдаатай бичсэн. 7 дугаар хуудаст байх хариуцагч Г-гийн хариу тайлбар хэсгийг хариуцагч В-гийн хариу тайлбар хэмээн буруу алдаатай бичсэн.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхойлох хэсэгт гаргасан алдаагаа дахин давтаж, 2.4.1-т Үндсэн нэхэмжлэлийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын талаар хэмээн талуудын хэнийх нь ч шүүхэд гаргаагүй шаардлагын талаар дүгнэлт хийсэн. Хэргийн оролцогчид өмчлөгчөөр тогтоолгохтой холбоотой тайлбар, мэдүүлэг, нотлох баримт гаргаж шүүх хуралдаанаар хэлэлцүүлээгүй болно.

Иймд шүүх нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг хууль зүйн үндэслэл болгож гаргасан нэхэмжлэлийн агуулгыг бүрэн ойлгоогүйгээс тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, алдаатай дүгнэсэн гэж үзэж байна.

5.2. Хэрэгт хариуцагч В-д Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 22 гудамж, 5***-6 тоот хаягт байх нэг айлын газраа залилуулсан иргэн Д.Росмаагийн прокурорын байгууллагад гомдол гаргаж, шийдвэрлүүлсэн баримтууд авагдсан. Д.Росмаа нь энэ хэрэгт хариуцагч В-д холбогдуулан түүнтэй байгуулсан дээр дурдсан нэг айлын газраа худалдсан худалдах, худалдан авах гэрээг хууран мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор бие даасан шаардлага гаргасан ч Д.Росмаа нь гуравдагч этгээдээр энэ хэрэгт оролцох хүсэлт гаргаагүй, гуравдагч этгээд биш гэж шүүх дүгнэн түүний бие даасан шаардлагыг хүлээн аваагүй. Шүүх Д.Росмаагийн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох эрхийг хангалгүй, гаргасан бие даасан шаардлагыг нь авч хэлэлцээгүй нь түүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.

5.3. Хариуцагч Б-ийн одоо өмчилж буй маргаан бүхий гэр бүлийн хэрэгцээний газар болон тухайн газар дахь нийтийн эзэмшлийн газар талбайг шүүхийн журмаар огт тогтоогоогүй, хэрэв энэ хэргийг нэг мөр шийдвэрлэх гэж байгаа бол тухайн газрын өмчлөгдсөн болон ашиглагдаж буй газрын хэмжээ, тухайн газар дээр буй хариуцагч Б-ийн өмчлөлийн барилгын хэмжээ зэргийг нарийвчлан гаргах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан. Учир нь би тухайн 995 м.кв гэх агуулахын зориулалттай барилгын зарим хэсгийг нурааж байснаас гадна өөрөө тухайн газарт шинээр барилга барьж байгаад орхисон суурь байсан нь ч шүүхийн үзлэгийн баримтаар нотлогдож байсан. Шүүхэд өөрийн эрх хэмжээний хүрээнд энэ бүх эргэлзээтэй нөхцөлийг тодруулах бүрэн боломж байсан.

Анхан шатны шүүхийн гаргасан дээрхи алдаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т заасан үндэслэлд хамаарч байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-, В-, Г- нарт холбогдуулан Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 22 дугаар гудамж, 5***-1, 5***-2, 5***-3, 5***-4, 5***-5, 5***-6, 5***-7, 5***-8 тоот хаягт байрлах 5,547 м.кв талбай бүхий 8 айлын газрын өмчлөх эрхийг үндэслэлгүйгээр олж авч хөрөнгөжсөн байх тул тус газрын өмчлөх эрхийг буцаан шаардах, уг газарт А-ыг 2001 оноос хойш бизнесийн буюу аж ахуйн ажиллагаа явуулж байсан болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан ба хариуцагч Б- нь үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан дүгнэж, хариуцагч Б- нь маргаан бүхий газарт байрших Гэгээрэл ач улсын үйлдвэрийн газрын 2 агуулах, 8 автомашины гарааш бүхий 995.5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2001 оны 02 дугаар сарын 23-ны өдөр болсон дуудлага худалдаанд 8,921,600 төгрөгийн үнийн саналаар ялж өмчилсөн /3хх 193-201, 213-250, 4хх 1-33/,

Гэгээрэл ач улсын үйлдвэрийн газрын 2 агуулах, 8 автомашины гарааш байршиж байсан Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 22 дугаар гудамжны 5***-1, 5***-3, 5***-6, 5***-8 тоотод байрлах газрыг В-гаас, 5***-4 тоот хаягт байрлах газрыг Т.Алтантуяагаас, 5***-5 тоот хаягт байрлах газрыг Г-гаас, 5***-7 тоот хаягт байрлах газрыг П.Сүхбаатараас тус тус худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан, мөн 5***-2 тоотод байрлах газрыг өөрөө өмчилж авсан үйл баримтыг зөв тогтоожээ /1хх 215-250, 2хх 1-250, 3хх 1-136/.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан хариуцагч нар нь 5,547 м.кв талбай бүхий 8 айлын газрын өмчлөх эрхийг үндэслэлгүйгээр олж авч хөрөнгөжсөн байх тул тус газрын өмчлөх эрхийг буцаан шаардах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо анхан шатны шүүх уг газрыг А- өмчилж байсан болон Гэгээрэл ач улсын үйлдвэрийн газрын 2 агуулах, 8 автомашины гараашийг дуудлага худалдаагаар худалдан авсан нь тус тус нотлогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Гэхдээ анхан шатны шүүх тухайн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрийн тогтоох хэсэгт буруу бичсэн, хууль хэрэглээний алдаа гаргасныг залруулан дүгнэх боломжтой байна.

 

4.1. А- нь хариуцагч Б-, В-, Г- нарт холбогдуулан Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 22 дугаар гудамж, 5***-1, 5***-2, 5***-3, 5***-4, 5***-5, 5***-6, 5***-7, 5***-8 тоот хаягт байрлах 5,547 м.кв талбай бүхий 8 айлын газрын өмчлөх эрхийг үндэслэлгүйгээр олж авч хөрөнгөжсөн байх тул тус газрын өмчлөх эрхийг буцаан шаардахдаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн зохицуулалтыг үндэслэжээ.

 

4.2. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан өмчлөгч нь хөрөнгийг нь бусад этгээд үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэн гэж үзвэл буцаан шаардах эрхтэй байдаг.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий 8 газрын өмчлөгч гэдгээ нотлосны үндсэн дээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар бусдаас хөрөнгөө шаардах эрхтэй.

Нэхэмжлэлд дурдагдаж буй 5,547 м.кв талбай бүхий 8 айлын газрыг хариуцагч Б- өмчилдөг нь баримтаар нотлогдсон тул түүний эсрэг нэхэмжлэгч А- нь Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан өмчлөгчийн шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй.

 

4.3 Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан өмчлөгч биш тул маргаан бүхий 8 газрыг бусдаас шаардах эрхгүй, уг баримталбал зохих хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүх хэрэглээгүйг зөвтгөнө.

Мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д нэхэмжлэгчийн гаргасан 5,547 м.кв талбай бүхий 8 айлын газрын өмчлөх эрхийг буцаан шаардах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг буруу бичснийг залруулж, найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

5. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийг алдаатай бичигдсэн, нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлж шийдвэрлэсэн, гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, Б-ийн одоо өмчилж буй гэр бүлийн хэрэгцээний болон тухайн газар дахь нийтийн эзэмшлийн газрын хэмжээг шүүх тогтоогоогүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх шаардлагатай гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

 

5.1. Давж заалдах гомдлоос нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсон гэх хэсгийг хүлээн авч шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д найруулгын өөрчлөлтийг оруулсан болно.

Харин шийдвэрийн тодорхойлох хэсэгт хариуцагч Г-н тайлбарыг В-гийн тайлбар гэж бичсэн нь техникийн шинжтэйн зэрэгцээ тухайн хариуцагчийн хэрэгт гаргасан хариу тайлбартай нийцсэн байна. Мөн Б-ийн одоо өмчилж буй гэр бүлийн хэрэгцээний болон тухайн газар дахь нийтийн эзэмшлийн газрын хэмжээг тодорхойлох нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй тул уг ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэх шаардлагагүй.

Иймд дээрх үндэслэлээр гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах зохицуулалтад хамаарахгүй тул хангахгүй орхих нь зүйтэй.

 

5.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Росмаа нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг тухайн шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШЗ2022/20747 дугаар захирамжаар бие даасан шаардлагын үндэслэл тодорхойгүй, түүний эрх ашигт хэрхэн сөргөөр нөлөөлөхөөр байгаа талаар тодорхой дурдаагүй гэж дүгнэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл, Д.Росмаа нь эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байхаас гадна түүнийг уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүйгээс нэхэмжлэгч А-ын эрх ашигт сөрөгөөр нөлөөлсөн, эрх зүйн байдал дордсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

6. Нэхэмжлэгч А- нь маргаан бүхий газарт 2001 оноос хойш бизнесийн буюу аж ахуйн ажиллагаа явуулж байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасантай хариуцагч нар маргасан байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон байна.

Гэхдээ хариуцагч тал энэ талаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэхад баримтлах талуудын зармын хүрээнд гомдол гаргасан нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй үүднээс уг шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

7. Хариуцагч Б- нь нэхэмжлэгчид холбогдуулан өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгах, үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг хэрэгсэхгүй болгохдоо анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан хэм хэмжээг баримталсан нь оновчгүй болсныг залруулна. Харин хариуцагч тал гомдол гаргаагүй тул сөрөг нэхэмжлэлд эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

 

8. Анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг тус тус буруу хэрэглэсэн, хариуцагчаас илүү төлсөн тэмдэгтийн хураамжийг буцаан олгоогүй тул зохих өөрчлөлтийг оруулна.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2022/04315 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч Б-, Г-, В- нарт холбогдох Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 22 дугаар гудамж, 5***.1, 5***.2, 5***.3, 5***.4, 5***.5, 5***.6, 5***.7, 5***.8 тоот хаягт байрлах 5,547 м.кв талбай бүхий 8 айлын газрын өмчлөх эрхийг буцаан шаардах тухай нэхэмжлэгч А-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтын ,106.2 гэснийг хасч,

4 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, хариуцагчаас төлсөн 210,600 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,

хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, улсын орлогоос 70,200 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Т.БАДРАХ