Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00453

 

 

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00453

 

 

А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2023/00021 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Бадрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/02081 дүгээр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааныхаа явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 802 дугаар байр, *** тоот хаягт байрлалтай 139,49 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/24 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 4-164/21289 тоот мэдэгдлээр мэдэгдсэн болно.

Дээрх барьцаа хөрөнгийг 462,156,700 төгрөгөөр үнэлсэн бөгөөд энэ үнэлгээтэй санал нийлэхгүй байгаа бөгөөд зах зээлийн бодит үнэ нь 1 м.кв нь 5,500,000 төгрөгөөр худалдан борлуулагдаж байгаа. Төлбөр төлөгчөөс үнийн санал өгөхдөө маш тодорхой бичиж өгсөн боловч түүнийг анхаарч үзэлгүй үнэлгээ гаргасан. Энэ үнэлгээ нь Монгол Улсын төдийгүй олон улсын хэмжээнд үүсээд байгаа цар тахлын нөлөөг харгалзан үзээгүй, хуучин аргачлалаараа бодож үнэлгээ гаргасан байна.

Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристалл таун хотхоны орон сууцуудын үнийг зах зээлийн хандлагаар үнэлэхэд доод тал нь манай байрнаас 0,6 м.кв дутуу орон сууц 472,062,000 төгрөгөөр тодорхойлсон атлаа тухайн орон сууцны өрөөний зохион байгуулалт, цонхны байрлал үзэгдэх орчны байдал зэрэг нь илүү манай орон сууцыг түүнээс ч доогуур үнэлж байгаад гомдолтой байна. Энэ нь барилгын материалын үнэ, ажиллах хүчний үнэлэмж дээд цэгтээ хүрсэн үед өртгийн хандлагаар үнэлгээний тооцооллыг хэрэглээгүйтэй холбоотой гэж үзэж байна.

Иймд Баян модот ХХК-ийн хийсэн үнэлгээ болон 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/24 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/02081 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 1682 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 001/ХТ2022/00425 дугаар тогтоолоор А-гаас 168,399,735 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 999,948 төгрөг, нийт 169,399,683 төгрөгийг гаргуулж Норт эйшиа инвестмент ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч А-д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан түүний өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нарны гудамж, 802 дугаар байрны *** тоотод байрлах 139.49 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 22260782/04 дүгээр эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 22260782/05 дугаартай эд хөрөнгийг хураах тогтоолоор хураан авсан.

2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 9/262 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК-аар үнэлүүлэхэд уг орон сууцыг 462,156,700 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч А- нь дээрх үнэлэгдсэн үнээс багагүй үнээр өөрийн эд хөрөнгөө 1 сарын хугацаанд худалдан борлуулах хүсэлт гаргаж 1 сарын хугацаа авсан.

Төлбөр төлөгч нь заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тул үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон 323,509,690 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр оруулахаар нийтэд зарласан.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч А-гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 802 дугаар байр, *** тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204042050 дугаарт бүртгэлтэй, 139,49 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 462,156,700 төгрөгөөр үнэлсэн Баян модот ХХК-ийн үнэлгээчин С.Цэвээнроломын үнэлгээ болон 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/34 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 802 дугаар байр, *** тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204042050 дугаарт бүртгэлтэй, 139,49 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/24 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг мөн сарын 08-ны өдрийн 4-164/21289 тоот мэдэгдлээр мэдэгдсэн болно. Дээрх барьцаа хөрөнгийг 462,156,700 төгрөгөөр буюу орон сууцны 1 м.кв талбайн үнийг 3,313,188 төгрөгөөр үнэлсэн бөгөөд энэ үнэлгээтэй санал нийлэхгүй байгаа бөгөөд захиалагч зээлийн бодит үнэ нь 1 м.кв талбай нь 5,500,000 төгрөгөөр худалдан борлуулагдаж байгаа.

Төлбөр төлөгчөөс үнийн санал өгөхдөө маш тодорхой бичиж өгсөн боловч түүнийг анхаарч үзэлгүй үнэлгээ гаргасан. Илт зөрүүтэй үнэлгээ байсаар байтал шүүх Баян модот ХХК-ийн үнэлгээг үнэн зөв хийгдсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Тухайн үнэлгээг хийхдээ Өртөгийн хандлагаарх үнэлгээний тооцоолол буюу үнэлгээний тайлангийн 3.1-г хэрэглээгүйтэй холбоотой гэж үзэж байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, эрх бүхий шинжээчийн дүгнэлтийг хөдөлбөргүй үнэн гэж дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхэд гаргасан тайлбараа дэмжин оролцож байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, хөрөнгийн үнэлгээ бодитой гарсан гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/02081 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1682 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 001/ХТ2022/00425 дугаар тогтоолоор хариуцагч А-гаас 168,399,735 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 999,948 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Норт эйшиа инвестмент ХХК-д олгож, А-гийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нарны гудамж, 802 дугаар байрны *** тоотод байрлах 139.49 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, дуудлага худалдааны үнийн дүнгээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн /хх 25-39/.

 

3.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шүүхийн шийдвэр, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн гүйцэтгэх хуудас зэрэг баримт бичгийг үндэслэн шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгө болох А-гийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нарны гудамж, 802 дугаар байрны *** тоотод байрлах 139.49 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр битүүмжлэх, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хураах ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцсэн, уг ажиллагаанд талууд гомдол гаргаагүй /хх 44-45, 48-49/.

 

3.3. Талууд дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 9/262 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор Баян модот ХХК-ийн үнэлгээчин С.Цэвээнроломыг шинжээчээр томилж, үнэлгээ тогтоох ажиллагаа явуулсан нь Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2, 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасантай нийцжээ /хх 55-57/.

 

3.4. Баян модот ХХК-ийн үнэлгээчин С.Цэвээнролом нь А-гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нарны гудамж, 802 дугаар байрны *** тоотод байрлах 139.49 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 462,156,700 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээний талаарх мэдэгдлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр албан бичгээр төлбөр төлөгч А-д гардуулж, тэмдэглэл үйлджээ /хх 79/.

 

4. Баян модот ХХК-ийн үнэлгээчин нь А-гийн өмчлөлийн 139.49 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 462,156,700 төгрөгөөр үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хууль /2010 он/-ийн 8, 9 дүгээр зүйлд заасан хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлагыг хангасан үнэлгээг хийсэн байна.

Анхан шатны шүүх үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй, нэхэмжлэгч нь үнэлгээг зөвшөөрөхгүй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

 

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь үнэлгээний талаар мэдсэнээс хойш 7 хоногийн дотор буюу 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дотор гомдол гаргах эрхтэй байсан боловч гомдол гаргаагүй, үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

5. Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцсэн байдлаар гарсан үнэлгээнд үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн тогтоолоор орон сууцны үнэлгээг 30 хувиар бууруулан 323,509,690 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны үнийг тогтоож, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 10.00 цагт худалдан борлуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2023/00021 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Т.БАДРАХ